Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
Хэргийн индекс | 154/2021/00003/И |
Дугаар | 154/ШШ2021/00039 |
Огноо | 2021-02-03 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 154/ШШ2021/00039
2021 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 154/ШШ2021/00039 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 19** оны ** сарын **-нд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Б багт оршин суух, /РД: / С ийнхэн овогт Х гийн Д ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Д нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. 1989 онд 8 дугаар ангиа төгсөөд хөдөө мал малласан. 1989 онд нэгдэлд гэж байгаагүй, би эцэг эхийн хамт Б багт 5 хошуу мал маллаж байсан. Түүнээс хойш Булган сумын Б багт 2010 он хүртэл мал маллаж байна. Нөхөн даатгалын хуулиар малчин байсан үеийн нийгмийн даатгалыг нөхөн төлөх гэтэл мал маллаж байсан үеийн А данс 2000, 2001, 2002,2003, 2004, 2007 оны картууд байхгүй учир нөхөн төлөх боломжгүй байна. Иймд 2000 оноос 2008 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Шүүх Х.Д ийн Ховд аймгийн Булган сумын Б багт 2000-2004, 2007 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь дээрх хугацаанд хүсэлт гаргагч Х.Д ийн ажиллаж байсан байдлын талаар гэрч Т.Батсоёлын ...Д нь 2000-2004, 2007 онуудад Ховд аймгийн булган сумын Б багт бог бод мал маллаж байсан. Д нь 100 гаруй хонь ямаа маллаж байсан. Жилийн эцсээр мал тооллого болж А данс хөтөлдөг, малчид жил бүр малынхаа тоог бүртгүүлдэг байсан гэх мэдүүлэг нь хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар давхар нотлогдохгүй, гэрч Д.Гандорж, Ц.Алтанцэцэг нарын тодорхойлолтууд нь нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул нотлох баримтаар үнэлээгүй болно
Малчин даатгуулагчид олгох архивын лавлагаагаар хүсэлт гаргагч Х.Д ийн нэр дээр 1998, 2005, 2006, 2009, 2010 онуудад мал тоологдож байсан талаар бүртгэгдсэн байна. Хэрэгт авагдсан өргөмжлөл зэрэг баримтууд нь хүсэлт гаргагчийг малчнаар ажиллаж байсан байдлыг нотлосон баримт гэж шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байгааг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.Д ийн Ховд аймгийн Булган сумын Б багт 2000-2004, 2007 онуудад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ