| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0115/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/131 |
| Огноо | 2024-05-20 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Анхбаяр |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/131
2024 05 20 2024/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0115/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,
Улсын яллагч Г.Анхбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* Саранчимэгт холбогдох эрүүгийн 2339004800079 хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, худалдагч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Налайх дүүргийн 5 дугаар хороонд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багт ******* ******* улсын дугаартай Тоёота “” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэх заалтыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас улсын дугааргүй ногоон өнгийн мотоцикл жолоодон явсан *******г мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******ийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас *******гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339004800079 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1-р хх-ийн 7-р хуудас),
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 8-13-р хуудас),
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжлтийн бүдүүвч, зам орчны байдал (1-р хх-ийн 15-р хуудас),
Гэрч *******ийн (1-р хх-ийн 31-34-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Шүүгдэгч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэнтий аймгийн авто тээврийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 79-81-р хуудас),
Техникийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 07/37 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 88-89-р хуудас),
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151 дугаартай шинжээчийн дүгнэлт (1-хх-ийн 97-102-р хуудас),
Бодит үнэлгээ ХХК-ний 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШД-79 дугаартай “....Даюун маркийн мотоцикл 1,800,000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 118-120-р хуудас),
Жолоочийн лавлагаа мэдэээл (1-р хх-ийн 246-р хуудас),
Шүүгдэгчийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохиролцсон 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн нотариатчаар гэрчлүүлсэн хүсэлт,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт жолоочийн эрхийн лавлагаа (1-р хх-ийн 144-150, 169-172-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Г.Анхбаяр шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *******гийн амь насыг хохироосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүлйин 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч ******* гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно...” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд гэм буруутайд тооцуулах боломжтой байна. Хохирол дээр хоёр хувааж тохиолцсон байгаа....” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багт ******* ******* улсын дугаартай Тоёота “” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэх заалтыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас улсын дугааргүй ногоон өнгийн мотоцикл жолоодон явсан *******г мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Тухайн мотоциклтой хүний зөв талаар тойроод гүйцэт түрүүлэх үйлдэл хийж эхлэх үед тас няс хийгээд миний машины салхины шилэн дээр цохиод осол болсон...Би 32 сая төгргийн хохирлын нөхөн төлсөн үлдэгдэл хохирол 43 сая төгрөгийг 1 жил 6 сарын хугацаанд төлж барагдуулна...Ийм хэрэг хийсэндээ гүнээ харамсаж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...15 цагийн үед цагдаагаас залгаад Наранхүүг аваарт орсон байна гэж хэлсэн...Миний хувьд бол хэцүү байна....Би хохирол дээр тохиролцъё гэхэд нь тохиорсон. Би энэ хүний ар гэрийн байдлыг нь бодож байна. Энэ хүнд тэнсэж өгөөсэй гэж бодож байна. Тохирсоны дагуу хохирол барагдуулвал болно. Мотоциклны үнэлгээг гаргуулна... 32 сая төгрөг авсан байгаа. 43 сая төгрөгийг 1 жил 6 сарын хугацаанд төлнө гэж тохирсон байгаа...” гэх мэдүүлэг
Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Саранчимэг бид хоёр Хэнтий аймгийн урд талд байдаг Петровис Шатахуун түгээх станцаас зүүн зүгт амралтын газрын урд хэсэгт баруунаас зүүн тийш чигтээ явж байхад бид хоёрын урд талд дээлтэй мотоциклтой хүн ганцаараа, мотоциклтойгоо замын дунд хэсэгт хоёр тал руугаа ээлжилж гуйваад яваад байсан. Тэр үед Саранчимэг сигнал дуугаргасан чинь нөгөө мотоциклын жолооч зам тавьж өгөхгүй эргэж харчихаад үргэлжлүүлэн гуйваад яваад байсан болохоор нь Саранчимэг түүнийг зөв талаар нь гүйцэж түрүүлэх гэж байтал гэнэт түжигнэж, тачигнаад л машины шил нь хагараад л өөдөөс орж ирсэн. Тэгэхэд Саранчимэг машинаа зогсоох гэсэн боловч болохгүй байна гэж хэлээд нилээн явж байгаад зогсоод Саранчимэг машинаасаа буугаад нөгөө хүн рүүгээ гүйгээд явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),
Хэнтий аймгийн автотээврийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “...Улсын дугааргүй ногоон өнгийн "даюун" маркийн мотоцикл, 4171 ******* Тоёота маркийн тээврийн хэрэгслүүдэд учирсан эвдрэл гэмтлүүд нь осол болоход нөлөөлөөгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 79-81-р хуудас),
Техникийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 07/37 дугаартай “...41-71 ******* улсын дугаартай, цагаан өнгийн Toyota маркийн автомашины жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 13.1-р заалт буюу "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Улсын дугааргүй ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийн жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 3.4 "в"-р заалт буюу "Жолооч мотоцикл... жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх үүргийг хүлээнэ", 3.7 "а"-р заалт буюу "Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг... хориглоно", 3.7 "в"-р заалт буюу "Жолооч... зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно", 11.2-р заалт буюу "Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэй" гэснийг зөрчсөн гэж үзэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 88-89-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 12 дугаар сарын 01-ний 151 дугаартай:
1. Талийгаач *******гийн цогцост их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, дагз, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, дэлүүний няцрал, уушгины няцрал, нарийн гэдэсний урагдал, гэдэсний чацархайн няцрал, цээж, хэвлийн хөндийн цусан хураа, хүзүүний 4-р нугалмын хугарал, сээрний 6-р нугалмын хугарал, атгаал ясны далд хугарал, духанд шарх, дух, хамар, уруул, эрүү, чих, хацар, бугалга, шуун, сарвуу, тавхайд зулгаралт, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Талийгаач нь элэгний өөхлөлт өвчтэй байжээ.
4. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл талийгаачийн цус, ходоодны шингэн, цесөнд илрээгүй байна. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байжээ.
5. Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас цочмог дотуур цус алдаж гэмтлийн шокд орж нас баржээ. Хэнтий нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн №7491 өвчний түүхэд тэмдэглэснээр 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 25 минутанд нас барав гэжээ...” гэх дүгнэлт (хх-ийн 97-102-р хуудас),
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 8-13-р хуудас),
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжлтийн бүдүүвч, зам орчны байдал (1-р хх-ийн 15-р хуудас),
Бодит үнэлгээ ХХК-ний 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШД-79 дугаартай “....Даюун маркийн мотоцикл 1,800,000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 118-120-р хуудас),
Шүүгдэгчийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохиролцсон 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн нотариатчаар гэрчлүүлсэн хүсэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас *******гийн амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч ******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч *******гийн амь насыг хохироосон нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болон хүний амь насыг хохироосон үйлдэлдээ болгоомжгүйгээр хандаж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд....шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч *******гийн амь насыг хохироосон байна.
Шүүгдэгчийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохиролцсон 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хүсэлтэд: “...******* миний бие хохирогч *******гийн тоот дансанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 27.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд шүүх хуралдааны өмнө 5.000.000 төгрөгийг, харин үлдсэн 43.000.000 төгрөгийг 1 жил 6 сарын дотор 2 хувааж төлөхөөр буюу нийт 75.000.000 төгрөгт харилцан тохиролцсон болно...” гэх нотариатчаар гэрчлүүлсэн баримтаар шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 32 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн ба 43 сая төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Мөн шүүгдэгч нь мотоциклын хохирлыг шүүх хуралдааны үед нөхөн төлөхөө илэрхийлсэн ба “Бодит үнэлгээ” ХХК-ний 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШД-79 дугаартай “....Даюун маркийн мотоцикл 1,800,000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 118-120-р хуудас)-ээр тогтоогдсон 1,800,000 төгрөг дээр шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын харилцан тохиролцсон 43,000,000 төгргийг нэмж нийт 44,800,000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Г.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна....” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Хохирол дээр хоёр хувааж тохиолцсон байгаа...Эрүүгийн хуульд зааснаар 2 жил тэнсэж, 1 жил 6 сарын хугацаанд 43 сая төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэж өгөөч гэсэн саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирол төлөхөө илэрхийлсэн байгаа...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийнх нь зүгээс тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргасан байгаа Энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Миний үйчлүүлэгчид 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас (хх-ийн 169-р хуудас)-аар, тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийн нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулиар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах нэмэгдэл ялын хэмжээг нэмэгдүүлсэн байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эх, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийн нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, мөн зүйлийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид хорих ял оногдуулах тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эх, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийн нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлууд харгалзан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлаж түүнд заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хохирол төлөх хугацааг тогтоолд зааж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан түүнчлэн шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй нарын харилцан тохиролцож хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн нотариатчаар гэрчлүүлсэн хүсэлтэд хугацааг нарийвчлан заагаагүй 2 хувааж төлөхөөр тохирсон байна.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2339004800079 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Асгал овогт ******* Саранчимэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Саранчимэгийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч *******ийг гэмт хэргийн хор уршигийг арилгуулахаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******т хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******ээс 44,800,000 (дөчин дөрвөн сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгосугай.
8. Эрүүгийн 2339004800079 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР