Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

Улсын яллагч Н.Пүрэвтогтох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД:0497/,

Шүүгдэгч Ж.Мөнх-Орших нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жяманийн Мөнх-Оршиход холбогдох эрүүгийн 201726030083 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9 дүгээр гудамж, 364 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ШГ80082871 / Жя овогт Жяманийн Мөнх-Орших нь:

- 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9 дүгээр гудамжинд иргэн Ц.Ганзоригтой “Хятадын шээс” гэж доромжиллоо гэх шалтгаанаар  маргалдаж, улмаар  Ц.Ганзоригийн бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Ганзориг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би Ж.Мөнх-Оршихоос “архи ууя” гэтэл Мөнх-Орших намайг “зайл” гэхээр нь би Ж.Мөнх-Оршихыг “Хятадын шээс” гэж доромжилсон чинь уурлаад шууд миний эрүү хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиод авсан. Цохингуут нь миний шүднээс цус гарчихсан. Тэгээд би шууд гэр рүүгээ орсон. Маргааш нь шүд хөдлөөд өвдөөд байхаар нь шүдээ авахуулсан юм. Тэгээд цагдаад өргөдөл гаргаж өгөөд шүүх эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлчихээд байтал миний эрүүний хэсгээр өвдөөд байхаар нь зургаа авахуултал эрүүний яс хугарчихсан байсан. Шүүх эмнэлэгт очиж нэмэлтээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан. ...Ж.Мөнх-Орших миний зүүн талын шанаа буюу эрүү хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон. ...Надад энэ хэргийн улмаас нийт 1.784.000 төгрөгний хохирол учирсан. Энэ хохиролд томографийн зураг, эмчилгээ хийлгэсэн, унааны мөнгө зэрэг орсон. Би бүх баримтуудаа хэргийн материалд хавсаргуулсан байгаа. Ж.Мөнх-Орших хохиролыг бүрэн төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. / хх 16-17 /,

Гэрч Ц.Гантөгс мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ “...Яармагийн 9 дүгээр гудамжны үзүүрт манай төрсөн дүү Ц.Ганзориг, манай эсрэг талын гудамжинд амьдардаг Ж.Мөнх-Орших, Болдбаатар гурав зогсож байсан. Хоорондоо маргалдаад байх шиг байхаар нь очоод дүү Ц.Ганзоригийг гэр рүү нь оруулаад унт гээд өөрөө гараад явсан. Маргааш нь би дүүгээ зодуулсаныг мэдсэн. Намайг гэрт нь оруулж өгсөний дараа өөрөө буцаж гэрээсээ гарч яваад зодуулсан байсан...” гэжээ. / хх 31 /,

Гэрч С.Отгонмөнх мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ “...Би Ж.Мөнх-Оршихоос асуусан чинь Ц.Ганзориг Ж.Мөнх-Оршихыг  “Хятадын шээс, нутаггүй банди” гэж хэлэхээр нь Ж.Мөнх-Орших Ц.Ганзоригийг нүүр рүү нь цохисон гэсэн...” гэжээ. / хх 33 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 900 тоот дүгнэлтэнд:

1. Ц.Ганзоригийн биед доод эрүүний нэг шүдний булгарал, зүүн шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 5% алдагдуулна...” гэжээ. / хх 38 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар нэмэлтээр хийсэн шинжээчийн 109 тоот дүгнэлтэнд:

1. Ц.Ганзоригийн биед доод эрүүний ясны хоёрлосон далд хугарал, доод эрүүний нэг шүдний булгарал, зүүн шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 5% алдагдуулна...” гэжээ. / хх 40 /,

Шинжээч эмч Т.Сэлэнгэ мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Үзлэг хийхэд зүүн шанаа, эрүү хамарсан хаван, хавдартай, доод эрүүний зүүн 3-р их араа булгарч унасан буйланд шинэ ором бүхий хөнгөн гэмтэл гарсан бөгөөд компьютер томографийн зураг авахуулж ирээгүй учраас дүгнэлтийг гаргасан. Дараагийн дүгнэлтийг мөрдөн байцаагчийн нэмэлт тогтоолоор компьютер, томографийн зургийг үндэслэж дүгнэлт гаргасан...” гэжээ. / хх 41-42 /,

Шүүгдэгч Ж.Мөнх-Оршихыг 2017.01.31-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 48-50 /,  2017.03.03-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 52-54 /,

Шүүгдэгч Ж.Мөнх-Оршихын урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 58 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Мөнх-Орших мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Ц.Ганзоригтой маргалдаад намайг “Хятадын шээс” гээд доромжлоод байхаар нь нүүр рүү нь 2-3 удаа цохичихсон юм. Ц.Ганзоригийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Хохирол төлбөрт 1.800.000 төгрөг өгсөн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ж.Мөнх-Орших нь - 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9 дүгээр гудамжинд иргэн Ц.Ганзоригтой “намайг Хятадын шээс” гэж доромжиллоо гэж маргалдан улмаар Ц.Ганзоригийн нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь доод эрүүний ясны хоёрлосон далд хугарал, доод эрүүний нэг шүдний булгарал, зүүн шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- “...Би Ж.Мөнх-Оршихоос “архи ууя” гэтэл Мөнх-Орших намайг “зайл” гэхээр нь би Ж.Мөнх-Оршихыг “Хятадын шээс” гэж доромжилсон чинь уурлаад шууд миний эрүү  рүү 2-3 удаа гараараа цохиод авсан. Цохингуут нь миний шүднээс цус гарчихсан. Маргааш нь шүд хөдлөөд өвдөөд байхаар нь шүдээ авахуулсан юм. Шүүх эмнэлэгт үзүүлчихээд байтал миний эрүүний хэсгээр өвдөөд байхаар нь зургаа авахуултал эрүүний яс хугарчихсан байсан. Шүүх эмнэлэгт очиж нэмэлтээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Ж.Мөнх-Орших хохиролыг бүрэн төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Ц.Ганзоригийн мэдүүлэг / хх 16-17 /,

 - “...Яармагийн 9 дүгээр гудамжны үзүүрт манай төрсөн дүү Ц.Ганзориг, манай эсрэг талын гудамжинд амьдардаг Ж.Мөнх-Орших, Болдбаатар 3 зогсож байсан. Тэд хоорондоо маргалдаад байх шиг харагдахаар нь очоод дүү Ц.Ганзоригийг аваад гэр рүү нь оруулаад унт гээд гараад явсан. Намайг гэрт нь оруулж өгсөний дараа өөрөө буцаж гэрээсээ гарч яваад зодуулсан байсан...” гэж мөрдөн байцаалтанд гэрч Ц.Гантөгсийн мэдүүлэг  / хх 31 /,

- “...Ц.Ганзориг Ж.Мөнх-Оршихыг “Хятадын шээс, нутаггүй банди” гэж хэлэхээр нь Ж.Мөнх-Орших Ц.Ганзоригийг нүүр рүү нь цохисон гэсэн...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч С.Отгонмөнхийн мэдүүлэг / хх 33 /,

- “... хохирогч Ц.Ганзоригийн биед доод эрүүний нэг шүдний булгарал, зүүн шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан талаарх  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 900 тоот дүгнэлт...” / хх 38 /,

- “...хохирогч  Ц.Ганзоригийн биед доод эрүүний ясны хоёрлосон далд хугарал, доод эрүүний нэг шүдний булгарал, зүүн шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар нэмэлтээр хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 109 тоот шинжээчийн дүгнэлт...”  / хх 40 /,

- “...Үзлэг хийхэд зүүн шанаа, эрүү хамарсан хаван, хавдартай, доод эрүүний зүүн 3-р их араа булгарч унасан буйланд шинэ ором бүхий хөнгөн гэмтэл гарсан бөгөөд компьютер томографийн зураг авхуулж ирээгүй учраас дүгнэлтийг гаргасан. Дараагийн дүгнэлтийг мөрдөн байцаагчийн нэмэлт тогтоолоор компьютер, томографийн зургийг үндэслэж дүгнэлт гаргасан...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн шинжээч эмч Т.Сэлэнгийн мэдүүлэг / хх 41-42 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Ж.Мөнх-Оршихыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Ж.Мөнх-Орших нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй зэргийг дурьдах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                              ТОГТООХ нь:

1. Жя овогт Жяманийн Мөнх-Оршихыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнх-Оршихыг 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнх-Оршиход оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Ж.Мөнх-Орших нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнх-Оршиход оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Мөнх-Оршиход авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЛЗОД