Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 154/ШШ2021/00037

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 154/ШШ2021/00037

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц. Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн М  сумын харъяат, 19** оны 06 сарын 19-нд төрсөн,  настай, эмэгтэй, ам бүл , хүүхдүүдийн хамт М  сумын У багт оршин суух, /РД: / регистрийн дугаартай, О   овогт Ц   ын А  гийн хүсэлттэй Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 онд олгосон үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүү Болдбаатарыг 2011 оны 05 сарын 18-ны өдөр үрчлэн авсныг тогтоолох тухай хэргийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр 2020 оны 12 сарын 31-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А  , гэрч Б.Сугарбат, Г.Бямбаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А   шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Л.Амарбаясгалан 2011 онд хүү Болдбаатарыг төрүүлсэн. Би зээ хүү Болдбаатарыг 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үрчлэн авч өсгөн хүмүүжүүлж байна. Тухайн үед М  сумын улсын бүртгэгчээр ажиллаж байсан Б.Сугарбат холбогдох баримт бичгийг бүрдүүлэн үрчлэлтийн гэрчилгээг олгосон боловч 2017 онд тэрхүү гэрчилгээг эргүүлэн хураан авч 2017 онд үрчлэлт хийгдсэнээр шинэ гэрчилгээ бичиж өгсөн юм. Иймд Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2017 онд олгосон үрчлэлтийн гэрчилгээг хүчингүй болгож зээ хүү Болдбаатарыг 2011 оны 05 дугаар сарын 18-нд үрчлэн авсныг тогтоож өгнө үү

...2011 онд олгосон үрчлэлтийн гэрчилгээг би хуурбарлаж аваагүй байсан юм. Хүү Болдбаатарыг би төрөнгүүт нь өөрийн охин Амарбаясгалангаас үрчилж авсан. Түүнээс хойш одоо хүртэл энэ хүүхэд миний асрамжид хамт амьдарч байгаа. Хүү Болдбаатарыг хичээлд оруулах гэхэд төрсний гэрчилгээ бичиг баримт шаардлагатай болоод бичиг баримтын зөрчил үүссэн. Миний охин Л.Амарбаясгалан одоо Говь-Алтай аймагт нөхөр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа гэв.

Гэрч: Боржигон овогт Бямбажавын Сугарбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2007 онд Ховд аймгийн М  сумын Иргэний бүртгэлийн ажилтан болсон.2011 оны 5 сард Ц.А  гийн охин хүүхдээ төрүүлж суралцаж байсан болохоор гэрчилгээгээ бичүүлж авсан. Ээж нь ирээд үрчилж авна гээд өргөдлөө гаргахад хүлээж аваад үрчлэлт хийгээд ХААТР маягтыг нь аймаг руу явуулсан.Тухайн үед сарын дотор мэдээгээ явуулдаг юм. Үрчлэлт хийгдсэний дараа Ц.А  гийн нөхөр нь байхад үрчлэлт хийгдсэн байна гээд би бичиг баримтыг нь буцааж авсан юм.

Ц.А  гийн нөхөр Лхагвасүрэнгээс асуухад би өөрөөрөө овоглохыг зөвшөөрөхгүй гэж хэлсэн.Тухайн үед Ц.А  , Лхагвасүрэн нар нь тусдаа амьдарч байсан юм байлаа. Дараа нь 2017 онд А.Болдбаатарыг А  д үрчлүүлэн гэрчилгээ бичиж олгосон. Тухайн үед Засаг даргын захирамж багийн даргын тодорхойлолт бусад бичиг баримтыг үндэслэн үрчлэлт хийгдсэн байх гэх мэдүүлэг

Гэрч Барга овогт Гомбоогийн Бямбаагийн шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлсэн... Ц.А   нь охиноосоо төрсөн хүүхдийг төрсөн цагаас нь хойш асарч аваад өнөөдрийг хүртэл хамтдаа байгаа нь үнэн. Ц.А   нь өөрөө 3 хүүхэдтэй охин оюутан байсан болохоор нялх хүүхдийг нь аваад хоцорсон.Харин төрсний гэрчилгээ болон үрчлэлтийн талаархи бичиг баримт нь яагаад засвартай болсон талаар надад мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг

Нэхэмжлэгчийн хүсэлт, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ц.А   нь Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2017 онд олгосон үрчлэлтийн гэрчилгээг хүчингүй болгож хүү Болдбаатарыг 2011 оны 05 дугаар сарын 18-нд үрчлэн авсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ц.А   нь 2011 оны 05 сарын 18-ны өдөр төрсөн хүү А. Болдбаатарыг төрсөн цагаас нь хойш өсгөн хүмүүжүүлж 2011 онд үрчлэн авсан болох нь гэрч Б.Сугарбатын шүүхэд гэрчээр өгсөн ...Намайг 2011 онд иргэний бүртгэлийн ажилтнаар ажиллаж байхад иргэн Ц.А   нь зээ хүү Болдбаатарыг үрчлэн авах тухай хүсэлтийг гаргасан. Хүсэлт гаргасаны дагуу Ц.А  гаар материалыг бүрдүүлж аваад үрчлэлтийн гэрчилгээг бичиж өгөөд ХААТР маягтыг Ховд аймгийн Иргэний бүртгэлийн алба руу явуулсан байсан. Ц.А  гийн нөхөр Лхагвасүрэн байгаа учир үрчлэлт хийхдээ Лхагвасүрэнгээс авах ёстой гэж аймгаас зөвлөхөд би бичиг баримтаа буцаан аваад сүүлд үрчлэлтийн гэрчилгээ бичиж өгсөн нь үнэн. Тухайн үед нөхөр Лхагвасүрэнгээс асуухад би А.Болдбаатарыг өөрийн нэрээр овоглохоос татгалзаж байна гэж хэлж байсан.Тэр үед Лхагвасүрэн, А   хоер тусдаа амьдардаг байсан. Би Ц.А  г нөхөр Лхагвасүрэнгээс зөвшөөрөл авч ир гэхэд Лхагвасүрэн зөвшөөрөөгүй, Болдбаатарыг үрчлэн авахгүй гэсэн байсан гэх мэдүүлэг болон нэхэмжлэгч Ц.А  гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн манай нөхөр Лхагвасүрэн нь надаас салаад тусдаа өөр эхнэр хүүхэдтэй хамтдаа амьдарч байгаа гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн хүү А.Болдбаатарын хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын картад 2012-2019 оны хооронд товлолт вакцинд хамрагдсан тэмдэглэл байх ба уг картад хүүхдийн овог нэрийг А  гийн Болдбаатар гэж тэмдэглэгдсэн,

А  гийн Болдбаатарын Төрийн банкны Депозит дансны харилцагчийн монгол хуулга хэрэгт авагдсан бөгөөд уг баримтад дансны нэр Болдбаатар А  , Харилцагчийн нэр Болдбаатар А  , Данс хамтран эзэмшигчийн нэр А   Ц    гэж тэмдэглэгдсэн бөгөөд хамрах хугацааг 2011.01.01-2020.03.27-ны хооронд хүүхдийн мөнгө гэж тэмдэглэсэн,

Г.Бямбаагийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би Ховд аймгийн М  сумын уугуул иргэн, 1968 оноос эхлэн М  суманд багшаар ажиллаж байсан. Ц.А   бид хоер нэг нутгийн хүмүүс юм. Ц.А  гийн охин Л.Амарбаясгалан 2011 оны 05 дугаар сарын 18-нд хүү Болдбаатарыг төрүүлсэн юм. Л.Амарбаясгалан тухайн үед оюутан байсан тул хүүгээ төрүүлээд ээж Ц.А  даа үлдээгээд сургуульдаа сурахаар явсан юм. Түүнээс хойш Ц.А   нь зээ хүү Болдбаатарыг үрчлэн авч одоо болтол өсгөж байна. Болдбаатарын эх Амарбаясгалан Цэцэг сумын хүнтэй гэр бүл болоод одоо Цэцэг суманд амьдарч байна. Зээ хүү Болдбаатарыг үрчлэн аваад 4 хүүхэдтэй боллоо гэж Ц.А   ярьдаг байсан. Үрчлэлт хэдэн онд хийгдсэн талаар санахгүй байна. Болдбаатарыг нь төрсөн цагаас хойш Ц.А   өсгөж байгаа тул үрчлэлт хийгдсэн байх гэж бодож байна. Бид хоер нэг байгууллагад хамт ажилладаг... гэх мэдүүлэг,

Б.Цэдэвсүрэнгийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би Ховд аймгийн М  сумын уугуул иргэн, 2000 оноос эхлэн М  сумын сургуульд тогоочоор ажиллаж байсан. Ц.А  гийн охин Амарбаясгалан 2011 оны 05 дугаар сарын 18-нд хүү Болдбаатарыг төрүүлсэн юм. Амарбаясгалан тухайн үед оюутан байсан тул хүүгээ төрүүлээд ээж Ц.А  даа үлдээгээд сургуульдаа сурахаар явсан юм. Түүнээс хойш Ц.А   нь зээ хүү Болдбаатарыг үрчлэн авч одоо болтол өсгөж байна. Ц.А  гийн гэр манайх айл хөрш юм. Болдбаатарыг нь төрсөн цагаас хойш Ц.А   өсгөж байна. Үрчлэлт хэдэн онд хийгдсэн талаар мэдэхгүй байна. Болдбаатарыг үрчлэж авсан гэж ярьдаг байсан... гэх мэдүүлэг,

Д.Лхагвасүрэнгийн шүүхэд гэрчээр өгсөн: Ц.А   бид хоер 1993 онд гэр бүл болсон юм. Бид хоер 2010 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа. Ц.А   нь бид хоер 2017 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан юм. Зээ хүү Болдбаатарыг 2011 онд үрчлэн авах тухай надад хэлсэн юм. Би тухайн үед өөрөө мэд би мэдэхгүй гэж хэлсэн. А.Болдбаатар нь төрсөн цагаасаа хойш А  тай хамт амьдарч байгаа, Болдбаатар одоо 3 дугаар ангид сурч байна. 2011 онд үрчлэлт хийгдсэн талаар мэдэхгүй байна. А.Болдбаатарыг төрсөн цагаас хойш Ц.А   өсгөж байгаа нь үнэн...гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Монгол Улсын иргэний үнэмлэх нь Монгол Улсын иргэнийг гэрчлэх бичиг баримт байх бөгөөд түүнийг авах хүртэл 16-аас доош насны иргэний хувьд регистрийн дугаартай төрсний гэрчилгээ байна гэж хуульчилсан байх тул 2011 оны 06 сарын 10-нд хүү А.Болдбаатар нь төрүүлсэн эх Амарбаясгалангаар овоглон төрсний гэрчилгээ авсан нь тогтоогдож байна.

Харин 2011 оны 06 сарын 09-ны өдрийн 69 дугаартай Ховд аймаг М  сумын Засаг даргын захирамжинд.....Ховд аймгийн М  сумын Улаантолгой багийн иргэн Ц   ын А   нь охин Амарбаясгалангийн Болдбаатарыг үрчлэн авах тухай өргөдөл, М  сумын Улаантолгой багийн иргэн Лхагвасүрэнгийн Амарбаясгалангийн хүүхэд үрчлүүлэх тухай зөвшөөрлийг тус тус үндэслэн Ц.А  д А.Болдбаатарыг үрчлэн авахыг зөвшөөрсүгэй.Хүүхэд үрчлэлтийн тухай бүртгэлийг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн дагуу хийхийг иргэний бүртгэлийн ажилтан Б.Сугарбатад даалгасугай гэх захирамжийг үндэслэн иргэний бүртгэлийн ажилтан үрчлэлт хийсэн болох нь тогтоогдож байна.

Иймд Ц.Ариунтаяа, Л.Амарбаясгалан нарын хүсэлтийг үндэслэн 2011 оны 06 сарын 09-ны өдөр хүүхэд үрчлэх тухай захирамжаар үрчлэлт хийгдсэн гэж үзнх үндэслэл болно.

Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлэг нь үнэн зөв, эргэлзээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.3 дахь хэсгүүдэд заасны дагуу авагдсан байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т гэрлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр буюу нөхрөөсөө авна гэж заасан боловч заавал нөхрийн нэрээр овоглоно гэж хуульчлагдаагүй байна. Мөн иргэн Д.Лхагвасүрэн ...тухайн үед бид 2 2010 оноос хойш тусдаа амьдарч байсан болохоор би Ц.А  г хүүхэд үрчилж авах эсэхээ өөрөө мэд гэж хэлсэн гэж мэдүүлсэн байна.

Иймд 2011 оны 05 дугаар сарын 18-нд Л.Амарбаясгалангаас төрсөн хүү Болдбаатарыг 2011 онд О   овогт Ц   ын А   үрчлэн авсан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасан үндэслэлээр 2011 оны 05 дугаар сарын 18-нд төрсөн хүү А  гийн Болдбаатарыг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр О   овогт Ц   ын А  д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 2011 оны 05 сарын 18-ны өдөр төрсөн хүү А.Болдбаатарыг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр О   овогт Ц   ын А  д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ