| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0143/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/155 |
| Огноо | 2024-06-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/155
2024 06 05 2024/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0143/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн Балтад холбогдох эрүүгийн 2439000000159 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн Балт, 1984 онд Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар,
Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ялаар,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрийн ******* дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багийн хөдөө хэсэг "******* *******" гэх газар 2024 оны 3 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө *******той "агсан тавьсан" гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэг рүү 1 удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд "баруун дээд 1,2, зүүн дээд 1, баруун доод 3-р шүдний булгарал" бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2439000000159 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хх-ийн 4-р хуудас)
Хохирогч *******ийн (хх-ийн 8-9-р хуудас), гэрч ын (хх-ийн 12-13-р хуудас), гэрч ын (хх-ийн 16-17-р хуудас), гэрч ний (хх-ийн 20-21-р хуудас), гэрч ын (хх-ийн 24-25-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 144 дугаартай дүгнэлт (хх-ийн 32-35-р хуудас),
Шинэжээч Ц.Тунгалагтамирын (хх-ийн 39-40-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч *******ийн “...эмчилгээний зардалд 1,100,000 төгрөг авсан тул надад гомдол, санал байхгүй...” гэх хүсэлт (хх-ийн 103-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорохойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 78, 53-56, 57-74-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2439000000159 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******той "агсан тавьсан" гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэг рүү 1 удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд "баруун дээд 1,2, зүүн дээд 1, баруун доод 3-р шүдний булгарал" бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багийн хөдөө хэсэг "******* *******" гэх газар *******той "агсан тавьсан" гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэг рүү 1 удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд "баруун дээд 1,2, зүүн дээд 1, баруун доод 3-р шүдний булгарал" бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хурал дааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг унтаж байхад хоолой боогоод дээрээс цохихоор нь босож ирээд машин дотор нэг удаа нүүр хэсэг рүү нь цохиод гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч *******ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хх-ийн 4-р хуудас)
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Батноров сумруу найзуудын хамт явсан...Би Батноров сумаас баруун тийш хөдөө хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн... Тэгээд би Балтын унаж ирсэн Истана маркийн машинд амрах гэтэл Балт гэнэт орилж босож ирээд "муу писда нар яах гээд байна" гээд миний нүүр буюу ам хэсэг рүү цохисон... тэтгээд харахад миний амнаас цус гарч 4 шүд маань нэг зэрэг уначихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9-р хуудас),
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд архиа ууж дуусаад амарч байсан чинь гэнэ Чинзориг миний унтаж байсан машины хаалгыг онгойлгоод Балт намайг зодчихлоо гэхээр нь харахад Чинзоригийн амнаас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13-р хуудас),
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Маргааш өглөө сэрэхэд Чинзориг Балтад зодуулсан гээд шүд нь хугарчихсан уруул амаас нь цус гараад хатчихсан байсан... Чинзориг Балтад зодуулсан байдалтай сэрсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 16-17-р хуудас),
Гэрч ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Батноров сум руу явсан... Тэгээд Балт нь Чинзориг гээд ах хүү чинь хүн унтуулахгүй өдөж байгаад цохиулчихаад унтуулахгүй байна гэхээр нь очиход Чинзорих ах Балт намайг цохиод шүдгүй болгочихлоо гээд байж байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас),
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Маргааш нь сэрэхэд Чинзориг Балтад цохиулаад шүд нь булгарсан гээд яриад байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),
Шинжээч Ц.Тунгалагтамирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 11-р бүлэгт хоол боловсруулах эрхтэн гэж тодотгон өгсөн бөгөөд тухайн 11-р бүлгийн 52 дахь зүйлийн 3 дахь заалтад 4-6 шүд булгарч унасан тохиолдолд ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувийн тогтонги алдагдуулна гэж заасан байдаг..." гэх мэдүүлэг (хх-ийн 39-40-р хуудас),
Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2024 оны 4 дугаар сарын 04-ний өдрийн 144 дугаартай дүгнэлтэд:
1. *******ийн биед баруун дээд 1,2, зүүн дээд 1, баруун доод 3-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3.4. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна
5.7. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 11.52.3-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
6. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй...гэх дүгнэлт (хх-ийн 34-35-р хуудас)
Хохирогч *******ийн “...эмчилгээний зардалд 1,100,000 төгрөг авсан тул надад гомдол, санал байхгүй...” гэх хүсэлт (хх-ийн 103-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн нүүр хэсэг рүү 1 удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд "баруун дээд 1,2, зүүн дээд 1, баруун доод 3-р шүдний булгарал" бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хүндэвтэр гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотлосон байна.
Тодруулбал, шүүгдэгч ******* нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч *******той хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна *******ын нүүр рүү нь цохисон үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд “баруун дээд 1,2, зүүн дээд 1, баруун доод 3-р шүдний булгарал" бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2024 оны 4 дугаар сарын 04-ний өдрийн 144 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч Ц.Тунгалагтамирт хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч *******ийн биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний....эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ба хохирогч нь “...эмчилгээний зардалд 1,100,000 төгрөг авсан тул надад гомдол, санал байхгүй...” гэх хүсэлт (хх-ийн 103-р хуудас)-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгч ******* нь гэм буруугийн талаар маргаагүй, учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгож өгнө үү...гэв”
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь Урьд Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 56-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 57-74-р хуудас) -аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан үзэж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнд заавал нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн 2439000000159 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Балтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн Балтыг 1,500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 1,500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2439000000159 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР