Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2016/1023/з |
Дугаар | 221/МА2017/0164 |
Огноо | 2017-02-23 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2017/0164
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэнгийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Өлзийхоролын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 5 дугаар зүйлийн 5.1.1, 11 дүгээр зүйлийн 11.4, 159 дүгээр зүйлийн 159.1, 159.4, 160 дугаар зүйлийн 160.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Өлзийхоролын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан тус Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулах тухай” 62 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн давж заалдах гомдолдоо: “...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу хэрэглэсэн.
Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрт “Нэгэнт Х.Өлзийхоролын төлөөлөгчийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдсөний дараа нэр дэвшигчийнх нь нэрийн жагсаалтаас хассан үндэслэл нь хууль бус, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассаны улмаас үүсэх хууль зүйн үр дагавар буюу дахин сонгууль явуулахаар зарласныг зөвтгөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэн, Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.13, 159 дүгээр зүйлийн 159.4, 160 дугаар зүйлийн 160.4, 163 дугаар зүйлийн 163.2-т заасныг тус тус зөв тайлбарлан хэрэглээгүй.
Х.Өлзийхорол нь сонгогчдын саналыг татах зорилгоор сонгогчдод мөнгө тараасан болохыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “3ахиргааны шийтгэл ногдуулах тухай” 82 дугаар захирамжаар тогтоож, нэр дэвшигч Х.Өлзийхоролыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу 192000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Иймээс Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй.
Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 70.5-д “Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд зөрчлийн хэлбэрүүдийг тодорхойлжээ.
“Эрх бүхий этгээд” гэдэгт мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан сонгуулийн штабын бүрэлдэхүүнд нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч нар бүгд хамаарахаар байна. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасан “сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд” гэдэгт нэр дэвшигч Х.Өлзийхорол хамаарч байна.
Нэр дэвшигч Х.Өлзийхорол хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан болох нь нэгэнт тогтоогдсон тул нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулах эрх зүйн үр дагавартай.
Иймд шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр, нэхэмжлэгч Х.Өлзийхоролын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Учир нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно...”, 163 дугаар зүйлийн 163.2-т “Дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна” гэж зааснаар хариуцагчид нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах, дахин сонгууль явуулах шийдвэр гаргах эрх олгогдсон хэдий ч ийнхүү нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах хуульд заасан үндэслэлийн нэг болох мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан зөрчил нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх ёстой.
Гэтэл нэхэмжлэгч Х.Өлзийхоролыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, улмаар түүний төлөөлөгчөөр сонгогдсон тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны тогтоолын үндэслэл болох мөн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 82 дугаар захирамж нь маргаан бүхий актыг гарах үед хуулийн хүчин төгөлдөр болоогүй байжээ.
Тодруулбал, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэр дэвшигч Х.Өлзийхоролыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан мөнгө, эд зүйл тараах зөрчил гаргасан болохыг тогтоож, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.15-д заасны дагуу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байх боловч мөн захирамжид гомдол гаргах хуулийн хугацаа дуусаагүй байсан учир нэхэмжлэгч сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоосон буюу нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах хуульд заасан үндэслэл бүрдсэн гэж үзэхгүй.
“Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно” гэж Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д тодорхой заасан байхад хариуцагч шийдвэрийнхээ үндэслэл болж буй шүүгчийн захирамжийг хуулийн хүчин төгөлдөр болсон эсэхийг анхаараагүй буруутай байна.
Иймээс хариуцагч Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй шийдвэрт үндэслэн нэр дэвшигч Х.Өлзийхоролыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, улмаар түүний төлөөлөгчөөр сонгогдсон тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул “шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН