Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 159/ШШ2022/0031

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                             

Хэргийн индекс: 158/2021/0006/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, гомдол гаргагч “Гацуурт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн өмгөөлөгч *******, *******,  хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганбүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, “Гацуурт” ХХК-ийн гомдолтой, Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдох “Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 0063167 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гомдол гаргагч “Гацуурт” ХХК 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “... Манай “Гацуурт” ХХК-нд холбогдуулан Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0063167 дугаартай шийтгэлийн хуудсаар 30.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Тухайн 0063167 шийтгэлийн хуудсаар манай компанийг “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд малаа зөвшөөрөлгүй оруулсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчил үйлдсэн гэж буруутган шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тусгай хамгаалалттай газар нутагт “хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчсөн” гэх боловч Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 0063167 шийтгэлийн хуудсанд ямар хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горимыг зөрчсөн талаар тодорхой дурдаагүй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 1..., ...40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д ...заасан хэлбэрийн шаардлагыг зөрчсөн байна.

Хоёр. Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй тухайд

Бидний хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “зохих зөвшөөрөлгүй мал бэлчээрлүүлэх” гэж дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг тодорхойлсон хуулийн хэм хэмжээг баримталсан гэж таамаглаж байна. Энэ хуулийн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэл нь ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр дархан цаазат газарт малаа бэлчээрлүүлсэн байх ёстой.

Гэтэл Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар Б/108 “Газар эзэмшүүлэх” захирамжаар манай “Гацуурт” ХХК-нд тухайн газрыг эзэмших, ашиглах эрхийг олгосон бөгөөд тус захирамжийг үндэслэн Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000012916, 000012915, 000012914, 000012913, 000012912, 000012907, 000012909, 000012908, 000012910, 000012911 дугаартай гэрчилгээ олгож, гэрээ байгуулан, кадастрын зургаар тодорхойлж өгсөн. Дээрх захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших, ашиглах гэрээ, кадастрын зураг зэрэг нь одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа, тус захирамж болон холбогдох баримт бичгүүд хүчингүй болсон талаар ямар нэгэн мэдэгдэл манайд ирээгүй. Тиймээс манай компани Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 45, 35 дугаар зүйлүүдэд заасны дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхтэй юм. Гэтэл уг эрхээ хэрэгжүүлсний төлөө зөрчил үйлдсэн гэж шийтгэл оногдуулж байгаа нь ямар үндэслэлгүй бөгөөд хууль бус юм.

Гурав. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан процессын журмыг зөрчсөн тухайд

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах” буюу уг хуулийн 4.8 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг авах ажиллагаа явуулах зэргээр зөрчилд холбогдогчийг уг ажиллагаанд оролцуулах ёстой.

Үүний үр дүнд оролцогч буюу зөрчилд холбогдогч нь уг хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх”, 2.2-т “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах”, 2.3-т “эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах”, 2.4-т “хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах”, 2.5-т “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 2.6-т “эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах”, 2.7-т “өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах”, 2.8-т “нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх”, 2.9-т “зөрчлийн хэрэгтэй танилцах”, 2.10-т “хуульд заасан бусад” зэрэг эрхээ эдлэх нөхцөл, боломжоор хангагддаг ёстой байтал “Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”-ны байгаль орчны улсын байцаагч ******* нь манай “Гацуурт” ХХК-иас ямар ч мэдүүлэг, тайлбар авах ажиллагаа явуулаагүй бөгөөд манай компанийн зүгээс дээрх эрхүүдээ эдлэх боломж, нөхцлийг бүрдүүлээгүй.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...заасан хуулийн шаардлагыг биелүүлээгүйгээс болж манай “Гацуурт” ХХК-ийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох гүйцэтгэх захирал нь тус шийтгэлийн хуудас гарах үндэслэл болсон зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэгтэй танилцаагүй, ямар зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаагаа одоо болтол мэдээгүй ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдлэх боломжгүй байсаар өдийг хүрлээ.

Манай компанийн зүгээс Байгаль орчны улсын байцаагч *******гийн шийтгэлийн хуудас нь “Гацуурт” ХХК-нд холбогдуулан шийтгэл хүлээлгэсэн гэж ойлгож байгаа ...хуулийн этгээд холбогдогчоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тохиолдолд зөвхөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээдээрээ дамжуулж эрхээ эдэлж, үүргээ хүлээдэг. Түүнчлэн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу зөвхөн компанийн гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг. Аливаа шийдвэр, албан тоотыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар холбогдогчид л гардуулах ёстой байтал энэ үүргээ биелүүлэлгүй манай эрх ашгийг зөрчсөн.

Энэ талаар нь Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гомдол гаргахад уг хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулууны 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/09 албан бичгээр шийтгэлийн хуудсыг манай өмгөөлөгч О.Батсүхийн  [email protected]  мэйл хаягаар хүргүүлж манайд албан ёсоор мэдэгдсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу харьяалах шүүхэд гомдлоо гаргаж байна.

Иймд Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0063167 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Гомдол гарагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би давхардуулахгүйгээр тайлбараа хэлье. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээ хүчингүй болох юм бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшиж ашиглахыг хориглоно” гэж заасан. Гэтэл манай тохиолдолд 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын зүүн тарвагатай гэх газарт 10 нэгж талбарт 5 га газрыг эзэмшиж, ашиглаж байгаа. Өнөөдрийг хүртэл төрийн захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд засаг захиргааны хувьд нэгдмэл байна гэж заасан. Өөрөөр хэлбэл 2011 онд тухайн газрыг тусгай хамгаалалтад авч байгаа бол хэрхэн яаж тусгай хамгаалалтад авдаг юм бэ гэж Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.3, 42, 43 дугаар зүйлүүдэд тодорхой заажээ. Эхлээд тусгай хамгаалалтад авах газарт давхцал байгаа эсэхийг шалгана. Хэрэв давхцал байгаа бол тухайн газар эзэмшигчтэй холбоотой асуудлаар нөхөн олговор олгох, тухайн газар эзэмшигчид өөр газрыг санал болгож солих талаар хуулиар зохицуулсан. Гэтэл энэ ажиллагаануудыг төрийн захиргааны байгууллага хийгээгүй. Эрх бүхий албан тушаалтнаас та зөвшөөрөлгүй байж тухайн газарт нэвтэрлээ гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудас оногдуулаад байгаа нь үндэслэлгүй юм. Засгийн газрын 2017 оны журам байдаг. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авахдаа хэрхэн яаж авах талаар Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолд тодорхой зохицуулсан. Уг журмаар тухайн газрыг тусгай хэрэгцээнд авахдаа иргэн аж ахуйн нэгж газар эзэмшиж, өмчилж байгаа эсэх талаар тодруулж, хэрэв эзэмшиж ашиглаж байвал тухайн иргэн аж ахуйн нэгжээс саналыг нь авч нөхөн олговортойгоор авах талаар зохицуулалт хийсэн. Гэтэл газраа хууль ёсоор эзэмшиж, ашиглах гэхээр шууд хууль бусаар төрийн захиргааны байгууллагаас газар эзэмшигчийн эрхэд ноцтойгоор халдаад, газар эзэмшиж, ашиглах боломжийг олгохгүйгээр 30.000.000 төгрөгөөр торгож байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзээд гомдол гаргасан.

Шүүхээс тодорхой ажиллагаа хийж Газрын харилцаа геодези зураг зүйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн нотлох баримтад “...******* нь 10 нэгж талбар дээр 5 га газрыг эзэмшиж ашиглаж байна...” гэж ирсэн. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын газрын даамал шүүхэд өгсөн тайлбар болон нотлох баримтдаа “...******* нь 2010 оноос хойш тухайн газар дээрээ 10 нэгж талбарт газраа эзэмшиж ашиглаж байгаа нь үнэн болно...” гэсэн албан бичгийг ирүүлсэн. Мөн сансрын зураг, кадастрын зургуудаар ******* нь Булган аймгийн Сэлэнгэ суманд өнөөдрийг хүртэл газар эзэмшиж, ашиглаж байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Тэгэхээр Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлд тухайн сумын Засаг дарга өөрийн нутаг дэвсгэрт газар олгох талаар зохицуулалтыг зааж өгсөн. 2019 онд ******* нь улсын хэмжээнд хэрэгжиж байгаа лэндменежер гэх программын хүрээнд тухайн 10 нэгж талбарт эзэмшиж байгаа газруудаа шинээр лэндменежер программд нөхөн бүрдүүлэлтийг хийлгүүлээд, гэрчилгээ, гэрээгээ шинэчлүүлж авсан. ******* өнөөдрийг хүртэл газраа эзэмшиж ашиглаж байхад төрийн захиргааны байгууллага шууд торгож, байгаа нь үндэслэлгүй юм. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Улсын байцаагч *******гийн оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Улсын байцаагч нь шалгалтын ажиллагааг явуулахдаа маш том ноцтой алдаа гаргасан. ******* байцаагч зөрчлийг шалгахдаа холбогдогчийг тогтоож чадаагүй. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар “холбогдогч гэж хэн бэ” гэдэг талаар 3.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг хэлнэ” гэж заасан. Зөрчилд холбогдогчийг хэрхэн яаж тогтоодог талаар зохицуулалт бий. Процессын тухай хуулийн  3.5 дугаар зүйлийн 1-д дараах хүнийг холбогдогчоор тогтооно гэж заасан. Мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-д хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан байна эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч байхаар зохицуулсан. Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан гэдэг нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр  зүйлд заасан албан тушаалтныг ойлгоно. Үүнд Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий менежер, ТУЗ-ын нарийн бичгийн дарга зэрэг гэрээ хэлцэл хийхэд оролцдог хүмүүсийг эрх бүхий албан тушаалтан гэж тодорхойлно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг нь тухайн компани өөрөө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах гэж томилж байгаа иргэнийг хэлж байгаа юм. Хэрэгт байгаа баримтуудаар ямар асуудал байдаг вэ гэхээр зөрчлийн хэргийн материалын 6, 7 дугаар талд хоёр тогтоол байдаг. Эрх бүхий албан тушаалтны 8 дугаар тогтоолд *******-ийн хууль ёсны төлөөлөгчөөр н.Чинбатыг томилсугай гэж бичсэн. Огноо 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр бичигдсэн. Гэтэл хэрэгт авагдсан зөрчлийн материалын 28-31 дүгээр талд эрх бүхий албан тушаалтны хүсэлтээр гаргуулсан хуулийн этгээдийн лавлагаа байдаг.

Уг лавлагаанд н.Наранчимэг гэх хүн 2013 оны 02 дугар сарын 07-ны өдрөөс эхлэн зөрчлийн шийтгэлийг оногдуулах хүртэл хугацаанд гүйцэтгэх захирал нь н.Наранчимэг гэх хүн байсан. Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь *******-тай ямар ч хамааралгүй н.Чинбат гэх хүн рүү бичиг явуулаад байдаг. Тэгээд холбогдогчоор н.Чинбат гэх хүнийг тогтоочихдог. Мөн Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын “ХУР” мэдээллийн системээс лавлагаа гаргуулсан. Уг лавлагаанаас юу харагдаж байна вэ гэхээр 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэл н.Наранчимэг гэх хүн *******-ийн гүйцэтгэх захирал байсан. 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр н.Чинбат гэх хүн *******-ийн захирал болсон. Мөн дээрх лавлагаануудаас юу харагддаг вэ гэхээр *******-ийн үүсгэн байгуулагч нь н.Наранчимэг гэх хүн харагддаг. Шийтгэлийн хуудас нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гарсан. Гэтэл зөрчлийн хэрэг үүсгэж, шийтгэлийн хуудас бичиж байх үедээ *******-ийн гүйцэтгэх захирал буюу төлөөлөх эрхтэй субъект нь н.Наранчимэг гэх хүн байжээ. Н.Чинбат нь *******-нд хамааралгүй хүн байжээ. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдтэй огт хамааралгүй хүнийг холбогдогч болгоод өөрсдөө томилоод, хуулийн этгээдэд хариуцлага ногдуулсан асуудал байна. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Энэ ямар үр дагавар үүсгэх вэ гэхээр холбогдогчийн эрх үүрэг гэх зохицуулалт байдаг. Тухайлбал зөрчилд холбогдсон этгээд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.10 хүртэл эрхүүдийг эдэлдэг. Уг хуулийн зохицуулалтаас гол олгосон эрх нь ямар зөрчилд шалгагдаж байгаагаа мэдэх эрхтэй. Энэ боломж нь зөрчилд холбогдогч, шийтгэлийн хуудас оногдуулсан хуулийн этгээдэд энэ эрхийг эдлүүлээгүй байна. Мөн бусад эрхүүдийг бас эдлүүлээгүй гэж үзэж байна. Эрх бүхий албан тушаалтан маань холбогдогчийг тогтоохдоо ямар ч хамааралгүй хүн томилсноос болоод холбогдогч буруу томилогдож, энэ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ буруу явсан.

Зөрчлийн материалын 7 дугаар талд н.Чинбатыг томилоод, 6 дугаар талд н.Чинбатыг томилсноос хойш 14 хоногийн дараа “...танайх төлөөлөгчөө томилооч ээ н.Чинбатаа...” гэсэн албан бичиг хүргүүлсэн байдаг. Яг компанид хандсан зүйл байхгүй, төлөөлөх эрхгүй хүн рүү хандсан ноцтой зөрчил байна гэж үзэж байна.

******* нь 2010 онд газар эзэмших эрхтэй болсон бол Улсын Их Хурлаас тухайн газрыг тусгай хамгаалалтад 2011 онд авсан байдаг. Тусгай хамгаалалтад авна гэдэг нь өөрийн тодорхой журамтай. Нэн түрүүнд газар эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээдтэй гэрээ хэлцэл хийж, нөхөн төлбөр олгодог зохицуулалттай. Энэ ажиллагаагаа огт хийгээгүй. Өнөөдрийг хүртэл *******-ийн эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гараагүй байгаа учраас газар эзэмших эрх хүчинтэй байгаа. Газрын тухай хуульд заанаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлж байгаа үйлдлийнхээ төлөө торгууль оногдуулж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Тусгай хамгаалалтын захиргаа шийтгэлийн хуудас оногдуулахдаа ямар баримтад тулгуурлаж, ямар баримт бүрдүүлдэг вэ гэхээр сансрын зураг хэвлээд, тухайн зурган дээр ******* гараараа зураад, энд үхэр байсан гээд биччихдэг. Энэ ажиллагаа нь хууль ёсны зөрчлийг тогтоож байгаа үйлдэл мөн юм уу биш юм уу. Тэгснээ 2400, 2500 үхэр байсан гээд биччихдэг. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар бүх зүйл тэмдэглэл, үзлэгээр явагддаг журамтай. Н.Оюунсүрэнгийн хэвлээд гараараа зурсан газар үхэр байсан гэдэг нь нотлогддоггүй. Мөн малын А данс гэж байдаг. Тухайн газарт *******-ийн малаас өөр зөндөө иргэд болон Хилийн цэргийн байгууллагын мал байдаг. Өөрөө очиж үзээд, үхрүүдээ гаднаас нь хараад *******-ийн мал гэж цаасан дээр зураад явчихдаг. Ийм зөрчлийн ажиллагаа байж боох юм уу. Иймд шийтгэлийн хуудас ямар ч үндэслэлгүй, процессын хувьд зөрчил гаргасан. Зөрчилд холбогдогчид огт мэдэгдээгүй ноцтой алдаа байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ******* 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... ******* нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно.

1.Энэ хуулийн 9, 10 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа

2.хөрс ургамал бүрхэвчийг нөхөн сэргээх

3.ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх

4.ан амьтны тооллого, тэдгээрийн тоо, нас, хүйс, сүргийн бүтцийг зохицуулах үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, аргачлалын дагуу явуулах

5.рашаан, эмчилгээ, сувилгааны чанартай бусад эрдсийг ашиглах

6.байгалийн аялал, жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулах

7.аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах

8.зураг авах, дууны болон дүрс бичлэг хийх, тэдгээрийг зохиол бүтээл туурвихад ашиглах,

9.уул, овоо тахих, уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх

10.нутгийн оршин суугчид ахуйн хэрэгцээндээ зориулан байгалийн дагалт баялаг, эмийн болон хүнсний ургамлыг зохих журмын дагуу түүж ашиглах гэж заасан хязгаарлалтын бүсийн дэглэмийг зөрчиж монгол гэртээ 6 малчинаа 6 байршилд 2800 гаран малтай оруулан 4 сар зусуулж, намаржуулж дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчсөн гэж үзэж байна.

2020 оны 05 дугаар сарын 27-ноос 30-ны өдрийг хүртэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль-ийн 9, 10, 11, 12 дугаар зүйлүүдийг *******-ийн газар тариалан мал аж ахуйн салбар хариуцсан захирал н.Жаргал болон малчдад тайлбарлаж *******-ийн малын оруулах боломжгүй гэж биечлэн мэдэгдэж зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан.

1.Чиглэл хүргүүлэх тухай Байгаль орчин аялал, жуулчлалын яамны 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 02/2640 дүгээр албан бичгээр Булган аймгийн Засаг дарга З.Батзоригт Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаар захирамжийг Газрын тухай хуульд заасны дагуу хууль бус шийдвэрийг цуцалж, тусгай хамгаалалттай газрыг чөлөөлж, биелэлтийг хуулийн хугацаанд ирүүлэх талаар,

2.Чиглэл өгөх тухай Булган аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/564 тоот албан бичгээр Сэлэнгэ сумын Засаг дарга Ш.Насандуламд *******-нд 10 байршилд 5 га газрыг Фермерийн зориулалтаар олгохдоо 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар олголт хийсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.4, 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг тус тус зөрчсөн талаар Байгаль орчин аялал жуулчлалын яам, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас дүгнэлт ирүүлсэн байна. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу газар олгосон шийдвэрээ 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор цуцалж хуульд нийцүүлэх чиглэл өгсөн.

3. Дүгнэлт гаргуулан санал хүргүүлэх тухай Булган аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/490 тоот албан бичгээр Булган аймгийн Засаг дарга З.Батзоригт *******-нд 10 байршилд 5 га газрыг сумын Засаг даргын 2010 оны Б/84-2 дугаар захирамжаар олгохдоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан 2009 оны 20 дугаар тогтоолыг үндэслэн эзэмшүүлсэн байна. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хурлаар баталсан 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 4 дүгээр багт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар олгохоор тусгагдаагүй байхад газар олголт хийсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтыг зөрчсөн.

Мөн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр *******-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгөхдөө гэрээ байгуулаагүй нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2 дахь заалт, Газрын харилцаа, газрын зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ыг, мөн гэрчилгээн дээр газар эзэмшүүлэх үндэслэлийн шийдвэрийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаар захирамжийг газар эзэмшүүлсэн 2010 оны Б/84-2 дугаартай захирамжид өвөлжөөний зориулалтаар гэж байтал Фермерийн зориулалтаар гэж бичсэн зөрчил тус тус гаргасан байна.

Дээрх дүгнэлтээс үзэхэд *******-нд анх газар олгож гэрээ, гэрчилгээ олгосон үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 27.4 заалтыг зөрчсөн тус тус хуулийн 61.1 дэх заалтын дагуу Сэлэнгэ сумын Засаг даргад өөрийн шийдвэрийг хүчингүй болгож гэрээ, гэрчилгээг татан авч эргэж мэдэгдэх хугацаатай үүрэг даалгавар өгч, өгсөн хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд дээд шатны албан тушаалтан шийдвэрийг нь хүчингүй болгох арга хэмжээг авч ажиллах саналыг хүргүүлсэн.

Булган аймгийн Газрын удирдлагын хэлтсийн дарга С.Наранбаатар, Геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Одбаяр нар Сэлэнгэ сумын Б/108 дугаар захирамжаас гадна 3 өөр захирамж гарсан тул тодорхой бус ойлгомжгүй байдал үүсч, анх газар олгосон захирамж шийдвэр, газар олгох үйл ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд явагдсан эсэхийг шалгаж өгөхийг хүссэн Сэлэнгэ сумын Засаг даргын 2021 оны 1/49 тоот албан хүсэлтийн дагуу холбогдох материалыг үзэж шалгахад *******-нд 10 нэгж талбарын 5 га газрыг эзэмшүүлсэн дээрх 4 захирамж нь архивлагдсан байдал, мөн тамга, гарын үсэггүй байхгүй, архивын материал нөхөж оруулсан /наасан/ зэрэг нөхцөл байдлаас үзэхэд аль захирамж нь эрхзүйн хувьд чадамжгүй, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дэх заалтыг зөрчсөн, уг захирамжийг үндэслэн газар эзэмших гэрээ, гэрчилгээ олгохдоо Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

4. Захирамж хүчингүй болгох тухай Булган аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/56 дугаар захирамжаар Сэлэнгэ сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/108 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

5. Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан процессын журам зөрчөөгүй тухайд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 6.9.1-д заасан Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана гэсний дагуу цахим шуудан болон *******-ийн захирал Л.Чинбатын 99115497 дугаартай утас руу зөрчлийн талаар олон удаа залгасан боловч утсаа аваагүй, ажилтан н.Энхтуяа, н.Мөнхцэцэг нараар дамжуулж хэлүүлсэн боловч хариу аваад өгнө гэсэн боловч дараа нь утсаа авахаа больсон. Мөн 99119547 утсанд мессежээр мэдэгдсэн. 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр *******-ийн ажилтан Б.Цэрэнчимэдээр дамжуулж Л.Чинбат захирал руу утсаар хэлүүлсэн боловч уулзах боломжгүй гэж хариу өгөхөөр нь ажилтан Б.Цэрэнчимэдэд хамгаалалтын захиргааны даргын 1/53 тоот албан мэдэгдлийг нотломжоор хүлээлгэн өгсөн боловч хариу өгөх боломжгүй гэсэн гэж хэлээд дахин залгахад утсаа аваагүй. Иймд миний 0063167 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганбүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“…Улсын байцаагчийн ярьсан зүйлд нэмж тайлбар хэлье. 2011 онд *******-нд Б/81 дугаар захирамжаар олгосон 10 нэгж талбар бүхий 5 га газар олгогдсон байдаг. Энэхүү Засаг даргын захирамж нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 31 дүгээр зүйлийн 31.2-д зааснаар тухайн Засаг дарга газрыг олгохдоо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой. Гэтэл 2010 оны Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20 дугаар тогтоолоор Сэлэнгэ сумын 4 дүгээр багт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар олгох тухай тусгаагүй байдаг. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9-д зааснаар “төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчны яам мал бэлчээрлүүлэх зохих зөвшөөрлийг тусгай хамгаалалтын бүсэд олгоно” гэж заасан. Тэгэхээр яамнаас мал бэлчээрлүүлэх ямар нэгэн зөвшөөрлийг албан бичгээр мэдэгдээгүй байгаа зэрэг нь Газрын тухай хууль болон тухайн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа юм.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын Б/84-2 дугаар захирамж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүчин төгөлдөр захирамж гэдгийг газрын мэргэжилтэн н.Мэргэнбаатар тайлбарлаж, албан бичгээр ирүүлсэн. Гэхдээ 108, 109 дугаар захирамжууд гарсан байдаг. Яагаад ийм олон захирамж гарах болов, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн талаар Байгаль орчны яам , Авлигатай тэмцэх газар, Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга асан н.Насандулам нарыг шалгуулахаар гомдол гаргасан. Гомдлын дагуу холбогдох ажиллагаа хийгдэж байгаа талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газраас авсан. Тэгэхээр одоо байгаа Б/84-02 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг зөрчиж байна гэж үзэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд алдаа гарсан, *******-нд мэдэгдээгүй гэсэн асуудлыг ярьж байна. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Прокурорын газраас *******-нд хариу мэдэгдэх хуудас ирүүлсэн. Уг мэдэгдэх хуудаст “...*******-ийн нэр дээр 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр албан мэдэгдэл хүргүүлэх тухай 053 тоот албан бичиг хүргүүлсэн. Мөн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1/57 тоот албан бичиг, мөн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хууль ёсны төлөөлөгчийг томилж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг улсын байцаагч Н.Оюунсүрэн мэдэгдсэн байдаг. 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум *******-нд мал аж ахуй, газар тариалангийн салбар хариуцсан захирал н.Жаргалд зөрчлийн хэргийн материалыг танилцуулах гэсэн боловч дотогш нэвтрүүлээгүй тухай тэмдэглэл...” зэрэг материалуудаар *******-нд удаа дараа мэдэгдсэн байна гэж прокурор мэдэгдэх хуудсандаа дурдсан. Мөн прокурорын мэдэгдэх хуудсанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-д зааснаар “..Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ...” гэсэн албан бичгийг хүргүүлж ажилласан. Хавтаст хэрэгт мессэж, и-мэйлээр хүргүүлсэн нотлох баримт, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг зурган хэлбэрээр байгаа. Иймд *******-нд мэдэгдсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудаас гаргасан тайлбарыг үнэлээд эрх бүхий этгээд зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах үүргээ бүрэн биелүүлээгүй, нотлох баримт цуглуулах, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох зэрэг хуульд заасан зөрчил шалгах ажиллагааг дутуу явуулсан, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс тайлбар санал авч, сонсох ажиллагаа явуулалгүй шийтгэлийн хуудас оногдуулсан нь хууль бус гэсэн үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* Гацуурт ХХК-ийг дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд малаа зөвшөөрөлгүй оруулсан гэж үзэж 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 0063167 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутагт хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчсөн гэж заасны дагуу 30.000.000 төгрөгөөр торгожээ. 

            Гомдол гаргагчаас “…манай компани газар эзэмших эрхтэй, хариуцагчаас  дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд малаа оруулсан болохыг шалгаж тогтоогоогүй, хууль ёсны төлөөлөгчийг томилох ажиллагааг буруу хийж, холбогдогчийн эрхийг зөрчсөн. .. гэж маргадаг.

Нэг. Шийтгэлийн хуудас оногдуулсан үндэслэлийн талаар:

            Гацуурт ХХК-нд анх Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаар захирамж[1]-аар тус сумын 4-р баг, баруун хужрын голд фермерийн зориулалтаар нэгж талбарын 6302001118 дугаар бүхий 0,5 га, 4-р баг, баруун тарвагатайн голд фермерийн зориулалтаар нэгж талбарын 6302001113 дугаар бүхий 0,5 га, 4-р баг, баруун хужрын голд фермерийн зориулалтаар нэгж талбарын 6302001119 дугаар бүхий 0,5 га, 4-р баг, зүүн тарвагатайн голд фермерийн зориулалтаар нэгж талбарын 6302001116 дугаар бүхий 0,5 га, 4-р баг, зүүн тарвагатайн голд фермерийн зориулалтаар нэгж талбарын 6302001115 дугаар бүхий 0,5 га, 4-р баг, баруун тарвагатайн фермерийн зориулалтаар нэгж талбарын 6302001112 дугаар бүхий 0,5 га, 4-р баг, баруун хужрын голд фермерийн зориулалтаар нэгж талбарын 6302001117 дугаар бүхий 0,5 га, 4-р баг, Хушаат голд фермерийн зориулалтаар нэгж талбарын 6302001111 дугаар бүхий 0,5 га, 4-р баг, хушаат голд фермерийн зориулалтаар нэгж талбарын 6302001110 дугаар бүхий 0,5 га, 4-р баг, зүүн тарвагатайн голд фермерийн зориулалтаар нэгж талбарын 6302001114 дугаар бүхий 0,5 га газрыг тус тус 15 жилийн хугацаатай олгож, газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

Харин 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн авсан гэх гэрчилгээ болон 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн газар эзэмших гэрээнүүдэд газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамжийн дугаар Б/84-02 болж өөрчлөгджээ. Уг шалтгааныг Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газраас тодруулахад[2], тус Тамгын газрын хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн П.Батчулуун болон газрын даамал Г.Мэргэнбаатар нар тайлбар[3]-таа “…захиргааны байгууллагын буюу газрын даамлын буруутай үйл ажиллагаанаас болж 108, 109 гэж захирамжийн дугаарыг буруу өгсөн бөгөөд эцсийн байдлаар Гацуурт ХХК-нд газар олгосон захирамжийн дугаар Б/84-2 бөгөөд тус захирамж нь одоог хүртэл хүчин төгөлдөр, уг захирамжийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй…” гэжээ. 

Хариуцагчаас ... Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2010 оны Б/84-2 дугаар захирамжаар Гацуурт ХХК-нд 10 нэгж талбар бүхий 5 га газар олгохдоо газрын гэрээ, гэрчилгээний дугаар зөрүүтэй, газрын зориулалт өөр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар олгосон зэрэг нь хууль бус тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хязгаарлалтын дэглэм зөрчиж, малаа зөвшөөрөлгүй оруулсан... гэж үзэн шийтгэлийн хуудас оногдуулсан.

Хэдийгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Булган аймгийн Засаг даргад 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 02/2640 тоот албан бичгээр Гацуурт ХХК-нд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох талаар чиглэл хүргүүлсний дагуу Булган аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/56 дугаар захирамжаар Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаар захирамжийг хүчингүй болгосон боловч Булган аймгийн Засаг дарга 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/164 дүгээр захирамжаар өөрийн А/56 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1“Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу гомдол гаргагч Гацуурт ХХК-нд Булган аймгийн Сэлэнгэ сумын 4-р баг, баруун тарвагатайн голын адагт 10 нэгж талбар бүхий 5 га газрыг эзэмшүүлэхээр олгосон шийдвэрийг сумын болон аймгийн Засаг даргаас хүчингүй болгоогүй, шүүхээс дээрх захирамжийг хүчингүй болгосон аливаа шийдвэр гараагүй, Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/84-2 дугаар захирамж нэгэнт хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. 

Тодруулбал, Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоол[4]-оор Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших Зэд-Хантай-Бүтээлийн нурууд, тэдгээрийн орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд шүүх тухайн үед дээрх газрыг иргэн, хуулийн этгээд эзэмшиж, ашиглаж байсан эсэх, хэрэв дээрх газарт иргэн, хуулийн этгээд газар эзэмшиж, ашиглаж байсан бол ямар арга хэмжээ авсан талаар тодруулахад, Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1/166 тоот албан бичгийн хавсралт[5]...дээрх газрыг улсын тусгай хамгаалалтад авахаас өмнө 9 иргэн, 1 аж ахуйн нэгж газар эзэмшиж байсан, ...Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журамд заасан ажиллагаа хийгдээгүй..., Улсын Их Хурлын 18 дугаар тогтоол гарсантай холбогдуулан газар эзэмшиж, ашиглаж байсан иргэн, аж ахуйн нэгжтэй холбоотой арга хэмжээ авсан зүйлгүй... гээд газар эзэмшиж байсан гэх иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтад гомдол гаргагч Гацуурт ХХК-ийн 10 нэгж талбар бүхий газрын мэдээллийг хавсаргажээ.

Үүнээс үзвэл Гацуурт ХХК нь тухайн газрыг улсын тусгай хамгаалалтад авахаас өмнө газар эзэмшиж байсан бөгөөд Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна”, 16.1.1-д улсын тусгай хамгаалалттай газар”, 18 дугаар зүйлийн 18.1“Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18.1.3-т “улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох”, 42 дугаар зүйлийн 42.1“Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно.”, 42.2“Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана.”, 42.3“Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна.” гэж тус тус заасан ажиллагааг төрийн захиргааны байгууллагуудаас хийгээгүй, улмаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1“Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.4“газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 39.1.5“газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн.” гэж заасны дагуу Гацуурт ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон эсхүл түүнд газрын нөхөх олговор олгож, газар эзэмших эрх дуусгавар болоогүй байхад гомдол гаргагчийг дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд малаа зөвшөөрөлгүй оруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Хэдийгээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12.9-д “өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх”, 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 27.2-т “тусгай хамгаалалттай газар нутагт явуулах судалгаа, шинжилгээний ажлын журам, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, зөвшөөрөл олгох, холбогдох тайлан, мэдээллийг авч нэгдсэн санд оруулах” гэж тус тус заасны дагуу зөвшөөрөлгүй мал бэлчээрлүүлэхийг хориглосон, зохих зөвшөөрөл авах талаар хуульчилсан боловч энэ нь газар эзэмших эртэй этгээдэд хамааралгүй зохицуулалт байна.

Иймд газрыг улсын тусгай хамгаалалтад авахаас өмнө газар эзэмших эрхтэй байсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн асуудлыг дээр дурьдсан хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлээгүй, энэ асуудал нь 2011 оноос одоог хүртэл үргэлжилж байгаа болох нь сумын газрын даамал болон хууль, эрх зүйн мэргэжилтний тайлбараас гадна, хариуцагчийн шүүх хуралдаанд ...34 өрх манай хязгаарлалтын бүсэд бүртгэлтэй байдгаас энэ жил 29 өрх өвөлжөө, хаваржааны зориулалтаар малаа бэлчээсэн. Эдгээр айлууд 2011 оноос өмнө өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Энэ айлуудад шийтгэлийн хуудас оногдуулаагүй, харин Гацуурт ХХК-ийн хувьд фермерийн зориулалтаар газар эзэмших эрхтэй байсан тул түүнд шийтгэлийн хуудас оногдуулсан... гэж хариулсан[6] зэргээр тогтоогдож байна.

Энэ нь захиргааны шийдвэр, үйл ажиллагаа бодит нөхцөл байдалд тохирсон байх, төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах зарчимтай нийцэхгүй байх тул гомдол гаргагчтай ижил 2011 оноос өмнө газар эзэмших эрхтэй этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр шийтгэлийн хуудас оногдуулаагүй, Гацуурт ХХК-ийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр, түүнийг хүчингүй болгосон аливаа шийдвэр гараагүй байхад түүнд оногдуулсан шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн гэж шүүх дүгнэх боломжгүй юм.

Хоёр. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн талаар:     

Зөрчлийн хэргийн 2015000276 дугаар материалаас үзэхэд, хариуцагч 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар тогтоолоор Гацуурт ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийг Л.Чинбат гэж тогтоосон нь тус зөрчлийн хэргийн материалын 29 дүгээр хуудасд хавсаргагдсан Гацуурт ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэлтэй зөрчилдөж, улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно.”, 1.2 дахь хэсэгт “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг”, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэж тус тус заасантай нийцэхгүй.

Улмаар холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийг буруу тогтоосон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчлийн хэрэгтэй танилцах зэрэг холбогдогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Хариуцагч     хэдийгээр 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 8 дугаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаар эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Зөрчлийн хэргийн материал танилцуулах ажлын тайлан зэрэгт мэдэгдэх ажиллагаа хийсэн боловч гомдол гаргагч Гацуурт ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Наранчимэгт бус Л.Чинбатад мэдэгдснийг шүүх холбогдогчид зөрчлийн талаар мэдэгдсэн гэж дүгнэх боломжгүй.

            Учир нь шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс Гацуурт ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулахад, захирлын мэдээлэл хэсэгт гүйцэтгэх захирлаар Н.Наранчимэгийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажиллаж байсныг бүртгэсэн байх бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс тус компанийн гүйцэтгэх захирлаар Л.Чинбатыг бүртгэснээс үзвэл хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана гэж заасан үүргээ биелүүлээгүй. Улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт тус тус заасан холбогдогчийг дуудан ирүүлэх, албадан ирүүлэх зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна. 

            Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж буй эрх бүхий этгээд нь үйл ажиллагаандаа холбогдох хуулийг удирдлага болгон ажиллахаас гадна иргэн, хуулийн этгээдэд шийтгэлийн хуудас оногдуулахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэтэл хариуцагч Гацуурт ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоогоогүйн улмаас Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, 26 дугаар зүйлийн 26.1“Захиргааны акт ... гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж тус тус заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

            Түүнчлэн зөрчлийн хэрэг бүртгэлт гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах хуульд заасан ажиллагааг ойлгох бөгөөд эрх бүхий албан тушаалтан нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах атал Зөрчлийн хэргийн 2015000276 дугаартай материалын 16-20 дугаар хуудаст хавсаргасан Гацуурт ХХК-ийн мал оруулсан байршил гэх 2 зураг, болон айл 1-6 хүртэл тэмдэглэсэн гэрэл зураг нь юуг нотолж, юуг тогтоож байгаа нь ойлгомжгүй.

            Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.”, 4.3 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ.”, 4“Үзлэг хийхдээ ...тусгай багаж ашиглах аргаар хийж болно.”, 4.13 дугаар зүйлийн 1-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараахь нийтлэг зүйлийг тусгана”, 8-д “Тэмдэглэлд зөрчил шалгах ажиллагаанд ашиглаж байгаа техник хэрэгслийн нэр төрөл, үзүүлэлтийг тэмдэглэж, бичлэг хийсэн цаг, минут, авсан гэрэл зургийн тоог тусгана. Дуу-дүрсний бичлэгт тухайн ажиллагааны зорилго, он, сар, өдөр, байршил, эхэлсэн, дууссан цаг, минутыг тусгана.”, 4.14 дүгээр зүйлийн 1“Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ.” 2“Зөрчлийн нотлох баримт нь шинжээчийн дүгнэлт, зөрчил шалгах ажиллагааны тэмдэглэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно.” гэж тус тус заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд  гаргасан ...Зөвшөөрөлгүйгээр тусгай хамгаалалттай газар нутагт нэвтэрсэн гэж үзэж байгаа бол зайлшгүй газрын координатын солбилцлыг бэхжүүлж авч, тэмдэглэлд тусгасан байх ёстой. Зөрчлийг хэн үйлдээд байгаа нь тодорхой байх ёстой. Зөрчил үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоох ёстой. Эрх бүхий албан тушаалтан тайлбарлахдаа нэг айл нь малгүй байсан. Гэхдээ 1628 гэснийг 2628 гэж бичсэн байна гэж ярьж болохгүй... гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй юм.

            Зүй нь хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д зааснаар гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргийн хүрээнд тухайн хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтаар хангалттай тогтоосны үндсэн дээр шийтгэлийн хуудас оногдуулах байжээ.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Гацуурт ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, хариуцагч Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 0063167 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1, 1.2, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.3 дугаар зүйлийн 1, 4, 4.13 дугаар зүйлийн 1, 8, 4.14 дүгээр зүйлийн 1, 2, 4.15 дугаар зүйлийн 1, 4.16 дугаар зүйлийн 1,2,5, 6.9 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.4, 39.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9, 27 дугаар зүйлийн 27.2, Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Гацуурт” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн  2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 0063167 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч “Гацуурт” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.МӨНХЗАЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэрэг-2, 91-р хуудас

[2] Хавтаст хэрэг-2, 160-р хуудас, хавтаст хэрэг-3, 187-188-р хуудас

[3] Хавтаст хэрэг-2, 164-р хуудас, хавтаст хэрэг-3, 190-р хуудас

 

[4] Хавтаст хэрэг-2, 62-66-р хуудас

[5] Хавтаст хэрэг-3, 190,191-р хуудас

[6] Хавтаст хэрэг-4, 57-р хуудас