Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1031

 

 

 

 

 

 

      2020           8             13                                      2020/ДШМ/1031

 

 

                              Б.У, Б.Б нарт холбогдох

                                                       эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.У, Б.Б нарын өмгөөлөгч Б.Баярсайхан,

нарийн бичгийн дарга  Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу  даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1325 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 35 дугаартай прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Б.У, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1903013090009 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овогт Б.Б, 1969 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, вагоны үйлчлэгч  мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын суудлын вагон депод вагоны үйлчлэгчээр  ажиллаж байсан, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 36 дугаар гудамжийн 477В тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ХЛ69102861/;

 

2. Жалир овогт Б.У, 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, вагоны үйлчлэгч  мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын суудлын вагон депод вагоны үйлчлэгчээр  ажиллаж байсан, ам бүл 5, эх, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 7-175 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЦЗ91032201/;

        

Шүүгдэгч Б.Б, Б.У нар нь бүлэглэж, 2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Улаанбаатар Төмөр зам”-ын Зорчигч вагон депогийн хашаанд Улаанбаатар-Эрээн чиглэлд аялахаар зэхэлт хийж байсан суудлын 34 дүгээр галт тэрэгний 520 дугаар вагонд 412 төрлийн түүх, соёлын дурсгалт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Б, Б.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.У, Б.Б нарт холбогдох хэргийг тус шүүх 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгчийн 2020/ШЗ/445 дугаартай захирамжаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Шүүгчийн уг захирамжид прокурор эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ДШМ/481 дугаартай магадлалаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааснаас хойшхи хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгчийн захирамжийн заалт бүрэн биелэгдсэн гэхэд учир дутагдалтайгаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2020./ШЗ/445 дугаартай шүүгчийн захирамжид:  “...түүх, соёлын дурсгалт зүйлсийг вагоны үйлчлэгч нар өөрсдөө улсын хилээр хууль бусаар нэвтрүүлнэ гэхээс илүүтэйгээр хэний захиалгаар энэ гзмт хэргийг үйлдэх болов гэдгийг шалгаж тогтоох, өөрөөр хэлбэл гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхой болгон, үүнд гэмт хэргийн зохион байгуулагч, гүйцэтгэгч байх ёстой”, “...хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл түүх, соёлын дурсгалт зүйлс нь ХҮIII-XX зууны бүтзэл хамрагдах бол чухам эдгээр бүтээлүүдийг чөлөөтэй зарж борлуулж болдог эсэх, хаанаас яаж, ямар байдлаар олж авсан гэдэг эх сурвалжийг нь олох, цаашлаад тухайн эд зүйлсийг төрлийн шинжээр нь ялгаж, үнэлгээг гаргаж, шалгавал зохино”, 64 ширхэг судраас бусад эд зүйлсийн талаарх эх сурвалжийг тодорхой болгох нь зүйтэй” гэж заасан. Дээрх шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч эсэрүүцэл бичиж, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаанаар “...хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл түүх, соёлын дурсгалт зүйлс нь ХҮШ-ХХ зууны бүтээл хамрагдах бол чухам эдгээр бүтээлүүдийг чөлөөтэй зарж борлуулж болдог эсэх, хаанаас яаж, ямар байдлаар олж авсан гэдэг эх сурвалжийг нь олох, цаашлаад тухайн эд зүйлсийг төрлийн шинжээр нь ялгаж, үнэлгээг гаргаж, шалгавал зохино”, “...64 ширхэг судраас бусад эд зүйлсийн талаарх эх сурвалжийг тодорхой болгох нь зүйтэй” гэсэн заалтуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нехөн гүйцэтгэх шаардлагагүй. Харин “...түүх, соёлын дурсгалт зүйлсийг вагоны үйлчлэгч нар өөрсдөө улсын хилээр хууль бусаар нэвтрүүлнэ гэхээс илүүтэйгээр хэний захиалгаар энэ гэмт хэргийг үйлдэх болов гэдгийг шалгаж тогтоох, өөрөөр хэлбэл гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхой болгон, үүнд гэмт хэргийн зохион байгуулагч, гүйцэтгэгч байх ёстой” гэсэн заалтыг хангах шаардлагатай гэж үзсэн билээ. /жич: энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны дүрс бичлэгт тусгагдаж, авагдсан болно/. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ДШМ/481 дугаартай Магадлалд “Шүүгдэгч болон гэр нарын мэдүүлгээр БНХАУ-ын иргэн Мандал гэх хүний цуглуулсан түүх соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн нөхцөл байдал авагдсан боловч Мандал нь улсын хилээр гарсан болох нь тогтоогджээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг, мөн хуулийн 3.2 дугаар зүйлд гэмт хэргийн гүйцэтгэгч, 3.3 дугаар зүйлд гэмт хэргийн зохион байгуулагчийг, 3.4 дүгээр зүйлд гэмт хэргийн хатгагчийг, 3.5 дугаар зүйлд гэмт хэргийн хамжигчийг тус тус тодорхойлжээ.

Иймд шүүгдэгч Б.У, Б.Б нар нь гэмт хэргийн гүцэтгэгч, хатгагч хамжигчийн аль нь болохыг тодорхой дүгнэж, хэргийн үйл баримтад Мандалын цуглуулсан түүх соёлын дурсгалт зүйлийг улсын хилзэр нэвтрүүлэхийг завдсан талаар тодорхой дүгнэж яллах дүгнэлт үйлдэх нь хуульд нийцнэ” гзсэн заалтын дагуу, БНХАУ-ын иргэн Мандал гэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 200300320 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн тасагт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Яллагдагч Б.У нь бусадтай бүлэглэн түүх, соёлын дурсгалт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх хэрэгт “энэ гэмт хэргийг өөрөө үйлдсэн буюу гэмт хэргийн гүйцэтгэгчээр” оролцсон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Б.Б нь бусадтай бүлэглэн түүх, соёлын дурсгалт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх хэрэгт “Б.Уийг санаатай гэмт хэрэгт татан оруулсан буюу гэмт хэргийн хатгагчаар” оролцсон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол”-д өөрчлөлт оруулж, яллагдагчаар татан тогтоолыг яллагдагч нарт танилцуулан мэдүүлэг авч, яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн заалтыг биелүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотлогдвол зохих байдлыг бүтэн шалгаж тогтоосон, Б.У, Б.Б нарт холбогдох хэргийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

           

            Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 2020/ШЗ/1325 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч Б.У, Б.Б нарын өмгөөлөгч Б.Баярсайханаас тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжаар хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж гэмт хэргийн гүйцэтгэгч, захиалагчийг тодруулах, бусад хүмүүст ял завшуулж байгаа эсэх, эд зүйлсийг төрлөөр нь биш  нэг бүрчлэн үнэлэх, түүхийн үнэт зүйлсийг худалдан борлуулж байгаа эх сурвалжийг олж тогтоох гэсэн нэмэлт ажиллагаануудыг хийх шаардлагатай гэж дүгнэсэн. Үүнийг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Прокуророос нэмэлт ажиллагаа хийхдээ миний үйлчлүүлэгч Б.Б, Б.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан ял өөрчлөн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хяналт тавьсан прокурор оролцоогүй, өөр прокурор оролцсон. Шүүх өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, магадлалд дурдсан ажиллагаанууд хийгдээгүй гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан. Миний үйлчлүүлэгч нар болон бусад хүмүүст анхааруулах зорилгоор эсхүл шүүгдэгч нар гэм буруугаа хүлээсэн гэх үндэслэлээр хэргийг гүйцэтгэсэн 2 хүнийг шийтгэсэн болж хэргийг хаах зорилготой гэж үзэж байна. Мандула гэх хүнийг олж илрүүлэх талаар ямар ажиллагаа хийж байгааг мэдэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлгүй байна. Учир нь:

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд  “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 481 дугаартай магадлалд заагдсан заалт бүрэн биелэгдээгүй нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ.

 

Гэхдээ тус шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалын чухам ямар заалт хэрхэн яаж биелэгдээгүй талаар дүгнээгүй учраас захирамж  тодорхой, ойлгомжтой, хууль ёсны гарсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 сарын 16-ны 481 дугаартай магадлалд “шүүгдэгч Б.У, Б.Б нар нь гэмт хэргийн гүйцэтгэгч, хатгагч, хамжигчийн аль нь болохыг тодорхой дүгнээгүй, мөн БНХАУ-н иргэн Мандал гэгч нь хилээр гарсан болох нь нотлогдож байх боловч энэ хэрэгтэй холбогдуулан ажиллагаа хийгдээгүй” талаар тусгажээ.

 

Энэ магадлалын дагуу  БНХАУ-ын иргэн WULIJIMANDULA-д /Мандал/ гэгчид тухайн гэмт хэргийг зохион байгуулсан гэх үндэслэлээр 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 200300320 дугаартай  хэргийг Тээврийн прокурорын газраас  нээж, хэргийг тусгаарласан байна. /3хх 64/

 

Мөн прокуророос яллагдагч Б.У нь бусадтай бүлэглэн түүх, соёлын дурсгалт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх хэрэгт “энэ гэмт хэргийг өөрөө үйлдсэн буюу гэмт хэргийн гүйцэтгэгчээр” оролцсон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Б.Б нь бусадтай бүлэглэн түүх, соёлын дурсгалт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх хэрэгт “Б.Уийг санаатай гэмт хэрэгт татан оруулсан буюу гэмт хэргийн хатгагчаар” оролцсон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол”-д өөрчлөлт оруулж, яллагдагч нараас мэдүүлэг авч, яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн заалт биелэгдсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар анхан шатны шүүх хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор яллах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүх хуралдаанд шаардлагатай оролцогчдыг оролцуулан  хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1325 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Б, Б.У нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б, Б.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ШҮҮГЧ                                                  Б.БАТЗОРИГ

 

                          ШҮҮГЧ                                                   Д.МЯГМАРЖАВ

 

                         ШҮҮГЧ                                                  О.ЧУЛУУНЦЭЦЭГ