Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2021/00069

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2021/00069

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Цэцэг сумын Х   багийн харъяат, 19** оны ** сарын **-нд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *, нөхөр хүүхдүүдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Б* дүүргийн * дугаар хорооны *** тоотод оршин суух, /РД:   /, Т   овогт Д   гийн Э  ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Цэцэг сумын Х   багийн харъяат, 19** оны ** сарын **-нд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой засварын мэргэжилтэй, ам бүл *, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, Улаанбаатар хот, Ч*** дүүрэг, ** дугаар хорооны *** тоотод оршин суух, /РД:   /, Б   овогт Я  ийн Б   ид холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, Ховд аймгийн Цэцэг сумын төвд байрлах дэлгүүрийн зориулалттай байрны улсын бүртгэлийн гэрчилгээг хүү Б.Чойжоогийн нэр дээр шилжүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай,

Хариуцагч Я.Б    нь нэхэмжлэгч Д.Э  т холбогдуулан хөөрөгний үнэ 30.000.000 /гучин сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э  , хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгч Д.Э   /онлайнаар/, хариуцагч Я.Б    нар /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э   шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Я.Б   той 1991 онд танилцаж 1992 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд охин Б.Уранцэцэг, Б.Чойжоо, Б.Урангоо нар төрсөн. Я.Б    2011 онд сална гэж яваад тусдаа гэр бүлтэй болсон. Иймд Я.Б   оос гэрлэлтээ цуцлуулж, Ховд аймгийн Цэцэг сумын төвд байрлах дэлгүүрийн зориулалттай байрны улсын бүртгэлийн гэрчилгээг хүү Б.Чойжоогийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан. Улмаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан юм.

...Одоо би нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна. Би шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох гэрлэлт цуцлуулах, Ховд аймгийн Цэцэг сумын төвд байрлах дэлгүүрийн зориулалттай байрны гэрчилгээг хүү Б.Чойжоогийн нэр дээр шилжүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Я.Б    шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох гэрлэлт цуцлуулах дэлгүүрийн гэрчилгээг хүү Чойжоогийн нэр дээр шилжүүлэх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрч байна. Би хөөрөгний үнэ 30.000.000 /гучин сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Одоо сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э  : Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул гэрлэлтийг цуцлах, дэлгүүрийн зориулалтттай байрны гэрчилгээг хүү Б.Чойжоогийн нэр дээр шилжүүлж, зохигч сөрөг нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг: Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага болох гэрлэлт цуцлуулах, дэлгүүрийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүү Б.Чойжоогийн нэр дээр шилжүүлэх тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Тусдаа амьдраад олон жил болсон тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хариуцагч Я.Б    хөөрөгний үнэ 30.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа. Иймд анхны нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э   нь шүүхэд гэрлэлт цуцлуулах, Ховд аймгийн Цэцэг сумын төвд байрлах дэлгүүрийн зориулалттай байрны улсын бүртгэлийн гэрчилгээг хүү Б.Чойжоогийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлага,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага,

Хариуцагч Я.Б    нь нэхэмжлэгч Д.Э  т холбогдуулан хөөрөгний үнэ 30.000.000 /гучин сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Э   нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа, хариуцагч Ч.Б    нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан байна.

Д.Э  , Я.Б    нар нь 1992 оны 08 сарын 30-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 1992 оны 08 дугаар сарын 10-нд охин Б.Уранцэцэг, 1996 оны 07 дугаар сарын 01-нд хүү Б.Чойжоо, 2005 оны 01 сарын 17-нд охин Б.Урангоо нар төрсөн болох нь гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээний наториатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн №0000121 дугаартай ПМ92081004 регистрийн дугаар бүхий, №0100200-48 дугаартай ТЕ05211706 регистрийн дугаар бүхий, №0000743966 дугаартай ПМ96070114 регистрийн дугаар бүхий төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний... нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заажээ.

Гэрлэгчид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа гэх ба цаашид амьдралаа үргэлжлүүлэх талаар хэн аль нь санаачлага гаргаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нар хэн аль нь өөр хүнтэй гэрч бүлийн харилцаа тогтоосон, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа нь тэдний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Э   нь хүүхдийн асрамж болон тэтгэлэгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, хариуцагч Я.Б   ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 305950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Б   оос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э  т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Т   овогт Д   гийн Э   /   /, Б   овогт Я  ийн Б    /   / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Хариуцагч Я.Б    нь Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн төв гудамжинд байрлах үйлчилгээний зориулалтай 10 м2 талбай бүхий байрны Ү-1614000075 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүү Б.Чойжоогийн нэр дээр шилжүүлэхээр зөвшөөрснийг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа, хариуцагч нь хөөрөгний үнэ 30.000.000 /гучин сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Э  ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагч Я.Б   ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 305950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Б   оос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э  т олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ