Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 1878

 

 

 

 

 

 

 

 

 

 “Сар шинэ интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/01312 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Эт холбогдох,  

 

Гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр манай байгууллагатай ЗГ1201143190 тоот цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 1 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, эхний 6 сард бодогдох сарын хүү 3.55%, дараагийн 5 сард бодогдох сарын хүү 4.55%, сүүлийн 1 сард бодогдох хүү 8.5% байх нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрөөс 213 533 төгрөг, хүүгийн төлбөрөөс 131 816 төгрөгийг төлж байсан ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй. Байгууллагын зүгээс төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх тухай мэдэгдэж, удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж ирсэн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 811 466, хүүгийн үлдэгдэл 2 502 872 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 436 379 төгрөг, нийт 3 750 718 төгрөг төлөөгүй. Үүний хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 750 718 төгрөгөөс татгалзаж, 3 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “С” ББСБ ХХК-иас хүүхдийн сургалтын төлбөрт зориулан 1 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Тухайн үед Скай шууданд шуудан хүргэгчээр ажиллаж байсан. Зээлийг эхний үед хугацаандаа төлж байсан. Гэвч яваандаа миний цалин эрс багасч 2-3 сарын алдангид орж эхэлсэн. Сар шинээс 3-4 удаа утсаар зээл төлөхийг шаардсан ч надад үнэхээр боломж байгаагүй. Хамгийн сүүлд над руу өр барагдуулах албанаас ярихдаа надыг шүүхэд өгнө гэхээр нь 1-2 хоногт хийнэ, хэрэв чадахгүй бол шүүхэд өг гэсэн. Түүнээс хойш өдийг хүртэл ямар ч чимээ аниргүй болсон. Би шууданд ажиллаж 93135211 дугаартай байсан. Миний ажиллаж байсан шуудан 2017 оны 7 дугаар сарын 01-нд албан ёсоор хаагдсан. Тухайн үед миний өрийг бага байхад нь шүүхэд өгсөн бол би яаж ийгээд дарах байсан. Одоо 4 жил болчихоод гэнэт яагаад их мөнгө нэхэж байгаад гайхаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Эаас 3 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн “С” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэж үзэж, зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн. Зээлдэгч зээл төлөлтийн хуваарь зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээнд заасны дагуу тухайн төлөлтийг хийхийг шаардах эрх үүсэх хэдий ч нийт төлөлт буюу зээлсэн дүнгээ бүхэлд нь шаардах эрх шууд манай байгууллагад үүсэхгүй. Учир нь үндсэн зээлийн төлбөр болон түүнд бодогдсон хүүг зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад шаардахын тулд үүрэг зөрчсөнтэй холбогдуулан гэрээнээс татгалзах шаардлагатай. Манай байгууллагын зүгээс гэрээнээс татгалзаагүй тул 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нийт зээлийн төлбөрийг шаардах эрх үүсээгүй. Харин гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2015 оны 07 дугаар сарын     21-ний өдөр нийт зээлийн төлбөрийг шаардах эрх үүссэн тул энэ хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй байна.

           

            Нэхэмжлэгч нь С ХХК нь хариуцагч Ц.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “миний төлөх төлбөрийг бага байхад нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бол төлөх боломжтой байсан” гэж маргажээ.

            Хариуцагч Ц.Э нь С ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ЗГ1201143190 тоот “Цалин барьцаалсан зээлийн гэрээ”-г байгуулж, зээлдэгч нь 1 000 000 төгрөгийг эхний 6 сард 3.55 хувийн хүүтэй, дараагийн 5 сард 4.55 хувийн хүүтэй, сүүлийн 1 сард 8.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр харилцан тохиролцсон болох нь дээрх зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан. банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн хугацааны талаарх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр №430771629 дугаартай “Цалин барьцаалсан зээлийн гэрээ” 12 сарын хугацаатай байгуулсан байх ба 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссанаар нэхэмжлэгч С ХХК-ийн шаардах эрх үүсэх учиртай. Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хавсралт 6.1 дэх хэсэгт зээлийн эргэн төлөгдөх хуваарь зөрчигдсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг 20 хувь байхаар тусгасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм.

Ц.Э нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 1 000 000 төгрөгийг гэрээнд заасан хүү тус бүрээр буюу эхний 6 сард 3.55, дараагийн 5 сард 4.55, сүүлийн 1 сард 8.5 хувиар тооцож үзвэл нэхэмжлэгчид төлбөл зохих хүүгийн хэмжээ 525 500 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд нийт 1 525 500 төгрөгийн үүрэг үүссэн. Үүнээс хариуцагчийн зээлийн гэрээний хугацаанд төлсөн үндсэн зээлийн төлбөрт 213 533 төгрөг, хүүд 131 816 төгрөгийг хасвал үндсэн зээл 786 467 төгрөг, хүү 393 684 төгрөг, нийт 1 180 151 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зэээлийн гэрээний 2.1.3-т “зээлдэгч зээлийн гэрээний үндсэн хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хэтрүүлсэн хугацаан дахь сарын хүүг үндсэн зээлийн үлдэгдлийн 8.5 хувиар бодох”-оор талууд тохиролцсон байх тул үндсэн зээл 786 467 төгрөгөөс дээрх гэрээнд зааснаар тооцож үзвэл 1 сарын хүү 66 850 төгрөг болно.

Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрх үүссэн хугацаанаас нэхэмжлэгч С ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 32 сар 7 хоногийн буюу хэтэрсэн хугацааны хүү 2 154 798 төгрөг, үндсэн зээл 786 467 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 393 684 төгрөг, нийт 3 334 949 төгрөг болохоор байжээ.

            Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч .Ганболд давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэмэгдүүлсэн хүү шаардахгүй, хариуцагчийн зээлийн гэрээний үүргийг нийт 2 500 000 төгрөг гаргуулахаар тодорхойлсон тул уг хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/01312 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Эаас 2 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,  

шийдвэрийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Ц.Эаас 54 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С ХХК-иас төлсөн 62 950 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ТУЯА

                                           ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН