Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 00042

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

 Нарийн бичгийн дарга С.Баянжаргал

 Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Т.Бат-Эрдэнэд холбогдох 201718020066 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1989 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, баяжулагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн ¹ 172 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Сүрлэг мандал хоршоонд баяжуулагч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Төмөрбаатарын Бат-Эрдэнэ. /РД:МЗ96101517/

 

Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 20 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Хорихын 5 байранд оршин суух, иргэн Зул-Эрдэнийн гэрт хохирогч хохирогч У.Баярцэнгэлтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж  түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж зодсоноос бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн өгсөн ..... 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн орчимд би ХААН банкны ойролцоо Баярцэнгэлтэй таарахад надыг ганц шил архи уух уу гэсэн. Тэр үед Баярцэнгэл эхнэртэйгээ явж байсан. Тэгээд манай гэрт очоод Баярцэнгэл бид хоёр нэг шил архи хувааж уусан. Манай гэрт Баярцэнгэл шүлсээ хаяад байхаар нь би нэг их тоогоогүй. Удалгүй Баярцэнгэл эхнэрийнхээ хамт гараад явсан. Тэгтэл Баярцэнгэлийн эхнэр нь манай эхнэр лүү утасдаад та хоёр хүрээд ир нүүрэн талд нэг айлд байна гэсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр очоод бид хэд нийлээд Хорихын 5 байранд байдаг миний найз Зул-Эрдэнийн гэрт очсон. Очсон чинь Зул –Эрдэнэ нэг 0.75 граммын задалсан архи гаргаж ирэхээр нь хоёр хоёр татаад байж байтал Баярцэнгэл согтчоод над руу дайраад намайг чи оролдоод байна уу гарч үзэх үү гээд байхаар нь би тоохгүй суугаад байсан юм. Тэгсэн Баярцэнгэл шүлсээ хаясан чинь Зул-Эрдэнэ чи шүлсээ манай гэрт хоёр дахь удаагаа хаялаа шүү гэж түүнд хэлэхээр нь би Баярцэнгэлд хоёулаа айлд байгаа шүү боль гэж хэлсэн. Баярцэнгэлийн эхнэр нь намайг Баярцэнгэлийг унтуулчих гэхээр нь Баярцэнгэлийг тэвэрч аваад газарт хивсэн дээр дараад хэвтүүлсэн. Тэгээд унтсан байх гэж бодоод дарахаа болиод өндийгөөд эргэтэл араас боож авахад миний амьсгал боогдсон. Тэгэхээр нь би Баярцэнгэлийг хажуу тийш нь өнхрүүлээд дээр нь гарахад эхнэр нь миний бөгс рүү өшиглөхөөр нь эргээд хартал эхнэр нь намайг ахиад хацар луу 2 удаа алгадсан. Буцаад эргээд Баярцэнгэл хартал Баярцэнгэл миний хацар луу цохихоор нь би зөрүүлээд нүүрэн тус газарт нь буюу баруун нүд рүү нь 2 удаа цохисон. Хөмсөгнөөс нь цус гараад байхаар нь эмнэлэг авч явж 2 оёдол тавиулсан. Би түүнд 1.5 сая төгрөг өгсөн. Одоо бид хоёр сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч У.Баярцэнгэлийн хэрэг бүртгэлтэд өгсөн ….  2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчимд Бат-Эрдэнийн хамт гэрт нь Бат-Эрдэнэ эхнэртэйгээ, би эхнэртэйгээ бид 4 архи уусан. Тэгэхдээ эхнэрүүд маань архи уугаагүй. Бат-Эрдэнэ бид хоёр хамтдаа нэг шил 0.75 грамм архи хувааж уусан. Архиа ууж дуусчихаад би эхнэртэйгээ хамт тэднийхээс гараад Баянхангайд нүүрний эгнээнд байдаг Даш гэх ахын дүүгийнд нь очиж гагнуур хийж өгсөн. Миний араас Бат-Эрдэнэ эхнэртэйгээ хамт машинтай ирээд гагнуур хийж дууссаны дараа замын урагшаа гарч хорихын 5 байранд байдаг Бат-Эрдэнийн найз Зулаагийн гэрт очиж архи уусан. Зулаагийнд Бат-Эрдэнэ, Зулаа бид гурав архи уусан ба би эхний 1 шил архийг ууж байгаад тасарсан байсан. Би тасраад тэр айлд шүлсээ хаясан чинь Бат-Эрдэнэ намайг унт гээд дараад хойд өрөө рүү оруулаад миний дээр дээшээ хараад дараад хэвтсэн гэсэн. Тэгэхээр нь би араас нь боосон гэсэн. Тэгсэн чинь Бат-Эрдэнэ намайг цохисон гэсэн. Би энэ талаар маргааш нь эхнэрээсээ болон Бат-Эрдэнийн эхнэр Укагаас сонссон…. Бат-Эрдэнэ миний хохирол эмчилгээний зардал болох 1.5 сая төгрөгийг төлж барагдуулсан. Одоогоор миний бие ямар нэгэн гомдол санал байхгүй. Бат-Эрдэнээс нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 10 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт  ¹ 63 ..... Дүгнэлт

             1.Баярцэнгэлийн биед ухархайн дотор хана, доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу ханын цөмөрсөн хугарал, шингэн хуралт, баруун хөмсгөнд шарх, баруун нүдний салст, баруун нүдний дээд зовхины дотор хэсэг хамрын нуруу, доод зовхи, хацар, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу атгасан гараар цохих үед үүсгэгдэх боломжтой.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 12 дугаар хуудас/

Хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 25-26 дугаар хуудас/

Т.Бат-Эрдэнэ нь Баянхангайн ¹ 172 тоотод ам бүл 5, оршин суудаг гэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 29 дүгээр хуудас/

Т.Бат-Эрдэнэ нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 28 дугаар хуудас/

Хохирогч У.Баярцэнгэлийн тус шүүхэд гаргасан Бат-Эрдэнэ нь эмчилгээний зардлыг бүрэн төлж хохирлыг барагдуулсан тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй, Бат-Эрдэнэтэй харилцан ойлголцож эвлэрсэн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт /Хх-н 43 дугаар хуудас/

Хохирогч У.Баярцэнгэл, шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ нарын тус шүүхэд гаргасан хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /Хх-н 44-45 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 20 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Хорихын 5 байранд оршин суух, иргэн Зул-Эрдэнийн гэрт хохирогч хохирогч У.Баярцэнгэлтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж  түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж зодсоноос бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн хохирогч хохирогч У.Баярцэнгэлийн нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь тодорхой сэдэлттэй буюу хоолой боолоо гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба Т.Бат-Эрдэнийн биед ухархайн дотор хана, доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу ханын цөмөрсөн хугарал, шингэн хуралт, баруун хөмсгөнд шарх, баруун нүдний салст, баруун нүдний дээд зовхины дотор хэсэг хамрын нуруу, доод зовхи, хацар, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл учирсан, энэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээ бичгээр илэрхийлэн гаргаж нотариатаар гэрчлүүлэн шүүхэд гаргаж өгсөн байх тул Т.Бат-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:                                  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаарзүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                    

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Төмөрбаатарын Бат-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Бат-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Бат-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бат-Эрдэнэд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.                         

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                   Б. ХЭРЛЭН.