Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1030

 

 

 

 

 

 

       2020           8             13                                       2020/ДШМ/1030                        

 

 

О.Од холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Г.Анармөнх,

шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан

 

Чингэл тэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 537 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан гомдлоор О.Од холбогдох эрүүгийн 2011004890501 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Дэлгэрэх овогт О.О, 1962 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Баруун баян уулын 4 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын 466 тоотод түр оршин суух, /РД:ЧЙ62061401/;

Сэлэнгэ аймгийн шүүхийн 1980 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 4 дугаартай тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 1980 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 333 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

        

Шүүгдэгч О.О нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төв дээрээс Ховор амьтан болох Хүрэн баавгайн эм бодгальд хамаарах түүхий эдийн зүйл болох 3 ширхэг сарвууг худалдан авч, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын 466 тоотод орших гэртээ хадгалсан, улмаар 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Төв” шуудангийн урд бусдад худалдах зорилгоор биедээ авч яван тээвэрлэж, байгаль экологид 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Чингэл тэй дүүргийн прокурорын газраас: О.Оы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Чингэл тэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Дэлгэрэх овогт О.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр ховор амьтан болох Хүрэн баавгайн эм бодгальд хамаарах түүхий эдийн зүйл болох 3 ширхэг сарвууг худалдан авч, хадгалсан, бусдад худалдах зорилгоор тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хүрэн баавгай /ursus arctos/ гэх амьтны хөлийн сарвуу 3 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторт шилжүүлж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Ооос нийт 14.580.000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Нийслэлийн Байгаль Орчны газарт олгож шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч О.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруу, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан учир хуулийн зарим агуулга үр дагаврыг сайтар ойлгоогүй учир биеэр ял эдлэх боллоо. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох 14.580.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Миний бие 58 настай, тэтгэвэрт байдаг эрүүл мэндийн хувьд элэгний  В, С вирустэй, сахартай, бөөрний архаг үрэвсэлтэй зэрэг хавсарсан олон суурь өвчтэй учир надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. Цаашид дахин хууль зөрчсөн үйлдэл хийхгүй явж чадахаа амлаж байна. ...” гэв.

            Шүүгдэгч О.Оы өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. О.О нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан байна. Гэвч хууль, эрх зүйн мэдлэггүйн улмаас эрүүгийн ял, хариуцлагын талаар андуурч “нөхөн төлбөр төлөхийг шүүхээс даалгаж шийдвэрлэнэ” гэсэн бодлоор өмгөөлүүлэх эрхээ эдлээгүй гэж тайлбарлаж байгааг анхаарч үзнэ үү. О.О нь гэм буруу, хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирлын хэм хэмжээний талаар ямар нэгэн маргаангүй болно. Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 14.580.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Түүний өндөр насны тэтгэвэрт байдаг, элэгний В, С хавсарсан вирустэй, эрүүл мэндийн хувьд архаг суурь өвчний оноштой, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэсэн тохиолдолд шүүхээс тогтоосон хугацаанд төлөхөө илэрхийлж байгаа болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Г.Анармөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Ял өөрчлөх тухайд ял хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учир энэ талаар хэлэх тайлбаргүй. ...” гэв.

                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна гэж үзэв.

О.О үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төв дээрээс Ховор амьтан болох Хүрэн баавгайн эм бодгальд хамаарах түүхий эдийн зүйл болох 3 ширхэг сарвууг худалдан авч, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын 466 тоотод орших гэртээ хадгалан байгаль экологид 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч О.Оы яллагдагчаар өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” зах дээр 2012 оноос хойш бөөгийн эд хэрэглэл худалдаалж амьдардаг. 2020 оны 2 дугаар сарын эхээр “Нарантуул” зах дээр байх үед 2 үл таних залуу ирээд “баавгайны сарвуу байна уу гэж асуухаар байгаа” талаараа хэлсэн. Энэ сарвуу нь хүрэн баавгайны сарвуу гэдгийг шинжээчийн дүгнэлтээр мэдлээ. “Нарантуул зах” дээр 2018 оны 8 билүү 11 дүгээр сард байхаа үл таних эмэгтэй хүн “миний орчим насны эмэгтэй байсан” ирээд сарвуу худалдаж авах уу гэхээр нь 3 ширхэг энэ сарвуунуудыг нэгийг нь 100,000 төгрөгөөр, нийт 300,000 төгрөгөөр бэлнээр мөнгийг нь өгч худалдаж авсан ба дараа нь дээрх сарвуунуудыг өөрийнхөө гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрхан хорооллын 466 тоотод байрлах хөлдөөгчний ёроолд хийж хадгалсан. Би бөөгийн удган хүн ба 2011 онд онгоддоо буулгасан. Бөөгийн зан үйлд хэрэглэх зорилгоор 3 ширхэг сарвууг худалдаж авсан ч дээрх сарвуунуудыг хэрэглэж чадахгүй хадгалж байсан. ...” /хх 96-97/,

Хохирогч Г.Цэрэнноровын: “...Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ан амьтны экологи- эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар дээрх эм хүрэн баавгайн сарвуу нэг бодгальд хамаарах 3 ширхэг сарвуу учраас 7,500,000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Мөн дээрх шинжээчийн экологи-эдийн засгийн үнэлгээгээр 7,500,000 төгрөгөөр үнэлсэн болно. Мөн Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дугаар зүйлд зааснаар учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон /дээрх хэмжээ болох 7,500,000 төгрөгийг/ амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтоохоор заасан байгаа. Иймд нийт хохирол нь 15,000,000 төгрөгийн хохирол учирсан байна. Хохирлын төлбөрийг Нийслэлийн Байгаль орчны газрын Төрийн сангийн данс 100200000906 дугаартай хүү, торгуулийн нөхөн төлбөрийн данс руу тушаах ёстой байгаа. ...” гэх /хх 24/,

Биологийн Хурээлэнгийн Хөхтний Экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Гантулгын 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн гурван ширхэг эд эрхтэн нь Хүрэн баавгайн /ursus arctos/ нэг бодгальд хамаарах гурван сарвуу болохыг тодорхойлов...Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох 'Ан амьтны экологи-Эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар хүрэн баавгайн эм бодгаль 7.500.000 төгрөг...Шинжилгээнд ирүүлсэн сарвуунаас агнасан байдлыг тогтоох боломжгүй...Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д зааснаар ховор амьтан бөгөөд Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн хоёрдугаар хавсралтад бүртгэгдсэн...” гэх /хх 31/,

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын хуулбар /хх 73-75/,

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хуулбар /хх-ийн 78х/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар зөв дүгнэлт хийжээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгасан байх бөгөөд анхан шатны шүүх мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүгдэгч О.Оыг үргэлжилсэн үйлдлээр ховор амьтан болох Хүрэн баавгайн эм бодгальд хамаарах түүхий эдийн зүйл болох 3 ширхэг сарвууг худалдан авсан, хадгалсан гэж үзэж гэм буруутайд тооцсон нь хууль зөрчөөгүй байна.

Харин шүүгдэгчийг ховор амьтны эдийн зүйл болох 3 ширхэг сарвууг бусдад худалдах зорилгоор тээвэрлэсэн гэм хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь:

Хавтаст хэрэгт буй шүүгдэгч О.Оы “... Намайг “Нарантуул зах” дээр байхад нэг залуу ирээд “өмнө нь таниас сарвуу асуугаад явсан хүн байнаа, сарвуу байгаа юу, надад сарвуу хэрэгтэй байна, Солонгос улс руу явуулах гэж байгаа юмаа, нэгийг нь 400.000 төгрөгөөр нийт 1.200.000 төгрөгөөр худалдаж авна гэж хэлэхээр нь” би одоо надад энд сарвуу байхгүй, гэрт маань байгаа гэдгээ хэлсэн. Ингээд тэр эрэгтэй өөрийнхөө 89995390 дугаарын утаснаас миний 88671010 дугаарын утас руу залгаад улмаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Төв шуудангийн урд талд нэг залуу ирээд сарвууг худалдаж авахаар болоод сарвууг цүнхээсээ гаргаж харуулсан. Сарвууг худалдаж авна гэж хэлж утсаар ярьж байсан болон сарвууг ирж үзсэн залуучууд нь Экологийн цагдаагийн албаны алба хаагч нар байсан. Би огт ховор ан амьтны эд эрхтэн худалдаж байгаагүй. Ховор ан амьтны эд эрхтэнийг худалдаж болохгүй гэдгийг мэднэ. Тухайн үед банкны зээл төлөх шаардлага надад байсан. Экологийн цагдаагийн албаны ажилчид надтай энгийн хувцастай уулзаад сарвуу авах гэж байгаа мэтээр жүжиглэж, над руу олон удаа залгаж ярьсан ба тухайн үед тэр залуучуудыг цагдаагийн алба хаагч нар гэдгийг мэдээгүй. ...” /хх 96-97/ гэсэн мэдүүлэг, Экологийн цагдаагийн албаны албан хаагч нараас гэмт хэргийн талаар гомдол мэдээлийг хүлээн авсан тэмдэглэл /12-х/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Экологийн цагдаагийн албан хаагчид нь шүүгдэгч О.Ооос байвгайн сарвуу асууж хадгалсан байгааг мэдсэний дараа худалдаж авая гэж утсаар ярьж Төв шуудангийн өмнө уулзахаар тохирсоны дагуу шүүгдэгч ирсэн бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийг зорилготойгоор бий болгосон байх тул “ ховор амьтны эдийн зүйлийг худалдах зорилгоор тээвэрлэсэн” гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

Иймээс тус үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.О “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох 14.580.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Миний бие 58 настай, тэтгэвэрт байдаг эрүүл мэндийн хувьд элэгний  В, С вирустэй, сахартай, бөөрний архаг үрэвсэлтэй зэрэг хавсарсан олон суурь өвчтэй учир надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч О.Оы өмгөөлөгч З.Хүрэлсүх “...гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 14.580.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Түүний өндөр насны тэтгэвэрт байдаг, эрүүл мэнд, хувийн байдлыг тус тус харгалзан үзэж шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.

Шүүгдэгч О.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэгдэхээс өмнө улсад учруулсан 14 580 000 төгрөгний хохирлыг бүрэн төлсөн, одоо 58 настай, эрүүл мэндийн хувьд хүнд байгаа байдлыг харгалзан шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 537 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт:

Шүүгдэгч Дэлгэрэх овогт О.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр ховор амьтан болох Хүрэн баавгайн эм бодгальд хамаарах түүхий эдийн зүйл болох 3 ширхэг сарвууг бусдад худалдах зорилгоор тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалтыг нэмэлтээр,

 

шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “...Шүүгдэгч Дэлгэрэх овогт О.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр ховор амьтан болох Хүрэн баавгайн эм бодгальд хамаарах түүхий эдийн зүйл болох 3 ширхэг сарвууг худалдан авч, хадгалсан, бусдад худалдах зорилгоор тээвэрлэсэн гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...”  гэснийг,  “...Шүүгдэгч Дэлгэрэх овгийн О.Оыг үргэлжилсэн үйлдлээр ховор амьтан болох Хүрэн баавгайн эм бодгальд хамаарах түүхий эдийн зүйл болох 3 ширхэг сарвууг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. ...” гэж,

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй. ...” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож,

мөн тогтоолд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэсэн заалтыг нэмж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.шүүгдэгч О.О нь 14.580.000 төгрөгийн хохирлыг  Нийслэлийн Байгаль Орчны газарт төлсөн,энэ хэргийн улмаас  41 хоног цагдан хоригдсон  болохыг  тус тус дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.     

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                                  Б.БАТЗОРИГ

 ШҮҮГЧ                                                  Д.МЯГМАРЖАВ

 ШҮҮГЧ                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ