Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1032

 

 

 

 

 

 

       2020           8            13                                       2020/ДШМ/1032                        

 

 

                            Т.Бд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Г.Ууганбаатар,

шүүгдэгч Т.Бгийн өмгөөлөгч Б.Ариунбуян

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 447 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Бгийн өмгөөлөгч Б.Ариунбуянгийн гаргасан гомдлоор Т.Бд холбогдох эрүүгийн 2011006680352 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Сутай овогт Т.Б, 1979 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 19-307 тоотод оршин суух бүртгэлтэй /РД:ХЕ79010217/;

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 90 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 1 жил хорих шийтгүүлсэн,  

        

Шүүгдэгч Т.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 22, 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Сургуулийн 19-307 тоотод эхнэр С.Сансармааг бусадтай хардан гараараа нүүр, зүүн чих, шанаа орчим нь цохих, хутгаар гарыг нь эсгэх, гал түлсэн зуух руу түлхэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Сургуулийн 19-307 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Сансармааг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл  үйлдсэн гэмт хэрэгт  холбогджээ.

 

Чингэлтэй прокурорын газраас: Т.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сутай овогт Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял дээр хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 9 /ес/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Бгийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 5 /тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эл мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түтгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Бгийн өмгөөлөгч Б.Ариунбуян давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүтээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэт нэг талыг барьж, зөвхөн шүүгдэгчийг яллах талаас нь хэрэгт цугларсан баримтыг бүрдүүлж хэргийг шийдсэн байна. Өөрөөр хэлбэл урьд нь ял эдэлж байсан, мөн баривчлагдаж байсан гэх мэдээллийн дагуу хэрэгт ач холбогдол өгч Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, “Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг тэргүүн ээлжинд хамгаалах” зарчмыг зөрчиж, шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байна. Шүүгдэгч  хэрэг бүртгэлт мерден байцаалтын үед хохирогч нь худал тайлбар өгсөн байна, түүнийг хүлээн зөвшөөрөхгүй, миний урьдны ял эдэлж байсан, баривчлагдах шийтгэл хүлээж байсныг далимдуулан худал тайлбарыг өгч миний хийгээгүй үйлдлийг хийсэн болгож мөрдөгчид тайлбарлан миний эсрэг мэдүүлэг өгсөн байсан ба мөрдөгч түүний гомдлыг хуульд зааснаар мухарлан шалгаагүй, хохирогч нь өөрийн биед гэмтэл учруулсан байдал, түүнийг хэн хэрхэн хэзээ хаана учруулсныг мөрдөгчийн тактикийг буруу боловсруулж шүүгдэгчийн өмнөх эрх зүйн байдлыг далимдуулан түүнийг гэмтэл учруулсан хэмээн дүгнэж, прокурорт мэдээлсэн нь эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл болсон. Хохирогч Сансармаа нь өөрөө архины хамааралтай, архины албадан эмчилгээнд хамрагдаж байсныг үл тоон зөвхөн түүний аман тайлбарт ач холбогдол өгч зөвхөн шүүгдэгчийг гэм буруутай гэж тооцох хэлбэрээр мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Хохирогч нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад тайлбар өгөхдөө болсон зүйлийг санахп/й байна, мэдэхгүй, цаг хугацааны талаар санахгүй байна гэж тайлбарласан бөгөөд энэ нь түүний сэтгэц эрүүл эсэхэд эргэлзэх, эсвэл согтуурсан, мансуурсан үедээ худал тайлбар өгсөн байж болзошгүй байх бөгөөд энэ нь шүүгдэгчийн урьдын ял эдэлж байсныг далимдуулж түүний үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж мөрдөгчийн тайлбар авсан байна. Гэрч Ц.Ариун-Энх мөрдөн шалгах ажиллагааны үед тайлбар өгөхдөө надад яг харсан зүйл байхгүй, мэтээр тайлбарлаж зөвхөн хүний амаар хэлсэн зүйлд ач холбогдол өгч түүнийг мөрдөгчид тайлбарласан нь хохирогч Сансармаа шүүгдэгчээс хамтын амьдралаа салгахын тулд бусдад худал зүйлийг ярьж явдаг байсныг хэргийн мөрдлөг болон прокурорын хяналтын үед анзаараагүй, эсвэл зөвхөн шүүгдэгчийг яллах талаас нь хэрэгт ач холбогдол өгч, шүүхэд шилжүүлснийг шүүх анзаараагүй хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Гэрч Г.Ичинхорлоо мөрдөн шалгах ажиллагааны үед тайлбар өгөхдөө хүний амаар хэлсэн тайлбарт итгэн хохирогчийн талд тайлбар өгсөн байх бөгөөд түүнийг мөрдөгч нь хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, өөрт амар хялбар байх хэмжээнд мөрдлөг явуулсан гэж үзэхээр байна. Хохирогч Сансармаа нь гэр бүлийн хувьд тогтворгүй, гэр бүлээс гадуур харилцаанд орсон, олон хоногоор нөхөр хүүхдээ хаяж гадуур хоноглодог зэргийг тогтоогоогүй, тухайн хэрэг маргаан болдог үед Сансармаа нь согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн,өөрийгөө удирдах чадваргүй байсан, мөн өөрөө гартаа хундага барьж түүнийгээ хагалж, өөрийн биеийг зүсэх үйлдэл гаргасныг зогсоосон шүүгдэгчийн үйлдлийг мөрдөгч, прокурор, шүүгч нар нь ойлгоогүй, мөн насанд хүрээгүй гэрч Б.Билгүүдэй нь ойлгоогүй түүнийг буруутгасан, хэргийн бодит үнэнийг топгоогоогүй, мөн үйлдлийг таслан зогсоохоор хохирогчийн гараас барьж хундаганы хагархайг түүний гараас салгаж авахаар иргэний үүргээ биелүүлсэн шүүгдэгчийн гараас мултарч, өөрөө эрчиндээ унахдаа пийшинд нурууны хэсгээ түлсэн байхад хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчийг яллахад ач холбогдол өгсөн байна. Шүүгдэгч хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа өөрийн биеэр хүлээж зөвшөөрсөн, гэхдээ хавирга хугалсан, түлсэн хутгаар гар зүссзн гэх мэт үйлдлийг хийгзэгүй гэдгзз мөрдөн шалгах ажиллагааны үед хэлсээр байхад мөрдөгч, прокурор үүнд ач холбогдол өгөөгүй хэргийг шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хөнгөрүүлж болох байсан боловч хуулийг буруу хэрэглэсэн байна. Хохирогч Сансармаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан биемахбодийн, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан сэтгэл санааны хүчирхийллийг 2017 оноос эхпэн үйлдэж, байнгын архидан согтуурч, олон хоногоор гэртээ ирэхгүй байдаг, бага насны хүүхдүүдээ үл хайхарч, гэрт болон гудманд эсвэл хаа таарсан газраа үлдээгээд явдаг байсан зэрэг үйлдлүүдийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан цагдаагийн алба хаагч нь хүчирхийлэл үйлдэгч болон хохирогчийн талаархи бүртгэл хөтлөх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, ашиглах үүрэгтэй гэж заасан байхад хэрэг хянан шийдвзрлэх ажиллагааны үед харъяалах цагдаагийн алба хаагчаас тухайн хохирогчийг байнгын архины хамааралтай байдаг эсэхийг тодруулаагүй нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т зааснаар салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл, цогц байх байдал алдагдаж, хэт нэг талыг барихдаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан “Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг тэргүүн ээлжинд хамгаалах” зарчмыг зөрчиж, эцэгт нь хорих ял оногдуулсан. Учир нь хохирогч Сансармаа нь хамтарсан багийн шийдвэрээр архины албадан эмчилгээнд хамрагдаж байгаа. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлүүд нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн хөнгөрүүлэх нөхцөл ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж болно гэж үзэж байна.

Дээрх зүйлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 1.7 дугаар зүйл, 1.15 дугаар зүйлийн 1.15.2, 16.2 дугаар зүйлийн 1.4, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэж, шүүгдэгчид оногдуулсан ял хүндэдсэн байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 447 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Т.Бд оногдуулсан хорих ялыг хорихоос бусад төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Т.Бд холбогдох хэргийн нотлогдвол зохиих байдал хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ талаар дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогчийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй. Учир нь, гэрчээр мэдүүлэг авахдаа Үндсэн хууль сануулаагүй байсан. Харин хохирогчоор удаа дараа мэдүүлэг өгөх үед нь гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулж, мэдүүлэг өгөхийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хохирогч, түүний хүүхдүүдээс мэдүүлэг авч, мөн давхар хэргийн талаар мэдэж байгаа гэрч нарын мэдүүлгийг үндэслэж Т.Бгийн үйлдлийг нотолсон. Өмгөөлөгчийн зүгээс хохирогч архины хамааралтай, гэр бүлээс гадуур харилцаатай байсан, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй гэж байгаа ч гэр бүлээс гадуур харилцаата байсан нь тогтоогдоогүй. Мөн архины хамааралтай, архи уудаг эсэх нь зодуулах шалтгаан нөхцөл болохгүй. Гэр бүлээс гадуур харилцаатай байсан ч эхнэрээ зодож, биед нь халдаж болохгүй. Түүнчлэн шүүгдэгчийн нэг үйлдэлд хоёр гэмт хэрэгт буруутгасан гэж байгаа боловч 2020 оны 2 дугаар сарын 22, 23-ны өдөр хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр, урьд нь 3-4 удаа зодож, тухай бүр нь шүүхээс шийтгүүлж байсан, шүүхийн шийтгэврээр баривлагдаж байсан үйлдлүүдийг хамааруулж байнга зоддог гэж үзэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Т.Бд холбогдох хэргийг гэм буруутайд тооцож оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, нийгмийн хор аюулын шинж чанар зэрэгт тохирсон. Гэмт үйлдэл болон оногдуулсан ялыг хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                         

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Т.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 22, 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Сургуулийн 19-307 тоотод хамтран амьдрагч С.Сансармааг бусадтай хардан гараараа нүүр, зүүн чих, шанаа орчим нь цохих, хутгаар гарыг нь эсгэх, гал түлсэн зуух руу түлхэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Сургуулийн 19-307 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Сансармааг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл  үйлдсэн гэмт хэрэг  үйлдсэн болох нь:

 

Хохирогч С.Сансармаагийн “...2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гэртээ нөхөр 2 хүүхдийн хамт байсан бөгөөд Б тухайн өдөр гарч ороод л архи уугаад яваад байсан. Хамгийн сүүлд орой 18 цаг өнгөрч байх үед Б нилээн согтуу гаднаас орж ирэхээр нь би түүнийг “Чи хаанаас ингэж их архи олж уугаад байдаг юм бэ? хямдхан архи уугаад байдаг юм уу” гэсэн чинь “би тийм архи уудаггүй” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Уг маргаанаас болоод хэрүүл даамжирч Б намайг хэл амаар доромжлон бусадтай хардаж байгаад гэнэт миний духны орчим гараараа нэг удаа цохисон. Гар хөл бие рүү гараараа цохиж зодоод байсан. Тухайн үед манай гэрт бид хоёроос гадна манай хоёр хүүхэд байсан. 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Б өглөө гарч яваад архи ууж орж гараад яваад байсан. Тэгээд сүүлд өдөр гэгээтэй байхад гаднаас согтуу орж ирээд хэрүүл өдөөд агсан тавиад байхаар нь би өөдөөс нь жаахан хэрэлдсэн чинь баруун нүд рүү нэг удаа гараараа цохиж, зүүн чих, шанаа орчим, биеийн хэсгүүдэд гараараа цохиж зодоод байсан. Тэгээд гал тогооны тавилганы орчмоос хутга аваад над руу эргэхээр нь би түүний гарнаас хутгыг нь авах гээд дайрсан бөгөөд энэ үед түүний барьж байсан хутганаас би барьж аваад гараа эсгэсэн. Б намайг түлхсэн чинь би унахдаа гал түлсэн  зуух руу унахдаа нурууны зүүн арын хэсгээ түлсэн. Энэ үед гэрт манай 2 хүүхэд л байсан. ...Б архи уух болгондоо л намайг хэрүүл хийж байгаад их бага хэмжээгээр цохиж зоддог байсан. Яг хэзээ хэзээ гэдгийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Мэдэж байгаагаар 2019 оны 12 дугаар сарын дундуур намайг зодоод цагдаад баригдаж баривчилгаанд явсан. Энэ үед Бгийн найз нар болох Мөнхжаргал, түүний эхнэр Заяа нар байсан. Баривчилгаанаас гарч ирээд намайг өөр нийтийн байранд амьдарч байхад араас олж ирээд уулзаж байгаад хамт буцаж амьдрах болсон бөгөөд хамтдаа архи уусан үедээ буюу 2020 оны 2 сарын 10-ны орчим намайг найзтайгаа хардаад хөлийг өшиглөөд хөх эрээн болгож байсан. Энэ үед гэртээ хоёр хүүхдийн хамт дөрөвүүлээ л байсан. Би тухайн үед цагдаад мэдэгдээгүй. Бусдыг нь сайн санахгүй байна. Ер нь Б намайг дандаа гэртээ гадны хүн байхгүй үед л цохиж зоддог байсан. ...Намайг тухайн үед Б 22 болон 23-ны өдрүүдэд цохиж зодсон. 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр намайг гэртээ ажлаа тараад ирэхэд Б гэртээ согтуу сууж байгаад намайг гэртээ эзэн болохгүй архи дарс уугаад байх юм гэж маргалдсан чинь хүү Санчирыг тэврээд зогсож байхад хамтад нь түлхэж унагаахаар нь би цагдаад дуудлага өгөөд шалгагдаж баривчлагдаж байсан. 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тухайн үед Б намайг цохиж зодоод би цагдаад дуудлага өгч байсан санагдаж байна. Миний биед ямар нэг гэмтэл учраагүй байх. Намайг ямарч байсан алгадаж цохиж байсан санагдаж байна. Энэ шалтгаанаар Б 14 хоног баривчлагдсан. Энэ үед түүний эгч Майцэцэг нь Францаас түр ирсэн байсан бөгөөд ирэх үеэр нь дүүг нь баривчилгаанд явуулсан гээд намайг загнаж байсан санагдаж байна. 2019 оны 12 дугаар сард Б намайг хавирга руу өшиглөж гэмтээгээд шүүхээр орж нэг сарын хугацаатай баривчилгаанд явсан. ...” /хх 15-16, 19/,

 

Гэрч Ц.Ариун-Энхийн “...надад яг харсан зүйл байхгүй. Гэхдээ 2019 оны сүүлээр хөдөөнөөс ирээд Сансармаатай уулзахаар гэрт орох үед Сансармаа нь гэртээ амьсгалж чадахгүй, хэвтэж чадахгүй байна гээд байж байсан. Тухайн үед Бд зодуулснаас болоод ийм болсон гэж Сансармаа надад хэлж байсан юм. Тэр орой нь Сансармааг би дагуулж яваад эмнэлэгт очиж үзүүлэхэд түүний нэг хавирга хугарч, нэг хавирга цуурсан байна гэж байсан. Түүний дараа саяхан 2020 оны цагаан сарын үеэр Сансармаатай гудамжинд таарсан чинь түүний нүүр ам нь хавдаж хөхөрсөн байдалтай байхаар нь яасан талаар асуухад Бд зодуулсан гэж хэлж байсан. Түүнээс өмнө Сансармаа ганц нэг удаа Бд алгадуулсан талаараа хэлж байсан. Хэзээ гэдгийг нь санахгүй байна. Тухайн үед түүний биед ямар нэг ил харагдахаар шарх гэмтэл харагдаагүй байсан. ...” /хх 29- 30/,

 

Гэрч Г.Ичинхорлоогийн “...Сансармаа ажил дээрээ ирэхдээ бусдад зодуулсан байдалтай олон удаа ирж байсан. Хувцасаа сольж байхад нь түүний биеийн энд тэнд хөхөрсөн хавдсан байдалтай харагдаж байсан бөгөөд юу болсон талаар асуухаар өөрийгөө нөхөр Бдээ зодуулсан гэж хэлдэг байсан. Сансармаа нь гар утас ч барьдаггүй бөгөөд зөвхөн нөхөр болох Бгээр л дамжуулан харилцдаг бөгөөд нөхөр нь хардаад байдаг тул гар утас бариулдаггүй гэж Сансармаа хэлж байсан. Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сард Сансармаа ажилдаа ирэхгүй болохоор нь би Сансармаагийн гэрт ирэхэд Сансармаа нөхөр болон хүүхдийн хамт байсан бөгөөд нүд нь хөхөрсөн, явж чадахгүй байдалтай байсан бөгөөд Б нь агсан тавиад “би чамайг ганц л удаа цохисон биз дээ” гэж хэлж байсан. Энэ үед Сансармаагийн хавирга нь хугарсан байсан. 2019 оны намар Сансармаа ажил дээрээ ирэхдээ түүний аль нэг бугалга болон нуруун дээр нь хөхөрсөн байдалтай байсан бөгөөд яасан талаар асуухад Б цохисон гэж байсан. Түүнээс өмнө олон удаа Сансармаа ажилдаа ирэхгүй алга болдог бөгөөд хэдэн өдрийн дараа ирэхдээ бие нь гэмтэж хөхөрсөн байдалтай ирдэг байсан, гэхдээ хэзээ гэдгийг нь би одоо сайн санахгүй байна. ...”  /хх 31-32/,

 

Насанд хурээгуй гэрч Б.Билгүүдэйгийн “...Тухайн өдөр аав, ээж гэртээ хамт архи ууж байгаад ээж гарч шээлээ гээд куртика өмсөөд гарах гэсэн чинь аав ээжийг гаргахгүй гэж хэрэлдэж байгаад аав ээжийг зодсон. Ээж гарах гэсэн чинь чихнээс нь зулгаагаад, гар, хөл хүү нь гараараа цохиж дээрээс нь хөлөөрөө дэвсээд байсан. Аав согтуу гэр дотор явж байхдаа өмдөө зууханд түлсэн тэгээд ээжийг явж унт гээд түлхсэн чинь унахдаа зуух руу бөгсөөрөө унаж түлэгдсэн. ...Аав ээжийг олон удаа зодож байсан. Аав эрүүл байхдаа ээжийг зоддоггүй. Архи уухаараа аав ээж хоёр маргалдаж байгаад аав ээжийг зоддог. ...” /хх 35/,

 

Насанд хүрээгүй гэрч С.Халиуны “...Намайг гэртээ ээжтэйгээ байх хугацаанд Б нь архи ууж согтохоороо жижиг зүйл дээр гэнэт уурлаж мөн ээжийг ажлаасаа оройтож ирлээ гэх шалтгаанаар хардаж зодож байсан. Тухайн үед нь би ээжийг өмөөрч салгадаг байсан. Миний харснаар олон удаа ээжийг бага зэрэг биед нь хөхрөх зэрэг гэмтэл учруулахаар зодож байсан. Тухайн үед нь бид нар цагдаад олон удаа хандаж Бг эрүүлжүүлж арга хэмжээ авахуулдаг байсан. Миний мэдэж байгаагаар 2 ч удаа баривчилгаанд явж байсан санагдаж байна. 2020 оны 2 дугаар сарын сүүлээр цагаан сарын үеэр ээж дээрээ хувцасаа авахаар очсон чинь ээжийн нүд нь хавдаж хөхөрсөн байхаар нь яасан талаар асуухад Бд зодуулсан гэж байсан. ...2019 оны 12 дугаар сарын орчим мөн тусдаа амьдарч байгаад ээж дээрээ очсон чинь ээжийг Б зодоод хавиргыг нь гэмтээгээд баривчилгаанд явж байсан. ...” /хх 37-38/,

 

Шүүгдэгч Т.Бгийн яллагдагчаар өгсөн: “...Сансармаа 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гэрээсээ гарч яваад ирэхгүй алга болчихоор нь би цагдаад хандаж тэмдэглүүлсэн. Сансармаа 2020 оны 2 дугаар сарын 22-ны өглөө гэртээ өөрөө хүрээд ирсэн. Өмнөх өдөр нь архи уусан байсан бололтой харагдаж байхаар нь би түүнээс хаагуур тэнээд яваад байгаа юм бэ гэсэн чинь айлд очиж хоносон гэхээр нь би хэлсэн айлуудаар нь очиж асуухад бүх айлууд нь Сансармааг ирж хоноогүй гээд байсан. Тэгэхээр нь би энэ талаар Сансармаатай гэртээ маргалдаж байгаад түүний нүүр лүү нь гараараа 2 удаа цохиход түүний нэг нүд, эрүү нь хөхөрсөн. Мөн түүний зүүн мөр лүү нь гараараа нэг удаа цохиж, хонго руу нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь Сансармаа гэрээс гараад явсан. Би гэртээ хоёр хүүхдээ хараад үлдсэн. Маргааш нь би түүнийг хайж яваад Хайлаастад байдаг Бат гэдэг айл руу орсон чинь Сансармаа уг айлын хувцасны шүүгэнд нуугдсан байхаар нь би түүнээс уучлалт гуйж байгаад гэртээ хамт харьсан. 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 24-435 тоотод амьдарч байсан бөгөөд миний төрсөн өдөр байсан юм. 2017 оны 01 сарын 01-ний өдөр манай эгч надад гутал авч өмсөөрэй гээд мөнгө өгсөн байсан бөгөөд уг 200000 төгрөгнөөс 20000 төгрөгөөр нь Сансармаа бид хоёр шинэ жил тэмдэглэж архи уусан байсан юм. үлдсэн мөнгийг нь Сансармаа архи авч ууна гээд нэхээд байхаар би түүнтэй маргалдаад байгаад орилж чарлаад байж байтал цагдаад дуулага өгсөн. 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Сансармаатай согтуу маргалдаад эрүүлжүүлэгдсэн бөгөөд удаа дараа эрүүлжүүлэгдсэн гээд баривчлагдаж байсан. тухайн үед сансармааг цохиж зодоогүй. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 19-307 тоотод би Сансармаатай надаас архи пиво нэхээд байхаар нь маргалдаж байгаад түүнийг өшиглөж хавиргыг нь гэмтээж байсан. Би С.Сансармаагийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Харин С.Сансармааг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” /хх 47/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний ундэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дүгаар сарын 9-ний өдрийн №3348 дүгаартай “...С.Сансармаагийн биед зовхи, бугалга, шуу, мөр, даланд цус хуралт, ташаа, өгзөгт түлэгдсэн шарх, баруун гарын долоовор хурууны өндөг хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ир ирмэгтэй, өндөр хэмийн үйлчлэлүүдээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” /хх 40-41/ гэх дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 10/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 75-79/ мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч Т.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6 дахь заалтад “хамтран амьдрагч гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” гэж хуульчилжээ. С.Сансармаа, Т.Б нар гэрлэлтийн бүртгэлгүй боловч, хамтран амьдрагч болох нь тогтоогдсон, тэрээр хамтран амьдрагчаа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна.

 

Хэрэгт байгаа баримтаас үзэхэд шүүгдэгч Т.Б нь өмнө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 10 дугаар шийтгэврээр“...ар гэртээ агсам тавьж, эхнэр С.Сансармааг хэл амаар доромжилж танхайрсан...” зөрчил гаргаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 30 хоног баривчлах шийтгэл шийтгүүлсэн,  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 325 дугаар шийтгэврээр “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Сансармааг согтуурсан үедээ нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон...” зөрчил гаргаж Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зан үйлд нөлөөлөх 30 цагийн сургалтад хамруулж, 15 хоног баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 943 дугаар шийтгэврээр “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Сансармааг цээжний зүүн хэсэгт баруун хөлөөрөө нэг удаа жийж унгасан...” зөрчил гаргаж Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зан үйлд нөлөөлөх 50 цагийн сургалтад хамруулж, 30 хоног баривчлах шийтгэлээр тус тус шийтгүүлж байжээ. /хх 81, 82-83, 84-85/,

 

           Зөрчилд шийтгүүлсэн нь нэг удаагийн тохиолдол, тэрхүү зөрчлийн үйлдэл дангаараа гэмт хэргийн шинжийг хангаж чадахгүй ч  өөр бусад ижил тохиолдлуудтай  нэгдэж гэмт хэргийн шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл үйлдэл болон зөрчлүүдийн нийлбэр Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шилжиж байна гэсэн үг юм.

 

Иймээс шүүгдэгч Т.Бгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

           

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Бгийн үйлдсэн хэргийн хэр хэмжээ, хувийн байдал,хохирол төлбөрөө төлөхөд санаачлага гаргаагүй зэргийг харгалзан түүнд нийт 9 сар 10 хоногийн хорих ял оногдуулсан нь хүнд биш байх бөгөөд ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймээс шүүгдэгч Т.Бгийн өмгөөлөгч Г.Ариунбуянгийн гаргасан “... Т.Бд  хорихоос өөр төрлийн ял сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6  сарын 9-ний өдрийн 447 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 447 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Бгийн өмгөөлөгч Г.Ариунбуянгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

 

                       ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ