| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2020/00377/И |
| Дугаар | 154/ШШ2021/00046 |
| Огноо | 2021-02-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 154/ШШ2021/00046
| 2021 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 154/ШШ2021/00046 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Алтай сумын А багт оршин суух, РД: , Г овогт Д ийн Б ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа, хүсэлт гаргагч Д.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1980 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад 1983-1986 онд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд мөн нэгдэлд ямаа маллаж байсан. Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадын малчид голдуу ямаа, сэрх малладаг байсан юм. Би нэгдэл тарж компани болоход компаний мал маллаж байсан. 1999 онд Алтай сумын иргэн Х.Бадамсүрэнтэй гэр бүл болоод Алтай сумруу шилжсэн юм. Одоо Алтай суманд мал маллаж амьдарч байна.
Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1980-1983, 1986-1994 онд Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Б ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Д.Б нь 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1986 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, мөн 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:
- түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- Д.Б ийн 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Нэгдлийн даргын 1981 оны 08 сарын 05-ны өдрийн 23 тоот тушаалаар Булган сумын Баянгол багт ямаачин гэх бичилт, мөн 1981-1990 онд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,
- 1990 хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Нэгдлийн даргын 1991 оны 01 сарын 02-ны өдрийн 35 тоот тушаалаар Баянгол багт ямаачин, мөн 1992 оны 65 тоот тушаалаар Жаргалын зам нэгдэл хувьчлагдах болсон учир Жаргалын зам хувьцаат компаний мэдэлд шилжүүлэв, Жаргалын зам хувьцаат компаний захирлын 1992 оны 05 тоот тушаалаар Жаргалын зам хувьцаат компанид малчнаар авч ажиллуулав гэх бичилтүүд, мөн дэвтэрт 1991-1994 онд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний бичилтүүд тэмдэглэгдсэн,
Ц.Бат-Эрдэний шүүхэд гэрчээр өгсөн: ...Д.Б нь 1980 онд Булган сумын 8 жилийн сургуулийг төгссөн. Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад бог мал маллаж байсан. 1980 оноос 1994 оныг дуустал ажиллаж байгаад 1999 онд Ховд аймгийн Алтай сум руу шилжсэн. Би тухайн үед Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад Д.Б тэй хамт ямаа маллаж байсан. юм... гэх мэдүүлэг,
Т.Даваахүүгийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Д.Б бид 2 нэг нутгийн хүмүүс. Д.Б нь 1980 онд Булган сумын 8 жилийн сургуулийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад бог мал маллаж байсан. Амьдралын эрхээр 1999 онд Алтай сум руу шилжсэн. Сумын аварга малчин болж байсан их сайн малчин хүн юм. Тасралтгүй нэгдлийн мал маллаж байсан. Өөр ямар нэгэн ажил хийж байгаагүй. Би тухайн үед Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад мал маллаж байсан юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г овогт Д ийн Б ийг 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1986 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, мөн 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ