Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 181/2021/00777/И |
Дугаар | 001/ХТ2024/00142 |
Огноо | 2024-06-18 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2024/00142
Д гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/00068 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00765 дугаар магадлалтай,
Д ийн нэхэмжлэлтэй,
Х т холбогдох
Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,
Хүүхдийн асран хамгаалагчаар тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д нь хариуцагч Х т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хүүхдийн асран хамгаалагчаар тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/00068 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Ц ыг эх Д гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1, 41.2, 41.2.1 дэх заалтад заасныг баримтлан 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Ц ыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эх Д д олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ын асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар Д , Х нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Д гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 108,065 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Д д, хариуцагч Х ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан хариуцагч Х т, хариуцагч Х аас шинжээчийн ажлын хөлсөнд нийт 1,468,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д д, хариуцагч Х аас улсын тэмдэгтийн хураамжид 75,122 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00765 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/00068 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 9 сарын 28-ны өдөр төрсөн охин Ц ыг эцэг Х ын асрамжид үлдээж, нэхэмжлэгч Д гийн хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 9 сарын 28-ны өдөр төрсөн охин Ц ыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх Д гаас cap бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хасаж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж дугаарлалтыг өөрчлөн, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,065 төгрөг, хариуцагч Х аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 37,865 төгрөгийг нэхэмжлэгч Д д олгож, нэхэмжлэгч Д гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Х т тус тус олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Би Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.12-ны өдрийн 210/МА2024/00765 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.4-т заасан үндэслэлээр хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.
Нэг. Маргааны үйл баримтын талаар: Миний бие 2007 онд Х тай танилцаж улмаар 2009 оны 4-р сард анхны охин А мэндлээд 2010 оны 3-р сард эцэг Х нь согтуугаар паар дээр нь унагаж ахуйн ослоор өөд болсон. Ингээд 2011.09.28-нд 2 дахь охин Ц маань мэндэлсэн. Тухайн цаг мөчөөс эхлэн хамт амьдарсан боловч байнгын архи ууж гадуур хонон гар хүрдэг байдлаас нь болоод гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Миний зүгээс болгож бүтээе гэсэн дээ 2 хүүхэд төрүүлсэн. Ингээд охин Ц ыг төрөхөд ээжийн бага дүүгийн гэрт 2011-2012 онд амьдраад мөн л Х ын согтуу ирэх айл гэрийн амгалан тайван байдал алдагдуулснаас очих газаргүй болж, охинтойгоо Ганбаярын аав, ээж, эгч дүү нар гээд ам бүл 10-уулаа нэг монгол гэрт амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд хүзүүгээ зүсэж дарамтална, айлгана, аав, ээж нь цагдаа дуудаж айлгахаас өөрөөр арга хэмжээ авч чаддаггүй байлаа. Ингээд 2013 оны эхээр мөн л архи уун гэртэй ирж агсам тавих үедээ миний биед халдаж хутга барин дайрч баруун гарыг зүсэж гэмтээсэн. Тэгэхэд арга буюу амь насаа хамгаалахаар гарч зугтан хажуу айлд орж нуугдаад тэдний гэрийнхэн цагдаад дуудлага өгч эрүүлжүүлсэн. Тэр цаг үеэс хойш тусдаа амьдарсан дахин хамт амьдрахаас маш их айсан, хүүхдээ аваад гарахад очих газар байгаагүй тул арга буюу Х ын аав, ээж дээр түр үлдээсэн. Үүнээс хойш охинтойгоо уулзах гээд ярихаар уулзуулахгүй хүүхэд чамайг харахаараа эргэж буцаад хэцүү байна, дараа бол тэгж байгаад ир гээд уулзахад хэцүү болж эхэлсэн. Охинтойгоо уулзахын тулд Х аас гуйна, аргадна ингэсний эцэст хаяа нэг уулзана, хэрэгтэй зүйлсийг нь авч өгнө ингэж явсаар 2017 оноос хойш хаана байгаа нь тодорхойгүй утсаа авахгүй, бүх холбоо тасарсан. Би хорооны нийгмийн ажилтнаас асуухад энд амьдрахаа больсон гэсэн. Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөгөө авахад “Охин чинь чамаар овоглодог 18 нас хүрээгүй энэ шүүхээр яваад байх асуудал биш, шууд очоод авахад асуудалгүй” гэж хэлсэн. Цагдаа аваад очихоор охин маань ээжийгээ аймар хүн гэсэн ойлголттой болохоос эмээж охиноо шууд очоод авахад мөн л дараа нь ирээд дарамтлаад эхлэх болов уу энд тэнд явж байхад амь насанд хүрэх болов уу гэж айсан. Ингээд 2017 оноос хойш охинтой уулзаж чадахгүй залгах, мессеж бичихэд хариу өгөхгүй явсаар 2021 оны 11 сард Х ын хамтран амьдрагч н.Х гэх эмэгтэй над руу чат бичсэн чамайг хажуугаас нь хараад эмэгтэй хүн болохоор өрөвдлөө охинтойгоо нууж уулзах уу гэсэн. Би тухайн үед маш их баярлаж 21-р хорооллын Содон гэх байрны гадаа уулзахаар болоод цаг товлоод очиж охинтойгоо уулзсан. Охин маань ээжээ зөндөө санасан шүү, би тантай л хамт баймаар байна даанч аав уулзуулахгүй хорьсон, тантай хамт амьдрах нь миний мөрөөдөл гэж хэлсэн. Мөн н.Х эгч намайг загнадаг 2-уулаа тусдаа уулзаж болдоггүй юм уу гэхчлэн их хэцүү нөхцөл байдал ажиглагдсан. Би н.Х гэх эмэгтэйг та үүдэнд зогсож байх уу гээд үлдээгээд охинтойгоо хэсэг ярилцахад “ээжээ та намайг авна гэж амлаач, би тантай л хамт баймаар байна” гээд дахин дахин гуйсан. Би унаагаараа тэр 2-г гэрт нь хүргэж өгье гээд явах замд “Чи хүүхдийнхээ овгийг солиулаад өгчхөж болох уу, сургууль юманд нь хэрэг болоод байдаг” гэхэд нь би “хаана ч, хэзээ ч хэлбэл явж очоод сургууль юмыг нь өөрөө хөөцөлдөөд өгөхөд бэлэн байдаг шүү, овог солигдвол надтай бүр охины минь уулзуулахгүй одоо ийм байгаа юм чинь” гэж хэлж тайлбарласан. Үүнээс хойш 1 сард охинтойгоо хаяа нэг видео хийж холбогдоно, охин маань хэцүү дарамттай байдал ажиглагдсан учраас н.Х гэх эмэгтэйг судалж үзсэн. Ингэхэд тогтсон ажилгүй, айлын хажуу өрөө түрээсэлдэг, шөнийн цагаар найзтайгаа нийлж архи шаглан зардаг, хүргэлт нь шөнийн цагаар охиныг минь аав нь дагуулж явдаг болж таарсан. Ингээд ер нь л охин минь өсвөр насны хүүхэд өөр дээрээ авч өсгөх хэрэгтэй юм байна гэж шийдээд цагдаад өргөдөл өгч эрэн сурвалжлуулж аавыг нь олж шүүхэд 2021.03.01-нд өргөдлөө гаргасан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 3 жил гаран шүүхээр явж байна. Энэ хугацаанд охинд минь ээж чинь тийм муу хүн чамайг хаяж явсан гэхчлэн хэрэгт хавсаргасан өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн, уулзуулах гэж гуйдаг байсан, хүүхдээ түнхний мултралтай болохоор голоод хаясан, 2 хүүхдээ харуулах гэж авах гээд байгаа гэхчлэн хүн харахад муу хүн байлгахаар хийж байгаа зүйлс нь хэрээс хэтэрч байна. Энэ цаг хугацаанд охиноо авах гэж оролдоод гэрт нь очихоор Х гэртээ байдаггүй, гэрийнхэн нь болон охины эмээ гэх хүн огт уулзуулдаггүй уулзахаар очих үедээ хорооны ажилтан болон хариуцсан цагдаагийн ажилтныг хүртэл дуудан охиноо харж байсан удаа бий. Хамгийн гол зүйл нь миний ээж байх эрхийг удаан хугацаагаар хаасан охины ээжтэйгээ уулзах эрхийг хязгаарласан байдал нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Хэрэг шүүхийн шатанд явж байх хугацаанд хаяг нь тодорхойгүй хаяг солигдсон байдал, түрээсийн байранд оройн цагаар насанд хүрээгүй хүүхдийг хүчээр хөдөлмөр эрхлүүлж байгаа байдал зэргийг бодит байдлаас нь дүгнээгүй, охин маань мөн л шинэ хойд ээжтэй 2 жил амьдарч аавынхаа хөдөө ажиллах хугацаанд өөр гаднын хүнтэй байгаа байдлыг сайн нягтлаагүй ээнэгшин дассан орчин гэж охины минь ирээдүйд юу тохиолдох нь тодорхойгүй хэт хайнга хийсвэр магадлал гаргасанд маш их гомдолтой байна.
Хоёр. Охиныг аавынх нь асрамжид үлдээх болсон 2 үндэслэлийг давж заалдах шатны шүүхийн магадлалын 5 дугаар хуудаст дурдсан байх ба охин Ц аас саналыг асуухад аавтайгаа үлдэнэ гэж хариулсан байна гэжээ. Энэ нь охин Ц ын өөрийн санаа бодол биш, хүсэл зоригийг нь чөлөөтэй илэрхийлүүлээгүй байдаг. Учир охиноос санал асуух ажиллагаанд хариуцагчийн өмгөөлөгч Бийн эхнэр өмгөөлөгч н.Д нь зохион байгуулалттайгаар орж, орохдоо хүүхдийн сэтгэл санаанд дарамт үзүүлж аавтайгаа үлдэнэ гэж хэлүүлсэн байдаг. Энэ үйл явдлыг шүүхэд бичлэгээр гарган өгч үзлэг хийлгэсэн. Мөн Б, н.Д нарын гэр бүл болохыг илэрхийлсэн фото зураг өөрсдийнх нь фейсбүүк хаягаас авч баримтаар гарган өгсөн. Мөн хариуцагчийн өмгөөлөгч Б нь санал авах ажиллагаанд оролцсон өмгөөлөгчийг өөрийн эхнэр гэдгийг шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн байдаг. Ийм будилаантай болсон санал асуух баримтыг үнэлэх ямар ч боломжгүй. Дээрх нөхцөл байдлыг дүгнээд охиноо дахин дахин асуулгаад сэтгэл зүйг нь гэмтээгээд дэмий гэх агуулгаар хандсан. Х т ээнэгшин дассан гэдэг нөхцөлийг давж заалдах шатны шүүх дурдаж маргааныг шийдэж байгаа юм бол Д гийн асрамжид охин үлдвэл сэтгэл санааны, ахуй нөхцөлийг, амьдрах орчны, сурч боловсрох боломж илүү гэх өргөн агуулгаар гарсан шинжээчийн дүгнэлтийг болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт зааснаар эцгийн халамж гэдэг зүйл дээр давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй, Х нь ажлаар хөдөө орон нутаг руу урт хугацаагаар тогтмол явдаг талаар шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг. Охиндоо зарцуулах цаг зав бага байдгийг шүүх дүгнээгүй хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүссэн.
Гурав. Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын 2022.11.24-ний өдөр дүгнэлтэд ”..Х нь сард 14 хоног хөдөө ажилладаг охинтойгоо хамт байдаггүй гэж мэдүүлсэн мөн дүгнэлтийн 4-т охин эцэг, эхийнхээ хэн хэнтэй нь болгоомжтой харьцдаг тэдэнд таатай сэтгэгдэл төрүүлэхийн тулд тэдний хүслээр байх ярих хандлагатай, хүүхэд ярилцлагын үед ярианы сэдвийг шууд өөрчилж өөр зүйл ярих түгшүүрийн мэдрэмж өндөр өөрийн бодол хүслээр биш өөр хэн нэгний заавар шаардлагаар хариулж байгаа байдал ажиглагдсан, хүүхдийн өсөж хөгжих орчин хэвийн ч хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүдээс сэтгэл санааны хувьд таагүй мэдрэмж авдаг байдал уулзалтын үеэр ажиглагдсан...” гэсэн байдаг. Энэ нөхцөл байдлаас дүгнэхэд охины асрамжийг өөрчлөх бодитой нөхцөл байдал байгаа нь харагдаж байна. Ямар ч эх хүн хүүхдээ айх айдасгүй, эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй болгож өсгөхийг хүснэ охиноо нэг л өдөр авах нь эх хүний хувьд миний ч гэсэн мөрөөдөл юм шүү.
Дөрөв. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 6 дугаар хуудаст “Хэдийгээр Х нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг шаардлага гаргаагүй боловч нэхэмжлэл гаргасан байхыг шаардахгүйгээр хүүхдийн тэтгэлийг гаргуулах нь зөв гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргах, маргаанд хөндлөнгийн байх учиртай шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, 73.1. Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх, 115.2.1, 115.2.2-
ыг илэрхий зөрчсөн нь мөн хуулийн 172.2.2. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн нөхцөлд хамаарна гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дах хэсэгт заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.12-ны өдрийн 210/МА2024/00765 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5.Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2024.06.06-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00703 тогтоолоор нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч Д хариуцагч Х т холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Х эс зөвшөөрч, хүүхдийн асрамжийг өөр дээрээ тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг “...Х тай 2007 онд танилцаж хамтран амьдарсан, 2011.09.28-ны өдөр охин Ц төрсөн. 2012 оноос таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдарсан. Охин одоо өсвөр насны, эмзэг үе дээрээ байгаа тул өөрийн асрамжиндаа авах шаардлагатай, одоо бид тус тусын амьдралтай болсон” гэжээ.
Хариуцагч Х татгалзахдаа “...2012.12.24-ний өдрөөс хойш охин Цэрэннямыг өөрийн асрамжид авч, одоог хүртэл Д гаас тусдаа амьдарч байна. Охиноо өөр дээрээ авах талаар надтай ярилцаж, санаачилга гаргаж байгаагүй, ...охиныг нэхэмжлэгчид өгснөөр түүний хувийн зан байдалд сөргөөр нөлөөлөх ба хүйсийн онцлогоос хамаарч өсч яваа охиныг минь төрсөн цагаас нь өдий хүртэл өсгөсөн эцэг миний асрамжид хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан байна.
7. Д , Х нар нь 2007 онд танилцан хамтран амьдарч, тэдний дундаас 2011.09.28-ны өдөр охин Ц төрсөн, талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй, охин Ц 2012.12.24-ний өдрөөс хойш эцэг Х ын хамт амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон, энэ тухайд маргаагүй. Харин нэхэмжлэгч хариуцагч нар охиноо хэний асрамжид үлдээх тухайд харилцан тохиролцоогүй, маргасан байна.
8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... охин аавтайгаа байна гэсэн санал өгсөн, шүүхээс шинжээчээр томилогдсон эхний хоёр дүгнэлтэд нэхэмжлэгч Д болон хариуцагч Х ыг аль алиныг охин Ц ын хууль ёсны асран хамгаалагчаар тогтоох боломжтой гэж, 3 дахь дүгнэлтэд охиныг хэний асрамжид үлдээвэл зохистой талаар тодорхой заагаагүй, ... Ц нь өсвөр насанд байгаа, эх Д гийн хүүхдээ өсгөх чадвар, чадамж буюу эхийн халамж, байнгын ажлын байранд ажилладаг, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, эцэг Х ын ахуйн нөхцөл, бололцоо, Х нь байнгын ажлын байранд ажилладаггүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэрэглээгүй үедээ ... удаа дараа Захиргааны хариуцлагын тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргаж байсныг, түүнчлэн Ц ын инээж хөөрөн, айх айдасгүй сэргэлэн цовоо өсөх, сурч хүмүүжих эрхээ эдлэх боломжийг нэн тэргүүнд харгалзан үзэж эх Д гийн асрамжид үлдээх нь зүйтэй” гэж дүгнээд, хариуцагч Х аас хүүхдийн тэтгэлэг гаргуулсан байна.
9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ эцэг, эхийн хэнд илүү ээнэгшин дассан, амьдрах орчин нөхцөлийг өөрчлөх нь зайлшгүй шаардлага байгаа эсэхийг харгалзан үзэх хуулийн зохицуулалттай. ...охин Ц ыг 1 настай байхаас талууд тусдаа амьдарсан ба уг хугацаанаас хойш охин Ц нь эцэг Х ын асрамжид амьдарч байсан үйл баримтад талууд маргаагүй. ... хүүхдийн амьдрах орчин, нөхцөлийг өөрчлөх нь хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх үр дагаврыг бий болгож болзошгүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй” гэж дүгнээд, “...охин Ц ын эцгийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн, хүүхдийн эрх, ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлсэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй ба анхан шатны шүүх 2 удаагийн шинжээчийн дүгнэлт, охин Ц ын саналыг харгалзахгүйгээр охин Ц ын асрамжийг өөрчилж, эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн нь буруу” гэсэн үндэслэлээр охин Ц ыг эцэг Х ын асрамжид үлдээхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Х ын давж заалдах гомдлыг хангасан байна.
Түүнчлэн шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэж байгаа тохиолдолд хүүхдийн дээд эрх, ашиг сонирхлыг харгалзан хүүхдийн тэтгэлгийг хамт шийдвэрлэх нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцэх бөгөөд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу тэтгэлэг тогтоож, тэтгэлгийг эх Д гаас гаргуулах нь зүйтэй гэж үзжээ.
10. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг гомдлыг хангахгүй орхив.
11. Хэргийн баримтаас үзэхэд охин Ц төрсөн цагаас одоог хүртэл эцэг Х ын асрамжид хамт амьдарч, цэцэрлэгт явж байсан, одоо сургуульд сурдаг, эрүүл саруул, сэргэлэн цовоо өсөж байгаагийн зэрэгцээ шүүхээс томилсон шинжээчийн 3 удаагийн дүгнэлтийн эхний 2 нь эцэг эхийн аль алиных нь асрамжид үлдэх нь зохистой гэж гарсан байна. Харин 3 дахь удаа Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар шинжээчээр томилогдсон ба 2023.07.24-ний өдрийн дүгнэлтэд охин Ц ыг эцэг, эхийн хэний асрамжид үлдээвэл зохистой талаар заагаагүй хэдий ч шинжээчийн багийн ерөнхий санал дүгнэлтэд хүүхдийн ээнэгшин дасан зохицох төлөв тестийн үр дүнгээр охин Ц аавдаа дасан зохицол илүү өндөр үзүүлэлттэй гэж тодорхойлжээ. Мөн дүгнэлтэд нэхэмжлэгч, хариуцагч болон тэдний хамтран амьдрагч Х, Ганбаяр нарт хийсэн хүүхэд хүмүүжүүлэх хэв маягийн тестийн дүнгээр хариуцагч Х ын хувьд 3 шалгуур тус бүрт дундаж болон түүнээс дээгүүр үзүүлэлттэй гарсан байна.
12. Шинжээчдийн дүгнэлт, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд охин Ц ын одоо байгаа асрамжийг өөрчлөх ноцтой шалтгаан, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн эцгийн асрамжид үлдэхэд харшлах, үгүйсгэх, ноцтой үндэслэл байгаа тухай баримтгүй тул эцэг, эхийн хэнд илүү ээнэгшин дассан, амьдрах орчин нөхцөлийг өөрчлөх нь зайлшгүй шаардлага байгаа эсэхийг харгалзан хүүхдийн асрамжийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, “хүүхдээ асрамждаа авах тухай” нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
13. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас хойш хүүхдийн асрамжийг өөрчлөх эцгийн халамж дутмаг, хүүхдийн амьдрах орчин, ахуйн нөхцөл, санхүүгийн бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн, хүүхдийн эрх, ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлсэн зэрэг нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдсон тохиолдолд асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийг дахин гаргахад шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй бөгөөд талууд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэх, хариуцагч Х охин Ц ыг эх Д тай уулзахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.
14. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу тэтгэлэг тогтоож, тэтгэлгийг эх Д гаас гаргуулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцэх тул “...нэхэмжлэл гаргасан байхыг шаардахгүйгээр хүүхдийн тэтгэлийг гаргуулах нь зөв гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” буюу хүүхэддээ тэтгэлэг төлөхгүй гэсэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00765 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД