Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 00029

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд     

Нарийн бичгийн дарга Ч.Ариунсайхан

Улсын яллагч Б.Эрхэмбаатар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Ч.Мөнгөнцэцэг

Иргэдийн төлөөлөгч Н.Отгонбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Баярмаад холбогдох 201618020170 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 1969 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Энхтайвны ¹ 24 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, группэд байдаг, оюуны хөнгөн хомсдолтой, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бадарчийн Баярмаа.   /РД: МЗ69090163/

 

Шүүгдэгч Б.Баярмаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр баг, Энхтайвны ¹ 24 тоотод байрлах өөрийн гэртээ төрсөн эцэг 81 настай Г.Бадарчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг цохиж зодон санаатайгаар алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баярмаагийн өгсөн ….  Би нэрийг нь мэдэхгүй 2 хүүхэнтэй архи уусан. Тухайн үед би аавд бууз хийж өгч байсан юм. Намайг тэнэг болохоор нь тэр гурав далимдуулсан. Би аавыгаа зодоогүй. Аав амьд байсан бол зааж өгөх байсан байх. Тэр гурав үгээ нийлүүлчээд худлаа ярьж байна. Манайд хонооод үүрээр 05 цагт явсан юм. Намайг тэнэг болохоор зальтай хүмүүс тэгж ярьж байна. Аав архи уугаагүй. Тэр гурав манай цонхыг цохиод байхад аав уурлаад энэ гурвыг хөөж явуул гэж хэлж байсан. Би тасраад унасан байсан. Тэгтэл аав дуудаад байхаар нь сэртэл тэр хоёр хүүхэнтэй хамт явсан залуу нь аавыг хана мөргүүлж зодож байсан. Би худлаа яриагүй үнэхээр гомдолтой байна. Би аавыг алдсандаа харамсаж байна. Аав маань нэг чихэр нэг боов олдсон ч надад өгдөг хүн байсан. Мөрдөн байцаагч Амгаланбаатар надыг хүчээр гарын үсэг зуруулсан. Би уул нь зодоогүй гэж хэлсэн. Би аавыгаа санаатайгаар алаагүй ш дээ. Аав маань намайг багаас минь эрхлүүлж өсгөсөн. Аавыг зодсон тэр хүмүүсийг би хэзээ ч өршөөхгүй. Тэр хүмүүс манай гэрийг шатаана гээд бензин тойруулж асгаад надыг айлгаад байсан гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантуяагийн өгсөн ……  Миний бие нь эцэг эхээс арван нэгүүлээ. 2016 оны 08 дугаар сарын 17-ны өглөө би Улаанбаатар хотод хүүгийндээ байж байхад миний төрсөн дүү Цэцгээ утасдаад аавын тархинд цус харваад нас барсан байна гэж мэдэгдсэн. Тухайн үед би аавын тархинд нь цус харваад л өнгөрч гэж бодсон. Тухайн үед би бодохдоо Баярмааг яагаад хорьсныг нь ойлгохгүй байсан. Өнөөдөр би аавынхаа хууль ёсны төлөөлөгчөөр нь оролцож байна. Аав маань 90 нас хүртлээ юмуу тэрнээс удаан ч юмуу бидэнтэй хамт байх байсан бол гэж бодохоос харамсч явдаг. Аав маань 2015 оны хавар осолд орсон. Мөн 2015 оны намар бэртэж гэмтсэн. Тэгээд аавыг Улаанбаатар хотод авчирч асарч байгаад 2016 оны 03 дугаар сард бие нь тэнхрээд гэртээ харихаар болсон. Тэгээд явахдаа би Баярмаагаа заавал авч явна хамт байна гээд авч явсан. Тэгээд эндээ гэртээ ирээд энэ хоёр хамт нэг гэрт байцгаасан. Хэргийн материалтай танилцаад би биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж санаатай алсан гэж буруутгаж байгааг нь ойлгосон. Баярмаа маань аавыгаа болон бусдыг биеэ хамгаалах чадвартай чадваргүйг ойлгох ухамсаргүй хүн юм. Бидний хувьд үнэхээр харамсалтай байна. Дүүгийн минь ялыг хэлтрүүлж туслаач ээ. Дүү маань өндөр ял авсан ч аав маань босч ирэхгүй юм. Энэ бүгдийг шүүгч та нар зөв ойлгоосой гэж хүсч байна. Гэхдээ би аавыгаа үгүйсгээгүй юм шүү гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Мөрдөн байцаалтад Б.Баярмаагийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр байцаагдахдаа өгсөн ……. 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад миний утас руу нэг дугаар залгаад “Б.Баярмаа мөн үү гээд нэг хүн яриад байсан тэгэхээр нь би хэн бэ гэсэн чинь дугарахгүй байсан” тэгснээ манай гэрийн гадаа ирсэн байна гэхээр нь би гараад хартал Амараа, Баяраа гэх 2 залуу ирсэн байсан. Тэр 2 чихэр, боов, сүүтэй ирсэн тэрийг аавд өгөөд нэг шил Хараа нэртэй 0,75 литрийн архитай явж байсныгаа задалсан тэр архинаас Г.Бадарч нэг татаад үлдсэнийг нь Амараа, Баяраа бид 3 хуваагаад ууж байгаад Амараа Баяраа нар явлаа гээд яваад өгсөн. Тэр 2-г явсны дараа тус өдрийн 20-21 цагийн үед байхаа би орондоо ороод хэвтэж байтал аав Г.Бадарч над руу “Чи яагаад энэ 2 залууг гэртээ оруулдаг юм гээд бас тэтгэврийн дэвтэр, номын сангийн түлхүүр авчихлаа” гээд уурлаад модон таягаар миний толгой руу 1 удаа цохисноо үснээс зулгаагаад байсан. Тэгэхээр нь би та яаж байгаа юм бэ гэсэн чинь болихгүй хөнжилнөөс татаад гуя руу цохиод байсан. Намайг чи зайл яваадах гээд хөөгөөд байхаар нь би тайвшруулаад аав Г.Бадарчийг оронд оруулаад хэвтүүлсэн. Тэгээд 2016 оны 08 сарын 17-18-нд шилжих шөнө 01 цагийн үед дахиж уурлаад босч ирээд чи зайл гээд уурлаад дайраад шалны модны хугархайгаар цохих гээд байхаар нь хаагаад аав Г.Бадарчийн баруун нүд рүү нь цохиод, дух болон гарыг маажсан. Тэгээд би та одоо боль л доо хүмүүс та бид 2-г юу гэж бодох юм гээд үүрийн 05 цаг хүртэл ноцолдсон. Намайг оронд ороод хэвтэхээр л хөнжил татаад унтуулахгүй байсан. 2016 оны 08 сарын 18-ны өдрийн өглөө 06 цагийн үед аав хувцсаа өмсөөд Б.Бат-Өлзий эгчийнх рүү явна гэхээр нь би та үүрээр очиж болохгүй ээ гэхэд аав нь очиж тэтгэврийн дэвтэр дээлээ авмаар байна гээд уурлаад байхаар нь би тайвшруулаад оронд нь оруулаад хэвтүүлсэн чинь аавынх нь дотор эвгүй оргиод байна даралтны эм аваад өг хөл бадайраад байна гэхээр нь би хөлийг нь барьж өгсөн. Хөл нь хүйтэн, амнаас нь хөөс гараад байхаар би нэг л биш боллоо гэж бодоод хашаанаас гараад Ю.Чинбат ахыг дуудаад Б.Батмөнх ахад хэлээд өг гэж хэлсэн. Удалгүй эмнэлэг ирсэн гэх мэдүүлэг /Хх-ийн 166 дугаар хуудас/.

Мөрдөн байцаалтад Б.Баярмаагийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар байцаагдахдаа өгсөн ……. 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 18 цагийн үед манай гэрт Амараа Баяраа гэх 2 залуу ирсэн ирэхдээ нэг шил “Хараа” нэртэй 0,75 литрийн архи, сүү, чихэр боовтой ирээд манай гэрт орсон. Манай аав Г.Бадарч тэр 2 залууг таньдаг юм шиг байна лээ тэгээд тэр 2 залуу авчирсан нэг шил архиа задлаад тойруулаад аавд нэг удаа хийж өгсөн аав тэрийг нь хөлөнд сайн гээд хийж өгснийг татсан. Надад нэг удаа хийж өгөхөөр нь би бас уусан. Дахиад нэг тойруулаад аавд хийж өгөхөөр нь би аавд одоо хэрэггүй хөл гар нь өвдөж байгаа гээд хэлээд бид 3 нэг удаа татсан. Уг архинаас тал нь үлдснийг аав асгасан. Удалгүй нөгөө 2 залуу явахаар болоод яваад өгсөн. Манай гэрээс 20 цагийн үед гарсан санагдаж байна. Аав бид 2 унтах гээд би орондоо орсон чинь аав ирээд миний хөнжлийг татаад чи яагаад гэрт архичин хүн оруулдаг юм бэ гээд уурлахаар нь би юу яриад байгаа юм бэ та өөрөө таньдаг юм биш үү гэсэн чинь аав нэг л таньдаг хүмүүс байсан юм аа гэж байсан. Тэгээд уурлаж байснаа миний толгой руу өөрийнхөө модон таягаар цохисон тэгсэн нөгөө модон таяг нь хугарсан. Тэгэхээр нь би болиулаад унтах гэсэн чинь миний үснээс татаад унтуулахгүй байсан тэгснээ шалны модоор миний хөлрүү цохисон. Тэгэхээр нь би та яагаад намайг унтуулахгүй байгаа юм бэ гээд нүд рүү нь баруун гараараа цохисон чинь намайг гараараа самардаад байсан. Тэгэхээр нь би гарыг нь маажсан чинь  чи ер нь бос яв гэхээр нь би өглөө болохоор нь гаръя гэсэн.  Удалгүй 2016 оны 08 сарын 17-18-нд шилжих үүрээр 04 цагийн орчимд аав Г.Бадарч миний бие өвдөөд байна чиний уудаг ягаан эм байна уу аав нь уурлаад чам руу дайрчихлаа уучлаарай гээд хэвтсэн. Тэгснээ дахиж босч ирээд дахиад дайрсан. Удалгүй бие нь өвдөөд байна гэхээр нь очтол орон дээрээ хэвтчихсэн байсан. Гар хөлийг нь барьсан чинь хүйтэн байсан. Тэгсэн удалгүй аавынх нь бие болохоо байлаа гэхээр нь би гэрээс гараад гудамжны арын айл Ю.Чинбат ахыг дуудаад эмнэлэг болон хамаатан садандаа мэдэгдсэн гэх мэдүүлэг /Хх-ийн 169 -170 дугаар хуудас/

Гэрч Б.Цэцгээгийн мөрдөн байцаалтанд өгсөн …….. 2016 оны 08 сарын 18-ны өдрийн өглөөний 09-10 цагийн үед манай ах Б.Батмөнх миний утас руу залгаад аав Г.Бадарчийн бие тааруу байна яаралтай Зүүнхараад ир гэхээр нь би өөрийн 3 дүүгээ аваад машинтайгаа тус өдрийн 14 цагийн үед Зүүнхараад ирэхэд аав Г.Бадарч Зүүнхараагийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн ухаангүй эмчлүүлж байсан. Юу болсон талаар Б.Батмөнх болон Б.Бат-Өлзий эгч нараас асуухад өглөө дотор нь эвгүй болоод харвалт өгсөн гэсэн дуудлагаар эмнэлгийнхэн гэрт очсон байна гэж хэлсэн. Эгч Б.Баярмаагаас юу болсон талаар асуухад надад юм хэлэхгүй байсан тэгээд аавыг Улаанбаатар хот руу эмнэлэг рүү шилжүүлэхээр болоод би эгч Б.Баярмааг машинтай хот руу авч явсан. Замдаа юу болсон яагаад аав ийм байдалтай болчихов гэж асуутал Б.Баярмаа “2,3 хүнтэй архи уугаад гэрт аавтай маргалдаад аавыг цохьсон гэж байсан. Өөр юм хэлээгүй. Аав Г.Бадарчийг Улаанбаатар хотын 3-р эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байсан боловч ухаангүй байсаар 2016 оны 08 сарын 26-ны өдрийн 12 цаг 30 минутын орчимд нас барсан гэх мэдүүлэг /Хх-ийн 32 дугаар хуудас/

Гэрч Б.Хандаагийн мөрдөн байцаалтад өгсөн …….. 2016 оны 08 сарын 18-ны өдрийн 08 цагийн үед байхаа нөхөр Ю.Чинбат бид 2 гэрийнхээ хашаанаас үхрээ гаргаад би тугалаа хашиж байсан юм. Тэгсэн гудамжны урд талаас Б.Баярмаа аав үхчихлээ манай ах дүү дуудаад өгөөч гээд орилоод явж байсан. Тэгэхээр нь би юу болсон гэж асуусан чинь аав үхчихлээ эмнэлэг, ах дүүг нарыг дуудаад өгөөч гэхээр нь Б.Баярмаагийн эгч Б.Бат-Өлзийг таньдаг болохоор зүгээр өнгөрөлтэй нь биш гэж бодоод Б.Баярмаагаас Б.Бат-Өлзийгийн гэрийг асуугаад Спиртийн байр луу нөхөр Ю.Чинбатыг унадаг дугуйтай нь явуулсан. Б.Баярмаа чи гэртээ очоод аавыгаа хараад байж бай гэж хэлээд Б.Баярмааг явуулсан. Үхрээ туугаад цаашаа явж байхдаа Б.Баярмаагийн ах Б.Батмөнх рүү утасдаад хэлсэн чинь Б.Батмөнх мэдсэн гэрээс хүн гарсан гэж байсан. Тэгээд эргэж гэртээ байж байтал нөхөр Ю.Чинбат орж ирэхээр нь юу болов Г.Бадарч яасан байна гэж асуусан чинь Ю.Чинбат түргэний эмчтэй гэрлүү нь ороод ирлээ Г.Бадарч арай ч нас бараагүй юм шиг байна гэсэн гэх мэдүүлэг /Хх-ийн 34 дүгээр хуудас/

Гэрч Ю.Чинбатын мөрдөн байцаалтад өгсөн ..…….. 2016 оны 08 сарын 18-ны өдрийн өглөө 08 цагийн үед байхаа эхнэр Б.Хандаа бид 2 үхрээ хашаанаасаа гаргаад зогсож байтал гудамжны урдаас Б.Баярмаа “аав үхчихлээ ах, эгч, түргэн дуудаад өгөөч” гээд орилоод явж байснаа манай хашааны үүдэнд ирсэн тэгээд Б.Баярмаагаас Б.Бат-Өлзий эгчийнх нь гэрийг заалгаж аваад би унадаг дугуйтай Спиртийн байр луу очиход Б.Бат-Өлзийгийн гэрт хүн байгаагүй тэгэхээр нь би эмнэлэг рүү очиж түргэн дуудаж өгчихөөд эргээд гэртээ иртэл түргэний машин ирэхээр нь Энхтайваны 24 тоот руу эмчтэй цуг орсон. Эмч бид 2-г гэрт нь ороход Г.Бадарч өвгөн байшингийн зүүн урд талын орныхоо урд талд газар хөлөө жийгээд ор түшсэн байдалтай сууж байсан. Эмч өргөөд орон дээр хэвтүүлье гэхээр нь Б.Баярмаа бид 2 Г.Бадарчийг өргөөд орон дээр хэвтүүлчихээд би гараад явсан гэрт эмч, Б.Баярмаа 2 үлдсэн. Би тэгээд гэр лүүгээ явсан гэх мэдүүлэг /Хх-ийн 35 дугаар хуудас/

Гэрч О.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгшсөн …….. 2016 оны 08 сарын 18-ны өдрийн өглөө 08 цаг 40 минутын үед Ю.Чинбат гэх хүн эмнэлэг дээр ирээд Г.Бадарч гэх хүний бие муу байна охин нь гудамжинд уйлаад байна гэж дуудлага өгсний дагуу Энхтайваны 24 тоотод очиход Г.Бадарч гэх өвгөн орныхоо хажууд хөлөө жийсэн байдалтай газар сууж байсан Ю.Чинбат гэх дуудлага өгсөн ахтай цуг орсон. Г.Бадарчийн охин Б.Баярмаа гэх эмэгтэй бид 2-с түрүүлж ороод Г.Бадарчийг босгох гээд тэврэхээр нь би Ю.Чинбат, Б.Баярмаа нарыг өргөөд орон дээр хэвтүүлээдэх гэж хэлсэн. Б.Баярмаа, Ю.Чинбат нар орон дээр гаргаад хэвтүүлсэн. Г.Бадарчийн биед үзлэг хийхэд ухаангүй, хурхирсан, баруун нүд нь хөхөрсөн, дух болон нүүр нь шарх сорвитой, биеийн байдал нь хүндэвтэр цус харвасан гэж үзээд мэдрэлийн эмч Батзул эмчийг дуудаад үзүүлэхэд цус харвасан байна эмнэлэг рүү авч явахаар болоод даралтны багасгадаг тариа болон тархины хаван буулгадаг дусал хийгээд эмнэлэг рүү хүргэсэн гэх мэдүүлэг /Хх-ийн 36 дугаар хуудас/

Гэрч С.Батцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн …….. Б.Баярмаа нь оюун ухааны дунд зэргийн хомсдол өвчний учир 70%-н группт байдаг. 1998 оноос Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч болон өрхийн эмчийн хяналтанд байх болсон. Өвчтөнд 2-3 жилийн хугацаанд группын заалтыг тодорхойлохын тулд эмгэг сэтгэцийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байдаг 2008 онд Б.Баярмаа Улаанбаатар хотын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмгэг сэтгэцийн дүгнэлт хийлгэж 2009 оноос хойш 70%-н хугацаагүй группт оруулсан тэрнээс хойш Б.Баярмаа сар болон улиралд үзүүлэхээ больсон хамгийн сүүлд 2015 онд 04 сард надад үзүүлсэн тухайн үед толгой, хүзүү жоохон өвдөж байна гэсэн зовиуртай орж ирсэн үзэхэд биеийн байдал дунд, ядраад байна гэж байсан амин үзүүлэлтүүд хэвийн сэтгэцийн талаас өөрчлөлтгүй байсан. Би шинж тэмдэгийн толгой өвдөлт, тархи сульдалт, оюун ухааны хомсдол гэж давхар онош тавьж хэвтэж эмчлүүлэхээр орны очер автал эргэж ирээгүй. Сүүлийн үед надтай гудамжинд болон эмнэлэгт ирэхдээ дандаа согтуу ирэх болсон би таарах болгондоо үзүүл, хэвтэж эмчлүүл гэхээр за гэж хэлээд ирдэггүй байсан гэх мэдүүлэг /Хх-ийн 37 дугаар хуудас/

Гэрч Ж.Рэгзэнгийн мөрдөн байцаалтад өгсөн …….. 2016 оны 08 сарын 17-ны өдрийн орой 23 цагийн үед би гэртээ ирсэн тэгээд хоол ундаа идчихээд хэвтэж байтал урд талын хашаа буюу Энхтайваны 24 тоот байшингийн үүдэн дээр нь 2-3 хүн юм яриад байх шиг байсан тэгж байснаа чимээгүй болчихсон. Тэгээд би унтаад өгсөн. Маргааш нь буюу 2016 оны 08 сарын 18-ны өдрийн өглөө 06 цаг өнгөрч байхад босоход манай хашаа байшингийн завсар “Буудай” нэртэй улаан өнгийн бичигтэй 0,75 литрийн архины шилийг шидсэн байсан Б.Баярмаа л шидсэн юм шиг байна лээ манай хашаанд архины шил байдаггүй юм. Үүнээс 2-3 хоногийн өмнө 21-22 цагийн үед байхаа би гудамжны урд талаас харих гээд явж байтал Г.Бадарч гуай хашааныхаа хаалган дээр нэг мод тулчихсан явж чадахгүй зогсож байхаар нь би “Б.Бадарч гуай яасан бэ та юу хийж зогсож байгаа юм” гэсэн чинь миний төмөр таягийг Б.Баярмаа хугалчихлаа гэсэн тэгэхээр нь би Г.Бадарч гуайг түшээд хашаа руу нь ороод байшингийн булангийн тэнд явж байтал Б.Баярмаа нэг залуутай гарч ирээд байшин руугаа аваад орсон гэх мэдүүлэг /Хх-ийн 39 дүгээр хуудас/

Гэрч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн …….. 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад манай хадам Доржхандад Ю.Чинбатын эхнэр утасдаж Б.Баярмаа гудамжаар уйлаад яваад байна гэнэ чи очоодох гэхээр нь би тус өдрийн 08 цагийн үед Энхтайваны 24 тоотод буюу аав Г.Бадарчийн гэрт яваад очтол түргэний эмч ирсэн аав Г.Бадарч ухаангүй байсан тэгэхээр нь би юу болсон талаар Б.Баярмаагаас асуухад аав уначихлаа гээд уйлаад байсан. Эмч ирсэн байхаар нь бие нь яаж байна гэтэл цус харвасан юм шиг байна эмнэлэг рүү авч явъя гээд эмнэлэгт аваачсан. Эмнэлэгт аваачаад эмч нар мэс заслын тасагт хэвтүүлсэн мэс заслын эмч Б.Энхтөр их хүнд харвасан юм шиг байна тархи нугаснаас шингэн авах хэрэгтэй байна зөвшөөрч байвал бид нар шингэн авах болно гэхээр нь би зөвшөөрөөд гарын үсэг зураад аав Г.Бадарчийн тархи нугаснаас шингэн авсан. Б.Энхтөр эмч хэлэхдээ шингэн авахад цустай гарвал энд эмчилгээ хийх боломжгүй цусгүй гарвал бид нар эмчилж чадна гэсэн удалгүй тархи нугаснаас авсан шингэн нь цустай гарсан байна гээд надад үзүүлсэн. Тэгэхээр нь бид нар 2016 оны 08 сарын 18-19-нд шилжих шөнө 02 цагийн үед галт тэргээр эмч дагуулаад Улаанбаатар хотын Улсын 3 дугаар эмнэлэгт аваачиж хэвтүүлсэн гэх мэдүүлэг /Хх-ийн 43 дугаар хуудас/

Гэрч Б.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн …….. 2016 оны 08 сарын 18-ны өдрийн өглөө 08 цагийн үед байхаа би хойно хөрөө рам дээр байсан тэгсэн Даваасүрэн миний утас руу залгаад аавын бие тааруу байна цаад Б.Баярмаа чинь уйлаад явж байна гэж надад хүн хэллээ та яваад очоодох гэсэн тэгэхээр нь би замын хойноос Энхтайваны 24 тоот яваад очтол 2 эмч ирчихсэн аав ухаантай юм шиг мөртлөө ярьж чадахгүй байсан удалгүй эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд би Б.Баярмаагаас яагаад аав ийм болчихов гээд асуусан чинь 2016 оны 08 сарын 18-ны өдрийн өглөө 06 цагийн үед орныхоо урд унасан байсан гэж хэлсэн. Тэгээд Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт очиход аав Г.Бадарч маань ухаангүй байсан. 2016 оны 08 сарын 18-19-нд шилжих шөнө галт тэргээр Улаанбаатар хотын Улсын 3 дугаар эмнэлэгт хэвтэхээр явсан гэх мэдүүлэг /Хх-ийн 45 дугаар хуудас/

Гэрч Т.Батзулын мөрдөн байцаалтад өгсөн …….. 2016 оны 08 сарын 18-ны өдрийн 09 цаг 20 минутын орчим Энхтайваны 24 тоотод ухаангүй байдалтай хүн байна түргэн тусламж очсон, мэдрэлийн эмчийн зөвлөгөө хэрэгтэй байна гэхээр нь би Энхтайваны 24 тоотод очсон. Намайг очиход Г.Бадарч орон дээрээ хэвтсэн байдалтай нүд нь нээлттэй боловч ярьж чадахгүй ярьсан зүйлийг ойлгохдоо муу, түргэний эмч нь даралт бууруулах, тархины хаван бууруулах эмчилгээнүүдийг хийж байсан. Би Г.Бадарчийг үзээд цус харвалт гэж үзээд Мандал сумын Нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэсэн. Б.Баярмаа гэх охиных нь үгээр аав Г.Бадарч нь унасан гэж хэлсэн. Мөн Г.Бадарчийн биед харагдах шархуудыг хараад гэмтлийн гаралтай цус харвалт байх боложмтой гэж үзээд 2016 оны 08 сарын 18-19-нд шилжих шөнө 02 цагийн үед Улаанбаатар хотруу явуулсан гэх мэдүүлэг /Хх-ийн 47 дугаар хуудас/                                                                                                                                                               

Гэрч Т.Сарангийн мөрдөн байцаалтад өгсөн …….. 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 16 цагийн үед байхаа Х.Эрдэнэтуяа бид 2 Спиртийн байрны тэнд явж байтал Б.Баярмаа эгч аавыгаа дагуулаад явж байхад нь таарсан. Тэгсэн чинь Б.Баярмаа эгч манай гэр лүү явахаар болтол Б.Баярмаа эгч байж байгаад хүрээд ир тэгээд хэдэн цагийн дараа очсон байхаа би бас жоохон халамцуу байсан болохоор цаг хугацааг нь сайн санахгүй байна. Б.Баярмаа эгчийн гэрт буюу Эмхтайваны 24 тоотод очсон. Гэрт очиход Б.Баярмаагийн аав Г.Бадарч гуай байсан. Б.Баярмаа эгч бууз хийгээд байж байсан. Б.Баярмаа эгч нэг шил архи ууя гэсэн. Тэр үөд миний утас руу Мөөжгий залгасан. Тэгээд Х.Эрдэнэтуяа бид 2 Мөөжгийг Энхтайваны гудамжны үзүүрээс тосохоор гараад очтол Мөөжгий ирсэн байсан. Би Мөөжгийг нэг шил архи аваад өг гэсэн чинь Мөөжгий зөвшөөрөөд нэг шил Хараа нэртэй 0,75 литрийн архи аваад буцаад Б.Баярмаа эгчийн гэр лүү очсон Туяа, Мөөжгий бид 3-г Б.Баярмаа эгчийн гэрт очиход буузаа жигнээд яг гаргаж байсан. Тэгээд авсан архи задлаад Мөөжгий тойруулаад эхлээд Г.Бадарч гуайд хундагаар хийж өгсөн Г.Бадарч гуай уусан. Архиа тойруулахад Г.Бадарч гуай нийт 3 удаа уусан. Тэгээд архи дуусаад дахиад уухаар болоод Х.Эрдэнэтуяа, Мөөжгий бид 3 дахиад нэг шил Хараа нэртэй 0,75 литрийн архи авчраад Б.Баярмаагийн гэрт очоод Б.Баярмаа, Х.Эрдэнэтуяа, Мөөжгий бид 4 нөгөө архиа хувааж уугаад дуусгасан. Мөөжгий, Х.Эрдэнэтуяа бид 3 гараад явсан. Тэрнээс хойш дахиж Б.Баярмаатай уулзаагүй… Х.эрдэнэтуяа эгч бид хоёрыг Баярмаа эгчийн гэрт ороход Б.Баярмаа эгч аавтайгаа хэрэлдээд байсан. Б.Баярмаа эгч гарна гэсэн чинь аав нь гаргахгүй би гарлаа гээд дээлээ өмсөөд байсан гэх мэдүүлэг /Хх-ийн 51 дүгээр хуудас/   

Гэрч Х.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн …….. 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 16 цаг өнгөрч байсан байхаа Спиртийн байрны тэнд Т.Саран бид 2 явж байтал Б.Баярмаа эгч өөрийнхөө аавтайгаа явж байсан. Тэгээд би Б.Баярмаа эгчийг хаа хүрч явна вэ гэсэн чинь гэр лүү харьж явна та 2 манай гэрт бүрэнхий болох үед хүрээд ирээрэй гэсэн. Тэгэхээр нь Т.Саран бид 2 зөвшөөрөөд салсан. Б.Баярмаа эгч аавыгаа дагуулаад яваад өгсөн. Т.Саран бид 2 Спиртийн байрны саравчинд байж байгаад 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад Энхтайваны 24 тоот буюу Б.Баярмаа эгчийн гэрт очсон. Гэрт нь очиход Б.Баярмаа эгч бууз хийчихсэн Г.Бадарч гуай орон дээрээ хэвтэж байсан. Т.Саран бид 2 гэрт ортол Б.Баярмаа эгч нэг шил архи уумаар байна гэсэн. Тэр үед Т.Сарангийн утас руу Мөөжгий гэх найз нь залгаад хаана байгаа юм бэ гэхээр нь Энхтайваны гудамжинд айлд байна гэсэн. Тэгээд Мөөжгий нь ирэхээр болоод Энхтайваны гудамжны үзүүрт байна гэхээр нь Т.Саран бид 2 очиж авсан. Т.Саран Мөөжгийг ганц шил архи аваад өгөөч гэсэн чинь Мөөжгий зөвшөөрөөд бид 3 дэлгүүрээс архи аваад Б.Баярмаа эгчийн гэрт очсон чинь бууз жигнэж байхаар нь хоол идчихээд нөгөө авсан архиа задлаад Б.Баярмаа эгч тойруулсан. Тэгээд Г.Бадарч гуайд 2-3 удаа хийж өгсөн. Г.Бадарч гуай уусан.  Архи дууссан чинь Т.Саран, Б.Баярмаа эгчээ гэртээ байж байгаарай бид 3 дахиад нэг шил архиа аваад ирье гээд бид 3 гэрээс нь гарсан юм. Мөөжгий, Т.Саран бид 3 “JN” рестароны хажуу талын дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн Хараа архи аваад таксидаад явж байтал засмал зам дагуу Б.Баярмаа эгч алхаад явж байхаар нь бид нар зогсоод та гэртээ байж байхгүй юу яасан юм бэ гэсэн чинь Б.Баярмаа эгч аав та 3-г асуугаад байна ш дээ гэхээр нь бид 3 Б.Баярмаа эгчийг машиндаа суулгаад гэрт нь очсон. Тэгээд гэрт нь ороод нөгөө архиа задлаад Мөөжгий, Т.Саран, Б.Баярмаа эгч бид 4 хувааж уугаад 2016 оны 08 сарын 17-ны өдрийн орой 23 цагийн үед гарсан. Тэгээд дахиж очоогүй … Т.Саран бид хоёрыг эхлээд очиход Б.Баярмаа аавтайгаа хэрэлдээд байсан. Баярмаа явлаа гэсэн чинь аав нь би явъя гээд дээлээ өмсөөд байсан. Тэгсэн Б.Баярмаа эгч та явж яах гээд байгаа юм бэ гээд таягийг нь нуугаад байсан. Тэгээд архи ууж байхад маргалдаагүй. Бид нарыг явсны дараа маргалдсан байж магадгүй… Мөөжгий, Саран бид гурвыг гарахад Баярмаа эгч, Г.Бадарч гуай хоёр хэрэлдээгүй зүгээр үдсэн. Г.Бадарч гуайн биед шарх сорви байгаагүй зүгээр байсан, бид нарын хажууд Г.Бадарчийг цохиж зодоогүй.. Мөөжгий Г.Бадарч гуайг зодоогүй хэрүүл маргаан болоогүй Б.Баярмаа эгч л өөрөө Г.Бадарч гуайтай маргалдаад байсан гэх мэдүүлэг /Хх-ийн 53 дугаар хуудас/

Гэрч О.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн ……..2016 оны 08 сарын 17-ны өдрийн орой 21 цагийн үед байхаа би Т.Саран луу залгаад уулзъя гэсэн чинь Энхтайваны гудамжинд айлд байна хүрээд ир гэсэн тэгэхээр нь очихоор явж байтал Т.Саран өөрийнхөө найз Х.Эрдэнэтуяатай цуг ирж таарсан. Тэгсэн Т.Саран нэг шил архи аваад өг гэхээр нь нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи авсан. Тэгээд Т.Саран манай эгчийнд очъё хоол хийчихсэн байгаа гэхээр нь зөвшөөрөөд Энхтайваны 24 тоот буюу Б.Баярмаагийн гэрт очсон. Бид 3-г очиход Б.Баярмаа бууз хийчихсэн мөн түүний аав Г.Бадарч гэх хөгшин байсан. Тэгээд бид нар буузаа идчихээд нөгөө авсан архи тойруулахаар болоод би тойруулсан Г.Бадарч гуайд 2-3 удаа хийж өгсөн. Тэгээд бид нар уусан архиа дуусаад дахиад нэг шил авахаар болоод Б.Баярмаагийн гэрээс гараад таксидаад эмнэлгийн уулзварын баруун талын буюу “JN” рестароны зүүн талын дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад буцаад явж байтал Б.Баярмаа зам дээр явж байхаар нь аваад гэрт нь очсон. Тэгээд нөгөө авсан архи задлаад Б.Баярмаа, Х.Эрдэнэтуяа, Т.Саран бид 4 хувааж уучихаад нилээн орой тус өдрийн орой 23 цаг өнгөрч байхад гарсан. Дахиж гэрт нь очоогүй ээ .. Би Баярмаа, Г.Бадарч гуай нарыг танихгүй ш дээ. Т.Саран, Х.Эрдэнэтуяа нартай тэдний гэрт орж архи уусан. Тэнд хэрүүл маргаан болоогүй. Би  Г.Бадарч гуайг зодоогүй. Хамт байсан саран, Эрдэнэтуяа нар мэдэж байгаа гэх мэдүүлэг /Хх-ийн 55 дугаар хуудас/

Гэрч Ц.Сарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн …….. О.Мөнхжаргал нь манай нөхөр байгаа юм. Бид 2 гэр бүл болоод 12  жил болж байна албан ёсны гэр бүлийн баталгаатай. 2016 оны 08 сарын 17-ны өдрийн орой 00 цагийн үед гэртээ ирсэн. Тухайн үед би орондоо ороод хүүхдээ хөхүүлээд хэвтэж байсан. О.Мөнхжаргал жоохон уусан бололтой байсан. Хоол байна уу гэхээр нь би хоолыг нь аягалаж өгчихөөд эргээд хэвтсэн. Тэгээд хоолоо идчихээд тамхи татчихаад орондоо ороод  унтсан гэх мэдүүлэг /Хх-ийн 58 дугаар хуудас/

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ¹ 1604 ….   Дүгнэлт

         1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун, зүүн чамархай, зүүн зулайн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, зулайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хөмсөг, хамрын нуруу, эрүү, баруун тохой, баруун шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Талийгаачид учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

          4.Талийгаач нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан тул цусанд согтууруулах болон мансууруулах бодис тодорхойлох боломжгүй.

         5.Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

         6.Талийгаач нь А( II ) бүлгийн цустай байна....гэх /Хх-ийн 71-73 дугаар хуудас/

         Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 207….  Дүгнэлт

         1.Баярмаагийн биед толгойн хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр 2016-08-17-18-нд  шилжих шөнө үүсгэгдсэн байх боломжтой.

          3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

          4.Цаашид өрөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-ийн 133 дугаар хуудас/                                                                                                             Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт ¹ 897 ….. Дүгнэлт: Комисс доорх дүгнэлтийг санал нэгтэйгээр гаргав.

            1. Б.Баярмаа нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн архисах эмгэг “ хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан байна. “Оюуны хөнгөн хомсдол” хэмээх сэтгэцийн эмгэг нь төрөлхийн /удамшлын/ байх боломжтой. Б.Баярмаа нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийн учир холбогдлыг өөрийн сэтгэц, оюун ухааны түвшинд ойлгох чадвартай байсан байна.

            2. Б.Баярмаа нь одоо “Оюуны хөнгөн хомсдол,шинж тэмдгийн архисах эмгэг“хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Баярмаад албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна. Харин цаашид харъяа сэтгэцийн эмчийн байнгын хяналтанд байж, тогтмол үзүүлж байх шаардлагатай байна.

            3. Хэргийн материалаас , гэрч С.Батцэнгэлийн /мэдрэлийн их эмч / мэдүүлэгт “Б.Баярмаа нь сэтгэцийн хувьд эрүүл бус “Оюун ухааны хомсдол” гэх сэтгэцийн өвчтэй гэхдээ хурцадмал байдалд орж байгаагүй. 2002 оноос хойш би Б.Баярмаад хяналт тавьж байгаа, гэхдээ байнга ирж үзүүлдэггүй, хааяа л ирж үзүүлдэг болсон” гэжээ.

            4. Б.Баярмаа нь болсон явдлыг өөрийн сэтгэц, оюун ухааны түвшинд тусган авч, өөрийн сэтгэц, оюун ухааны түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна.

            5. Б.Баярмаа нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэх /Хх-ийн 142-143 дугаар хуудас/                

            Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт ¹144 ….Сэтгэцийн онош: Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн архисах эмгэг

  1. Б.Баярмаагийн сэтгэцийн байдалд гаргасан шүүх сэтгэц эмгэг судлалын № 897 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

           Б. Б.Баярмаа нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

  1. Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн архисах эмгэгтэй хүнд хэл ярианы чадварын хувьд өөрийгөө илэрхийлэх энгийн ярианы хэл хангалттай эзэмшсэн, өөртөө энгийнээр бие даан үйлчлэх чадвартай / хоол унд хүний туслалцаагүй хийж ууж идэх, хувцаслах, бие засах гэх мэт/ хөдөлгөөний чадвар чөлөөтэй боловч эвсэл муутай. Суралцах боловсрох хязгаарлагдмал түвшинд хадгалагддаг, сурсан ажлаа хийх чадвартай, оюуны түвшин 50-59 байдаг IQ= 55% зэрэг чадвар дадлууд хадгалагддаг учир өөрийн үйлдэлдээ сэтгэц оюуны хувьд мэдүүлэг өгч хэрэг хариуцах чадвартай байдаг. Иймд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Дээрхи эмгэгтэй хүн өөрийн сэтгэцийн түвшинд хийж буй үйлдэлдээ дүгнэлт өгөх, ойлгох чадвартай байна гэх /Хх-ийн 243 дугаар хуудас/

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 3-9 дүгээр хуудас/

            Талийгаач Г.Бадарчийн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 11-13 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан бор хүрэн өнгийн 94.5 см урттай хугархай модон таягийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 23-24 дүгээр хуудас/

Цогцсонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 65-69 дүгээр хуудас/

Б.Баярмаагийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 178 дугаар хуудас/

Б.Баярмаа нь Энхтайвны ¹ 24 тоотод, ам бүл 2, оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 180 дугаар хуудас/

Б.Баярмаа нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 182 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Баярмаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр баг, Энхтайвны ¹ 24 тоотод байрлах өөрийн гэртээ төрсөн эцэг 81 настай Г.Бадарчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг цохиж зодон санаатайгаар алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Баярмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар мэдүүлэг өгөхдөө сэжигтэн, яллагдагчаар байцаагдахдаа өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлж байгаа нь яллагдагч өөрийнхөө  эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхээ эдэлж байна гэж үзэв.

Харин шүүгдэгч Б.Баярмааг сэжигтнээр болон яллагдагчаар тооцон байцаалт авахдаа хуульд заасан шаардлагыг хангаж түүнд хууль заасан эрх, үүргийг нь болон хуулийн зүйл заалтыг тайлбарлан өгсөн, мөн өмгөөлөгч байлцуулан мэдүүлэг авсан зэрэг нь хууль зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр болон яллагдагчаар байцаагдахдаа үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь  хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор хүхэн өнгийн 1 ширхэг хугархай таяг зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад давхар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Баярмаагийн өмгөөлөгчөөс гаргасан Б.Баярмаа нь хохирогч Г.Бадарчийн архи уулаа гэсэн шалтгаанаар шөнөжин унтуулахгүй хөөж босгоод байсан буруутай үйлдлээс болж санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алсан гэж үзэх, эсхүл оюуны хөнгөн хомсдолын улмаас талийгаач Г.Бадарчийг биеэ хамгаалах чадвартай юу чадваргүй юу талаар  дүгнэлт өгч ойлгон ухамсарлах чадамжгүй гэж үзэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  551 дүгээр зүйлийг журамлан хуульд зааснаас доогуур хөнгөн ял оногдуулж өгнө үү, мөн шүүгдэгч Б.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хамт архи уусан хоёр хүүхэнтэй ирсэн залуу аавыг хана мөргүүлж цохиж зодсон гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан нэмэлт ажиллагаа хийлгэж зарим зүйлийг тодруулах зорилгоор мөрдөн байцаалтад буцааж өгнө үү  гэсэн саналыг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Баярмаа нь өндөр настай буюу 81 настай аав Г.Бадарчийг бие муутай, биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цохиж зодсоноос хохирогч Г.Бадарч нас барсан, мөн шүүгдэгч Б.Баярмаа нь оюуны хөнгөн хомсдол хэмээх сэтгэцийн эмгэгтэй болох нь шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоогдсон ба өөрийнхөө хийж буй үйлдлийн учир холбогдлыг өөрийн сэтгэц, оюун ухааны түвшинд ойлгох чадвартай, өөрийн үйлдэлдээ сэтгэц оюуны хувьд мэдүүлэг өгч хэрэг хариуцах чадвартай байдаг, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, дээрх эмгэгтэй хүн өөрийн сэтгэцийн түвшинд хийж буй үйлдэлдээ дүгнэлт өгөх, ойлгох чадвартай байна гэжээ.

Иймд Б.Баярмаад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэн прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэлийн дагуу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Алтантуяа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Баярмаагийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.5 дах хэсэгт зааснаар онц хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дах хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Б.Баярмаагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон талийгаачийн ар гэрийнхнээс гаргасан хүсэлт, гомдолгүй гэж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дах хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял эдлүүлэх дэглэмийг  хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 94.5 см урттай, бор хүрэн өнгийн хугархай модон таяг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,  шүүгдэгч Б.Баярмаагийн цагдан хоригдсон 197 хоногийг нь эдлэх ялд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад  шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон            

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Бадарчийн Баярмааг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дах хэсэгт заасныг баримтлан Б.Баярмааг 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 10 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Б.Баярмаад оногдуулсан 10 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт хэсэгт заасныг баримтлан Б.Баярмаагийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 197 хоногийг нь эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дах хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 94.5 см урттай, бор хүрэн өнгийн хугархай модон таяг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.

            6. Б.Баярмаа нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.    

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баярмаад өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Б.ХЭРЛЭН

                        

             ШҮҮГЧИД                                  Б.АЛТАНЦЭЦЭГ 

                                                                                  

                                                                 Ж.ЭРДЭНЭБАТ.