Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 1879

 

 

 

 

 

 

 

 

 

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01128 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 335 585 864,78 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Н, О.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн №46 тоот зээл, барьцааны гэрээг байгуулж 208 000 000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай сарын 0,58 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийн барьцаанд Ү-2204032914 улсын бүртгэлийн дугаартай, 000291874 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Деневер гудамж 85 байр 207 тоот хаягт байршилтай 95,4 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Ү-2202007038 улсын бүртгэлийн дугаартай, 0095387 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо 6 дугаар хороолол 20 дугаар байрны 22 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц зэргийг барьцаалсан. М ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш   ямар ч төлөлт хийгээгүй, зээлийн хэсэгчилсэн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байгаа тул зээлийн гэрээний хугацааг цуцлуулан нийтдээ 360 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Бид эхний шаардлагаараа үндсэн зээл 279 838 128,03 төгрөг, зээлийн хүү 46 456 447,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 291 289,46 төгрөг нийт       335 585 864,78 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хурал удаа дараа хойшилж байсан тул 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр          335 585 864,78 төгрөгийг 24 413 135,22 төгрөгөөр нэмэгдүүлэн, 360 000 000 төгрөгөөр нэхэмжилсэн байгаа.

Бидний хувьд анхны нэхэмжлэлийн шаардлага болох 335 585 864,78 төгрөг гаргуулах тухай шаардлагыг дэмжиж, нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзая. Барьцаа хөрөнгийн хувьд нэгэнт зээл авсан, зээлээ төлөх баталгаа болгож тухайн 2 орон сууцыг өмчлөгч нарын зөвшөөрлөөр итгэмжлэл авч хуулийн хүрээнд бүртгүүлж тухайн зээлийг гаргасан. Хэрвээ компани энэхүү зээлийг төлөхгүй бол эргэн төлөгдөх зүйл нь барьцаа хөрөнгө учраас тухайн төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр хангах нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйл болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хуульд заасан үндэслэлээр хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахыг шийдвэрт тусгуулна уу гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №46 тоот зээл, барьцааны гэрээг байгуулж 208 000 000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай сарын 0,58 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Нийгэм эдийн засгийн хүндрэлтэй байдлаас үүдэн зээлээ төлөх боломжгүй байсан. 360 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид бууруулсан дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Компани одоо Ховдод хийж байгаа ажил болон бусад хийсэн ажлынх нь хөлс орж ирэхээр төлөх боломжтой, ойролцоогоор 6 сарын дараагаар төлбөрөө төлж барагдуулна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул хэлэлцэх үндэсгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 46 тоот зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, хариуцагч М ХХК-иас                     335 585 864,78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлээс  24 413 135,22 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч 335 585 864 төгрөгийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204032914 дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн 000291874 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/ Деневер гудамж, 85 байр, 207 тоот хаягт байршилтай 95.4 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2202007038 дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн 0095387 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо, 6 дугаар хороолол 20 байр 22 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шаардаж буй нэхэмжлэлийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 115 900,33 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагчаас 1 835 879 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 335 585 864,78 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан боловч үүндээ тохирох улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй. Нэхэмжлэлийн үндэслэл болох барьцааны гэрээнд гарын үсэг зурсан Б.Билгүүн итгэмжлэлээр төлөөлж барьцаалсан боловч итгэмжлэлийн хугацаа дууссан зэргийг анхан шатны шүүхээс харгалзан үзэж шийдвэрлэсэнгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч 335 585 864,78 төгрөгийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө улсын бүртгэлийн Ү-2204032914, Ү-2202007038 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээл 279 838 128 төгрөг, зээлийн хүү 46 456 447 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 291 289 төгрөг, нийт 335 585 864 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 24 413 135 төгрөгөөр нэмэгдүүлж, нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж, зээлийн гэрээг цуцалж, анхны нэхэмжлэлийн үнийн дүн болох 335 585 864 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч зээлийн гэрээг цуцалж 335 585 864 төгрөг төлөхийг зөвшөөрч, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэргийн 107-112 дугаар талд авагдсан 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01128 дугаар шүүхийн шийдвэр нь хариуцагч талд гардуулсан шийдвэртэй тохирохгүй, үндэслэх болон тогтоох хэсгийн хэргийн шийдэлд холбоотой заалтууд өөр агуулгаар зөрүүтэй бичигдсэн байна. Энэ нь давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан дээрх огноо, дугаар бүхий шийдвэрийн эх хувь болон шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогчийн хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбараар тогтоогдсон болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр агуулгын хувьд зөрүүтэй байдлаар талуудад гардуулагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй юм. Түүнчлэн шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноос өөр агуулгаар гарсан нь шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох талаар зохицуулсан мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг болон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай зөрчилдөж байна.

 

Иймд дээрх ноцтой зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01128 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                              

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ТУЯА

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН