Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 154/ШШ2021/00054

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 154/ШШ2021/00054

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 19** оны 0* сарын **-нд төрсөн, ** настай, эмэгтэй, Ховд аймгийн Ж т сумын ** дүгээр баг Х * гудамжны ** тоотод оршин суух, /РД:   / Х   овогт Н  ын Э  ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Э   шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор 1984 оноос 1991 оныг дуустал ажилласан. Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Н.Э   1984 оноос 1991 оны хооронд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан юм. 1984 оны 10 дугаар сард Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний төвд ажилд ороод оёдолчноор ажилласан. Ахуй үйлчилгээний төв 1991 онд татан буугдсан. Татан буугдах хүртэл тасралтгүй оёдолчноор ажилласан. Ээж Н.Э  ийн ажиллаж байсан үеийн баримт архиваас гараагүй тул шүүхэд хандсан. Иймд Н.Э  ийн Ахуй үйлчилгээний оёдлын тасагт оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Э   нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Н.Э  ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Н.Э   нь 1984 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Ховд аймгийн Булган сумын Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1984 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 90 дугаар тушаалаар Оёдолчноор авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- мөн аюулгүй ажиллах арга техникийн зааварчлагаа өгсөн тухай хяналтын хуудсанд: Н  ын Э  , цех тасаг: Оёдол гэж тэмдэглэгдсэн,

- ажилтан, ажилчин нарыг бүртгэх анкет,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1292 тоот: Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатын 1984-1991 оны баримт тус архивын сан хөмрөгт байхгүй тул Н.Э  т лавлагаа олгох боломжгүй болно гэх лавлагаа,

Н.Цэнгэлжавын шүүхэд гэрчээр өгсөн: Би 1981 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Н.Э   нь 1984 оны 10 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Оёдлын тасаг нь 60 гаруй ажилтантай байсан. Монгол дээлийн тасаг нь дотроо хоёр хэсгээр ажилладаг байсан. Н.Э   нь ажлын хувцас, хүүхдийн хувцас оёдог тасагт байсан. Оёдолчид хийснээс хамаарч цалин авдаг байсан. Ажлын нормоо сайн биелүүлбэл 350 төгрөгний цалин авдаг байсан. Н.Э   нь 1984 оноос 1991 оныг дуустал ажилласан. Ахуй үйлчилгээ нь 1991 онд тарж хоршоо болсон юм. Бид хоёр хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг,

Ш.Ирүүгийн шүүхэд гэрчээр өгсөн: Би 1971 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Н.Э   нь 1984 оны 10 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Ахуй үйлчилгээний даргаар Сүхтэй ажиллаж байсан, ахуй үйлчилгээ нь 200 гаруй ажилтантай байсан. Ахуй үйлчилгээ нь оёдлын цех, төмрийн цех гэх мэт олон салбартай байсан. Оёдлын цех нь дотроо 2 бригадтай байсан. Оёдлын цех нь монгол дээл, европ хувцас оёдог байсан. Н.Э   нь 1984 оноос 1991 оныг дуустал ажилласан. Ахуй үйлчилгээ нь 1991 онд тарж хоршоо болсон юм. Н.Э   сайшаалын үнэмлэхээр шагнуулж байсан. Сайн ажилтан байсан гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х   овогт Н  ын Э  ийг 1984 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ