Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 154/ШШ2021/00059

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 154/ШШ2021/00059

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ам бүл-*, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Д багт оршин суух,        регистрийн дугаартай, Б   овогт И  ийн З  гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1981 оны 01 дүгээр сарын 14-нд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Минжит Булган цогцолбор сургуульд математикийн багш ажилтай, ам бүл-4, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, РД: регистрийн дугаартай, Б овогт Аын Б  д холбогдох 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.З  , хариуцагч А.Б  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.З   шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б   нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хадгаламжинд мөнгө хийгээд өдөртөө буцаагаад гаргаж өгнө гэхээр нь 30 сая төгрөг өгсөн боловч тэр өдөртөө өгөхгүй Улаанбаатар хот явсан юм. Хилээр бараа гаргах гээд Батцэцэг гэдэг хүнд 27.000.000 төгрөг шилжүүлээд бараагаа авч чадаагүй байсан боловч 07 дугаар сарын 15-нд би Улаанбаатар хот орж барааг нь авсан. Хилээр гаргах ёстой бараа байсан боловч хил нээгдээгүйн улмаас гаргаж чадаагүй. Тухайн үед Б   хадгаламжинд мөнгө хийгээд буцааж өгнө гээд мөнгө авсан боловч буцааж өгөөгүй. Би тэр хүний 15 сая төгрөгийг буцааж өгсөн. Үлдсэн 15 сая төгрөгийг нь буцааж өгч чадахгүй байна. Бараа борлоогүй байгаа тул би сарын 8%-ийн хүү төлөөд хэцүү байна. Иймд А.Б  гаас 3.000.000 төгрөг гаргуулж өгнө үү.

...А.Б  д би зөгийн бал урамшуулалтай, хямдарсан байна. Би 500 ширхэг зөгийн бал авмаар байна. Түүний урамшуулалд 50 хайрцаг зөгийн бал ирнэ гэнэ. Түүнийг чи ав, би 500 ширхэг зөгийн балаа өөрөө зарж ашигаа өөрөө үзнэ гэхэд Б   надад 27.000.000 сая төгрөг гаргаж өгсөн. Тухайн үед хил хаагаад балаа авч чадахгүй, улмаар короновирусын улмаас хил гааль ажиллахгүй 4-5 сар болсон. Бал авах хүн нь зөгийн бал гарахгүй байна гээд мөн хугацаа алдсан. А.Б   надад та өдрийн хүүгээр мөнгө олоод өгөөч би зээлээ хаагаад буцаагаад авч өгье гэхээр нь би 40 сая төгрөгийг өдрийн хүүтэйгээр олж өгсөн. Гэтэл Б   надаас мөнгө авсан өдрөө Улаанбаатар хотруу явсан байсан. Би тэр хүний мөнгийг олж өгөх гэж их асуудал болсон. Би хот орж хөөцөлдөж явж 10.000.000 төгрөг нэмж өгч байж зөгийн балаа авсан. Би А.Б  д 10.000.000 төгрөг өгөх ёстой байсан. Хүнээс авч өгсөн 40.000.000 төгрөгнөөс уг 10.000.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 30.000.000 төгрөгнөөс өөрийнхөө 27.000.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 3000.000 төгрөгийг А.Б  гаас гаргуулж авахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч А.Б   шүүхэд ирүүлсэн болон хуралдаанд гаргасан тайлбартаа: И.З   2019 оны 12 дугаар сарын 28-нд 14 хоногийн хугацаатай 27.000.000 төгрөг зээлдүүлээч гэж надад санал тавьсан. Ингээд би 2020 оны 01 дүгээр сарын 03-нд банкнаас зээл авч өгөхөөр тохиролцож Голомт банкнаас хадгаламж барьцаалсан 27 сая төгрөгний зээл авч өгсөн. И.З   надаас авахдаа 14 хоногийн хугацаатай гэж авсан боловч хэлсэн хугацаандаа мөнгөө өгөлгүй 6 сар өнгөрсөн. Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 01-нд З   надаас дахин 10.000.000 төгрөг зээлдүүлээч гэж дахин дахин гуйж, хүссэний улмаас би дахин Голомт банкнаас 10.000.000 төгрөгний хадгаламжийн зээл авч өгсөн. Ингээд би 2020 оны 07 дугаар 06-ны өдөр 40.000.000 төгрөг И.З  гоос авч хадгаламж барьцаалсан зээлүүдээ хаасан. И.З  гийн нэхэмжилсэн 3000.000 төгрөгийг би зээлийн хүү төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Тухайн үед 27.000.000 төгрөгөөр 500 ширхэг зөгийн бал авмаар байна. Мөнгө хэрэгтэй гэсэн. Урамшуулалд ирэх 50 хайрцаг зөгийн балны үнэ 2700.000 төгрөгийг чи ав гэсэн. Тэгээд би хадгаламжийн зээл авч өгсөн. Би И.З  той хамтран ажиллахаар тохиролцоогүй. Надад 14 хоногийн хугацаатай 27 сая төгрөг зээлээч гэсэн болохоор нь би мөнгө зээлсэн. Уг 40 сая төгрөгийн 10 саяыг би авах ёстой мөнгөө авсан. 27 сая төгрөгийг авч И.З  д авч өгсөн зээлээ хаасан. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хадгаламж барьцаасан зээлийн хүүд тооцож 3000.000 төгрөгийг авсан. Энэ хугацаанд нийт 29.819.095 төгрөгөөр уг зээл хаагдсан. Энэ нь миний дансны хуулга баримтаар нотлогдож байгаа. Гэхдээ 3000.000 төгрөгнөөс 180.000 төгрөгний зөрүү гарсан. Энэ 180.000 төгрөгийг би И.З  д өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.З    нь хариуцагч А.Б  д холбогдуулан 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Хариуцагч 3000.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 180.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Үйл баримтын хувьд нэхэмжлэгч И.З   хариуцагч А.Б  гаас 27.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлээр авч 500 хайрцаг зөгийн бал худалдан авч уг балаа өөрөө зарж ашигаа үзэхээр, хариуцагч А.Б  д урамшуулалд ирэх 50 хайрцаг зөгийн балны үнэ 2700.000 төгрөг өгөхөөр амаар харилцан тохиролцсон талаар талууд маргаагүй болно.

Иргэний эрх зүй дэх уламжлалт үүргийн харилцаа нь үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч гэсэн хоёр талын харилцан бие биерүүгээ хандсан ашиг сонирхолоос үүсдэг бол Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний онцлог шинж нь уг гэрээнээс үүсэх үүрэг нь гэрээнд оролцогч талуудын нэгдмэл ашиг сонирхолоос үүсдэгээрээ бусад гэрээнээс онцлогтой. Нэхэмжлэгч И.З  , хариуцагч А.Б   нарын хувьд нэгдмэл ашиг сонирхолтой байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Улмаар зохигчийн хооронд үүссэн дээрх харилцаа нь Иргэний хуульд заасан ...хамтран ажиллах гэрээний талууд хураамжийг тэнцүү хэмжээгээр хариуцна, талуудын төлсөн хураамж тэдний дундаа өмчлөх хөрөнгө байна, хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлнэ гэх хамтран ажиллах гэрээний нөхцөлд нийцэхгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Иргэд хоорондын зээлийн гэрээний гол шинж нь гэрээний зүйл болох хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлдэг. Талууд хооронд үүссэн дээрх харилцаа нь агуулга болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэлээс хамааран Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зохицуулалтад нийцэж байна гэж үзлээ.

Зээлийн гэрээг талууд бичгээр байгуулаагүй тохиолдолд мөнгө, эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

  Хариуцагч А.Б   нэхэмжлэгч И.З  д 27.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлдүүлсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн хуулийн зохицуулалттай нийцэж байх ба үүнээс үзэхэд талуудын хооронд иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хүү тогтоож болно гэж, мөн зүйлийн 3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заажээ. Хариуцагч А.Б   нэхэмжлэгч И.З  д 27.000.000 төгрөг зээлдүүлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй учираас зээлийн хүү авах эрх үүсэхгүй юм.

Мөн хуулийн 283 дугаар зүйлийн 1-д зааснаар гэрээгээр зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардснаар түүнийг буцаан төлөх ба ийнхүү шаардснаас хойш 1 сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэжээ.

Зохигчын хооронд иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн ба зээлдэгч И.З   зээлж авсан мөнгөний хэмжээгээр зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Харин зохигч анх зээлийн гэрээг амаар хийхдээ урамшуулалд ирэх 50 хайрцаг зөгийн балны үнэ 2.700.000 төгрөгийг А.Б  д өгөхөөр харилцан тохиролцсон талаар маргаагүй бөгөөд энэ нь нэхэмжлэгч И.З  гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна гэж үзлээ. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 300.000 төгрөгийг хариуцагч А.Б  гаас гаргуулан нэхэмжлэгч И.З  д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 2.700.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б  гаас 300.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгч И.З  д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Б  гаас 300.000 /гурван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.З  д олгож, нэхэмжлэлээс 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч И.З  гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б  гаас 9650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.З  д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ