Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2016/0744/З/ |
Дугаар | 405 |
Огноо | 2017-10-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 405
Ж.Х-гын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагч Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0244 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2017/0464 дүгээр магадлалтай, Ж.Х-гын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хариуцагч Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0244 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 351 дугаар зүйлийн 351.1.4, 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/1285 дугаар албан бичгийн 6 дахь хэсэг буюу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалга хүргүүлснийг, Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт зарласныг тус тус хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0464 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0244 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Ж.Х-г Засгийн газрын 2013 оны 233 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд түүнээс хойш 2014 онд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах тухай Монгол Улсын хууль батлагдаж Эрүүл мэндийн яам татан буугдан Эрүүл мэнд, спортын яам шинээр байгуулагдсан болно. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4-т зааснаар хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарснаар татан буугдахаар хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл дээрх тохиолдолд байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн бус шинээр хуулийн этгээд бий болсон гэж үзэж байна.
2016 онд Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай Монгол Улсын хууль батлагдаж Эрүүл мэнд, спортын яамыг татан буулгаж, Эрүүл мэндийн яамыг шинээр байгуулсан бөгөөд хууль тогтоомжид заасны дагуу шинээр байгуулагдсан яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэд сонгон шалгаруулалтыг зарласан. Энэхүү сонгон шалгаруулалтад иргэн Ж.Х оролцох эрх нь нээлттэй байсан. Ж.Х-г хэдий дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 2739/с дүгээр шийдвэрээр ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон ч тухайн байгууллага нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр татан буугдсан болох нь холбогдох нотлох баримтаар бүрэн нотлогддог.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж буй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хянавал:
Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Шүүхийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан байна.
Нэхэмжлэгч Ж.Х нь “намайг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгасан шүүхийн шийдвэр гарсан, шийдвэрийг биелүүлэх байтал уг албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулах захиалга өгч, сонгон шалгаруулалт зарласан нь илт хууль бус” гэж маргаж, Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарласан үйл ажиллагааг хүчингүй болгох, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/1285 дугаартай албан бичгийн 6 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с шийдвэрээр Ж.Х-гын Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ж.Х-г Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийн үндсэн дээр шүүхээс бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, уг ажиллагааг явуулсан байх ба шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиудаар Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эрүүл мэнд, спортын яамыг байгуулан ажиллуулахаар тогтоосон учир Засгийн газрын бүтцэд байхгүй Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Ж.Х-г “шүүхийн шийдвэр”-ийн дагуу эгүүлэн томилох боломжгүй талаар 2015 онд мэдэгдэж шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй өдий хүрсэн ба шүүхийн уг шийдвэр гүйцэтгэгдэх боломжгүй болсон гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үзээгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хууль, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай мөн өдрийн хуульд зааснаар Засгийн газрын бүтцэд “Эрүүл мэндийн яам” ажиллахаар тогтоосон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 780 дугаартай албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “шүүхийн шийдвэрийг биелүүлж, Ж.Х-г өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох талаар мэдэгдсэн, Засгийн газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар тогтоолоор чөлөөлсөн зэргээс үзвэл “шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байсан” гэх шалтгаан /арилсан/, нөхцөл байдал /өөрчлөгдсөн/ гэж үзэхээр байна.
Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан гэж үзэх үндэслэл байхгүй байхад хариуцагч Засгийн газар түүний Хэрэг эрхлэх газар нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын томилгоог хийхээр “сонгон шалгаруулалт”-ын захиалга өгсөн нь Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан Засгийн газрын “хууль дээдлэх, хууль биелүүлэх” үйл ажиллагааны үндсэн зарчим, чиг үүрэгт нийцэхгүй гэж үзнэ.
Түүнчлэн хариуцагч Төрийн албаны зөвлөл нь “маргаан бүхий орон тоо”-нд нэхэмжлэгч Ж.Х-г эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдээгүй болохыг, энэ тухай гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч “шийдвэрлүүлэх”-ээр Засгийн газарт хандаж байсан атлаа уг албан тушаалын “сул орон тоо гарсан” гэж үзэж сонгон шалгаруулалтын захиалга өгсөн Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч улмаар “сонгон шалгаруулалт” явуулахаар зарласан нь тус байгууллага Төрийн албаны тухай хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйл ажиллагаа болжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд “сонгон шалгаруулалт” зарласан Төрийн албаны төв байгууллагын шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжсэн хэдий ч нэхэмжлэгчийн хувьд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий албан тушаалын орон тоонд ажиллах ашиг сонирхол нь хэвээр учир анхан болон давж заалдах шатны шүүх уг актыг /үйл ажиллагаа/ хууль бус байсныг тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасантай нийцсэн байна.
Хариуцагч Засгийн газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...Ж.Х-гын Төрийн нарийн бичгийн даргаар эгүүлэн тогтоогдсон Эрүүл мэндийн яам 2014 онд татан буугдсан, 2016 онд шинээр Эрүүл мэндийн яам байгуулагдсан” гэх агуулгатай гомдол нь энэ маргааны үйл баримтад хамааралгүйн зэрэгцээ 2014 онд Ж.Х-г шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хэрэгжүүлэх чиг үүрэг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын бүтцийн тухай хуулиар байгуулагдсан Эрүүл мэндийн яаманд харьяалагдан, чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой дүгнэгдсэн байна.
Иймд, нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0244 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2017/0464 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ