Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 154/ШШ2021/00062

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 154/ШШ2021/00062

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 19** оны 0* сарын **-нд төрсөн, ** настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *, нөхөр хүүхдүүдийн хамт, Ховд аймгийн Булган сумын Б багт оршин суух, /РД:  / И   овогт Т  ы Е  ы хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Е  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Е   шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Би 1985 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригад буюу одоогийн Баянсудал багт мал маллаж байсан. Би тус нэгдэлд 1985 оноос 1990 оныг дуустал малчинаар ажиллаж байсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү

...Би 1985 онд хөдөө гарч Жаргалан гэдэг нэгдэлд туслах малчнаар ажиллаж байсан гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Е   нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хүсэлт гаргагчийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь дээрх хугацаанд Т.Е  ы ажиллаж байсан байдлын талаар гэрч Б.Тилебекийн ...Т.Е   нь 1985 оноос 1990 оныг дуустал мал малласан... гэх мэдүүлэг, гэрч Т.Ханзаадайгийн ...Т.Е   эцэг эхийн хамт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарыг дуустал тасралтгүй малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлгүүд нь давхар бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй, хэрэгт гэрчүүдийн мэдүүлгээс өөр бичгийн нотлох баримт авагдаагүй, 1980 оны гэх хөдөлмөрийн дэвтэр авагдсан боловч он сар, өдөр засвартай, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2051 тоот лавлагаагаар Т.Е  д лавлагаа олгох боломжгүй гэх лавлагаа байх тул шүүх дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Мөн хүсэлт гаргагч нь 1971 онд төрсөн болох нь хэрэгт авагдсан иргэний цахим үнэмлэхний хуулбараар тогтоогдож байх ба тэрээр 1985 онд 14 настай байх тул түүнийг хөдөлмөр эрхлэх насанд хүрсэн гэж үзэх боломжгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн ажиллаж байсан байдлын талаар тодорхой тайлбарлаж чадахгүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Иймд дээрх байдлуудыг үндэслэн нэхэмжлэгч Т.Е  ы Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т.Е  ы Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ