Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 154/ШШ2021/00038

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 154/ШШ2021/00038

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1971 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл-, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух,      регистрийн дугаартай, Б ш овогт Ш ийн М ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 19** оны 03 дугаар сарын 26-нд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Б багт оршин суух, РД: регистрийн дугаартай, Х   овогт М  н Ө  т холбогдох газар чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Ө  ын нэхэмжлэгч Ш.М т холбогдуулан 60 тооны ишиг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.М , хариуцагч М.Ө  , гэрч С.Ганцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.М  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Ө  тай өвөлжөө бууцны маргаантай ирсэн. Энэ хашаа миний эцэг эхийн амьдарч байсан газар М.Ө   бид хоёр 2018 онд хашаа зарахаар ярилцсан боловч тохиролцоогүй улмаас наймаа буцсан. 2002 онд малчдад өвөлжөө хаваржааг эзэмшүүлсэн тухайн үед би гэрчилгээ авсан. 2019 онд сунгалт хийгдсэн юм. Булган сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 65 тоот захирамжаар Булган сумын Баянгол багийн Улиастын Ш ийн хашаа хэмээх өвөлжөөний газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр гэрчилгээ авсан. Баянгол багийн иргэн М.Ө   танай хашаанд түр зуур бууж байя гэсэн. Ө   манай хашаан дээр очиж буугаад хашааг өндөрлөж өрөөд өтөг бууц гаргасан байсан. Би 2020 оны хавар хашаандаа буухаар очиж наймаа буцсан тул та манай хашаанаас нүүх хэрэгтэй байна гэхэд М.Ө   танай хашааг би янзалсан, их ажил хийсэн тул нүүхгүй гэсэн. Энэ миний эзэмшлийн газар юм. Иймд миний эзэмшлийн өвөлжөө болохыг тогтоож, М.Ө  ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү...

Хариуцагч М.Ө   шүүхэд ирүүлсэн болон хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Би 2015 оны намар Ш.М тай 1.500.000 төгрөгөөр тохиролцож 500.000 төгрөг, нэг үхэр өгөөд хаваржааны хашаанд очиж буусан. Гэтэл тэр намар надаас өөр Оюунаа гэдэг хүнд зарсан байсан. Тэр хүн ирээд худалдаж авсан гэхээр нь би мөнгөө авна, хашаанд хийсэн ажлын хөлс 60 ишигний үнэ өгөөд ав гэсэн. Түүнээс хойш 5 жил хэл ам болж байна. Надад эзэмшлийн гэрчилгээ байхгүй, Хашаа нурж унасан байсныг би засаж засварласан. Би 60 ишиг хөлсөнд өгч ажил хийлгэсэн. Одоо 60 ишиг, эсхүл мөнгийг нь авч байж хашааг чөлөөлж өгнө.

...Би хашааны саравчны модыг авсан. Ш.М  ажлын хөлсөнд өгсөн 60 ишигний 30-ынх нь мөнгийг өгнө гэвэл би сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тохиролцох боломжтой байна гэв.

Нэхэмжлэгч Ш.М  шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ...Хашааны сөр буюу саравчны модыг М.Ө   буулгаж надад хэлэхгүйгээр Хагшаал гэх газарт зөөж оруулж ирсэн байсан. Намайг өөртэй нь уулзаж та хашааны мод авсан байна гэхэд би хэдэн мод авсан гэж хэлсэн. Тэр модыг буцааж авмаар байна. М.Ө   хашааг засварлаж, ажил хийлгэснийг би ойлгож байна. Хашааны саравч буулгаж авсан тул би М.Ө  т 30 ишигний мөнгө өгөхийг би зөвшөөрч байна гэв.

Гэрч С.Ганцоож шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ өвөлжөө Ш.М  гэдэг хүний эзэмшилд байдаг. 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 65 тоот захирамжаар гэрчилгээ авч эзэмших эрх үүссэн. Үүнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 09-нд дахин сунгалт хийлгэсэн байна. Тэгэхээр Ш.М ын эзэмшилд байна. Газрын тухай хуулиар 2 жил ашиглаагүй бол төр газрыг буцааж авна гэж заасан байдаг гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.М  нь хариуцагч М.Ө  т холбогдуулан Булган сумын Баянгол, Улиаст багийн Ш ийн өвөлжөөний хашааг М.Ө  ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай, хариуцагч М.Ө   нь нэхэмжлэгч Ш.М аас 60 тооны ишиг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ. Хариуцагч М.Ө   нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч Ш.М  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2002 онд малчдад өвөлжөө хаваржааг эзэмшүүлсэн бөгөөд тухайн үед би гэрчилгээ авсан. 2019 онд сунгалт хийгдсэн юм. Булган сумын Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 65 тоот захирамжаар Булган сумын Баянгол багийн Улиастын Ш ийн хашаа хэмээх өвөлжөөний газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр гэрчилгээ авсан.

...Тухайн үед М.Ө  т уг өвөлжөөний хашааг худалдахаар ярилцаж байсан боловч тохиролцоогүйн улмаас наймаа буцсан юм. Үүнээс хойш уг газрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч М.Ө   чөлөөлж өгөхгүй байгаа тул шүүхэд хандсан... гэж шаардах эрхээ тодорхойлжээ.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана..., 28 дугаар зүйлийн 28.1.1-д гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлнэ... гэж хуульчилсан байна. 

Нэхэмжлэгч Ш.М  нь 2004 онд өвөлжөөний зориулалтаар газар эзэмших хүсэлтээ гарган Газрын тухай хуульд заасан журмын дагуу тухайн сумын засаг даргын шийдвэрээр маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна.

Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/130 дугаартай захирамжаар Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн иргэн Б ш овогт Ш ийн М ын эзэмшиж байсан Баянгол багийн Улиастын Хөх тохойд байрлах 2500 м/кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

Тухайн газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж болон эрх бүхий албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаанд гомдол гараагүй, энэ талаар зохигч маргахгүй байна.

Нэхэмжлэгч Ш.М  нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д зааснаар өөрийн эзэмшлийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах шаардах эрхтэй байх ба тэрээр Ховд аймгийн Булган сумын Баянгол Улиаст Ш ийн хашаа гэх хаягт байх өвөлжөөний зориулалттай 2500 м/кв газрыг хууль ёсоор эзэмшдэг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, Ховд аймгийн Булган сумын ЗДТГ-ын газрын даамал С.Ганцоожийн шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ш.М ын эзэмшлийн Ховд аймгийн Булган сумын Баянгол Улиаст Ш ийн хашаа гэх хаягт байх өвөлжөөний зориулалттай газрыг хариуцагч М.Ө  ын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч М.Ө   нэхэмжлэгч Ш.М т холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд тэрээр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ ...тухайн үед би өвөлжөөний хашааг засварлах ажлын хөлсөнд 60 тооны ишиг өгсөн. Уг ишигний үнийг нэхэмжилнэ. Тухайн үед 60 тооны ишиг 1200.000 төгрөгний үнэтэй байсан юм. Ишигний үнийг төлсөн тохиолдолд надад өөр санал гомдол байхгүй. Би уг хашааг сэлбэж засварлаж, хүмүүс авч ажил хийлгэсэн хөлсөө нэхэмжилж байна.

Тухайн үед би уг хашааг худалдаад авчихсан гэж ойлгоод хашааг засаж сэлбэж ажил хийсэн гэж мэтгэлцсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Ш.М ын эзэмшлийн гэх хашааны саравчны модыг хариуцагч М.Ө   буулгаж авснаа хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Ш.М  нь хариуцагч М.Ө  т сөрөг нэхэмжлэлийн шаардлага буюу хашаа засварласан ажлын хөлсөнд 30 тооны ишиг өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн нь хуульд харшлахгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагад харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг батлах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.М ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ө  аас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.М т олгож, хариуцагч М.Ө  аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 33.350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Ш.М аас 18650 төгрөг гаргуулан хариуцагч М.Ө  т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1 , Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.М ын эзэмшлийн Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Улиастын Хөх тохойд байрлах 2500 м2 газрыг хариуцагч М.Ө  ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч М.Ө  ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад зохигчын ...Ш.М ын нэхэмжлэлтэй М.Ө  т холбогдох өвөлжөөний газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагч М.Ө   нь хашаа засварласан ажлын хөлсөнд 60 тооны ишиг нэхэмжилсэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас хашааны саравчны мод нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагад зохигч харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ш.М  хариуцагч М.Ө  т хашаа засварласан ажлын хөлсөнд 30 тооны ишиг өгөхөөр харилцан тохиролцов гэж эвлэрсэн эвлэрлийг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ө  аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.М т олгож, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.Ө  аас 33350 төгрөг гаргуулан улмын төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгч Ш.М аас 18650 төгрөг гаргуулан хариуцагч М.Ө  т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ