Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/136

 

 

 

 

 

 

 

 

 

2024        05          24                                           2024/ШЦТ/136

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2024/0112

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,

Улсын яллагч Б.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан, Д.Ганхуяг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын Тогтохбаярт холбогдох эрүүгийн 2339000000428 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баян сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар баг “Дунд булаг” гэх газраас *******гийн 3 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******ыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Хэнтий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000428 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хх-ийн 4-6-р хуудас),

Хохирогч *******гийн  (хх-ийн 10-12-р хуудас), гэрч *******ын (хх-ийн 15-17-р хуудас), гэрч Э.Гантулгын  (хх-ийн 20-22-р хуудас), гэрч *******ийн  (хх-ийн 25-26-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

 Хөрөнгийн үнэлгээчин “Бодит үнэлгээ” ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №2023/ШД-259 дугаартай “...3 тооны бод малын үнэлгээ 3,100,000 төгрөг...”  гэх дүгнэлт (хх-ийн 44-46-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээчин “Бодит үнэлгээ” ХХК-ний 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №2023/ШД-260 дугаартай “...Эко маркийн /хуучин/ мотоциклийн үнэлгээ 300,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 53-55-р хуудас),

Хохирогч *******гийн гомдол санал байхгүй гэх хүсэлт(хх-ийн 127-р хуудас),

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 57), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58),  төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 59), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 60), төрөл садангийн лавлагаа (хх-ийн 61-62), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 63), эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа (хх-ийн 64), хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 65-87-р хуудас)-ууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000428 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч ******* бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан, Д.Ганхуяг нар шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч ******* гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “....Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.... гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар баг “Дунд булаг” гэх газраас *******гийн 3 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хх-ийн 4-6-р хуудас),

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2009 оноос хойш Тогтохбаяр гэх Архангай аймгийн Хотонт сумын гаралтай хүнд адуугаа маллуулахаар өгөөд 2023 оны 10 дугаар сарын эхээр Тогтохбаяраас аман гэрээний хугацаа болсон болохоор өөрийн адуугаа авч Норовлин сумын харьяат иргэн Анхбаяр гэх хүнд хүлээлгэн өгсөн юм...Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өглөө манай малчин адуугаа бөөгнүүлэхэд манай адуу саринасан байна гэхээр нь Тогтохбаяртай утсаар ярьж чи ягаад адуу, мал хөөгөөд байгаа юм гэхэд би өөрийн нэр дээр байдаг 3 тооны адууг барих зорилгоор танай адууг цугт нь туусан юм гэж хэлсэн. Тэгээд 11 цагийн үед дахин залгаж чи манай адууг бусад адуунд нийлүүлсэн үү гэхэд би 3 тооны адуу ажилласан байгаа гэж хэлсэн.... Дахин 12 цагийн үед Тогтохбаяр руу цохилдуулж чи манай адууг ажилласан байна гэхэд уучлаарай ахаа би танай 3 Чооны адууг нядалсан, танд өөр 3 тооны адуу өгье гэж хэлсэн юм...Миний 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр алдсан гэх 3 тооны адуу нь хүрэн, ухаа хонгор халзан байсан зүүн гуяндаа хонхтой дөрвөлжин, хар халзан зүсмийн адуу нь хүнээс авч байсан адуу болохоор тамга тэмдгийг нь сайн мэдэхгүй байна. Дээрх 3 тооны адуунаас Тогтохбаярын адуу огт байхгүй бүгд манай адуу байна....Тогтохбаярын адуу давхар дугуйн загсан тамгатай байдаг юм. Хүрэн хязаалан, ухаа хонгор халзан морь 7 настай, морьд нь зүүн гуяндаа цонхтой Дөрвөлжин тамгатай. Хар халзан хязаалан зүсмийн адуу нь хүнээс авч байсан адуу болохоор тамга тэмдгийг нь сайн мэдэхгүй байна. Өөр содон шинж тэмдэг байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-12-р хуудас),

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тогтох гэх залуу Лхагвадоржийн ард талын саахалт айлын гаднаас 3 тооны адууны мах мөн 3 тооны адууны арьс ачуулаад гарал үүслийн бичгийг араас кодыг нь явуулна гэж хэлсэн... Тогтох гэх залуугийн 3 тооны адууны зүс хар халзан, нарийн ухаан халзан, хүрэн гэх 3 тооны адууны толгойг нөгөө адуу ажилласан айлд үлдээсэн юм....Намайг Хэнтий аймгийн Бэрх тосгон өнгөрч явахад араас Тогтох гэх залуу 88207015 гэх дугаараас залгаж ахаа уучлаарай би буруу юм хийчихлээ гэхээр нь юу юм гэхэд танд ачуулсан 3 тооны адуу надаар өмнө малаа харуулж байсан хүний адуу байсан юм гэж хэлэхээр нь энэ адуу чинь буруу гарын юм болж таарч байна уу гэхэд тийм гэж хэлээд тухайн 3 тооны адууны эзэнтэй нь утсаар холбогд гэж хэлээд надад 99112428 гэх дугаар өгөөд тэгээд би малын эзэнтэй ярихад надад уурлаж намайг хулгайчаар дуудахаар нь би өөрөө цагдаа дээр яваад очъё гэж хэлээд утсаа салгаж Хэнтий аймгийн Цагдаагийн газарт ирсэн....Миний ачиж явсан 3 тооны адууг хиллэж үзэхэд нэг адууны мах 183 кг, нэг адуу 134 кг, нэг адуу нь 133 кг болж байсан. Тухайн 3 тооны адууны тамга нь хар халзан морь зөв гуяндаа саран дэвсгэртэй хас, ухаа халзан, хүрэн морьд нь зөв гуяндаа дөрвөлжин арал тамгатай байсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-17-р хуудас),

Гэрч Э.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 26-ны өглөө гэртээ унтаж байхад манай гэрийн урд талд байдаг Тогтохбаяр гэх залуу мотоциклтой адуу тууж ирж малын хашаанд хашаад адуу барьсан байсан. Би сүүлд сэрээд босож усанд гэрээсээ хойш 500 метр газарт улаан хүрэн өнгийн мотоциклтой 40 литрийн саваар яваад ирэхэд Тогтохбаяр 2 тооны бараан зүсмийн адууг унгаж ажилласан байсан юм. Тэгээд хашааны зүүн урд зүгт 200 метр намайг гэрийн гадаа ирэхэд үлдсэн нэг зээрд зүсмийн адууг унагаж байсан....Би тэр адуунаас хөлийг нь барьж өгсөн. тэгэхээс би ажиллаагүй. Тэгээд 3 тооны адууны махаа манай гадаа хашааны ард дэлгэж тавьж байгаад цагаан өнгийн "Истана" ирж махыг нь ачсан гэсэн би гэрээс гараагүй ээ...Намайг усанд яваад ирэх хооронд тухайн адуунаас 3 тооны адуу барьж үлдээд бусад адууг хашаанаас гаргаад явуулсан байсан. Би тэр адууны азарга болон хэдэн тооны адуу байсан талаар хараагүй болохоор мэдэхгүй байна....Тогтохбаяр надад өөрийн адуунаас барсан 3 тооны адуу гэж хэлсэн. Би өөрийнх адууг танихгүй. Өөрөө надад хэлэхдээ өөрийгөө 100 гаран тооны адуутай гэж ярьж байсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-22-р хуудас),

Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...орой Тогтохоо руу залгахад утас нь холбогдохоор нь би тэгээд өөрийн малаа ажиллаж дуусаад гадаа ачааны машин дээр ачаад юмаар хучаад тэгээд сумын төв орж гэртээ унтаж байхад манай гэрт өглөө эрт Идэрээ орж ирээд малаа ажилласан уу, Тогтохоо юу болсон гэж асуухаар нь би малаа ажилласан харин Тогтохоо өглөө маш эрт яваад адуугаа ажиллая гэж байсан талаар хэлсэн....” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээчин “Бодит үнэлгээ” ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №2023/ШД-259 дугаартай “...3 тооны бод малын үнэлгээ 3,100,000 төгрөг...”  гэх дүгнэлт (хх-ийн 44-46-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээчин “Бодит үнэлгээ” ХХК-ний 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №2023/ШД-260 дугаартай “...Эко маркийн /хуучин/ мотоциклийн үнэлгээ 300,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 53-55-р хуудас),

Хохирогч *******гийн гомдол санал байхгүй гэх хүсэлт (хх-ийн 127-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь бусдын олон тооны адууг машин механизм болох мотоцикл ашиглаж хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлж нийт 3,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1, 2.4-т заасан олон тооны малыг, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж тайлбарласан ба шүүгдэгч ******* нь бусдын 3 тооны адууг хулгайлсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан "Мал хулгайлах" гэмт хэрэг гэдэгт бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр малыг эзэмшилдээ авч, өөрийн малын адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс дээрх гэмт хэргийг төгссөнд тооцогддог юм.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн малыг нууц далд аргаар хууль бусаар авсан гэмт үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогчийн зүгээс малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг шүүгдэгч ******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эд хөрөнгөд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ******* нь бусдын 3 тооны малыг машин механизм ашиглан хулгайлж хохирогч *******д 3,100,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Хохирогч ******* нь гомдол саналгүй гэх хүсэлт (хх-ийн 127-р хуудас)-ийг ирүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна....” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг, Б.Жавхлан нар шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар  1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, машин механизм болох мотоцикл ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Эко нэртэй мотоцикл нь одоо ашиглах боломжгүй эвдэрсэн гэж шүүгдэгч мэдүүлж байх тул “Бодит үнэлгээ” ХХК-ний 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №2023/ШД-260 дугаартай “...Эко маркийн /хуучин/ мотоциклийн үнэлгээ 300,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 53-55-р хуудас)-ээр тогтоогдсон мотоциклын үнэ 300,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх  арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн 2339004960056 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт *******ын Тогтохбаярыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ын Тогтохбаярыг 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Эко нэртэй улсын дугааргүй (мотоцикл) тээврийн хэрэгслийн үнэ 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Эрүүгийн 2339000000428 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.УУГАНБАЯР