Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 154/ШШ2021/00078

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 154/ШШ2021/00078

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 19** оны ** сарын **-нд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл *, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын А** багт оршин суух, /РД:    / Х   овогт М ийн Д  гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Д  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Д   шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 онд цэргийн алба хааж ирээд 1982 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд барилгын нормчнаар 1984 он хүртэл ажиллаж байгаад Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт тоосгон заводын техникч, механикчаар 1994 оны 06 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрээ Нэгдэл дундын үйлдвэрт байхдаа нягтлан бодогчоосоо аваагүй. Иймд 1982 оноос 1991 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

М.Д   нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч М.Д  гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

М.Д   нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал Нэгдэл дундын үйлдвэр, Минжит Булган хоршоололд ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 80 тоот тушаалаар Ажлаас нь чөлөөлж Булган салбарт шилжүүлэв гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 32 тоот тушаалаар Ажлаас нь чөлөөлөх ба томилох тухай гэж тэмдэглэгдсэн бөгөөд тогтмол цалин авч байсан Б.Бат-Очир, Г.Хуанш, М.Даньдаа нарыг хийснээр цалинжуулахыг ня-бо Ц.Ядамсүрэнд зөвшөөрсүгэй гэж тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1171 тоот: Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 32, 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар тушаалуудыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв. Мөн аймгийн Булган сумын Минжит Булган хоршооллын даргын 1982-1991 оны тушаалаас М ийн Д  д холбогдох баримт олдоогүй тул лавлагаа олгох болгомгүй болно гэх лавлагаа,

Д.Баатарсүрэнгийн шүүхэд гэрчээр өгсөн: Би 1979 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд барилгын бригадад өрлөгчнөөр ажиллаж байсан. М.Д   нь 1982 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд барилгын салбарт зуурмагын цехэд зуурмаг зуурдаг байсан. Барилгын салбар нь 120 гаруй ажилтантай байсан. Хоршоололын даргаар Лувсан, М аа нар ажиллаж байсан. Цэрэндолгор нь тухайн үеийн ажилтан нарын хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийдэг байсан. Цэрэндолгор нас барсаны дараа маш олон хөдөлмөрийн дэвтэр шатаасан гэж нөхөр нь хэлсэн юм. Тэр үед ажиллаж байсан хүмүүс хөдөлмөрийн дэвтэргүй болсон. М.Д   нь 1982 оноос 1991 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр нь байхгүй талаар мэдэхгүй байна. Шагнал авч байсан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

Б.Эрдэнээгийн шүүхэд гэрчээр өгсөн: Би 1989 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан. Намайг ажилд ороход М.Д   нь барилгын салбарт зуурмагын цехэд зуурмаг зуурдаг байсан. М.Д  н 1982 оноос эхлэн Минжит Булган хоршоололд ажиллаж байгаад нэгдэл дундын үйлдвэр болон салж байсан юм. Би нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан. Даргаар нь Чулуунбат, нягтлан бодогчоор Цэрэндолгор ажиллаж байсан. Нэгдэл дундын үйлдвэр 1991 онд тарсан юм. М.Д   бид нар хамт нэг бригадад ажиллаж байсан гэх мэдүүлэг,

П.Хайртмөнхийн шүүхэд гэрчээр өгсөн: Би 1982 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд жолоочоор ажиллаж байсан. М.Д   нь 1982 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Минжит Булган хоршоололд барилгын салбарт зуурмагын цехэд зуурмаг зуурдаг байсан. М.Д  н сайн ажилтан байсан. 1982 оноос 1992 он хүртэл тасралтгүй Минжит Булган хоршоололд барилгачнаар ажиллаж байсан. Барилгачид 380 төгрөгний цалинтай байсан. Цэрэндолгор нь тухайн үеийн ажилтан нарын хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийдэг байсан. Цэрэндолгор нас барсаны дараа хүмүүсийн хөдөлмөрийн дэвтэр алга болсон юм. М.Д   бид нар хамт нэг бригадад ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х   овогт М ийн Д  г 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал Нэгдэл дундын үйлдвэр, Минжит Булган хоршоололд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ