Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 40

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

            Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Уянга

Шүүгдэгч: Г.Гал-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Гэлгээгийн Гал-Эрдэнэд холбогдох 201716000029 тоот нэг хавтас хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Г.Гал-Эрдэнэ нь 2017 оны 02 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн нутаг дэвсгэрт найз охин Д.Алтангэрэлийг Б.Бямбадэлгэртэй хардсаны улмаас Д.Алтангэрэлийн нүүрэн тус газар нь алгадаж цохин хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Б.Бямбадэлгэрийн нүүрэн тус газар цохиж, толгойгоороо мөргөн зодож давтан үйлдлээр бусдын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  шинжлэн судлаад 

Шүүгдэгч Г.Гал-Эрдэнэ мөрдөн байцаалтанд шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ... “2017 оны 02 сарын 02 өдрийн орой 23 цаг өнгөрч байхад Эрчмийн зааланд тоглочихоод Буянжаргалаар гэрлүүгээ хүргүүлэхээр явж байсан чинь манай найз хүүхэн Алтангэрэл Бямбадэлгэр гэдэг залуугаар машинаа бариулчихсан явж байхаар нь араас дагаж яваад сигнал өгч машиныг нь зогсоосон. Тэгээд би машинаас бууж очоод машины зөв талын урд хаалгыг онгойлгосон чинь Бямбадэлгэр машин барьчихсан Аптангэрэл хажууд нь суугаад явж байсан. Тэгсэн Бямбадэлгэр машины хааз өгөөд хөдлөхөөр нь зогс гэж хэлээд жолоочийн рулнээс барьж ахиад хааз өгөхөөр нь ахиж зогс гэж хэлээд машиныг нь унтраагаад түлхүүрийг нь аваад чи ямар хаашаа юм бэ зогс гэж хэлээд байхад хүн дайрчих гээд гэж хэлсэн. Тэгээд би машины урдуур тойрч жолоочийн хаалган дээр очсон чинь Бямбадэлгэр машинаас гараад ирсэн. Тэгэхээр нь чи миний найз хүүхний машиныг унаад зугтаагаад байх чинь ямар учиртай юм гээд заамдаж аваад Бямбадэлгэрийн нүүр лүү хоёр гурван удаа гараар цохиж толгойгоороо нэг удаа мөргөсөн. Алтангэрэл дундуур орж хорихоор нь би Алтангэрэлийн хацранд нэг удаа гараараа алгадсан. Бямбадэлгэр хоёулаа хэл амаа ололцъё гээд бид хоёр машинаас зайдуу зогсоод ярилцаад хоёулаа маргааш уулзъя гэсэн. Тэгээд машинтай явж байсан чинь Бямбадэлгэр өөрөө машинаас буугаад зугтаагаад явсан. Би Буянжаргалын машинд Алтангэрэлийг цохиж зодсон юм байхгүй. Би Алтангэрэл, Бямбадэлгэр хоёрыг буруу ойлгож биед хөнгөн гэмтэл учируулсан. Одоо би Аптангэрэл, Бямбадэлгэр нартай эвлэрээд хохиролыг нь барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, “Буянжаргал бид 2 зааланд тоглоод гарч явсан. Алтангэрэлтэй өмнө нь муудсан байсан. Заалнаас гараад Баялаг дэлгүүрийн үүдэнд Алтангэрэл Бямбадэлгэр хоёртой таарсан. Тэр 2 шөнийн дэлгүүрийн үүдэнд дохио өгөөд зогссон. Бид 2 араас нь дагаж очсон. Тэгээд Бямбадэлгэртэй муудсан. Алтангэрэл бид хоёрыг хорих гээд голоор ороод алгадуулсан. Бямбадэлгэрийн нүүр лүү 2 цохьж 1 мөргөсөн. Тэгээд эв зүйгээ олсон” гэв.

Хохирогч Б.Бямбадэлгэр мэдүүлэхдээ... “2017 оны 02 сарын 02-ноос 3-нд шилжих шөнө би гэрт унтаж байхад Алтангэрэл утсаар яриад гэрт хүргээд өгөөч би найз нартайгаа нийлээд хоёр гурван пиво уусан байна машин жолоодож болохгүй байна гэж хэлсэн. Би такси дуудаад Марвель баарны урд талд Алтангэрэлийн машины хажууд очиж зогсоод Алтангэрэлийг утсаар дуудаад ирчихлээ гэж хэлсэн. Удалгүй Алтангэрэл гарч ирээд бид машин бариад гэрлүү нь явсан. Би Алтангэрэлийн гэрийг нь мэдэхгүй Оюутын 3 дугаар гудамжаар өгсөөд тасархай гудамжаар урагш эргэх гэтэл нэг машин зөв талаар орж ирээд зогссон. Алтангэрэл манай найз залуу ирж байна хурдан яв гэхээр явсан. Гал-Эрдэнэ машины ар талын хаалга онгойлгохоор би машинаа зогсоосон.  Гал-Эрдэнэ Алтангэрэлийн суусан хаалгыг нээж орж ирээд Аптангэрэлийн дээгүүр нь гарч ирээд миний нүүр лүү гараараа гурван удаа цохисон. Тэгэхээр нь би хоёулаа хоорондоо ярилцъя чи буруу ойлгоод байна гэж хэлсэн. Тэгсэн машины араа салгаад түлхүүр булааж аваад машины урдуур тойрч ирээд намайг машинаас татаж гаргаад бас хоёр гурван удаа цохиж миний нүүр лүү мөргөсөн. Тэгээд бид хоёр урагшаа гараад ярилцаад намайг машинд суу гэхээр нь машинд суугаад Гал-Эрдэнэ машин бариад хурдтай явахаар нь би бууя гэсэн. Тэгсэн зогсохгүй байхаар би хаалгаа нээсэн чинь машинаа зогсоосон. Тэгээд би машинаас буугаад зугтаагаад Ганхүлэг гээд ангийнхаа хүүхдийнд очиж цагдаа дуудсан. Гал-Эрдэнэ Алтангэрэлтэй хардаад хэрүүл маргаан хийсэн байх. Гал-Эрдэнэ урд нь Аптангэрэлтэй үерхэж байсан юм билээ. Гал-Эрдэнэ намайг зодсон, ямар нэг эд зүйл бариагүй гараараа зодсон, намайг өөр хүн зодоогүй. Би Гал-Эрдэнийг цохиж зодсон зүйл байхгүй ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Гал-Эрдэнэ Аптангэрэлийг хоёр удаа алгадсан. Гал-Эрдэнэ, Буянжаргал, Алтангэрэл бид дөрөв байсан. Миний толгой тойроод хавдар зүүн нүд хөхөрч хавдсан, хамарлуу мөргөж хөхөрч хавдсан, толгойн ар битүү хавдсан. Гал-Эрдэнэ бид нар согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Гал-Эрдэнэ бид хоёр эвлэрсэн байгаа, нэхэмжилэх хохирол гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/

Хохирогч Д.Алтангэрэл мэдүүлэхдээ... “2017 оны 02 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө би найзуудтайгаа Марвель бааранд ороод хоёр пиво уусан. Тэгээд гэртэй харих болоод машин барьж болохгүй гэж бодоод Бямбадэлгэрийг дуудаж машинаа бариулсан. Тэгээд удалгүй Бямбадэлгэр ирээд миний машиныг бариад Оюутын 2 дугаар гудамжаар яваад тасархай гудамжаар Дундсайхан луу урагш эргэх гэтэл машины зөв талаар машин орж ирээд зогссон. Тэгсэн Гал-Эрдэнэ машинаас буугаад ирэхээр Бямбадэлгэрт манай найз залуу байна хурдан яв гэж хэлсэн. Тухайн үед би машины зөв талын урд сууж байсан. Тэгсэн миний талын хаалгыг нээгээд Гал-Эрдэнэ Бямбадэлгэрийг хоёр удаа гараараа Бямбадэлгэрийн нүүр лүү цохисон. Гал-Эрдэнэ машины урдуур тойроод Бямбадэлгэрийн хаалгыг нээгээд машины түлхүүр аваад Бямбадэлгэрийг буугаад ир гэсэн. Бямбадэлгэрийг буугаад очсон чинь заамдаж аваад зууралдаад байсан. Би машинаас бууж очоод Гал-Эрдэнэ, Бямбадэлгэр хоёрыг салгасан чинь Гал-Эрдэнэ миний нүүр лүү алгадсан бас Бямбадэлгэрийн нүүр лүү мөргөх шиг болсон. Тэгээд тэр хоёр цаашаагаа явсан. Би машиндаа сууж байсан чинь удалгүй ирээд Гал-Эрдэнэ за явъя гээд Бямбадэлгэрийг суулгаад явсан. Би араас нь Буянжаргалын машинд суугаад явсан. Тэгсэн Гал-Эрдэнэ машинтай зогссон байсан. Тэгээд Гал-Эрдэнэ машинтай манай хашаанд очоод би Буянжаргалтай хашааны гадаа очсон. Гал-Эрдэнэ миний машиныг хашаанд оруулж тавиад Буянжаргалын машины ар талд суугаад чи Бямбадэлгэртэй ярьдаг юм байна гээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би буугаад хойд гэрлүү орж цагдаа дуудсан. Урд нь Гал-Эрдэнэтэй үеэрхэж байхад ойр зуурын хэрүүл маргаан гардаг байсан. Бямбадэлгэртэй харилцаа холбоо байхгүй зүгээр таньдаг. Гал-Эрдэнэ Бямбадэлгэрийг хоёр удаа нүүр лүү нь цохиж, толгойгоороо мөргөсөн. Хамар болон эрүү хэсэгт хөхөрч, дээд уруул хавдсан байсан. Бямбадэлгэрийн хамар нь хавдаж зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан. Гал-Эрдэнэ бид нар согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би хоёр гурван пиво уусан байсан. Тэгж нээх их согтоогүй байсан. Гал-Эрдэнэ бид хоёр эвлэрсэн байгаа, нэхэмжлэх хохирол гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

Гэрч Т.Буянжаргал мэдүүлэхдээ... “2017 оны 2 дугаар сарын 02-ны шөнө Гал-Эрдэнэтэй зааланд тоглочихоод засмал замаар Дундсайханы гудамж руу явж байсан Гал-Эрдэнийн эхнэр, Гэрлээгийн машин явж байгаатай тааралдаад араас нь дагаж Оюутын гудамжинд байдаг шөнийн дэлгүүрийн гадаа зогсоход нь Гал-Эрдэнэ буугаад очсон. Машин хөдлөөд зугтаах гэсэн Гал-Эрдэнэ машиныг зогсоосон. Гал-Эрдэнэ машин барьж байсан залууг гараараа нүүр лүү цохиж авч байсан. Гал-Эрдэнэ Гэрлээтэй хамт явж байсан залуутай Гэрлээгийн машинтай хөдлөөд явсан. Би Гэрлээг хүргэж өгөх гээд гэрийнх нь гадаа очсон. Гал-Эрдэнэ Гэрлээгийн гадаа ирсэн байсан. Гал-Эрдэнэ Гэрлээг миний машинд алгадсан хамарнаас нь цус гарсан. Гал-Эрдэнэ Гэрлээг аваад гэрлүү нь орсон. Би машинд сууж байсан. Гал-Эрдэнэ гарч ирээд гэрт нь хүргэж өгөөд харьсан. 1 жилийн өмнө Гал-Эрдэнэ Алтангэрэлтэй холбоотой Алтангэрэлийн гэрт байгаад байсан болохоор эхнэр нь гэж ойлгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.07-ны өдрийн №108 дугаартай дүгнэлт:

-Бямбадэлгэрийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, хамар, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл үүсчээ.

-Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

-Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 15 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.07-ны өдрийн №107 дугаартай дүгнэлт:

-Алтангэрэлийн биед хамар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсчээ.

-Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

-Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 17 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас “Г.Гал-Эрдэнэ нь ял шийтгэлгүй” /29 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017.02.21 №01 дугаартай “Хэрэгсэхгүй болгох саналыг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол:

-Хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Ж.Энх-Амгалангийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан яллагдагч Г.Гал-Эрдэнэд холбогдох 201716000029 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүчингүй болгосугай. /хх-ийн 37 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тухай тогтоол болон банкнуудын тодорхойлолт /хх-ийн 42-51 дүгээр хуудас/

Г.Гал-Эрдэнийн иргэний үнэмлэхийг нотариатоор батлуулсан хуулбар /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Г.Гал-Эрдэнэ нь 00 оны 02 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн нутаг дэвсгэрт Б.Бямбадэлгэрийг өөрийн найз охин Д.Алтангэрэлийн автомашиныг жолоодон хөдөлгөөнд оролцож явахад Оюутын 3 дугаар гудамжинд машины хөдөлгөөнийг хаан зогсоож, Д.Алтангэрэлийн сууж байсан талын хаалгыг онгойлгон  түүний толгой дээгүүр давж Б.Бямбадэлгэрийн нүүрэн тус газарт 3 удаа цохин, машинаас буулгаж заамдан нүүр лүү нь мөргөж, цохих зэргээр зодоход хохирогчийг салгах гэсэн Д.Алтангэрэлийг 1 удаа алгаджээ. Г.Гал-Эрдэнэ нь хохирогч Б.Бямбадэлгэрийг машинд суулган хэрэг учралын газраас авч явах зуурт хохирогч Б.Бямбадэлгэр машинаас бууж зугтаасан байна. Тухайн үед хэргийн газраас Д.Алтангэрэлийг Буянжаргал гэрт нь хүргэж очиход Алтангэрэлийн машиныг хашаанд нь аваачиж тавьсан Г.Гал-Эрдэнэтэй таарсан байна. Хохирогч Д.Алтангэрэлийг Г.Гал-Эрдэнэ “чи Бямбадэлгэртэй ярьдаг юм байна” гэж хэлэн нүүр лүү нь гараараа цохиж түүний биед хамар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Гал-Эрдэнийн үйлдлийн улмаас хохирогч Б.Бямбадэлгэрийн биед “тархины доргилт, хамар ясны хугарал, хамар, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл үүссэн” мөн хохирогч Д.Алтангэрэлийн биед хамар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ.

Шүүгдэгч Г.Гал-Эрдэнийн өмгөөлөгч Э.Уянга “улсын яллагчийн зүгээс давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж үзээд байгааг зөвшөөрөхгүй байна. Давтан үйлдлийн гол шинж бол үйлдэл тус бүртээ хэргийн бүрдэлтэй, төгсгөлтэй байхыг шаардана. Мөн субъектив тал буюу гэм буруугийн санаа зорилго нь нэг эхлэл төгсгөлтэй хэд хэдэн гэмт хэрэг байхыг шаарддаг. Гал-Эрдэнийн үйлдлийн хувьд анхнаасаа найз охиноо хардсан уураараа хувийн таарамжгүй харилцааны улмаас Бямбадэлгэрийг зодсон, мөн хардсан уураа барьж чадахгүй байхдаа анхны сэдэлтээрээ Алтангэрэлийг алгадсан байгаа. Тэгэхээр үргэлжилсэн удааширсан үйлдэлтэй, 1 эхлэл төгсгөлтэй, 1 сэдэлт зорилго харагдаад байх тул  нэг л гэмт хэрэг гэж үзэж байна. Иймд энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү“ гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: шүүгдэгч Г.Гал-Эрдэнэ хохирогч Б.Бямбадэлгэрийг өөрийн найз охин Д.Алтангэрэлтэй хардсан сэдэлтийн улмаас түүний бие, эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл төгссөний дараа эргэж ирж дахин Д.Алтангэрэлийг “Бямбадэлгэртэй чи ярьдаг юм байна” гэж хэлэн нүүрэн тус газарт цохих үед түүний хамраас цус гарсан болох нь хохирогч Д.Алтангэрэлийн “Би машинаас бууж очоод Гал-Эрдэнэ, Бямбадэлгэр хоёрыг салгасан чинь Гал-Эрдэнэ миний нүүр лүү алгадсан бас Бямбадэлгэрийн нүүр лүү мөргөх шиг болсон. Тэгээд тэр хоёр цаашаагаа явсан. Би машиндаа сууж байсан чинь удалгүй ирээд Гал-Эрдэнэ за явъя гээд Бямбадэлгэрийг суулгаад явсан. Би араас нь Буянжаргалын машинд суугаад явсан. Тэгсэн Гал-Эрдэнэ машинтай зогссон байсан. Тэгээд Гал-Эрдэнэ машинтай манай хашаанд очоод би Буянжаргалтай хашааны гадаа очсон. Гал-Эрдэнэ миний машиныг хашаанд оруулж тавиад Буянжаргалын машины ар талд суугаад чи Бямбадэлгэртэй ярьдаг юм байна гээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би буугаад хойд гэрлүү орж цагдаа дуудсан” гэх мэдүүлгээр, гэрч Буянжаргалын “Гал-Эрдэнэ Гэрлээтэй хамт явж байсан залуутай Гэрлээгийн машинтай хөдлөөд явсан. Би Гэрлээг хүргэж өгөх гээд гэрийнх нь гадаа очсон. Гал-Эрдэнэ Гэрлээгийн гадаа ирсэн байсан. Гал-Эрдэнэ Гэрлээг миний машинд алгадсан хамарнаас нь цус гарсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Гал-Эрдэнэ, хохирогч Б.Бямбадэлгэрийн эрх чөлөөнд халдсан үйлдэл төгссөний дараа дахин  хохирогч Д.Алтангэрэлийн эрх чөлөөнд халдаж давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Гал-Эрдэнэ хохирогч Б.Бямбадэлгэр, Д.Алтангэрэл нарын бие эрх чөлөөнд халдахдаа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн байх тул гэмт хэрэг шууд санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Гал-Эрдэнийг давтан үйлдлээр бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Г.Гал-Эрдэнийн үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл заалтыг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Г.Гал-Эрдэнэ анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-ийн 29 дүгээр хуудас/

            Шүүгдэгч Г.Гал-Эрдэнэ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсаныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

            Шүүхээс шүүгдэгч Г.Гал-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын хор шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Г.Гал-Эрдэнэ нь хохирогч Б.Буяндэлгэрт 1300000, Д.Алтангэрэлд 130000 төгрөг нийт 1430000 төгрөг төлсөн байх тул түүнийг хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 ,284, 290 дүгээр зүйлийн  290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатгин овгийн Гэлгээгийн Гал-Эрдэнийг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гэлгээгийн Гал-Эрдэнийг 251 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гал-Эрдэнэ албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Гал-Эрдэнэ бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар Г.Гал-Эрдэнэд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ

 

 

 

 

.