| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2020/00335/И |
| Дугаар | 154/ШШ2021/00049 |
| Огноо | 2021-02-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 154/ШШ2021/00049
| 2021 оны 02 сарын 08 өдөр | Дугаар 154/ШШ2021/00049 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, шүүгч Л.Түвшинжаргал, шүүгч Ц.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багт оршин суух, РД: , Ологнууд овогт Ч гийн Х ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багт оршин суух, РД: ПА67113015, Боржгон овогт Раднаагийн Л нд холбогдох гэм хорын хохирол 6.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, иргэдийн төлөөлөгч У.Энхцэцэг, нэхэмжлэгч Ч.Х , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг /онлайнаар/, хариуцагч Р.Лхайсүрэн, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар /онлайнаар/ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Р.Лхайсүрэн нь миний гурван шүдийг гэмтээж миний биед гэмтэл учруулсан. Миний биед хийсэн 2019 оны 03 дугаар сарын 29- ны өдрийн 148 дугаартай Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Ингээд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Р.Лхайсүрэнгийн гэм буруутай нь тогтоогдсон. Би 3 шүд шинээр суулгах шаардлагатай болсон. Тухайн үед Р.Лхайсүрэн нь 3 шүдний эмчилгээний төлбөр өгнө, намайг хохиролгүй болгоно гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг Ариун шүд" нэртэй эмнэлэгт сайн чанарын имплант шүд хийлгэхээр үзүүлсэн 1 шүд суулгахад 2.000.000 төгрөгний үнэлгээтэй, 3 шүдний төлбөр 6.000.000 төгрөгний төлбөр гарч байна. Нэгэнт шүүхээр Р.Лхайсүрэнг гэм буруутайд тооцсон тул 3 шүдний эмчилгээний зардал болох 6.000.000 төгрөгийг Р.Лхайсүрэнгээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Р.Лхайсүрэнгийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Ч.Х ын надад холбогдуулан гэм хор учруулснаас үүссэн 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хувийг хүлээн авч нэхэмжлэлийн шардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ч.Х , Р.Отгонбаяр бид гурав Ц.Рагчаасүрэн гэдэг айлд Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн нутаг Баруун булан гэх нэртэй газар хамт архи уух явцдаа хоорондоо маргалдаж, маргааны явцад Ч.Х ын шүд унаж, Р.Отгонбаярын хамар нь гэмтэж мурийсан байсан. Миний бие Ч.Хашхүүгийн биед гэмтэл учруулаагүй. Хэрэгт холбогдон Ховд аймгийн Булган суманд дахин дахин дуудагдан очиж шалгагдаж, байх айл байхгүй, буудлаар амьдарч олон хоног хоол унд муутай явсан. Ч.Х , Р.Отгонбаяр нар бие биедээ учирсан хохиролыг төлж барагдуулахаар тохиролцож би ял шийтгүүлсэн. Миний бие хуулийн байгууллагад дахин дахин дуудагдах ар гэрийн амьдрал боломжгүй болсон, буудалд байгаад байх мөнгөгүй болсон тул ял хүлээж шийтгүүлсэн. Ч.Х ын шүд нь гэмтсэний улмаас учирсан хохиролыг Р.Отгонбаяр барагдуулахаар тохиролцсон учир би Ч.Х ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хохиролыг хариуцахгүй. Ч.Х надаас хохирол нэхэмжилж байвал би эрүүгийн хэргийг дахин шалгуулж гэм буруугийн асуудлаа дахин тогтоолгоно. Төрийн прокурорын хууль бус ажиллагаа, зальт этгээдүүдийн ял завшсан үйлдлийг зохих байгуулагад нь өгч шалгуулах болно. Хавтаст хэрэгт Ч.Х нь шүд хийлгэсэн талаар эмч болон эмнэлгийн баримт байхгүй бөгөөд Б.Ариунтөмөр эмчийн тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Иймд Ч.Х ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Х нь хариуцагч Р.Лхайсүрэнд холбогдуулан гэм хорын хохирол 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь Ч.Х , Р.Отгонбаяр бид 3 харилцан зодолдсон, Ч.Х ын шүд нь гэмтсэний улмаас учирсан хохиролыг Р.Отгонбаяр төлж барагдуулахаар тохиролцсон байсан, нэхэмжлэгч нь 6.000.000 төгрөгөөр шүд хийлгэсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учраас хохиролыг төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Хариуцагч Р.Лхайсүрэн нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Ч.Х ыг зодож шүдийг нь унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн 148 тоот дүгнэлтээр Ч.Х ын биед ...дээд эрүүний үүдэн хоёр шүдний уналт, дээд эрүүний зүүн талын 5 дугаар шүдний уналт, 13 дугаар шүдний хугарал... гэмтэл учирсан, энэхүү гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагынхаа гол үндэслэл болгож байгаа хавтаст хэргийн 3 дугаар талд авагдсан хүний их эмч Б.Ариунтөмөрийн тодорхойлолтыг шүүх үнэлэх боломжгүй байна. Учир нь дээрх тодорхойлолтонд: Х 45 настай, Правматический перидонтит өвчний оноштойгоор 4 шүд авахуулсан бөгөөд одоо шүд хийлгэх шаардлагатай. Авагддаггүй сүүлийн үеийн сайн чанарын имплант шүд манай эмнэлэг хийж байгаа бөгөөд 1 шүд 1800000-2000000 төгрөгний үнэлгээтэй хийгддэг ба хийгдэх хугацаа 2 сар, өөрийн хүсэлтээр авагддаггүй шүд хийх бүрэн боломжтойг тодорхойлов гэжээ.
Хүний их эмч Б.Ариунтөмөр нь имплант шүдэлбэр хийх болоод шүдний өвчний оношилгоо, эмчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, мөн тухайн имплант шүдний үнэлгээг ямар баримтад үндэслэж гаргасан нь эргэлзээтэй байх тул дээрх баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
Эдгээр байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч нь учирсан гэмтэлтэй холбоотой имплант шүдийг бодитойгоор хийлгэж, түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгч хэдийгээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д зааснаар гарах эмчилгээний зардлаа урьдчилан нэхэмжлэх эрхтэй боловч энэ талаар хангалттай нотлож чадахгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Х ын хариуцагч Р.Лхайсүрэнгээс гэм хорын хохирол 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ
ШҮҮГЧИД Л.ТҮВШИНЖАРГАЛ
Ц.ЭНХЖАРГАЛ