Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2021/00070

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2021/00070

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Р** багийн ** дугаар гудамж ** тоотод оршин суух, РД:     , Э   овогт П  гийн Ч  гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, хүсэлт гаргагч П.Ч   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Ч   шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1971-1979 онд Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуульд суралцсан. 1979 онд 8 дугаар ангиа төгсөөд аав Ц.П  , ээж Д.Хорлоо нарын хамт Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн 2 дугаар бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн туслах малчнаар ажиллаж байсан. Намайг Чулуун гэж дууддаг байсан ба миний жинхэнэ нэр Ч   юм. Би 1984 оны 08 сарыг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгийн малчнаар ажиллаж байгаад Улаанбаатар хотын политехникийн их сургуульд элсэн суралцсан.

Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

П.Ч  гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

П.Ч   нь 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж байсан болох нь:

- түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивийн тасгийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 182 дугаартай лавлагаагаар Ховд аймгийн Алтай сумын 2 дугаар бригадын 1979-1984 оны 70 дугаар данснаас хөдөлмөрийн хөлсийг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв гэх лавлагаа,

- П.Ч  д 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ,

-Улсын бүртгэлийн хэлтэсийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 126/000541 дугаартай П   овогтой Ч  гийн төрсний бүртгэлийн лавлагаа,

З.Тонягийн шүүхэд гэрчээр өгсөн: ...П.Ч   нь Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн 2 дугаар баригадын эмчилгээ тэжээлийн цэгт 1979-1984 оны хооронд аав Ц.П  , ээж Хорлоо нарын хамт малчнаар ажиллаж байсан. П.Ч   нь 1985 оноос эхлэн дээд сургуульд суралцахаар явсан. Би Бор-Үзүүр буюу 2 дугаар бригадад 1975-1987 онд зоо техникчээр ажиллаж байсан. Эмчилгээ тэжээлийн цэгт ядарсан, өвчилсөн, муудсан малыг авч ирж эмчилж сувилдаг байсан ба малын бага эмч 1, санитарч /сувилагч/ 1, ахлах малчин 1, туслах малчин 1, жолооч зэрэг ажилчид ажиллаж байсан. Тухайн үед бригад болгон эмчилгээ тэжээлийн цэгтэй байсан юм... гэх мэдүүлэг,

Н.Баасанхүүгийн шүүхэд гэрчээр өгсөн: ...П.Ч   нь Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн 2 дугаар бригадын эмчилгээ тэжээлийн цэгт 1979-1985 оны хооронд аав Ц.П  , ээж Хорлоо нарын хамт малчнаар ажиллаж байсан. Түүний дараагаас дээд сургуульд суралцахаар явсан. Би 1971 оноос Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн 2 дугаар бригадад бог мал маллаж байсан. П.Ч   нь эмчилгээ тэжээлийн цэгт Алтайн хөгжил нэгдлийн 2 дугаар бригадын бүх малчдын өвчтэй, ядарсан, муудсан, хөл нь хугарсан, ер нь эмчилгээ сувилгаа шаардлагатай малыг малладаг байсан. Тэгэхдээ дандаа бог мал маллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч П.Ч  гийн улсын тэмдэгтийн хураамжид төлөх 70200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар шүүгчийн захирамжаар чөлөөлж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Э   овогт П  гийн Ч  гийн 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.Ч  гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 70200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ