Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 59

 

Д.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 857 дугаар магадлалтай, 201726011136 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Д.Г нь 2017 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 41-1а тоотод хамтран амьдрагч Б.О-тэй маргалдан зодож хүнд хохирол учруулах гэмт хэрэгт холбогдож прокурооос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 857 дугаар магадлалаар 389 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар, хохирогч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Г гаргасан гомдолдоо: “... эхнэр маргалдаж миний нүүр рүү цохиж, үснээс зулгаагаад байхаар нь хоёр гар руу нь цохиод, болихгүй болохоор нь халуун тогоо аваад айлгах гээд далайсан чинь тогоо булаацалдаж бид давхралдаад унасан. Миний тогоо авч далайснаас болж эхнэр маань гэмтэл авсан гэж бодож байгаа тул энэ үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Эхнэр маань удаа дараа цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг болон шүүх хурал дээр намайг буруугүй гэж мэдүүлж байсан. Анхан шатны шүүх хурал дээр миний өмгөөлөгч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж өгөөч гэсэн хүсэлт гаргахад гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй учир энэ зүйл заалтыг хэрэглэх боломжгүй гэсэн. Миний буруутай үйлдлээс болж эхнэр маань хүнд гэмтэл авсан. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. Мөн хэргийг хуучин хуулиар шийдсэн бол хуулиас доогуур ял шийтгэх боломжтой байсныг харгалзан үзнэ үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахад Д.Г нь бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулаагүй, харин Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан байх нөхцөл харагдаж байна. Энэ байдал нь хавтаст хэргийн 39-40, 41-42, 45, 54-55 дугаар хуудсанд байгаа нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно. Хохирогчийн гэмтэл авсан гол шалтгаан нь хохирогчийн буруутай үйлдлээс болж хоорондоо маргалдан ноцолдож, халуун тогоо гэх зүйлийг булаацалдан түүн дээрээ давхаралдаж унаснаас үүдэлтэй. Эргэлзээ бүхий байдал тогтоогдвол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг шүүхээс хэрэглээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан гэж үзэж байна. Иймд хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, Эрүүгийн хуулийн 7.1 дүгэр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Мөн Д.Г-ийн хувийн байдлын талаарх гэрчийн мэдүүлгүүд нь хуулийн шаардлага хангаагүй буюу хууль зөрчсөн байгааг дурдаж байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Д.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Д.Г-т оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Г-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 41-1а тоотод хамтран амьдрагч Б.О-тэй маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Г-ийн хувьд гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг, хэзээ, хаана, ямар хугацаанд, ямар хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэнийг хөдөлбөргүй тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа бусдад хохирол учруулсан гэх 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх тул анхан шатны шүүхээс Д.Г-т холбогдох ахуйн шинжтэй маргааны улмаас хохирогч Д.О-г зодож хүнд хохирол учруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд 2 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь түүний гэм буруу, хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Д.Г нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийн үндэслэл болсон хохирогч Б.О-гийн 2017 оны 6 дугаар сарын 28-нд өгсөн “… Г уурлаад миний зүүн гарын шууны хэсэгт гараараа цохиод авахаар нь би уурлаад улам өөдөөс нь хэрэлдээд байсан чинь гэрт байсан халуун тогоо авч над руу шидэх гээд далайхаар нь нөгөөдөхийг нь булааж авах гэж давхралдаж унасан ба босож ирээд намайг дахин хоёр гар луу цохиод байсан, тэгээд би өөдөөс нь хэрэлдээд байсан чинь индүү аваад урдаас хэрэлдлээ гээд над руу шидсэн, тэгсэн тэр нь намайг оноогүй, тэгээд миний зүүн хавирганы доод хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн…” гэх мэдүүлэг /хх-7/, гэрч Ж.Даваасүрэнгийн “2017 оны 8 дугаар сарын 15-нд өгсөн “2017 оны 5 дугаар сарын 27-ны шөнө 04 цагийн орчим үүрээр унтаж байтал ээж О залгаад Г архи уугаад агсам тавиад байна гэсэн. Утсаар ярьж байхад цаана нь Г орилоод байсан… Г манай ээжийг удаа дараа зодож байсан. Тэр бүрт нь цагдаад хандаж байгаагүй..., Ээжээс болсон явдлын талаар асуухад нүүрээ хамгаалж байсан учир нүүрэндээ гэмтэл бэртэл аваагүй гэж байсан. Ээжийг эмнэлэгт аваачиж үзүүлэхэд эмч ээжийг 8 болон 9 дүгээр хавирга хугаралтай, уушиг няцралттай, битүү гэмтлүүдтэй байна гэж байсан… Ус халаагч болон цахилгаан тогоо хоёроор ээжийг Г зодсон гэж ээж Оюунгэрэл надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-46,48/, Шинжээчийн хэргийн материалаар шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн актын “Оюунгэрэлийн биед зүүн уушигны дээд дэлбэнгийн доод хэсгийн няцрал, цээжний зүүн хөндийд хий хуралт, зүүн талын 9, 10 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, уушигны авчийлт, зүүн хацар шанаа, зүүн чих, зүүн бугалга, баруун алга, зүүн тохой, зүүн шууд зулгаралт, хоёр бугалга, зүүн суганы ар, зүүн дал, зүүн гууд цус хуралт гэмтэл тогтоогдлоо… Зүүн уушигны дээд дэлбэнгийн доод хэсгийн няцрал, цээжний зүүн хөндийд хий хуралт, уушигны авчийлт гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна. Бусад нь хүндэвтэр, хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-51/, шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн мэдүүлэг зэргийг няцаан үгүйсгэх нөхцөл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатарын “Д.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Г-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг Д.Г-т хэрэглэх боломжгүй.

 Түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай ойлголт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг болгосон заалт биш бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар заалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй бөгөөд шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байх тул хэргийн зүйлчлэл болон ял хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 857 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

         

        

                         ДАРГАЛАГЧ                                                            Б.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН