Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 154/ШШ2021/00074

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 154/ШШ2021/00074

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 19** оны ** дүгээр сарын **-нд төрсөн, ** настай, Булган сумын Б** багт оршин суух, /РД:  / регистрийн дугаартай, Б   овогт Х  дайн М ,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 19** оны ** сарын **-нд төрсөн, ** настай, эхнэр хүүхдүүдийн хамт Булган сумын Б** багт оршин суух, /РД:  / регистрийн дугаартай, Б   овогт Төмөрханы Х  дай нарын нэхэмжлэлтэй хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Х  дай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний охин Дидар 2005 оны 06 дугаар сарын 09-нд төрсөн. Тухайн үед миний эцэг Х  дай, эх Аманхан нар миний охин Дидарыг үрчилж авсан. Одоо манай аав ээж хоёр нас өндөр болсон, Хуулиар 60 аас дээш настай хүн хүүхэд үрчилж авах боломжгүй байдаг. Эхнэр бид хоёр охиноо өөрсдөө авч өсгөе гэж бодож байгаа. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Х  дай шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эхнэр Д.Аманхан бид хоёр ач охин Дидарыг 2006 оны 06 дугаар сарын 30-нд үрчлэн авсан юм. Тухайн үед төрүүлсэн эх нь сургуульд сурч байсан тул амьдралын шаардлагаар охиныг үрчилж авч байсан. Одоо бид өндөр настай хүүхэд асрах боломжгүй болсон тул охин Дидарыг төрсөн эцэг Х.М , эх А.Назгүль нарт буцаан өгч, төрсөн эцгээр нь овоглохыг хүсч байна. Охин Дидар одоо 16 нас хүрч байна. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгөхийг хүсч байна гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндсэлэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.М  нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргаж, үндэслэлээ ...Миний охин Дидар 2005 оны 06 дугаар сарын 09-нд төрсөн. Тухайн үед охин Дидарыг би өөрийн төрсөн эцэг Т.Х  дай, эх Д.Аманхан нарт 2006 оны 06 дугаар сарын 30-нд үрчлүүлсэн. Одоо тэд өндөр настай болсон тул бид охин Дидарыг өөрсдөө авах буюу үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна гэж,

Нэхэмжлэгч Т.Х  дай ...Би 2006 онд ач охин М.Дидарыг үрчилж авсан юм. Тухайн үед ээж нь сургуульд сурч байсан тул амьдралын шаардлагаар үрчилж авсан юм. Одоо эхнэр бид хоёр өндөр настай болсон тул үрчлэлтийг хүчингүйд тооцож охин Дидарыг төрүүлсэн эцэг эхэд нь өгөхийг хүсч байна гэж тайлбарлажээ.

Х.М , А.Назгүль нарын гэр бүлд 2005 оны 06 дугаар сарын 09-нд охин М.Дидар төрсөн бөгөөд түүнийг 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Т.Х  дай, Д.Аманхан нарт үрчлүүлсэн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 251/000006 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, Б   овогт Х  дайн Дидарын №0249982 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, №155 дугаартай үрчлэлтийн бүртгэлийн гэрчилгээнд: ...үрчлэхийн өмнө хүүхдийн овог Б  , эцэг /эх/-ийн нэр М , нэр Дидар гэж, үрчлүүлсэн эцэг, эхийн нэр Х.М , А.Назгүль, үрчилсний дараа хүүхдийн овог нэр: Б   овогт Х  дайн Дидар, үрчлэн авсан эцэг, эхийн нэр Т.Х  дай, Д.Аманхан гэж тэмдэглэгдсэн болон үрчлүүлэгч эх А.Назгүль, үрчлэгч эх Д.Аманхан нарын шүүхэд ирүүлсэн хүсэлт тайлбар,

Т.Худайбагийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Х.Дидар нь Х.М гийн хүүхэд юм. Миний ах Т.Х  дай ач Х.Дидарыг 2006 оны 06 дугаар сарын 30-нд үрчлэн авсан юм. Манай ёс заншилаар өөрийн хүссэн хүүхдийнхээ нэг хүүхдийг үрчлэн авах заншилтай юм. Энэ заншилаараа ач хүү Дидарыг үрчлэн авсан юм. Одоо миний ах Т.Х  дай өндөр настай болсон тул ач охин Дидарыг хүү Х.М д буцаан өгч байгаа тул үрчлэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байх гэж бодож байна. Дидарыг нэг настай байхад нь үрчлэн авсан. Х.М  нь охин Дидарыг эцэг Т.Х  дайд үрчлүүлсэн нь үнэн юм. Би хамаатан садан тул сайн мэднэ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Хэргийн оролцогчид үрчлэлтийн бүртгэлийн талаар маргаагүй ба үрчлэн авагч тал буюу Т.Х  дай, Д.Аманхан нар охин Х.Дидарыг төрсөн эцэг, эхэд нь өгч, үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.

Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.3 дахь хэсгүүдэд заасны дагуу авагдсан байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт гэж үзэв.

Үрчлэлт хууль ёсны, хүчин төгөлдөр байгаа хэдий ч охин Х.Дидар нь өөрийн төрсөн эцэг, эхтэйгээ хамт амьдрах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн, үрчлэгч эцэг Т.Х  дай, үрчлэгч эх Д.Аманхан нар нь өндөр настай болсон охин Х.Дидарыг асран хамгаалах чадваргүй болсон, улмаар үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т ...шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасныг үндэслэн охин Х.Дидарыг Т.Х  дай, Д.Аманхан нарт 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэснийг үндэслэн охин Х.Дидарыг төрсөн эцэг Б   овогт Х  дайн М гийн асрамжид шилжүүлэхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар 2005 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Х.Дидарыг үрчлэгч Б   овогт Төмөрханы Х  дай, Ители овогт Дагарын Аманхан нарт 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар охин Дигарыг төрсөн эцэг Б   овогт Х  дайн М гийн асрамжид шилжүүлсүгэй.

3. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ