| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2020/00362/И |
| Дугаар | 154/ШШ2021/00036 |
| Огноо | 2021-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 154/ШШ2021/00036
| 2021 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 154/ШШ2021/00036 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Алтай сумын Т багт оршин суух, РД: , П овогт Д ийн Б ,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Алтай сумын Т багт оршин суух, РД: , Э овогт Э ын Ц нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Алтай сумын Б багт оршин суух, РД: , П овогт П ийн Б ,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, РД: , Ш овогт Б ийн М нарт холбогдох 8.008.611 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, нэхэмжлэгч Д.Б , Э.Ц , хариуцагч П.Б , Б.М нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б , Э.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Алтай сумын иргэн П.Б , Ховд аймгийн Булган сумын иргэн Б.М нарт өгсөн 20.000.000 төгрөгийн үлдэгдэл 2.000.000 төгрөг, банкнаас авсан зээл 18.700.000 төгрөгийн нэг жил зургаан сарын хүү 6.008.611 төгрөг нийт 8.008.611 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагч болох П.Б , Б.М нар базууд, П.Б миний авга ах. Бид төрөл садангийн холбоотой хүмүүс юм. П.Б 2018 оны 03 сард гэрт удаа дараа ирж хоёулаа том нүүрсний машин нийлж авъя чи 20.000.000 төгрөг гаргачихаа би машин аваад ирье машиныг хүнтэй яриад бэлэн болгосон бараг л долоо хоногийн дотор авч ирнэ гээд байхаар нь цалингийн зээл жилийн 26,4% хүүтэйгээр 13.000.000 төгрөг, малчны зээл жилийн 20,4 % хүүтэйгээр 3.000.000 төгрөг, эхнэр Д.Ц цалингийн зээл нэмж 2.700.000 төгрөг аваад өөрт байсан хэдэн төгрөг нэмээд нийт 20.000.000 төгрөг болгож Б.М ын ХААН банкны 5099002359 тоот дансанд хийсэн. Тухайн үед би цалингийн зээлгүй, малчны зээлгүй байсан, эхнэр зээлтэй байгаад нэмж авсан. Мөнгө шилжүүлснээс хойш машин байхгүй асуухаар гааль дээр байгаа бичиг баримт бүрдэхгүй байна гээд байсаар байгаад 2019 он гараад 5 сарын үед муу эвдэрхий явахгүй машин авч ирээд ав гэхээр нь ийм машин авахгүй ээ мөнгөө авъя зээлийн өрөнд оруулчихаад муу машин авахгүй гэдэг асуудал ярьсан. Өнөөдрийн байдлаар цувуулж 18.000.000 төгрөг авсан, үлдэгдэл 2.000.000 төгрөг өгөөгүй байгаа. Банкнаас авсан зээлүүдийн нэг жил зургаан сарын хугацааны хүү бодуулахад л нэхэмжилж байгаа хүү гарч байгаа болно. Өнөөдөр хүртэл аваагүй 2.000.000 төгрөгийн хүү, цувуулж авсан мөнгөний хүү тооцоогүй орхисон болно.
Иймд П.Б , Б.М нар намайг залилан мэхэлж зээлийн сүлжээнд оруулж банкинд өндөр хүү төлүүлж, авсан машин ч байхгүй, цалин ч байхгүй банкны зээлийн дарамтанд оруулсанд гомдолтой байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр том оврын ачааны машиныг П.Б той нийлж БНХАУ-аас худалдаж авахаар болж мөнгийг нь Б.М ахын данс руу 20.000.000 төгрөг шилжүүлсэн. Машиныг Хятадаас авсан гэх боловч хилээр оруулж ирэхгүй байж байгаад 2019 оны 05 сард машин оруулж ирсэн. Тухайн үед би өөрийнхөө цалингийн зээл, эхнэрийн цалингийн зээл, малчны зээл гээд 3 төрлийн зээл аваад 20.000.000 төгрөг өгсөн. Цалингийн зээлээ буцааж төлж чадахгүй байсан тул мөнгөө буцааж авахаар болж 20.000.000 төгрөгийг цувуулж авсан. Машиныг П.Б , Б.М нар авсан. Одоо би цалингийн зээлийн 7 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Мөнгөө нэхэмжлэх болсон үеэс эхлээд цувуулаад өгч байгаа. 2019 оны 12 дугаар сард үлдэгдэл 2.000.000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 20.000.000 төгрөгийн хүү 6.008.611 төгрөг нэхэмжилж байна. Одоо банкны үлдэгдэл зээлийг төлвөл нэхээд байх зүйл байхгүй гэв.
Нэхэмжлэгч Э.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Боломжит бүх зээлээ авч өгсөн. Мөнгө авчихаад машин орж ирээгүй байна гээд явж байгаад жил гаруй хугацаа өнгөрсний дараа машин орж ирсэн. Тэгээд хүнд түрээсээр өгөөд явуулчихсан байгаа. Манай хүү бас том машин барьдаг. Машин ирэхээр танай хүүд бариулна гэж хэлсэн. Тэгээд хэлсэндээ хүрч чадахгүй байсан. П.Б манай хүргэн ах байгаа юм. Одоо 20.000.000 төгрөгийн хүү 6.008.611 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч П.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Машин авья гэж ярилцаад Д.Б ын хүүхэд барихаар болоод машин авахаар болсон. Тэгээд Б.М гэдэг хүнтэй уулзаад машин авмаар байна, чамтай хамт яваад машин авах гэсэн юм гэдгийг нь хэлсэн. Би Улаанбаатар хотод явж байхад Б.М надруу залгаад машинд явж байгаа талаараа хэлэхэд Д.Б т хэлээд хүүг нь явуулах гэсэн чинь гадаад паспорт байхгүй гэдэг шалтгаанаар цааш явж чадаагүй. Тэгээд таньдаг хүнээ гуйгаад хоёр талаасаа мөнгөө нийлүүлээд машин авахуулсан. Машин хил дээр ирсэн боловч хилээр оруулж чадаагүй, 2 сарын дараа чиргүүлийг нь оруулж ирсэн. Жилийн дараа Өмнөговь аймгийн Ханги- Мандал боомтоор машиныг оруулж ирсэн. Тэгээд машиныг Д.Б ын хүү очиж хүлээж аваад Улаанбаатарт авч ирээд нэг хашаанд зогсоогоод өөрөө алга болоод өгсөн. Утсаар ярихаар хүргэн ахтайгаа Увс аймаг руу тээвэрт явж байна гэж хэлсэн. Ханги- Мандал боомтоос Улаанбаатар хотод машин авч ирэхдээ замдаа ширүүн яваад дугуй нь шатаагаад, нумыг нь хугалаад, гэрлийг нь хагалаад тарааж авч ирээд зогсоосон байсан. Тэгээд би Д.Б луу яриад танай хүү алга машин барих жолооч хэрэгтэй байна гэдгээ хэлсэн. Машиныг үзээд авна гэж хэлээд 2 сар болсон. Тэгээд би очиж машиныг засаж янзлаад 10 шинэ дугуй тавиад ажилд гаргасан. 2 сарын дараа машиныг та ав бид нарт мөнгө гаргаж өг гэж хэлсэн. Би 2019 оны 10 сард 10.000.000 төгрөг, 2020 оны 05 сард 5.000.000 төгрөг, 2020 оны 09 сард 4.000.000 төгрөг, 2020 оны 11 сард 2.000.000 төгрөг нийт 21.000.000 төгрөг өгсөн. Хилээр оруулж ирэх татварын мөнгө, хилийн бүрдүүлэлтийн мөнгө, татвар, даатгалын мөнгө, замын зардал гээд бүх мөнгө надаас гарч байсан. Одоо би машиныг түрээслэсэн зүйл байхгүй. Машиныг хүнд зарахаар болоод амаараа тохироод өгсөн, мөнгийг нь бүрэн аваагүй байгаа гэв.
Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүмүүсийг машин ав гэж би санал тавиагүй. Машин авбал ашигтай юм байна гэж П.Б надад хэлсэн. Хуучин машин худалдаж авбал асуудалтай. Машин сайн мэддэг хүн явуул гэж хэлэхэд Д.Б ын хүү Б.Дашням гэдэг залууг явуулсан. Б.Дашням гадаад паспортгүй учраас цааш явж чадахгүй Ганбаа гэдэг залууд захиж явуулсан. Тэр машиныг нь би 7 хоногийн дотор хятад улсын хил дээр авч ирсэн. Тэгээд нэг машиныг нь гаргаж ирээд нэг машины бүрдүүлэлт хийж байтал Хятад талд асуудал гараад тухайн үед машиныг нь оруулж ирж чадаагүй. 2 сарын дараа чиргүүлийг нь оруулж ирсэн. Жилийн дараа Өмнөговь аймгийн Ханги- Мандал боомтоор машиныг оруулж ирж өгөхөд Д.Б ын хүү Дашням өөрөө ирж хүлээж авсан. Би энэ хүмүүсийн төлөө зүтгэж байхад нутагтаа Б.М гэдэг хүн намайг залилчихлаа гэж худал хэлж явж байгаа. Машины үнэ 46.853.000 төгрөг болсон ба надад 44.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь би гаргаад авч ирж өгсөн. Энэ нэхэмжлэл надад ямарч хамааралгүй гэж үзэж байна. Машин авч ирж өг гэхээр нь би машиныг нь авч ирж өгсөн гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б , Э.Ц нар нь хариуцагч П.Б , Б.М нарт холбогдуулж 8.008.611 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Уг шаардлагад нэхэмжлэгч нарын мөнгөн хэлбэрээр оруулсан хөрөнгийн үлдэгдэл 2.000.000 төгрөг, банкнаас авсан зээлийн хүү 6.008.611 төгрөгийг тус тус гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 6.008.611 төгрөг болгож багасгасан байна.
Хариуцагч П.Б нь 21.000.000 төгрөгийг буцааж төлсөн, хүү төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Хариуцагч Б.М нь энэ нэхэмжлэлд ямар ч хамааралгүй гэж үзэж байна гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Д.Б , Э.Ц , хариуцагч П.Б нар нь БНХАУ-аас хүнд даацийн ачааны авто машиныг худалдан авахаар тохирч 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус бүр 20.000.000 төгрөгийг Б.М ын дансруу шилжүүлсэн, Б.М нь захиалсан тээврийн хэрэгслийг 2019 оны 07 дугаар сард хилээр оруулж ирж өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Б , Э.Ц нар автомашиныг худалдаж авахад 20,000,000 төгрөг, хариуцагч П.Б уг автомашины үнэ болон гаалийн татвар, засвар үйлчилгээ, оношилгооны зардалд нийт 24000000 төгрөгийг тус тус төлсөн байна.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Д.Б , Э.Ц , хариуцагч П.Б , Б.М нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байна.
Харин нэхэмжлэгч Д.Б , Э.Ц , хариуцагч П.Б нар нь хүнд даацийн ачааны авто машиныг худалдан авч, уг автомашиныг Д.Б , Э.Ц нарын хүү Б.Дашнямаар жолоо бариулан нүүрс тээвэрлэж, олсон ашгийг хувааж авахаар амаар тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд зохигчид хамтран ажиллах гэрээг амаар байгуулжээ. Хамтран ажиллах гэрээг байгуулахад хэлбэрийн талаар тусгайлсан зохицуулалт байхгүй тул талууд гэрээг амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй.
Нэхэмжлэгч Д.Б , Э.Ц нар нь зээлээ төлөх боломжгүй болсон гэх үндэслэлээр хамтын үйл ажилагаагаа явуулахаа зогсоож нэхэмжлэгч нар 20000000 төгрөгийн хураамж /хөрөнгө оруулалт/ төлснийг буцаан өгч, автомашиныг хариуцагч П.Б авахаар тохиролцсон байна.
Энэ үйл баримт нь Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д заасан гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно гэх заалтыг зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 10 сараас хамтын үйл ажиллагаанаас нэхэмжлэгч тал гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон байх ба нэхэмжлэгч нарыг гэрээнээс гарсан асуудлаар зохигч маргаагүй болно.
Талуудын хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх явцад тэдэнд бусдын өмнө хүлээсэн үүрэг, биелэгдээгүй хэлцэл байгаагүй, хамтын үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар хэрэгжүүлж ашиг бий болоогүй болох нь нэхэмжлэгч Д.Б , Э.Ц , хариуцагч П.Б нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хамтран ажиллах гэрээний хураамжийн төлбөр буюу 20.000.000 төгрөгийг бүрдүүлэхэд малчны болон цалингийн зээлүүдийг авч өгсөн. Уг зээлүүдийн хүү болох 6008611 төгрөгийг гаргуулна... гэж тодорхойлов.
Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Б , Э.Ц , хариуцагч П.Б нар нь алдагдал буюу зээлийн хүүд төлөх төлбөр 6008611 төгрөгийг хамтран хариуцах үндэслэлтэй байна.
Гэвч нэхэмжлэгч нар хамтран ажиллах гэрээний хураамж буюу 20.000.000 төгрөгийг зээлээр авсны улмаас түүний хүүд 6008611 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.2-т заасныг баримтлан хариуцагч П.Б ид холбогдох 6008611 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б , Э.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.М нь хамтран ажиллах гэрээний тал биш байх тул Б.М т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хавтаст хэргийн 8-17 дугаар хуудсанд авагдсан малчны болон цалингийн зээлийн гэрээнүүд нь бичгийн нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.2-т заасныг баримтлан хариуцагч П.Б ид холбогдох 6008611 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б , Э.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хариуцагч Б.М т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143000 /нэг зуун дөчин гурван мянган/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ