Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2024/00117

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ20247/00381 дүгээр  шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2024/00552 дугаар магадлалтай,

С.Б-ийн нэхэмжлэлтэй,

У.А, А.Б, У.О, Б.Т, У.Г нарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч нарын өмгөөлөгч Т.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч У.А, А.Б, У.О, Б.Т, У.Г нарт холбогдуулан Хэнтий аймаг, Ө сум, 1 дүгээр баг, 00 дугаар байр, 00 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс  зөвшөөрч маргажээ.

2. Хариуцагч У.А, А.Б, У.О, Б.Т, У.Г нар нэхэмжлэгч С.Б-т холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан байна.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/00381 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймгийн Ө сумын 1 дүгээр баг, 00 дугаар байрны 00 тоот байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.Б-ийг тогтоож, Хэнтий аймгийн Ө сумын 1 дүгээр баг 00 дугаар байрны 00 тоот байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг С.Б-ийн өмчлөлд бүртгэхийг Хэнтий аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч нарын У.А, С.Б- нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, орон сууцыг С.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 140,400 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б-т олгож шийдвэрлэжээ.

4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2024/00552 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/00381 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д  зааснаар Хэнтий аймаг, Ө сум, 1 дүгээр баг, 00 дугаар байрны 00 тоотод байрлах 28.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэг С.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б-, хариуцагч У.А нарын хооронд 2004 оны 11 дүгээр сард байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Хэнтий аймаг, Ө сум, 1 дүгээр баг, 00 дугаар байрны 00 тоотод байрлах 28.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч С.Б-т олгож, 3 дахь заалтын “... хариуцагч нараас 140,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б-т олгосугай.” гэснийг “... нэхэмжлэгч С.Б-ээс 70,200 төгрөг гаргуулж хариуцагч нарт олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.  

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.20-ны өдрийн 210/МА2024/00552 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.18-ны 102/ШШ2024/00381 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж Хэнтий аймаг, Ө сум, 1 дүгээр баг, 00 дугаар байрны 00 тоотод байрлах 29,8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай С.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, С.Б-, У.А нарын хооронд 2004 оны 11 дүгээр сард байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Хэнтий аймаг, Ө сум, 1 дүгээр баг, 00 дугаар байрны 00 тоотод байрлах, 28,9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч С.Б-т даалгаж, хариуцагч У.А-аас 2,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б-т олгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх Ө уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлах товчооны хурлын 2001.03.30-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Хэнтий аймаг, Ө сум, 1 дүгээр баг, 00 дугаар байрны 00 тоотод байрлах 28,9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг У.А-д хувьчлан олгосон байх бөгөөд тус орон сууцыг хувь тэнцүү дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр У.О, Б.Т, Б.Х (У.Г 00000000 ), А.Б нар бүртгэгдсэн нь орон сууц хувьчлах тухай тогтоол, өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

А.Б, Б.Т, У.Г нар хэлцэл хийх үед насанд хүрээгүй тул тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч болох У.А нь төлөөлөн хэлцэл хийсэн гэж үзэхээр байх боловч хариуцагч У.О-гийн хувьд иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байна. Энэ тохиолдолд хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг авсан эсэх асуудал хөндөгдөнө. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн хувьд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3, 108.4 дэх хэсэгт зааснаар бусад өмчлөгчид мэдэгдэж, тэдгээрийн зөвшөөрлийг авах үүрэгтэй.” гэж дүгнэсэн.

Гэтэл Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр 2 буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно”, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна, 8.1.1-д “Эд хөрөнгө өмчлөх эрхийн”, 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно. Гэрчилгээний мэдээллийг төрийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглан авч болно.” гэж тус тус заасан байтал С.Б-, У.А нар хэлцэл хийх үед эдгээр хүмүүсийн өмчлөх эрх хуульд заасны дагуу үүссэн эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэгт авагдсан эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлгээр У.А нар  Ө сумын уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооноос 2001.04.01-ний өдөр олгосон 04 дүгээр “Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ” буюу хувьчилсан орон сууц өмчлөх эрхээ 2022.12.19-ний өдөр бүртгүүлсэн. Мэдүүлгийн бүртгүүлэх хэсэгт  “Хувьчилсан орон сууц өмчлөх эрхийг анх удаа бүртгэх” гэж бичигдсэн, мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас дахин олгогдсон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд “Улсын бүртгэлийн Ү-00000000-т бүртгэв” гэж 2022.12.19-ний өдөр Эд хөрөнгийн улсын бүртгэгч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулснаас үзэхэд У.А, А.Б, Б.Т, У.Г, У.О нар нь 2001.04.01-ний өдөр олгогдсон өмчлөх эрхээ 2022.12.19-ний өдөр Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. С.Б-, У.А нарын хооронд хэлцэл хийх үед маргаан бүхий орон сууц нь эдгээр хүмүүсийн дундын өмч гэдэг нь хууль ёсны дагуу баталгаажаагүй байсан. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүс тухайн өмчийг захиран зарцуулах талаар хэн нэгэндээ зөвшөөрөл өгөх эрх үүсээгүй байсан гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт “...зөвшөөрөлтэйгээр...” гэж заасан ба зөвшөөрлийг амаар, бичгээр өгөх талаар зохицуулаагүй. Харин давж заалдах шатны шүүх “...Гэвч хариуцагч У.А нь 00 тоот орон сууцыг нэхэмжлэгч С.Б-т худалдахдаа хамтран өмчлөгч У.О-д т мэдэгдээгүй, түүний зөвшөөрлийг авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй...” гэж дурдсан байна. Гэтэл гэрч М.С “... О гэх хүн зөвшөөрсөн байсан...” гэж мэдүүлсэн байтал зөвшөөрөл авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтуудыг үнэлээгүй. Нэхэмжлэгч С.Б-, хариуцагч У.А нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч С.Б- нь маргаан бүхий 48 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй тул шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн У.А-ыг 2004.11 дүгээр сард орон сууцыг С.Б-т худалдсан, тэр үеэс хойш орон сууцыг эзэмшээгүй, уг орон сууцанд С.Б- амьдарч байгаа үйл баримтыг 2022.08.26-ны өдрийг хүртэлх хугацаанд У.О-д  мэдээгүй байх боломжгүй бөгөөд тэрээр 18 жилийн хугацаанд У.А, С.Б- нарын хооронд хийгдсэн хэлцлийн талаар маргаж байсан баримт хэрэгт авагдаагүй ба хариуцагч нарын орон сууцыг худалдахыг зөвшөөрөөгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ биелүүлээгүй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.16-ны өдрийн 001/ШХТ2024/00589 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

8. Нэхэмжлэгч С.Б- хариуцагч У.А, А.Б, У.О, Б.Т, У.Г нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... У.А-аас 2004 онд Хэнтий аймаг, Ө сум, 1 дүгээр баг, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах 28,9 м.кв 2 өрөө орон сууцыг 2,100,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг бэлнээр төлсөн. У.А-ын дүү У.О-д  Ө суманд байгаагүйгээс гэрээг бичгээр хийж нотариатаар баталгаажуулж чадаагүй. У.А нь дүүгээ амралтаар нь ирэхэд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгнө, ямар нэгэн асуудалгүй гэсэн боловч орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй.” гэж тайлбарласан.

9. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Тухайн орон сууцыг гэр бүлийн 5 гишүүн хамтран өмчилдөг. У.А нь хамтран өмчлөгч У.О-гийн зөвшөөрөлгүй орон сууцыг худалдсан. Гэр бүлийн бусад гишүүд орон сууцаа зарахгүй гэж эсэргүүцсэн байхад У.А орон сууцыг худалдсан. С.Б-т орон сууцыг худалдах үед У.О-д  Эрдэнэтэд ажиллаж байсан. С.Б- тухайн орон сууц 5 хүний дундын өмч гэдийг мэдэж байсан ч У.О-д ээс зөвшөөрөл аваагүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлнэ....” гэж сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

10. Нэхэмжлэгч С.Б- сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...У.А хүүхдүүдээ төлөөлж шийдвэр гаргана. У.О-д тэй утсаар ярихад “... нэр байдаг болохоос надад хамааралгүй.” гэсэн. Хариуцагч нар орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийсэн 2004 оны 11 дүгээр сараас хойш хамтран өмчлөгч нарын зөвшөөрөлгүй орон сууцыг худалдсан гэж буцаан авахаар нэхэмжлэл гаргаагүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.” гэж тайлбарласан.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч У.А , У.О-д, Б.Т , У.Г, А.Б нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “... С.Б- нь У.А тай 2004 оны 11 сард амаар хэлцэл хийж, уг 2 өрөө орон сууцыг С.Б-т худалдсан, Орон сууц хувьчлалын товчооны 2001.03.30-ны өдрийн 4 тоот тогтоолоор У.А д хувьчилсан бөгөөд хувьчлагдсан орон сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдэд У.А , У.О-д , Б.Т, Б.Х , Б.Б гэж бичигдсэн. У.А нь дээрх 2 өрөө орон сууцыг С.Б-т шилжүүлэн өгснөөс хойш дээрх хэлцлээсээ татгалзсан, эсхүл орон сууцыг буцаан авахаар нэхэмжлэгчид болон бусад эрх бүхий байгууллагад хандсан баримтгүй байна. 2004.11 дүгээр сараас хойш орон сууцыг У.А эзэмшээгүй, харин уг орон сууцанд С.Б- амьдарч байгаа үйл баримтыг У.О-д  мэдээгүй байх боломжгүй бөгөөд тэрээр дээрх 18 жилийн хугацаанд У.А , С.Б- нарын хооронд хийгдсэн хэлцлийн талаар маргаж байсан баримтгүй тул У.О-д ийг зөвшөөрсөн гэж үзнэ. У.А нь 2004 онд орон сууцыг худалдсан үйл баримтаа баталгаажуулж, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг С.Б-т биет байдлаар нь өгсөн атлаа 2022 онд орон сууц хувьчлах эрхийн гэрчилгээг нөхөж авснаар түүний 2004 онд С.Б-тэй хийсэн хэлцэл үгүйсгэгдэх боломжгүй, У.А нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бусдад худалдсан үйлдэлд худалдан авагчийг буруутгах үндэслэлгүй, хувьчилсан, улсын бүртгэлд бүртгэгдээгүй орон сууцыг С.Б- худалдан үеэсээ хойш амьдарч байгаа үйлдлийг хууль бус эзэмшил гэж үзэхгүй, зохигчдын хооронд гэрээний харилцаа үүссэн 2004 оны 11 дүгээр сараас тооцоход хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.” гэж дүгнэжээ.

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “... хэлцэл хийгдэх цаг хугацаанд маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч буюу хариуцагч А.Б , Б.Т , У.Г   нар насанд хүрээгүй, тэдгээрийг хууль ёсны төлөөлөгч болох У.А нь төлөөлөн хэлцэл хийсэн гэж үзэхээр байх боловч хариуцагч У.О-гийн хувьд иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байна. Энэ тохиолдолд хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг авсан эсэх асуудал хөндөгдөнө. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн хувьд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3, 108.4 дэх хэсэгт зааснаар бусад өмчлөгчид мэдэгдэж, тэдгээрийн зөвшөөрлийг авах үүрэгтэй. Хариуцагч У.А орон сууцыг нэхэмжлэгч С.Б-т худалдахдаа хамтран өмчлөгч У.О-д т мэдэгдээгүй, түүний зөвшөөрлийг авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч С.Б-, хариуцагч У.А нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч С.Б маргаан бүхий 48 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй.” гэж үзжээ.

13. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв хэрэглэсэн эсэх талаар гаргасан хяналтын гомдлын хүрээнд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэлэлцүүлэв.

14. Хэргийн баримтаас үзэхэд, нэхэмжлэгч С.Б- нь Хэнтий аймаг, Ө сум, 1 дүгээр баг, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны үнэ 2,100,000 төгрөгийг хариуцагч У.А д төлсөн, нэхэмжлэгч орон сууцанд 2004 онд нүүн орсноос хойш орон сууцыг эзэмшиж ашиглаж, ашиглалтын зардлыг төлж байсан,

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хариуцагч Ц.А-д 2022.11.08-ны өдрийн 1104 тоот Орон сууц эзэмших эрхийн бичиг олгосон, Хэнтий аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2022.12.14-ний өдрийн 01 тоот тогтоолоор У.А д өмнө нь хувьчлагдсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нөхөн олгохоор шийдвэрлэсэн, улмаар 2022.12.14-ний өдөр улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэж, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон зэрэг үйл баримтууд тогтоогдсон. 

15. Давж заалдах шатны шүүх орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийх үед хамтран өмчлөгч буюу хариуцагч А.Б, Б.Т , У.Г   нар насанд хүрээгүй байсан, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч болох У.А нь төлөөлөн хэлцэл хийсэн талаар зөв дүгнэсэн. Харин хариуцагч У.А нэхэмжлэгч С.Б-т орон сууцыг худалдахаар хамтран өмчлөгч У.О-д мэдэгдсэн талаар тайлбар гаргасан байхад зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах гол нөхцөл гэж үзсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг зөв дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж, улмаар мөн зүйлийн 56.5-д заасныг баримталж хариуцагчийн эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх нь үндэслэлтэй гэж үзсэн нь хуульд нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгоно.  

16. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээнэ. 

17. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний суурь хэлцэл буюу үүргийн хэлцэл байгуулагдсан, өөрөөр хэлбэл, хариуцагч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, нэхэмжлэгч үнийг төлж эд хөрөнгийг шилжүүлэн авах хүсэл зоригоо хэн аль нь бүрэн илэрхийлж тохиролцсон тул зохигчийн хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан бөгөөд гэрээ үүргийн хэлцлийн хувьд хүчин төгөлдөр гэж үзнэ.

18. Харин зохигчийн хооронд бичгээр худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй боловч хариуцагч нэхэмжлэгчийн 2004 оноос хойшхи хугацаанд орон сууц эзэмшсэн байдлыг ямар нэг баримт, үндэслэлээр үгүйсгэж, няцаагаагүй, хариуцагч У.О-д  нь орон сууцыг нэхэмжлэгчид худалдсан үйл баримтыг мэдсэн үеэс хойш өмчлөх эрх зөрчигдсөн талаар шаардлага гаргаж байгаагүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. 

Хариуцагч У.А нь “... С.Б-т байраа зарахаар шийдэхэд дүү болон хүүхдүүд маань эсэргүүцэхэд ... дүүгээ загнаж хүүхдүүдээ зодож тэдний үгэнд орохгүй байраа зарсан, тэр үед дүү маань утсаар ярьж надгүйгээр зарж болохгүй гэж сануулдаг байсан...” гэж тайлбарласан. У.О-д  “намайг байхгүй үед У.А байрыг бусдад худалдсан ба эгчтэйгээ утсаар ярьж худалдахгүй гэж эсэргүүцсэн боловч хүлээж аваагүй...” гэсэн тайлбар гаргасан бол гэрч М.С “...би У.А тай 2003-2004 онд 1 жил гаран хамт амьдарсан, У.А нь С.Б-т байраа 2,100,000 төгрөгөөр зарсан... У.О-д  гэж хүн зөвшөөрсөн. ...” талаар мөн мэдүүлсэн зэргээс үзэхэд хариуцагч У.О-д  нь маргааны зүйл болох орон сууцыг С.Б-т худалдсан үйл баримтыг мэдсэн гэж үзнэ.

Иймд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн үндэслэлээр гаргасан хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.

19. Худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж болох бөгөөд хариуцагч нь 2004 онд худалдсан орон сууцаа нэхэмжлэгчийн шилжүүлж өгсөн, гагцхүү гэр бүлийн бусад гишүүдийг оролцуулаагүй гэсэн хариуцагчийн тайлбараас үзвэл гэрээ байгуулагдсан талуудын хүсэл зориг тогтоогдсон, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

20. “Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг У.А нь надад 2004 онд эх хувиар нь өгсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч У.А , У.О-д  нарыг өмчлөх эрхээ шилжүүлэх ажиллагаа хийлгэхээр хайж, сураглаж байсан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан хийгээд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож, нэхэмжлэгчийн “...орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн, би үнийг төлөх үүргээ биелүүлсэн...” гэх тайлбар илүү үндэслэлтэй байна.

21. Нэхэмжлэгч нь ийнхүү орон сууцны үнийг төлснөөр өмчийн хэлцлийн дагуу хариуцагч нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэх ёстой байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, зохигчийн хооронд 2004 оны 11 дүгээр сард байгуулагдсан худалдах, худалдан авах хэлцлийн дагуу Хэнтий аймаг, Ө сум, 1 дүгээр баг, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.Б-ийг бүртгэхийг Хэнтий аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэснийг зөв гэж үзлээ.

22. Хариуцагч нар орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг үндэслэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч С.Б- 2022.08.26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нарын өмчлөх эрх хожим улсын бүртгэлд бүртгэгдсэн  боловч  талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч С.Б-ийн эзэмшил хууль бус гэж үзэхгүй. Энэ үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй.

23. Хуульд тусгайлан заасан бол эд хөрөнгийн зарим эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй талаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасан. Гэвч үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцлийн хүчин  төгөлдөр байдлын талаар шаардах эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй талаар хуульд тусгайлан заагаагүй тул мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хугацаа хамаарна. Гэтэл давж заалдах шатны шүүхийн “... өмчлөх эрх нь туйлын эрх бөгөөд тодорхой тохиолдолд дуусгавар болохгүй, хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, өмчлөгч хэдийд ч өмчлөгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой ...” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй болсныг дурдах нь зүйтэй.

24. Иймд хариуцагч У.А, А.Б, У.О, Б.Т, У.Г нарыг өмчлөх эрхээ хууль бусаар алдсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хууль бус, хариуцагч нар эрх зөрчигдсөн талаараа 18 жилийн хугацаанд мэдээгүй байсан гэж үзэх үндэслэлгүйн зэрэгцээ худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөлийг шилжүүлж өгөх үүрэгтэй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан үндэслэл тогтоогдсонгүй. Энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2024/00552 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/00381 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Б нь 2024.04.25-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАЯРМАА

           ШҮҮГЧИД                                                     Н.БАТЗОРИГ                       

                     Н.БАТЧИМЭГ 

                     П.ЗОЛЗАЯА

       Д.ЦОЛМОН