Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар  2024/ШЦТ/153

 

2024   04           09                                        2024/ШЦТ/153

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Ст холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.С

 

Шүүгдэгч Б.С нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 14-03 тоотод гэр бүлийн хамаарал харилцаатай хүн болох эхнэр Б.Гтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн байшиндаа заамдан оруулж дотроосоо хаалгаа түгжиж хохирогчийн хоолойд хутга тулган “чамайг алчихна” шүү гэж айлган, хүчээр дарж унагах үедээ Б.Гийн эрүүл мэндэд “...зүүн өвдөгний урд чагтан холбоосны урагдал, шаант ясны хугарал, зүүн өвдөгт сорви...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

          Шүүх хуралдаанд:

          улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм бурууг нотолж оролцоно” гэж,

          шүүгдэгчийн өмгөөлөгч “гэм буруу дээр маргахгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож ухаарсан. Эрүүгийн хариуцлага оногдуулахад тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэж,

          шүүгдэгч “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын агуулгыг ойлгож хүлээн зөвшөөрсөн, өөр саналгүй” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.

 

Гэм буруугийн талаар: 

  Шүүгдэгч Б.С нь хохирогч Б.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан баримт /хавтаст хэргийн 18-21 дүгээр тал/,

- хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...Би нөхөр Б.Ст хандаж Солонгос руу яваад ирье. Чи намайг ирэхэр бумбаа аваад ирээрэй гэхэд надад уурлаж эхэлсэн. Тэгснээ би яаж мэддэг юм, тэр үедээ болохгүй юу надад зав алга гэж уцаарласан. Би урдаас нь чи юундаа уурлаад байгаа юм гэж хэлсэн чинь, машиндаа суух гэж явснаа эргэж ирээд намайг заамдаж аваад хүчээр гэрт оруулж хаалга түгжээд, миний хоолойнд хутга тулгасан. Тэгснээ чамайг ингээд алчихна гэж хэлсэн. Тэгээд намайг хүчээр дарж унагах үед миний зүүн талын өвдөг хэсгийн чагтан холбоос хугарсан. Тэгээд тухайн өдөр би шууд Орхон аймгийн Цагдаагийн газарт ******** дугаарын утаснаас дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаа нар ирэхэд манай нөхөр Б.С хутгаа нуусан... Тэгээд би гэмтснээс хойш 3 хоногийн дараа Улаанбаатар хотод очиж Мэлтэс мед эмнэлэгт хагалгаанд ороод 7 хоног хэвтэн эмчлүүлсэн... Манай нөхөр намайг яаж байна гэж нэг ч удаа асууж тодруулаагүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,

- гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...2023 оны 07 дугаар сард манай дүү Б.Г залгасан... Би яасан юу болсон юм гэхэд нөхөр намайг зодсон, хөлийг минь гэмтээчихлээ гэж хэлсэн. Дараа нь Б.Саас асуухад усан дээр халтирч унаад хөлөө гэмтээсэн гэж хэлсэн. Б.Г болохоор хутга шөвөг барьж дайрсан гэж хэлээд байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,

- насанд  хүрэээгүй гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...Аав ээж хоёр байшиндаа орцгоосон. Тухайн үед би нойл орох гэж байгаад буцаад хаалга татах гэтэл дотор талаас түгжсэн байсан. Хэн хаалга түгжсэнийг мэдэхгүй. Ээж сүүлд хэлэхдээ аавыг хаалга  түгжсэн гэж хэлсэн. Тэгээд би хаалга түгжээтэй болохоор цонхон дээр очоод харсан чинь ээж газар уначихсан орилоод байсан. Аав яг тэр үедээ хаалга онгойлгоод гарч ирж байсан. Араас нь ээж аяга авч шидсэн. Ээж тэр үев Цэрэнтогтох эгч рүү залгаж ярьж байсан. Б.С намайг зодчихлоо, хөл хугарчихлаа гэж хэлсэн. Дараа нь ээж түргэн тусламж дуудсан. Цагдаа руу ч дуудлага өгөөд байсан. Ээж надад хэлэхдээ аав чинь миний хоолойд хутга тулгаад ална гэж хэлсэн гэж байсан. Харин аав надад хэлэхдээ гар утас булаацалдаж байгаад ээж нь усан дээр халтираад унасан гэж хэлсэн. Би ээжийн унасан гэх газрыг харахад дор нь ус асгарсан байсан. Ээжийн унасан гэх газрын хажуу талд ширээ байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай “...Б.Гийн биед учирсан зүүн өвдөгт сорви гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. Б.Гийн биед зүүн өвдөгний урд чагтан холбоосны урагдал, шаант ясны хугарал, зүүн өвдөгт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ямар дэс дарааллаар үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 40-43 дугаар тал/,

- Өвчний түүх /хавтаст хэргийн 81-119 дүгээр тал/,

- Зөрчлийн 2425000*** дугаартай материалын хуулбар /хавтаст хэргийн 123-167 дугаар тал/,

- Зөрчлийн 2425000*** дугаартай материалын хуулбар /хавтаст хэргийн 170-214 дүгээр тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Сийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй гэж үзэх ба уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч гэр бүлийн харилцаатай хүний эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Б.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар: 

 

Хохирогч Б.Г нь Миний хувьд цаашид шүүх хуралдаанд оролцохгүй, би хөлөндөө эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу явж байгаа тул намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Би сэтгэцэд учирсан гэмтэл тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна. Миний хувьд Б.Ст гомдолгүй болсон тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн ба шүүгдэгч Б.С нь хохирогчийн эмчилгэнэд 10,000,000 /арван сая/ төгрөг өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

         Шүүх шүүгдэгч Б.Сийг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Сийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “...гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн, шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас “улсын яллагчтай тохиролцсон ялын саналыг баталж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгч Б.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ст  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.С-ийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.С-т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.С-т шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

            5. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу дүрсний бичлэг бүхий хуурцгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОРХОНТАМИР