Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/163

 

2024     04           15                                          2024/ШЦТ/163

                                                                   

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,  

Улсын яллагч Ц.Л,

Хохирогч А.Б,

Өсвөр насны шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч З.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Т-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М.Т,

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баян хүнсний дэлгүүрт хохирогч А.Б-ыг хариулт 100 төгрөгөө чи ав намайг мэдэх үү гэх зэргээр өдөөн хоргоож, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, нүүр рүү нь өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч М.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “эмээгийн дэлгүүрийн ажилд тус болоод галдаа нүүрс хийчихээд гарч ирээд дүүг доромжлоод байх шиг байхаар нь араас нь дуудаад 100 төгрөгний хариултаа ав гэтэл инээгээд байхаар нь цохисон” гэв.

Хохирогч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хамартаа чихээс хийлгүүлсэн. 3-аас 6 сарын дараа хагалгаанд орох ёстой, хагалгаанд ороход 3,000,000 орчим төгрөгний зардал хэрэгтэй, уг хохирлыг гаргуулах хүсэлттэй байна, өөр гомдол санал байхгүй” гэв.

Улсын яллагч Ц.Л: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б “гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр мэтгэлцэхгүй, хувийн байдлыг хөнгөрүүлэх” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хавтаст хэргээс:

- Хохирогч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баян хүнсний дэлгүүр  ороод 4 ширхэг гялгар уут аваад гараад явж байсан чинь ногоон өнгийн цамцтай эрэгтэй хүүхэд гарч ирээд араас намайг хариулт мөнгөө ав гэсэн тэгэхээр нь эргэж хараад очоод хариулт 100 төгрөгөө аваад буцаад явах гэтэл хэл амаар доромжлоод байсан... гараараа нүүр хэсэгт цохихоор нь доош тонгойсон байхад миний нүүр рүү дахин хөлөөрөө өшиглөөд нэмээд гараараа дахин цохих үед дэлгүүрээс эмэгтэй хүүхэд гарч ирж салгасан... миний хамар цуураад зүүн тал руугаа муруйсан байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,

- Гэрч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...А.Б хамраа дарчихсан цус гарчихсан аниа цагдаа дуудаарай гэхээр нь юу болсон бэ гэж асуухад Баян дэлгүүрийн хүүхэд нүүр рүү цохиод өшиглөчихлөө гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд дэлгүүр орж дүүг цохисон гэх хүүхэдтэй уулзах гээд очсон чинь дэлгүүрийн арын өрөөнөөс нэг эмэгтэй хүн гарч ирэхээр нь сайн байна уу манай дүүг зодчихсон байна гэхэд харин тийм байна лээ камер шүүж харсан гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

- Насанд хүрээгүй гэрч Э.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Камер руу харсан чинь М.Т ямар ч байсан гялгар уут авсан эрэгтэйг дуудаад зогсож байхаар нь таньдаг юм байх гэж бодоод 100 төгрөгийг нь авч гараад М.Т-д өгчихөөрэй гээд өгчихөөд буцаж орж ирээд байж байхад М.Т орж ирэхгүй удаад байхаар нь камер руу харсан чинь М.Т гялгар уут авсан эрэгтэйг гараараа цохиод авахаар нь гүйж гараад очиход нөгөө эрэгтэй хүүхэд доошоо  тонгойчихсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай “...1. А.Б-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зулгаралт, дух хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

- Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 60 дугаар  тал/,

- Нас тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 62 дугаар тал/,

- Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 68-72 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, насанд хүрээгүй гэрч хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

М.Т нь хохирогч А.Б-ын нүүрэн тус газарт өшиглөж, цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зулгаралт, дух хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Шүүгдэгч М.Т нь хохирогч А.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч А.Б-ын “...Баян хүнсний дэлгүүр  ороод 4 ширхэг гялгар уут аваад гараад явж байсан чинь ногоон өнгийн цамцтай эрэгтэй хүүхэд гарч ирээд араас намайг хариулт мөнгөө ав гэсэн тэгэхээр нь эргэж хараад очоод хариулт 100 төгрөгөө аваад буцаад явах гэтэл хэл амаар доромжлоод байсан... гараараа нүүр хэсэгт цохихоор нь доош тонгойсон байхад миний нүүр рүү дахин хөлөөрөө өшиглөөд нэмээд гараараа дахин цохих үед дэлгүүрээс эмэгтэй хүүхэд гарч ирж салгасан... миний хамар цуураад зүүн тал руугаа муруйсан байна гэж байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч А.А-ын “...А.Б хамраа дарчихсан цус гарчихсан аниа цагдаа дуудаарай гэхээр нь юу болсон бэ гэж асуухад Баян дэлгүүрийн хүүхэд нүүр рүү цохиод өшиглөчихлөө гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд дэлгүүр орж дүүг цохисон гэх хүүхэдтэй уулзах гээд очсон чинь дэлгүүрийн арын өрөөнөөс нэг эмэгтэй хүн гарч ирэхээр нь сайн байна уу манай дүүг зодчихсон байна гэхэд харин тийм байна лээ камер шүүж харсан гэсэн...” гэх мэдүүлэг,

- Насанд хүрээгүй гэрч Э.У-ийн “...Камер руу харсан чинь М.Т ямар ч байсан гялгар уут авсан эрэгтэйг дуудаад зогсож байхаар нь таньдаг юм байх гэж бодоод 100 төгрөгийг нь авч гараад М.Тд өгчихөөрэй гээд өгчихөөд буцаж орж ирээд байж байхад М.Т орж ирэхгүй удаад байхаар нь камер руу харсан чинь М.Т гялгар уут авсан эрэгтэйг гараараа цохиод авахаар нь гүйж гараад очиход нөгөө эрэгтэй хүүхэд доошоо  тонгойчихсон байсан...” гэх мэдүүлэг,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 178 дугаартай дүгнэлт болон өсвөр насны шүүгдэгч М.Тгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

 

 Хохирогч А.Б-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь өсвөр насны шүүгдэгч М.Т-гийн хохирогчийн нүүр хэсэгт өшиглөж, цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, өсвөр насны шүүгдэгч М.Т нь хохирогч А.Б-ын нүүр рүү өшиглөх, цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул өсвөр насны шүүгдэгч М.Т-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн асуудлыг зөв аргаар зохицуулах чадвар төлөвшөөгүй, түргэн зан ааш нь шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Шүүгдэгч М.Т-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч А.Б нь хохиролд 300,000 төгрөг авсан, цаашид хамрын хагалгаанд орно, хагалгааны зардалд 3,000,000 төгрөг гаргуулмаар байна гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд уг эмчилгээтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүний хохирол гаргуулах шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгч М.Т-г энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх  төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд тогтоогдсныг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулахгүй тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулга “шүүгдэгч М.Т 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлгийг үндэслэн эрүүгийн хариуцлага оногдуулахад татгалзах зүйлгүй.  Улсын яллагчийн ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг дэмжиж байна. Мөн түүний анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, бодитоор учирсан хохирлыг төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, бодит байдлыг андуурч гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шийдвэрлэж өгнө үү” гэсэн,

Хохирогч А.Б нь “тусгайлан гаргах саналгүй” гэх агуулга бүхий тайлбарыг,

Шүүгдэгч М.Т нь “тусгайлан гаргах саналгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч М.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.    

 

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч улсууд эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдсэн, яллагдсан, гэм буруутай нь тогтоогдсон хүүхдийн нэр төр, үнэ цэнэ, хүний эрх, бусдын үндсэн эрх чөлөөг хүндэтгэх үзлийг бататгах, нийгмийн амьдралд буцаан оруулах шаардлага, насны онцлогийг харгалзан, нийгэмд бүтээлч үүрэг гүйцэтгэх эрхийг хүндэтгэн хандана” гэж заасан.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, 2 дахь хэсэгт “өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж, 5 дахь хэсэгт “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно гэж тус тус хуульчилж өгчээ.

Шүүгдэгч М.Т 16 настай өсвөр насны шүүгдэгч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан өсвөр насны шүүгдэгч М.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахыг тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 1 жилийн хугацаагаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь дээрх үүргийг биелээлгүй эсхүл үүргийг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн байдлуудыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч М.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч М.Т-д ял оногдуулахыг тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 1 жилийн хугацаагаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

4. Өсвөр насны шүүгдэгч М.Т нь энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хохирогч А.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 

5. Өсвөр насны шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Тгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

7. Тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОРХОНТАМИР