| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0014/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/130 |
| Огноо | 2024-05-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/130
2024 05 17 2024/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0014/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* *******, *******гийн *******, ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2339002090225 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, 50 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбатаар хот, Баянзүрх дүүрэгт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ялаар,
Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131.2 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ялаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ялаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 514 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,
Нийслэлийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 6 жилийн хорих ялаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаартай.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, 35 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Улаанбаатар хот, Найлах дүүргийн 1 дүгээр хороонд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд Нийслэлийн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ялыг тэнссэн,
Нийслэлийн Налайх Багахангай дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1 дүгээр зүйлд зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,
Нийслэлийн Налайх Багахангай дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3 дүгээр зүйлд зааснаар 5 жил 3 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаартай.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эррлэсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4 дүгээр зүйлд зааснаар 13 жилийн хорих ялаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 632 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, ******* нартай бүлэглэж, 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг тоот хашаанд байрлах "Мэргэн дал"-ний тамхи худалдан борлуулах түц буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд *******ыг хууль бусаар нэвтрэхэд түүний хөлийг өргөж, хүн харж *******ийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчийн үүрэг гүйцэтгэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 33 нэр төрлийн 1990 ширхэг буюу 4 хайрцаг тамхи, 10 ширхэг асаагуурыг машин механизм буюу "90-29 УЕМ" улсын дугаартай цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, д 6,968,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, ******* нартай бүлэглэж, 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс 25- нд шилжих шөнө, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг тоот хашаанд байрлах "Мэргэн дал"-ний тамхи худалдан борлуулах түц буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, тамхинуудыг зөөж "90-29 УЕМ" улсын дугаартай цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж *******ийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчийн үүрэг гүйцэтгэж 33 нэр төрлийн 1990 ширхэг буюу 4 хайрцаг тамхи, 10 ширхэг асаагуур зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан хулгайлж, д 6,968,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, ******* нартай бүлэглэж, 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг тоот хашаанд байрлах "Мэргэн дал"-ний тамхи худалдан борлуулах түц буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхны төмөр хаалтыг чулуугаар цохиж, улмаар вакум цонхны салхивчаар, нууцаар, хууль бусаар нэвтэрч, 33 нэр төрлийн 1990 ширхэг буюу 4 хайрцаг тамхи, 10 ширхэг асаагуур зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан хулгайлж, д 6,968,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******, *******, ******* нарыг машин механизм ашиглан, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339002090225 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 5-10-р хуудас),
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 11-р хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 13-14-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, тэмдэглэлийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 113-114, 119-123-р хуудас),
Хохирогч гийн (1-р хх-ийн 24-25-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
“Мэргэн дал”-ны 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №5 дугаартай албан бичиг, алдагдсан тамхины нэрс бүхий хавсралт (1-р хх-ийн 68-69-р хуудас)
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн”-ийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ШД-108 дугаартай шинжээчийн "... 33 нэр төрлийн 1990 ширхэг буюу 4 хайрцаг тамхи, 10 ширхэг асаагуурын зах зээлийн үнэлгээ 6,968,000 төгрөг..." гэх дүгнэлт (1-р хх-ийн 70-73-р хуудас),
Хохирогч гийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “...хохирлыг маань барагдуулсан тул гомдол саналгүй...” гэх хүсэлтийн хуулбар,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 134-138, 151-152, 156-166-р хуудас),
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 139-145, 203-205, 212-247-р хуудас),
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 146-150, 167, 170-197-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339002090225 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд орж үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар нь гэм буруугийн тал дээр маргаангүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч оролцож байна. Улсын яллагчийн зүгээс яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх хууль зүйн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг тоот хашаанд байрлах "Мэргэн дал"-ний тамхи худалдан борлуулах түц буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд *******ыг хууль бусаар нэвтрэхэд түүний хөлийг өргөж, хүн харж *******ийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчийн үүрэг гүйцэтгэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 33 нэр төрлийн 1990 ширхэг буюу 4 хайрцаг тамхи, 10 ширхэг асаагуурыг машин механизм буюу "90-29 УЕМ" улсын дугаартай цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, д 6,968,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “....Би цоожийг нь чулуугаар цохисон чинь онгойчихоор нь төмөр хаалтыг нь аваад цонхыг гараараа түлхэж нээгээд би түцэн дотор ороод хайрцагтай тамхи байхаар нь аваад *******т өгсөн...4 Хайрцаг тамхи байсан...Энэ үед ******* ах хашааны завсараар хүн харж байсан....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...хохирлоо нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “.....******* цоожийг нь чулуугаар цохиж эвдэж нээгээд төмөр хаалтыг аваад цонхыг нь онгойлгоод өөрөө түцэн дотор ороод хайрцагтай тамхи *******т авч өгсөн...Нийт 4 хайрцаг тамхи байсан...Би түцний баруун талд хашааны завсараар хүн харж байсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...хохирлоо нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Бид гурав тамхи авах гээд түцний гадаа очоод хаалгыг нь балбахад хүн гарч ирээгүй. *******түцний төмөр хаалтны цоожийг чулуугаар цохиж эвдээд төмөр хаалтыг нь аваад цонхыг нь онгойлгоод түцэн дотор ороод цаасан хайрцагтай тамхи авч өгөхөөр нь би аваад ******* ахын машины багажинд хийсэн...******* ах хашааны завсараар хүн гарч ирэхийг харж байсан... хохирлоо нөхөн төлсөн....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-10-р хуудас),
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 11-р хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 13-14-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, тэмдэглэлийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 113-114, 119-123-р хуудас),
Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 24-25 нд шилжих шөнө хулгай орж манай түц-нд байсан тамхинуудыг авч явсан байсан. Ингээд хулгай орсон талаар цагдаад хандсан... манай утаат тамхи худалдан борлуулах цэгээс нийт 34-н төрлийн 2000-н палчик 4-н хайрцаг тамхи буюу 6,968,000 төгрөгний үнэ бүхий утаат тамхи алга болсон байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 24-25-р хуудас),
“Мэргэн дал”-ны 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №5 дугаартай албан бичиг, алдагдсан тамхины нэрс бүхий хавсралт (1-р хх-ийн 68-69-р хуудас)
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн”-ийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ШД-108 дугаартай шинжээчийн "... 33 нэр төрлийн 1990 ширхэг буюу 4 хайрцаг тамхи, 10 ширхэг асаагуурын зах зээлийн үнэлгээ 6,968,000 төгрөг..." гэх дүгнэлт (1-р хх-ийн 70-73-р хуудас),
Хохирогч гийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “...хохирлыг маань барагдуулсан тул гомдол саналгүй...” гэх хүсэлтийн хуулбар зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн машин механизм ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан машин механизм ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч *******, *******, ******* нар нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан юм.
Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба шүүгдэгч нар нь энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд тооцох үндэслэл болж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******, *******, ******* нар нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гийн эзэмшлийн тамхи худалдан борлуулах түцны цонхны төмөр хаалтыг чулуугаар цохиж, улмаар вакум цонхны салхивчаар орсон үйлдэл нь шүүгдэгч нарын хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй буюу хууль бус нэвтрэлт болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, Мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилж зохион байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, гэмт хэргийг бүлэглэн үйлдэж гүйцэтгэгчээр тус тус хамтран оролцсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлд урьдчилан амлаж санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хохирогч гийн эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан гэмт үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн санаа зорилго, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог юм.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч *******, *******, ******* нар нь хохирогч гийн эд зүйлийг хулгайлж 6,968,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохиролоо төлж барагдуулсан нь хохирогч гийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч *******, *******, ******* нарыг шүүхээс хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******, *******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн мөн шүүгдэгч нарын хувийн байдлуудлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2/1-ээс доошгүй хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.*******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч Д.*******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь урьд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ялаар,
Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131.2 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ялаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ялаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 514 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,
Нийслэлийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 6 жилийн хорих ялаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас (1-р хх-ийн 203-205-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 212-247-р хуудас),
Шүүгдэгч ******* нь урьд Нийслэлийн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ялыг тэнссэн,
Нийслэлийн Налайх Багахангай дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1 дүгээр зүйлд зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,
Нийслэлийн Налайх Багахангай дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3 дүгээр зүйлд зааснаар 5 жил 3 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас (1-р хх-ийн 151-152-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 156-166-р хуудас),
Шүүгдэгч ******* нь урьд Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4 дүгээр зүйлд зааснаар 13 жилийн хорих ялаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 632 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас (1-р хх-ийн 167-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 170-197-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийнэ 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа болон бүлэглэж үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тэдгээрийн хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 60 хоног, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 23,000,000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 7,666,666 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2339002090225 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслахад даалгаж, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******, Боржигон овогт *******гийн *******, Наст овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* *******, *******гийн *******, ******* ******* нарыг тус бүр 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 60 (жар) хоног, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 29 (хорин ёс) хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 23,000,000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 7,666,666 (долоон сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа) төгрөгийг гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.
6. Эрүүгийн 2339002090225 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах С.Мөнхтөрд даалгасугай.
7. Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР