| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00319/И |
| Дугаар | 154/ШШ2021/00066 |
| Огноо | 2021-03-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 154/ШШ2021/00066
| 2021 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 154/ШШ2021/00066 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат, 19** оны ** дугаар сарын **-нд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл *, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Д**т багт оршин суух, РД: регистрийн дугаартай О Х овогт Д гийн У ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 19** оны ** дүгээр сарын **-нд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Булган сумын Д** багт оршин суух, РД: регистрийн дугаартай, С овогт Ц ийн М-э д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.М-э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Ц.М-э бид хоёр 2014 онд гэр бүл болсон. Ц.М-э хамт амьдарснаас хойш намайг зодож дарамталдаг байсан. Би өөрийн төрсөн эцэг эх болон хадам эцэг эхдээ ч хэлдэггүй байсан. Сүүлдээ эрүүл үедээ ч намайг доромжилж хүүхэд гаргадаггүй янхан гэж доромжилдог болсон. Миний эцэг эх ирээд учир зүйгээ олоод амьдарч болохгүй байна уу гэхэд хүүхдээ аваад зайл гэсэн. Юунаас болоод хүүхэд гарахгүй байгааг тогтоолгоё гэхэд чи очиж үзүүл би явахгүй гэдэг байсан. Сүүлдээ надруу хутга, буу авч дайрсан. Тэгээд би салахаар шийдэж өргөдөл гаргасан. Бид хоёр 2018 оны 12 сард хүү М.Азжаргалыг өргөж авсан. Би хүүхдээ авах гэхээр хадам ээж нөхөр хоёр өгдөггүй юм. Би 2020 оны 11 сараас хойш хүүтэйгээ уулзаагүй, би хүүгээ 3 нас хүртэл өөрөө өсгөсөн. Хүүгээ авах хүсэлттэй байна.
...Би Ц.М-э эс гучин толгой бог мал, гурван үхэр, нэг гүү, өөрт ноогдох гэрийн тавилга мөн 2 сая төгрөг авахаар эвлэрч байна гэв. Би шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээр гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна. Намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.М-э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Шүүхээс бидэнд эвлэрүүлэх 2 сарын хугацаа өгсөн. Энэ хугацаанд эвлэрэх санаатай утсаар ярьж мессэж бичиж байсан боловч Д.У хүүхэдтэйгээ ч яриагүй, би архи дарс их ууддаггүй, Д.У гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй, хүүхдээ би өөрөө авч өсгөнө. Хүү М.Азжаргалыг анх хүнээс өргөж авахад У дургүй байсан. Тэгээд ч хүүхдээ хаяад 2-3 явахдаа нэг ч удаа утсаар яриагүй болохоор хүүгээ У т өгөх бодолгүй байна. Д.У Улаанбаатар хотод өөрийн гэсэн орон гэргүй, эрхэлсэн ажил төрөлгүй, хүүхэд авч өсгөх ямар ч боломжгүй гэж бодож байна. Эд хөрөнгийн хувьд Д.У т гучин толгой бог мал, гурван үхэр, нэг гүү, өөрт ноогдох гэрийн тавилга мөн 2 сая төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.У нь шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.У , хариуцагч Ц.М-э нар 2014 оны 10 сарын 28-ны өдөр гэр бүл болсон нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Булган сумын Далт багийн Засаг дарга М.Ц ийн тодорхойлолт, Ховд аймгийн Булган сумын Булган өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Энхболдын тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний... нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээр хүсэлт гаргасан боловч хүсэлтээсээ татгалзаж, хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар зохигч харилцан тохиролцож ...хариуцагч Ц.Мөнхэрдэнэ нь нэхэмжлэгч Д.У т 30 тооны бог мал, 3 тооны үхэр, 1 тооны гүү, өөрт ногдох гэрийн тавилга, 2.000.000 төгрөг өгөхөөр эвлэрсэн байна.
Гэрлэгчид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2020 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа гэх ба цаашид амьдралаа үргэлжлүүлэх талаар санаачлага гаргаагүй, хэн аль нь хамтран амьдрах боломжгүй гэж үзэн гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа нь тэдний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байх ба шүүхээс гэрлэгчдэд 2 сарын хугацаа өгч эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч эвлэрээгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид хүү М.Азжаргалыг 2017 онд үрчилж авсан бөгөөд 2020 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарсан, хүү М.Азжаргал дээрх хугацаанд эцэг Ц.М-э болон өвөө эмээ нарынхаа асрамжид байсан болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байх тул хүүхдийн эцэг Ц.М-э , эмээ, өвөө нартайгаа хамт байж дассан орчин нөхцөл, нэхэмжлэгчийн тусдаа орон байргүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг байдлыг харгалзан хүү М.Азжаргалыг эцэг Ц.Мөнх-эрдэний асрамжид үлдээж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.У т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар О Х овогт Д гийн У / /, Сулхандуйнхан овогт Ц ийн М-э / / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү М.Азжаргалыг эцэг Ц.Мөнх-эрдэний асрамжид үлдээсүгэй.
3. Зохигч хамтран өмчлөх дундын хөрөнгө болон хувиарт хөрөнгийн талаар хариуцагч Ц.М-э нэхэмжлэгч Д.У т 30 тооны бог мал, 3 тооны үхэр, 1 тооны гүү, Д.У ын хуваарьт хөрөнгө болох гэрийн тавилга, 2.000.000 /хоёр сая/ төгрөг өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.У ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М-э эс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ