| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0129/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/153 |
| Огноо | 2024-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/153
2024 06 03 2024/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0129/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******ид холбогдох эрүүгийн 2439000000149 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 3 дугаар сарын 04-ний шөнө 23-00 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******” караокены зүүн талд байрлах контейнерын хажууд “замд зогссонгүй, хажуугаар шууд яваад өнгөрлөө” гэх үл, ялих зүйлээр шалтаглан хохирогч П.*******тэй маргалдаж нүүр хэсэгт нь цохин зодож түүний эрүүл мэндэд зүүн хоншоор ясны дотор дээд ханаас ухархайн доод хана хүртэл хоёрлосон хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 2-р шүдний булгарал, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.*******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2439000000149 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч П.*******ийн (хх-ийн 8-9-р хуудас), гэрч Н.Чинзоригийн (хх-ийн 12-13-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаартай дүгнэлт (хх-ийн 30-31-р хуудас),
Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн хамар, дайвар хөндийнүүдийн тодосгогчгүй КТГ (хх-ийн 27-р хуудас),
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл оношийн шинжилгээний бүртгэл, цахим бүртгэл, дүрс оношилгооны ОХБ-ийн багцын нэхэмжлэлийг хянах маягтын хуулбарууд, шүдний эмчийн тодорхойлолт, гэрэл зураг,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 46-51-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2439000000149 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.******* нь “замд зогссонгүй, хажуугаар шууд яваад өнгөрлөө” гэх үл, ялих зүйлээр шалтаглан хохирогч П.*******тэй маргалдаж нүүр хэсэгт нь цохин зодож түүний эрүүл мэндэд зүүн хоншоор ясны дотор дээд ханаас ухархайн доод хана хүртэл хоёрлосон хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 2-р шүдний булгарал, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл гэм буруугийн дүгнэлтдээ: “...Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлт нь гол үнлэслэл нь болж байна. *******ийн биед гэмтэл учирсан гэж үзэх боломжгүй байна. 2024 оны 3 дугаар сары 18-ны өдөр үзлэг хийлгэсэн байгаа. Үзлэг хийсэн томографийн зургийн хариун дээрх ******* гэдэг хүний нэрийг ******* гэж өөрөө гараар бичиж засварласан, 51 настай байсныг 41 настай болгож өөрчилсөн байна. Энэ нь үндсэн эх хувиараа биш байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн байна.******* гэдэг хүний томографийн зураг байна. Энэ нотлох баримтаас харахад энэ хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Мөн шүдний булгарал байгаа. ******* нь шүдний эмнэлэгт очиж хэрэг болсоноос 7 хоногийн дараа ёзоороо авахуулсан байгаа. Эмчилгээ хийлгэсэн бүртгэлийг нь шүүлгэхэд 2 зөрүүтэй юм бичсэн байгаа....Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч Б.*******ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтүүдийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.
Учир нь Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаартай дүгнэлтийн үндэслэл болж хүндэвтэр зэргийн гэмтэл гарсан 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн хамар, дайвар хөндийнүүдийн тодосгогчгүй КТГ хохирогч П.*******ийнх болох нь эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байна.
Тодруулбал үзлэг хийсэн томографийн зургийн хариун дээрх ******* гэх нэрийг өөр хүний нэрийг дарж засварлаж гараар бичсэн, 41 настай болгож засварлаж өөрчилсөн, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл оношийн шинжилгээний бүртгэл, цахим бүртгэлд 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр *******ын ******* гэх хүний нэр бүртгэгдсэн, дүрс оношилгооны ОХБ-ийн багцын нэхэмжлэлийг хянах маягтад мөн П.******* гэж бичигдсэн болох нь нэгдсэн эмнэлгийн бүртгэлийн хуулбаруудаар тус тус тогтоогдож байна. Мөн хх-ийн 65-р хуудаст авагдсан нэгдсэн эмнэлгийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №074348 дугаартай төлбөрийн баримтад П.******* гэсэн нэр бичигдсэн байна.
*******ын ******* гэх хүний нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны ОХБ-ийн багцын нэхэмжлэлийг хянах маягтын оношилгоогоор илэрсэн өөрчлөлт хэсэгт бичигдсэн онош нь ******* гэж гараар засварласан Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн хамар, дайвар хөндийнүүдийн тодосгогчгүй КТГ (хх-ийн 27-р хуудас)-ийн шинжилгээнд хэсэгт бичигдсэн оноштой үг, үсгийн хувьд ямар нэг өөрчлөлтгүй тохирч байгаа болно.
Дээрх баримтуудаас үзэхэд хохирогч П.*******эд зүүн хоншоор ясны дотор дээд ханаас ухархайн доод хана хүртэл хоёрлосон хугарал гэмтэл учирсан, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгээр КТГ хийлгэсэн болох нь тогтоогдохгүй ба шинжээчийн дүгнэлтэд заасан...дээрх гэмтлүүдээс зүүн хоншоор ясны дотор дээд ханаас ухархайн доод хана хүртэл хоёрлосон хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэсэн дүгнэлтийн үндэслэл болсон КТГ-ийн дүгнэлт, онош нь эргэлзээтэй хохирогч Д.*******ээс өөр хүний буюу П.******* гэх хүний КТГ болох нь тогтоогдож байна.
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаартай дүгнэлтийн үндэслэл болж хүндэвтэр зэргийн гэмтэл гарсан 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн хамар, дайвар хөндийнүүдийн тодосгогчгүй КТГ хохирогч П.*******ийнх биш болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ийн хохирогч П.*******ийн эрүүл мэндэд зүүн хоншоор ясны дотор дээд ханаас ухархайн доод хана хүртэл хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал буюу шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсч байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаа тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасан тул Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаартай дүгнэлтэд хохирогчийн биед учирсан гэмтэл тус бүрийг нарийвчлан тогтоож, гэмтэл тус бүрд тохирох гэмтлийн зэргүүдийг тус бүр гаргасан байх ба хөнгөн гэмтэл учирсан талаарх дүгнэлтэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй тул шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн болно.
Хохирогч П.*******ийн Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн хамар, дайвар хөндийнүүдийн тодосгогчгүй КТГ (хх-ийн 27-р хуудас)-ийг завсарласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Б.*******ид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн хэдий ч Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаартай дүгнэлтэд...хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 2-р шүдний булгарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 11.52.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлтэд ямар нэгэн эргэлзээ байхгүй байна.
Өөрөөр хэлбэл шинжээч эмч хохирогчийг өөрийн биеэр үзэж хэсэг газрын үзлэгт: Баруун дээд 1-р шүдний буйл хонхор, эдгэрч буй... зүүн дээд 2-р шүдний буйл эдгэрч эхэлсэн, буйлан хүрэхэд хөндүүрлэнэ....Чих хамар хоолойн эмч Э.Базаргүрийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн үзлэг (хх-ийн 28-р хуудас) зэргийг үндэслэн хохирогч П.*******ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон байна.
Түүнчлэн шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед нэг удаа цохисноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч П.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би *******ийг дагаад араас нь алхаж байтал гэнэт эргэж хараад миний нүүр хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-р хуудас),
Гэрч Н.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...*******ээ гэх залуу *******ийг нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-р хуудас) зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.******* нь хохирогч П.*******ийг цохисон үйл баримт тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 3 дугаар сарын 04-ний шөнө 23:00 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******” караокены зүүн талд байрлах контейнерын хажууд “замд зогссонгүй, хажуугаар шууд яваад өнгөрлөө” гэх үл, ялих зүйлээр шалтаглан хохирогч П.*******тэй маргалдаж нүүр хэсэгт нь цохин зодож түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 2-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хурал дааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед гараараа нэг удаа цохисноо хүлээн зөвшөөрч байна. Би маргааш нь очиж уулзахад нэг шүд нь байхгүй байсан...Архи хундагалахаар нь би очоогүй, намайг замд машин эвдрээд байхад зогсоогүй. Тэгээд маргаан болсон...Би нүүр хэсэгт нь цохисон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хот хооронд явж амьдралаа залгуулдаг торгуулийн арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг,
Хохирогч П.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...23 цаг өнгөрөөгөөд 00 цагийн орчимд л байх гэж бодож байна. *******ээ намайг "хөгийн залуу, хүн замд зогсож байхад зогсохгүй, хөгийн залуу" гэх мэт үгээр оролдож байгаад караокеноос гаръя гэж хэлсэн. Тэр үед нь би түүнийг дагаад караокеноос гараад гадаа нь юм яриад зогсож байх үед бид хоёртой хамт явж байсан хоёр залуу караокены гадна гарч ирсэн. Тэр үед нь *******ээ бид хоёр тэр хэдээс холдоод тус караокены зүүн талд байсан контейнерын ойролцоо *******ээ миний урд гараад алхахаар нь би түүнийг дагаад араас нь алхаж байтал гэнэт эргэж хараад миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохичихоод яваад өгсөн...Миний үүдэн шүд хугарч, хамар бага зэрэг мурийсан. Гэхдээ би эмнэлгийн байгууллагад үзүүлж эмчилгээ үйлчилгээ хийлгээгүй. Мөн миний биед учирсан гэмтэл, шархийг *******ээ гэх залуу нэг удаа гараараа цохиж учруулсан...Би өөрт гарсан гэмтэл шархыг үзүүлж түүнтэй холбоотой гарсан зардлыг нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9-р хуудас),
Гэрч Н.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...23 цаг өнгөрч байхад танихгүй нэг залуу бид хоёрын ширээнд ирж суугаад *******ийг таньдаг бололтой түүнтэй ярилцаад тэр хоёр муудалцаж байгаа мэт хоёр биеэ элдэв буруу үгээр хэлж байснаа нөгөө танихгүй залуу (*******ээ) гэгч нь манай найзыг "гаръя" гэж хэлээд тэр хоёрыг би гаргахгүй гэсэн чинь *******, *******ээ хоёр "бид хоёр зүгээрээ муудахгүй" гэж хэлээд хамт баарнаас гарсан...*******ээ гэх залуу *******ийг нэг удаа гараараа цохисон чинь ******* газарт сөхөрч унаад нөгөө залуу нь яваад өгөхөөр нь би *******ийг аваад ******* караокены хойд талд байдаг гэрт нь оруулаад цусыг нь угаалгаад тэгээд би гэртээ харьсан.... Миний найз ******* нь *******ээ гэх залуутай хэрэлдэж, маргалдсан болохоос биед нь халдсан асуудал байхгүй...Миний сонссоноор тэр хоёр нэг нь замд зогссонгүй, хажуугаар шууд яваад өнгөрлөө гэх шалтгаанаас болж маргалдсан гэж бодож байна...Тухайн үед *******ийн хамар, амнаас нь цус гарч хамар нь бага зэрэг мурийсан харагдсан. *******ээ гэх залуу нэг удаа гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13-р хуудас),
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаартай дүгнэлтэд:
1. П.*******ийн биед зүүн хоншоор ясны дотор дээд ханаас ухархайн доод хана хүртэл хоёрлосон хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 2-р шүдний булгарал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтлүүдээс...хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 2-р шүдний булгарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 11.52.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулна...гэх дүгнэлт (хх-ийн 29-31-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хөнгөн гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотлосон байна.
Тодруулбал шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч П.*******тэй хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч нь хохирогчийн нүүр хэсэгт нь цохин зодож түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 2-р шүдний булгарал, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч Ц.Тунгалагтамирт хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч П.*******ийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.*******ийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Б.******* нь хохирогч П.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь эмчилгээний зардалд 8,727,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Эмчилгээний зардалд: Мөнгөн гүүр эмнэлгийн 30,000 төгрөгийн е баримт (хх-ийн 65-р хуудас) нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ээс 30,000 төгрөгийг гаргуулж хохирогч П.*******эд олгох нь зүйтэй байна.
Харин Мөнгөн гүүр эмнэлгийн 3,735,000 төгрөгийн нэхэмжлэх (хх-ийн 62-р хуудас), шүдний эмчийн үзлэгийн хуудас (хх-ийн 64-р хуудас) байх боловч тухайн нэхэмжлэл, үзлэгт дурдагдсан эмчилгээг хийлгэх төлбөрийн дүн байх ба хохирогч нь уг эмчилгээнүүдийг хийлгээгүй байх тул хохиролд оруулан тооцох боломжгүй байна. Мөн нэгдсэн эмнэлгийн 40,000 төгрөгийн баримт (хх-ийн 65-р хуудас) байх боловч П.******* гэх хүний нэртэй, шатахуун авсан талаарх 112,000 төгрөг, 80,017 төгрөгийн е баримт (хх-ийн 66-р хуудас)-ууд байх боловч хэний эзэмшлийн ямар тээврийн хэрэгсэлд, ямар зориулалтаар шатахуун хийсэн нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар тооцох боломжгүй байх тул уг хохирлуудыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Иймд хохирогч П.******* нь эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.*******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.*******ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Б.*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч Б.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.******* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 46-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан үзэж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн 2439000000149 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.*******ид Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Балиа гавж шийлэг овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******ийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.*******ээс 30,000 (гучин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч П.*******эд олгосугай.
7. Эрүүгийн 2439000000149 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.******* нь эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.*******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР