Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 76

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

                        нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

                        улсын яллагч Н.Анхбаяр,

                        хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нарангарав, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ

            шүүгдэгч С.Лхамаажав, Л.Дашжамц тэдгээрийн өмгөөлөгч Ж.Бариаширсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт Л.Дашжамцыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-д заасан гэмт хэрэгт С.Лхамаажав нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624001015 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:                    

1.Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 08-нд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, Сурагчдын 78-890 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Сэнгээгийн Лхамаажав /регистрийн дугаар ХЙ 72120817/,

2.Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, эгч дүүгийн хамт Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, Сурагчдын 78-890 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Лхамаажавын Дашжамц /регистрийн дугаар УИ 99021134/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Л.Дашжамц нь 2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн замд 68-17 УНН улсын дугаартай Хюьндай Соната-6 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 2.5.а.б.в-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Наранцогтыг мөргөж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан,

мөн дээрх ослыг гаргаад осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдэд,

Яллагдагч С.Лхамаажав нь 2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн замд 68-17 УНН улсын дугаартай Хюьндай Соната-6 загварын автомашиныг тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасныг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд болох Л.Дашжамцад жолоогоо шилжүүлсний улмаас явган зорчигч Н.Наранцогийг мөргөж, бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Лхамаажав нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн өдөр би машинаа засаж байсан. Би өөрөө машинаа барьж яваад шалгах боломжгүй тул хүү Дашжамцаар бариулаад явуулсан. Би цонхоор толгойгоо гаргаад явж байсан. Миний хүү хүүхэд урдуур орж ирснийг мэдээгүй. Тухайн үед би юу болсныг мэдээгүй. ”Юу болсон бэ” гэхэд “хүүхэд шүргэчихлээ” гэдгээ хэлсэн. Хүүхэд шүргэснийг мэдээд буцаад очиход байхгүй байсан. Цагдаагаас яриад “ирж уулз” гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг ороод гэмтсэн хүүхэд болон аавтай нь уулзсан. Тухайн үед тэр даруй зогсоогүй. Хүүхдэдээ машинаа бариулсандаа харамсаж байна...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...ийм зүйл болсонд харамсаж байна...би хүү Дашжамцаар автомашин жолоодуулсан нь миний буруугаас болсон …” гэсэн мэдүүлэг /хх-79-82/,

 

Шүүгдэгч Л.Дашжамц нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн өдрийн орой аав машинаа янзалж байна. Машинаа “чагная” гээд намайг машин барихыг зөвшөөрсөн. Тэр үед би хүүхэд шүргэсэн. Аавд энэ тухай хэлэхэд жоохон явж байгаад “зогсчих” гэж хэлсэн. Тэгээд буцаад аавд жолоогоо шилжүүлээд хэргийн газар ирэхэд хүүхэд байгаагүй...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Ийм зүйл болсонд маш их харамсаж байна. Би жолооч биш учраас Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй. Намайг аав “машин бариад яв” гэхээр нь би машиныг жолоодож явсан …” гэсэн мэдүүлэг /хх-79-82/,

 

Насанд хүрээгүй хохирогч Н.Наранцогийн “...2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой найз Баасандоржийн хамтаар 19 цагийн орчимд сагс тоглож байгаад ээжийг тосохоор автобусны буудал орохоор найзынхаа хамт явсан. Автобусны буудал очих гэж яваад зам хөндлөн гарахаар болсон...Би зам хөндлөн алхаад гарах үед миний зүүн гар талаас машин ороод ирсэн. Би тэр машиныг хараад тэр чигээрээ зугтаах гээд шууд замынхаа нөгөө тал руу гүйх үед зам дээр тоормос гишгээд чихрах дуу гараад намайг мөргөсөн...Би мөргүүлээд өнхрөөд замынхаа нөгөө талд гарсан байсан...Машинаас хүн бууж ирээгүй тэр чигээрээ хот тал руугаа зугтаагаад явчихсан... Над дээр нэг ах машинтайгаа ирээд ахын дүү чамайг машин мөргөсөн үү гээд араас нь машинтайгаа явсан....Тэгээд аав ирээд гэмтлийн эмнэлэг явсан. Суудлын жижиг машин байсан. Хар өнгөтэй байсан. Гадаа харанхуй байсан. Замын хажуу талын гэрэл асаж байсан. Машин их хурдтай орж ирсэн. Машин дуут дохио өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх-16,17/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нарангарав нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Энэ осолд орсноос хойш Наранцог нь дархлаа муутай байнга өвдөж байгаа. 3.350.400 төгрөг нэхэмжилж байгаа. Баримтууд нь хэрэгт байгаа гэв....” гэв,

түүний мөрдөн байцаалтад өгсөн “…Гэмтлийн эмнэлэгт хоёр хоног хэвтэж байгаад гэртээ гарсан. Одоо гэртээ хэвтрийн дэглэм барьж байгаа. Аарцаг ясны хоёр хугаралтай. Ээжийг тосох гэж байгаад машинд мөргүүлсэн байсан. Гэмтлийн эмнэлэгт байсан. Явган хүний гарц байдаггүй... Нөгөө машин нь зогсоод жолооч нь бууж ирээгүй шууд зугтаагаад яваад өгсөн гэж байсан. 73.200 төгрөгийг жолоочийн талаас төлсөн. Өөр мөнгө төгрөг өгөөгүй. Гомдолтой байна. Одоо гарч байгаа болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Эмчилгээ хийх шаардлагатай байгаа. Би...дүүгээ асрахаар ажлаасаа цалингүй чөлөө аваад ирсэн. Манай аав бие муутай болохоор явж чадахгүй байгаа, ээж ганцаараа ажил хийдэг болохоор завгүй учраас намайг энэ хэрэгт дүүгийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-21/,

 

С.Лхамаажавын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн “…Л.Дашжамц жолооны үнэмлэхгүй. 17 настай, насанд хүрээгүй. Тухайн орой манай хүү Дашжамц машиныг жолоодож явахдаа 11 настай эрэгтэй хүүхэд мөргөсөн. Би хүүдээ машин жолоодож явахыг зөвшөөрсөн юм. Явган хүний гарц байгаагүй. Зам гулгаатай байсан. Гадаа харанхуй болсон байсан. Машин гэрлээ асаасан явсан. Ойрын гэрэлтэй явсан. Замын хажуу талын гэрэлтүүлэг асаж байсан. Хүүхэд миний баруун гар талаас зам хөндлөн ганцаараа гэнэт орж ирээд машины зүүн урд хэсэгт мөргүүлээд унасан. Би “юу болов” гээд хүүхдээсээ асуухад манай хүүхэд “хүүхэд урдуур орж ирээд шүргүүлчихлээ” гэж хэлэхээр нь би жаахан яваад зогсчих гээд 50-60 орчим метр газар яваад зогссон. Манай хүүхэд ослын газраас хөдлөж яваагүй, би хүүхдээ явчих гээд явуулчихсан юм. Миний буруугаас боллоо...” гэсэн мэдүүлэг /хх-36/,

 

Гэрч Энхбатын “…Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлх захын орчимд “68-17 УНН улсын дугаартай автомашин хүүхэд мөргөөд зугтаагаад явчихлаа осол хэргийн газарт яаралтай явж оч” гэж хэлсний дагуу хэргийн газарт явж очиход автомашинд мөргүүлсэн гэх хүүхэд замынхаа зүүн талд байдаг дэлгүүрт байсан. Би машины дугаараар шүүж үзэхэд Лхамаажав гэж хүн машины эзэмшигч гарахаар нь...гар утас руу залгаад “та Бэлх захын орчимд машинтай явж байгаад хүүхэд мөргөсөн үү” гэж асуухад “тиймээ би ойрхон байна яваад очих уу” гэхээр нь “хүрээд ир” гэж хэлсэн. 30 орчим минутын дараа Лхамаажав машинтайгаа хүүхдийнхээ хамт ирсэн. Зам гулгаатай, цастай байсан. Замын хажуу талын гэрэл асаж байсан. Хүүхэд мөргөх үед машиныг Лхамаажавын хүүхэд барьж явсан гэж байсан. Би эхлээд Лхамаажав руу утсаар залгаж ослын талаар асуусан…” гэсэн мэдүүлэг /хх-54/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Баасандоржийн “…Наранцог баруунаас зүүн тийшээ зам хөндлөн гүйхэд хойноос хар өнгийн суудлын автомашин Наранцогийг мөргөж замын зүүн талд унагаачхаад зогсоогүй урагшаа зугтаагаад явсан. Явган хүний гарц, гэрэл дохио байгаагүй. Гадаа харанхуй болсон байсан. Замын хажуугийн гэрэл асаж байсан. Хөдөлгөөн их байсан. Машин их хурдтай хойноосоо орж ирсэн. Машин зогсоогүй шууд урагшаа  зугтаагаад явсан. Машины дугаарыг хараагүй, ямар машин байсныг мэдэхгүй байсан, суудлын автомашин байсан. Зүүн талд нөгөө талд замын хажууд унасан. Дуут дохио өгөөгүй. Зам гулгаатай байсан…” гэсэн мэдүүлэг /хх-38-39/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1463 тоот актын “...Н.Наранцогийн биед аарцагийн цагиргийн хэлбэр алдагдсан, зүүн талын сүүжний тогооны урд багана доод хэсэгтээ ясны жижиг хэмжээний сэлтэрхий бүхий зөрүүтэй, мөн талд умдаг ясны доод салаа зөрүү ихтэй хоёрлосон, суудал яс хугарал хооронд зөрүүтэй хугаралтай, хугарлуудын эргэн тойрны булчингуудад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, симфиз үений харьцаа алдагдан, симфиз үений зайгаар зөрүүтэй салалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-59/,

 

Техникийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ¹556 тоот актын “…68-17 УНН улсын дугаартай Хюьндай Соната-6 маркийн жолооч Л.Дашжамц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм: 2. Жолоочийн үүрэг: 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...68-17 УНН улсын дугаартай Хюндай Соната-6 маркийн жолооч С.Лхамаажамц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм: 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх;…” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх-69, 70/,

 

Осол, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-8/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6/, Согтолтын зэрэг шалгасан баримт /хх-9/, тэврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-18/, эмчилгээний зардлын баримтууд /хх-25-31/, Виндо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-126, 127/, шинжээчийн дүгнэлт /59/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-69-70/, шүүгдэгч Л.Дашжамцын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-99-113/, шүүгдэгч Л.Дашжамц, С.Лхамаажав нарын иргэний үнэмлэхний лавлагаа,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-95,96, 114, 115/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-128/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-98, 116/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /133-136/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Л.Дашжамц нь 2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн замд 68-17 УНН улсын дугаартай Хюьндай соната-6 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. \тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх\ гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч насанд хүрээгүй Н.Наранцогийг мөргөж бие махбодид нь “...аарцагийн цагиргийн хэлбэр алдагдсан, зүүн талын сүүжний тогооны урд багана доод хэсэгтээ ясны жижиг хэмжээний сэлтэрхий бүхий зөрүүтэй, мөн талд умдаг ясны доод салаа зөрүү ихтэй хоёрлосон, суудал яс хугарал хооронд зөрүүтэй хугаралтай, хугарлуудын эргэн тойрны булчингуудад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, симфиз үений харьцаа алдагдан, симфиз үений зайгаар зөрүүтэй салалт…” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан,

мөн дүрмийн 2.5-д заасан “…Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх…” гэсэн үүргээ биелүүлээгүй зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь дээр дурдсан насанд хүрээгүй хохирогч Н.Наранцог, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Нарангарав, гэрч Энхбат, насанд хүрээгүй гэрч Б.Баасандорж нарын мэдүүлэг, шүүгдэгч С.Лхамжавын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1463 тоот актын дүгнэлт, Техникийн шинжээчийн ¹556 тоот дүгнэлт, Осол, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Л.Дашжамцын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,   

Шүүгдэгч С.Лхамаажав нь 2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн замд 68-17 УНН улсын дугаартай Хюьндай Соната-6 загварын автомашиныг тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасныг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд болох Л.Дашжамцад жолоогоо шилжүүлсний улмаас явган зорчигч Н.Наранцогийг мөргөж, бие махбодид хүнд гэмтэл учруулсан болох нь дээрх дурдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хохирогчийн хууль төлөөлөгч Н.Нарангаравын мэдүүлэг, зам тээврийн осол, хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн ¹1463 тоот акт, Техникийн шинжээчийн №706 тоот дүгнэлт, шүүгдэгч С.Лхамаажавын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгасан байна.

Шүүгдэгч Л.Дашжамцын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, мөн шүүгдэгч С.Лхамаажавын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, прокуророос тэдгээрийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

Иймд шүүгдэгч Л.Дашжамцыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, мөн зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

 

шүүгдэгч С.Лхамаажавыг Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний бие мах бодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Дашжамц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр зүйлд заасан хоёр гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн алинд нь ял шийтгүүлээгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хэрэг тус бүрт нь ял оногдуулж, хэрэг тус бүрт оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор заримыг нь нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтоосон болно.

Шүүгдэгч Л.Дашжамц, С.Лхамаажав нарын үйлдэлд ял хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээ болон бусад зардалд нийт 3.351.400 төгрөг нэхэмжилснээс шүүх эм тарианы зардал 371.600 төгрөг, бензин шатахуун, унааны зардал 173.100 төгрөг, 1 сар сүү хэрэглэсний зардал 36.700 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг нийт 1.081.400 төгрөгийг шүүгдэгч Л.Дашжамц, С.Лхамаажав нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн “ээжийн ажлаасаа чөлөө 1 сарын цалин 470.000 төгрөг, хөдөөнөөс дүүгээ асрахаар ирсэн унааны зардал 96.000 төгрөг, хохирогч Наранцогийн хичээл хоцрогдлыг нөхөн зардал 504.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Нарангаравын 2 сарын цалин 1.200.000 төгрөг, нийт 2.270.000 төгрөг”-ийг шүүх энэ удаа шийдвэрлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх нэхэмжлэлтэй холбогдох баримтыг хэрэгт бүрэн гүйцэд гаргаж өгөөгүй байна. 

Иймд хохирогч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Энэ хэрэгт мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор битүүмжлэгдсэн Бичил глобус ББСБ-н эзэмшлийн 68-17 УНН улсын дугаартай “Хюьндай соната-6” маркийн автомашиныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч Л.Дашжамц, С.Лхамаажав нар нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Лхамаажавын Дашжамцыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Сэнгээгийн Лхамаажавыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дашжамцыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэг зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч С.Лхамаажавд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дашжамцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Дашжамцад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч С.Лхамаажав нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дашжамцаас 540.700 төгрөгийг, шүүгдэгч С.Лхамаажаваас 540.700 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нарангаравт олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хохирогч “Бичил глобус” ББСБ-н эзэмшлийн 68-17 УНН улсын дугаартай Хюьндай соната-6 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Л.Дашжамц, С.Лхамаажав нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Л.Дашжамц, С.Лхамаажав нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх хорих ялыг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий   этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Дашжамц, С.Лхамаажав нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        З.БОЛДБААТАР