Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/139

 

2024     04           02                                          2024/ШЦТ/139

                                                                   

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,  

Улсын яллагч Ц.Л,

Хохирогч Ц.З,

Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Чт холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Ч

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Зг Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул баг Хонгор морьт гэх газарт байх гэртээ 2023 оны 06 дугаар сард хардалтаас болж маргалдан гэдэс рүү нь дэвсэн өшиглөж, нүд рүү цохисон,

2023 оны 08 дугаар сард гэртээ хардалтаас болж маргалдан хамар, зүүн нүд рүү нь цохисон,

2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөнгөө зөв зарцуулсангүй гэж хэрүүл маргаан  үүсгэн боорцгийн шүүр шидэж, зүүн нүдийг оносон,

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр согтуугаар далимдуулан гүтгэлээ гэж маргаан үүсгэн, зүүн нүд рүү нь цохиж, байнгын шинжтэй үйлдлээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар,

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул баг Хонгор морьт гэх газар гэртээ эхнэр Ц.Зтай согтуугаар далимдуулан гүтгэлээ гэж маргаан үүсгэж зүүн нүд рүү нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүнийг “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: “гэмшиж байна, миний буруу, хөнгөн ял оногдуулж өгнө үү, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн тайлбарыг, 

Хохирогч Ц.З шүүхийн хэлэлцүүлэгт: “өмгөөлөгч авахгүй, гомдол санал байхгүй. Манай нөхөр түргэн ууртай, тэрнээс уг нь гайгүй” гэсэн тайлбарыг,

Улсын яллагч Ц.Л “яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэсэн тайлбарыг тус тус гаргаж, шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Хавтаст хэргээс:

- Хохирогч Ц.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Чын хардалтаас болоод гэр бүлийн хүчирхийлэл болоод байгаа. Намайг хүнтэй хардаад, өөрийг нь асууж хүнтэй чат бичихээр хардаад хэрүүл эхэлдэг. Өөрөө болохоор 2023 оны 06 дугаар сард надтай хамт ажиллаж байсан Шинэчимэг гэдэг хүүхэнтэй ойр дотны харилцаа үүсгээд баригдсан. Тэгээд бид хоёрын хооронд хэрүүл гарсан...Б.Ч миний дээрээс дэвсээд өмсөж байсан гутлаараа гэдэс рүү цохиод мөн нүд рүү цохиж хөхрүүлсэн. Дараа нь 2023 оны 08 дугаар сард санагдаж байна хөдөө зуслан дээр байхад бас л хардалтаас болоод миний хамар руу цохиж зүүн нүд хөхөрсөн. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өглөө ажлаасаа буугаад 12 цаг өнгөрч байхад Хонгор морьтод байх гэртээ очиход Б.Ч гэртээ хүүхдүүдээ хараад байж байсан. Тэгээд намайг “мөнгөө зөв зарцуулсангүй” гэж надад уурлаж боорцогны шүүр авч шидсэн. Шидсэн шүүр нь зүүн талын хөмсөгийг онож, миний нүд хөхөрсөн. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас тараад 12 цаг болж байхад гэртээ ирэхэд... намайг согтуугаар далимдуулж худлаа гүжирдлээ гээд зүүн нүд рүү цохисон... миний толгой нүд рүү ихэвчлэн цохисон... Б.Чыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байгаасай гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дүгээр тал/,

“би тухайн үед жирэмсэн байгаагүй. Мөнхсувд намайг жин нэмснийг жирэмсэн гэж бодсон байж магадгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

- Гэрч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Ц.З нь ажилд орсноос хойш 09 дүгээр сард нөхөр Б.Ч-тай муудалцаад ажил дээрээ баруун шуугаараа хөх няц болоод хавдчихсан ирсэн. Ер нь гэр бүлийн маргаантай байдаг. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн өглөө Ц.З ажил дээрээ ирэхдээ зүүн талын нүд нь хөхөрчихсөн ирсэн. Яагаад гэмтсэн талаар асуухад урьд шөнө Б.Чтай маргалдаад над руу боорцогны шүүр авч шидээд оноод ийм болчихлоо гэж хэлсэн. Тэгээд миний мэдэхээр хамгийн сүүлд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б.Ч нь Ц.Зтай гэр бүлийн маргаан хийгээд гайгүй болж байсан зүүн талын нүдийг нь ахиж цохиод хөх няц болгосон байсан. Тэгээд би энэ байдал хэрээс хэтэрч байгаа тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна... Намайг харж байхад хөлөөрөө гэдэс рүү нь тийрээд, өмсөж байсан гутлаараа гэдэс рүү нь өшиглөсөн... Ц.З нь ажилд орсноос хойш 2023 оны 08 дугаар сард хамар нь муруйчихсан ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

- Гэрч Ж.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Ц.З нь 2023 оны 08 дугаар сард ажилдаа ирэхдээ хамраа цохиулсан байдалтай ирсэн. Тухайн үед яасан талаар асуухад нөхөртөө цохиулсан гэж хэлж байсан. Дараа нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой байгууллагын шинэ жил дээр ирэхдээ Ц.Згийн зүүн нүд хөхөрсөн байдалтай ирсэн. Нөхөр нь юм аваад шидчихсэн гэж хэлж байсан. Үүнээс удаагүй 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ц.Згийн зүүн нүд нэмээд хөхөрсөн ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

- Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2023 оны 08 дугаар сарын сүүлээр ажлаараа ороод гарахад Ц.Згийн хамар нь далийгаад хавдчихсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад Б.Чт цохиулсан талаар хэлсэн ч нарийн үйл явдлын талаар хэлээгүй. 2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 18-ны цагт байгууллага дээр шинэ жилийн арга хэмжээний хүлээн авалт болоод хамт олноороо цуглахад Ц.Згийн зүүн нүд хөхөрчихсөн ирсэн...2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед Ц.З ажил дээр ирэхэд зүүн нүд нь өмнө нь хөхөрсөн байснаасаа илүү хөхөрсөн хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

- Гэрч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Өнгөрсөн жил намар 1 удаа, өвөл 2 удаа Ц.Згийн нүд хөхөрч хавдсан байдалтай ажил дээрээ ирсэн. Юунаас болсон талаар асуухад Б.Чтай өр ширнээс болоод муудалцаж, Б.Чт зодуулчихлаа гжэ байсан. Мөн намар зодуулахад нь хардалтаас болсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/,

- Гэрч Н.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Миний мэдэхээр Ц.З нь намар хамартаа цохиулчихсан, өвөл он гарах үеэр 2 удаа нүд нь хөхөрчихсөн ирсэн... нөхөр цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр тал/,

- Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Ц.З нь Тэс петролиум шатахуун түгээх станцад 2023 оны зунаас ажилд орсон. Түүнээс хойш хэд хэдэн удаа нүд нь хөхөрчихсөн байдалтай ирж байсан... Намайг хальт сонсоход нөхөртэйгөө муудалцаад тэгээд зодуулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр тал/,

- Гэрч Ё.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 13 юм уу 14 цагийн үед намайг гэртээ байхад Ц.З нөхөртэйгөө муудалцсан гээд орж ирсэн. Ирэхдээ зүүн нүд хөхөрчихсөн гараараа нүдээ нуугаад дарчихсан орж ирсэн...5 минутын дараа Б.Ч ах морьтой ирээд гэрт орж ирсэн. Тэгээд Б.Ч ах эхнэртэйгээ манай гэрт хэрэлдэж байгаад Заяа эгчийг ичдэггүй юм уу гээд хувцаснаас нь чирээд аваад гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаартай “...1. Ц.Згийн биед зүүн нүдний зовхи, баруун шанаанд цус хуралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч, хохирогч нар “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Чын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагч нь шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Б.Ч нь эхнэр Ц.Зг Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул баг Хонгор морьт гэх газарт байх гэртээ 2023 оны 06 дугаар сард хардалтаас болж маргалдан гэдэс рүү нь дэвсэн өшиглөж, нүд рүү цохисон, 2023 оны 08 дугаар сард гэртээ хардалтаас болж маргалдан хамар, зүүн нүд рүү нь цохисон, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөнгөө зөв зарцуулсангүй гэж хэрүүл маргаан  үүсгэн боорцгийн шүүр шидэж, зүүн нүдийг оносон, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр согтуугаар далимдуулан гүтгэлээ гэж маргаан үүсгэн, зүүн нүд рүү нь цохисон,

 мөн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул баг Хонгор морьт гэх газар гэртээ эхнэр Ц.Зтай хэрүүл маргаан үүсгэж, цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна.

 

Шүүгдэгч Б.Ч нь хохирогч Ц.Зг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, улмаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан үйл баримт нь:

Хохирогч Ц.Згийн “...Б.Чын хардалтаас болоод гэр бүлийн хүчирхийлэл болоод байгаа. Намайг хүнтэй хардаад, өөрийг нь асууж хүнтэй чат бичихээр хардаад хэрүүл эхэлдэг. Өөрөө болохоор 2023 оны 06 дугаар сард надтай хамт ажиллаж байсан Шинэчимэг гэдэг хүүхэнтэй ойр дотны харилцаа үүсгээд баригдсан. Тэгээд бид хоёрын хооронд хэрүүл гарсан...Б.Ч миний дээрээс дэвсээд өмсөж байсан гутлаараа гэдэс рүү цохиод мөн нүд рүү цохиж хөхрүүлсэн. Дараа нь 2023 оны 08 дугаар сард санагдаж байна хөдөө зуслан дээр байхад бас л хардалтаас болоод миний хамар руу цохиж зүүн нүд хөхөрсөн. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өглөө ажлаасаа буугаад 12 цаг өнгөрч байхад Хонгор морьтод гэртээ харихад Б.Ч гэртээ хүүхдүүдээ хараад байж байсан. Тэгээд намайг мөнгөө зөв зарцуулсангүй гээд надад уурлаж боорцогны шүүр авч шидсэн. Шидсэн шүүр нь зүүн талын хөмсөгт онож нүд хөхөрсөн. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас тараад 12 цаг болж байхад гэртээ ирэхэд... намайг согтуугаар далимдуулж худлаа гүжирдлээ гээд зүүн нүд рүү цохисон... миний толгой нүд рүү ихэвчлэн цохисон...” гэх мэдүүлэг,

- Гэрч Х.М-ын “...Ц.З нь ажилд орсноос хойш 09 дүгээр сард нөхөр Б.Чтай муудалцаад ажил дээрээ баруун шуугаараа хөх няц болоод хавдчихсан ирсэн. ...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн өглөө Ц.З ажил дээрээ ирэхдээ зүүн талын нүд нь хөхөрчихсөн ирсэн. Яагаад гэмтсэн талаар асуухад урьд шөнө Б.Чтай маргалдаад над руу боорцогны шүүр авч шидээд оноод ийм болчихлоо гэж хэлсэн. Тэгээд миний мэдэхээр хамгийн сүүлд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б.Ч нь Ц.Зтай гэр бүлийн маргаан хийгээд гайгүй болж байсан зүүн талын нүдийг ахиж цохиод хөх няц болгосон байсан. ...Намайг харж байхад хөлөөрөө гэдэс рүү нь тийрээд, өмсөж байсан гутлаараа гэдэс рүү нь өшиглөсөн... Ц.З нь ажилд орсноос хойш 2023 оны 08 дугаар сард хамар нь муруйчихсан ирсэн...” гэх мэдүүлэг,

 - Гэрч Ж.Д-ийн “...Ц.З нь 2023 оны 08 дугаар сард ажилдаа ирэхдээ хамраа цохиулсан байдалтай ирсэн. Тухайн үед яасан талаар асуухад нөхөртөө цохиулсан гэж хэлж байсан. Дараа нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой байгууллагын шинэ жил дээр ирэхдээ Ц.Згийн зүүн нүд хөхөрсөн байдалтай ирсэн. Нөхөр нь юм аваад шидчихсэн гэж хэлж байсан. Үүнээс удаагүй 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ц.Згийн зүүн нүд нэмээд хөхөрсөн ирсэн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Г.О-ийн “...2023 оны 08 дугаар сарын сүүлээр ажлаараа ороод гарахад Ц.Згийн хамар нь далийгаад хавдчихсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад Б.Чт цохиулсан талаар хэлсэн ч нарийн үйл явдлын талаар хэлээгүй. 2023 оны 12 дугаар сарын 27-ны орой 18-ны цагт байгууллага дээр шинэ жилийн арга хэмжээний хүлээн авалт болоод хамт олноороо цуглахад Ц.Згийн зүүн нүд хөхөрчихсөн ирсэн...2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед Ц.З ажил дээр ирэхэд зүүн нүд нь өмнө нь хөхөрсөн байснаасаа илүү хөхөрсөн хавдсан байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Э.О-ын “...Өнгөрсөн жил намар 1 удаа, өвөл 2 удаа Ц.Згийн нүд хөхөрч хавдсан байдалтай ажил дээрээ ирсэн. Юунаас болсон талаар асуухад Б.Чтай өр ширнээс болоод муудалцаж, Б.Чт зодуулчихлаа гэж байсан. Мөн намар зодуулахад нь хардалтаас болсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Н.Ж-ийн “...Миний мэдэхээр Ц.З нь намар хамартаа цохиулчихсан, өвөл он гарах үеэр 2 удаа нүд нь хөхөрчихсөн ирсэн... нөхөр цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Д-ын “...Ц.З нь Тэс петролиум шатахуун түгээх станцад 2023 оны зунаас ажилд орсон. Түүнээс хойш хэд хэдэн удаа нүд нь хөхөрчихсөн байдалтай ирж байсан... Намайг хальт сонсоход нөхөртэйгөө муудалцаад тэгээд зодуулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Ё.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 13 юм уу 14 цагийн үед намайг гэртээ байхад Ц.З нөхөртэйгөө муудалцсан гээд орж ирсэн. Ирэхдээ зүүн нүд хөхөрчихсөн гараараа нүдээ нуугаад дарчихсан орж ирсэн...5 минутын дараа Б.Ч ах морьтой ирээд гэрт орж ирсэн. Тэгээд Б.Ч ах эхнэртэйгээ манай гэрт хэрэлдэж байгаад Заяа эгчийг ичдэггүй юм уу гээд хувцаснаас нь чирээд аваад гарсан...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 115 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Б.Чын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Б.Ч нь хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн маргааны улмаас, шууд санаатай үйлдлээр, өөрийн эхнэр Ц.Згийн зүүн нүд рүү нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Б.Чын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг хангасан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Шүүгдэгч нь бусдын бие махбодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед удаа дараа халдаж, идэвхтэй үйлдлээрээ зориуд хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд хуулийн үйлчлэлд хамаарах хүний  сэтгэл санаанд дарамт учруулах, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор тус тус заасан.

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчирхийлсэн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан...нь байнгын шинжтэй” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд дээрх үйлдэл тус бүрийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаардахгүй.

Байнга гэдгийг гурав ба түүнээс дээш удаа гэсэн тооны давтамжаар тодорхойлохоос гадна үйлдлүүдийн хоорондох хугацааны шалгуурыг Зөрчлийн тухай хуульд тогтоосон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа тасарсан эсэхийг мөн тооцох нь зүйтэй.

 

Тодруулбал, шүүгдэгч Б.Ч нь 2023 оны 06 дугаар сараас хойш 8 сарын хугацаанд 4 удаа эхнэр Ц.Згийн бие махбодид халдсан байх тул түүний үйлдэл хооронд 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй гэж үзнэ.

 

Шүгдэгч Б.Ч эхнэр Ц.Згийн биед нь байнга халддаг болох нь хохирогч гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа байдлаас дүгнэвэл Б.Чын хохирогчийн биед хүч хэрэглэн халддаг хууль бус үйлдэл нь дахин давтагдах шинжтэй, нэг талын давамгайлсан харилцаа буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Б.Ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээс гадна хохирогч Ц.Згийн бие махбодид санаатайгаар зүүн нүд рүү нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд халдсан бие даасан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулсан бол давхар зүйлчлэх ба эдгээр үйлдлүүдийн аль нэгэнд нь хариуцлага хүлээсэн эсэх нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг үгүйсгэхгүй.

 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Шүүгдэгч Б.Чын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Згийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Ц.З нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээний зардлын баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч Б.Чыг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх  төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...шүүгдэгчид ял оногдуулахад нэг бүлэгт заасан 2 гэмт хэрэг үйлдсэн байдлыг хүндрүүлэн үзэх нөхцөлд тооцож, хөнгөрүүлэн үзэх нөхцөл тогтоогдоогүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн,

Хохирогч Ц.З “дахин ийм байдал гаргахгүй гэсэн, хөдөө мал харах хүн байхгүй, бага хүүхдийг маань харах хүн байхгүй, ийм учир хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч Б.Ч “миний буруу, хорих ял өгөхгүй байж өгөөч, эхнэр жирэмсэн 8 сард төрнө” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгч Б.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн байдлыг 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

 

Б.Чын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн 9 сарын хугацаагаар Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай агийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 /ес/ сарын хугацаагаар Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Ч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Чын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОРХОНТАМИР