Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1033

 

 

 

 

 

 

 

  2020         8             13                                              2020/ДШМ/1033                                

 

 

                           Д.Мд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор П.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1074 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Мгийн өмгөөлөгч С.Чинбатын гаргасан гомдлоор Д.Мд холбогдох эрүүгийн 1906048031037 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Гавилуу овогт Д.М, 1992 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний үйлдвэрлэл менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү, хүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Нархан хот 2-60 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ТЕ92080808/;

Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,  

        

Шүүгдэгч Д.М нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си Ир Найнтеен Бюра ХХК”-с иргэн Д.Ууганцэцэгийн NTE 240 маркийн машины тоормосны компус буюу сэлбэгийг худалдан авсны төлбөр болох 8.526.980 төгрөгийг өөрийн Хаан банкны 5046343642 тоот данс руу 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлснийг хувьдаа завшиж бусдад 8.526.980 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Гавилуу овогт Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Д.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Мгаас 4.876.980 төгрөгийн хохирол гаргуулж Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол 64-46 тоотод оршин суудаг, /РД: ЦЖ79091709/ Д.Ууганцэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Д.Мгийн өмгөөлөгч С.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн “хамжигч”-ийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогч”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт иргэний нэхэмжлэгчийг, мөн хуулийн ерөнхий ангийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэрч” гэж хэн байхыг маш тодорхой заасан байдаг. Харин гэрч гэх Найрамдал нь шүүгдэгч Д.Мд чиний данс руу мөнгө орно түүнээс 500.000 төгрөг түр хэрэглэж байхгүй юу тэгээд 2 хоногийн дараа шилжүүлээрэй гэж хэлсэн байдаг. Энэ нь яллагдагч Д.Мн мэдүүлэгт бий. /хх-50/ Найрамдал нь энэ үйлдлээрээ Д.Мд урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн тул хэргийн хамжигч болно. Энэ тухай хохирогч гэх Д.Ууганцэцэг нь /хх-10/-д “Найрамдал ашгаа авах гээд 5046343642 дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн байсан.” гэж мэдүүлдэг. Харин хохирогч гэх Д.Ууганцэцэг нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй хүн бөгөөд энэ сэлбэг хэрэгсэл нь өөрийн өмч болохыг нотлох баримтаа гаргаж өгвөл иргэний нэхэмжлэгчээр тогтоох бүрэн боломжтой. Шүүгдэгч Д.М нь хохирогч гэх Д.Ууганцэцэгийг танихгүй бөгөөд энэ хүнтэй нэг ч удаа уулзаж учирч байгаагүй. Хохирогчоор тогтоогдсон гэх Д.Ууганцэцэгийн NTE 240 маркийн тоормосны компус буюу сэлбэг хэрэгсэл нь ямар арга замаар Д.Ууганцэцэгийн өмч болсон тухай нотлох баримт хэрэгт байхгүй. Магадгүй аль нэг уул уурхайн компаниас алдагдсан сэлбэг хэрэгсэл байхыг үгүйсгэхгүй. Үүнийг шалгаж тогтоох ёстой. Хаан банкны мөнгөн шилжүүлгийн /хх 41/ баримт бол зөвхөн хохирогч гэх Д.Ууганцэцэгийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр /хх 40/ гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн хуулбарласан хувь. Энэ хуулбар баримтыг үндэслэж хэзээ, хаана, ямар сэлбэгийг хэн гэж хүн, ямар компанид зарсан, мөн мөнгийг хэний дансанд шилжүүлсэн, шилжүүлсэн мөнгө нь NTE 240 маркийн тоормосны компус буюу сэлбэг хэрэгслийн үнэ мөн эсэх зэрэг санхүүгийн баримтыг мөрдөгч нь шалгаад, прокурор хянаж энэ хэргийн хамжигч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчийг бүрэн гүйцэт тодруулах боломжтой болно. Үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1074 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах саналтай байна. ...” гэв.

 

            Прокурор П.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Мн үйлдлийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч Д.Мг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си Ир Найнтеен Бюра ХХК”-с иргэн Д.Ууганцэцэгийн NTE 240 маркийн машины тоормосны компус буюу сэлбэгийг худалдан авсны төлбөр болох 8.526.980 төгрөгийг өөрийн Хаан банкны 5046343642 тоот данс руу 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлснийг хувьдаа завшиж бусдад  4.876.980  төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Хохирогч Д.Ууганцэцэгийн “...2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр танил дүү болох Найрамдалд Уурхайн машины сэлбэг заруулахаар өгсөн. Найрамдал 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговьд нэг компанид зарсан байсан. Тэр компаниас миний данс руу мөнгө хийлгэх ёстой байсан ба Найрамдал зарж өгсөн ашигаа авах гээд 5046343642 дугаарын данс руу мөнгийг шилжүүлсэн байсан. Тэгээд Найрамдал тэр хүнээсээ эргээд мөнгөө авах гэтэл шилжүүлэлгүй утсаа унтраагаад холбоо барилгүй алга болсон. Би аргаа бараад зарсан компанид очтол Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын банкнаас шилжүүлсэн. Мөнгө бүрэг өгсөн учир манай байгууллагад хамаагүй гэж хэлсэн. Тэгээд би Найрамдалын шилжүүлсн мөнгийг авсан тэр хүнээс нэхэхэд би Найрамдалд өгөх ёстой гэж хэлээд 3.650.000 төгрөгийг Найрамдалын данс руу хийсэн байсан. Одоо үлдэгдэл мөнгөө нэхэмжилж авмаар байна. ...” /хх 9-13/,

 

            Гэрч Найрамдалын “...2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр танил Ууганцэцэг гэдэг хүн 300 тоннын даацтай NTE 240 маркийн машины тоормосны компус буюу сэлбэгийг надад зараад өгөөч гээд гуйсан. Тэгэхээр нь би авах компани байна уу асууя гээд хэлсэн. Тэгээд би 6 дугаар сарын 20-ны өдөр тэр сэлбэгийг нь өөр дээрээ авчруулсан. 7 сард манай компанитай хамтарч ажилладаг CR19 гэдэг компанид зарахаар болоод 8.526.980 төгрөгөөр зарсан. CR 19 компани татварын бичиг байхгүй бол мөнгө явуулж чадахгүй гэж хэлсэн тэгэхээр нь би мөнгө унагах зорилгоор цугтаа ажиллаж байсан зүс таних Д.М гэдэг хүүхэнд хэлээд 5046343642 гэх дансыг өгсөн. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр CR19 компаниас надад мөнгө шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мтай холбоо барихад  М мөнгө орж ирсэн 1 дэх өдөр тань руу шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд бүтэн сайн өдрөөс нь М холбоо барьж байсан фэйсбүүк, утасны дугаар зэргээгээ намайг блок хийсэн. Тэгэхээр нь би танил Ууганцэцэгтэй яаралтай холбоо барьж болсон явдлын талаар хэлсэн. Тэрнээс хойш холбоо барьж чадалгүй байж байгаад 30-ны өдөр Ууганцэцэг танил маань тэр хүүхэнтэй холбоо барьж 3.650.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан. /хх 15-17/,

 

Шүүгдэгч Д.Мгийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 88018741 гэсэн дугаараас манай найз Найрамдал гэдэг залуу залгаад компаниас данс руу чинь мөнгө орсон уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би  дансаа шалгатал 8.529.000 төгрөг орсон байсан. Тэгээд надад хэлэхдээ дансандаа 2 өдөр байлгачих тэгээд 2 хоноод 1 дэх өдрөөс дансандаа байлгаж байгаад над руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь дансаа шалгатал 8.529.000 төгрөг орсон байсан. Тэгээд 1 дэх өдөр нь 7 дугаар сарын 29-ний өдөр Найрамдалын Голомт банкны данс руу 3.650.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн мөнгөөр нь би ЛЭНД ББСБ, МОБИКОМ, ХААН банкнуудад нийт 4.879.000 төгрөгөөр зээлүүдээ дарсан. Тэгтэл Ууганцэцэг гэх эмэгтэй мөнгө байсныг сүүлд мэдсэн. ...” /хх 21-23/ мэдүүлгүүд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Прокурор  “иргэн Найрамдал  Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си Ир Найнтеен Бюра ХХК”-с иргэн Д.Ууганцэцэгийн NTE 240 маркийн машины тоормосны компус буюу сэлбэгийг худалдан авсны төлбөр болох 8.526.980 төгрөгийг  шүүгдэгч Д.Мн Хаан банкны 5046343642 тоот данс руу 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн мөнгө болох 8.526.980 төгрөгийг шилжүүлсэн” үнийн дүнгээр хохирлыг тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Хэрэгт байгаа баримтаас үзэхэд Найрамдал Д.Мгийн Хаан банкны 5046343642 дугаарын данс руу 2019 оны 7 сарын 26-ны өдөр 8.526.980 төгрөгийг шилжүүлснээс /хх 9-13/ Д.М нь “ хагас бүтэн сайн таарчихлаа 1 дэх өдөр шилжүүлье” гэж хэлээд 3.659.000 төгрөгийг  2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Найрамдалын Голомт банкны данс руу шилжүүлсэн /хх 21-23/ харин үлдэх 4.879.000 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн байхад зарцуулсан байхад анхан шатны шүүхээс Д.Мг 8.526.980 төгрөгийн итгэмжлэн хариуцуулсан мөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн  дүгнэсэн нь буруу тул энэ талаар зөвтгөн “шүүгдэгч Д.Мг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 4.879.000 төгрөгийг хувьдаа завшсан” гэж үзэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

 

Гэхдээ энэ дүгнэлт нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч Д.Мг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг  завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Мг Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн  хэрэг,  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд зэрэгт тохирсон байна.

 

Шүүгдэгч Д.Мгийн өмгөөлөгч С.Чинбатын “...хэзээ, хаана, ямар сэлбэгийг хэн гэж хүн, ямар компанид зарсан, мөн мөнгийг хэний дансанд шилжүүлсэн, шилжүүлсэн мөнгө нь NTE 240 маркийн тоормосны компус буюу сэлбэг хэрэгслийн үнэ мөн эсэх зэрэг санхүүгийн баримтыг мөрдөгч нь шалгаад, прокурор хянаж энэ хэргийн хамжигч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчийг бүрэн гүйцэт тодруулах боломжтой болно. Үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул  шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах саналтай байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэргийн үйл баримт дээр дурдсан нотлох баримтуудаар тодорхой нотлогдсон,  иргэн Найрамдал ямар компанид сэлбэг яагаад зарсан, ямар шалтгаанаар Д.Мн данс руу мөнгийг түр хугацаагаар шилжүүлснээ тодорхой мэдүүлсэн / мэдүүлэг бичигдсэн/, түүнийг дахин шалгаснаар хэргийн үйл баримт, болон зүйлчлэл өөрчлөгдөхгүй тул шүүгдэгч Д.Мн өмгөөлөгч С.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1074 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Мгийн өмгөөлөгч С.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                                             Б.БАТЗОРИГ

 

  ШҮҮГЧ                                                             Д.МЯГМАРЖАВ

 

  ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ