Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
Хэргийн индекс | 154/2021/00089/И |
Дугаар | 154/ШШ2021/00079 |
Огноо | 2021-04-06 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 154/ШШ2021/00079
2021 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 154/ШШ2021/00079 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Б дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, Э**ы өргөн чөлөө гудамж, ** дугаар байр, ** тоотод оршин суух РД: , И ш овогт Х ын Э ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1990 оноос 1994 оны 08 сар хүртэл Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Булган сум дахь Цахилгаан станцын салбарын даргаар ажиллаж байсан. Тухайн цаг хугацаанд ажиллаж байсан үеийн улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд 1990 оны 08 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Булган сум дахь салбар станцын даргаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Э ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Х.Э нь 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Булган сум дахь салбар станцын даргаар ажиллаж байсан болох нь:
- түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- Хүсэлт гаргагчийн 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 08 сарын 01-ний өдрийн тушаалаар Булган сум дахь салбар станцын даргаар дэвшүүлэн томилж ажиллуулав гэх бичилт,
- А.Тунгалагийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Х.Э нь 1990 оны 08 сараас Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Булган сум дахь салбарын даргаар ажиллаж эхэлсэн. Х.Э нь 1994 оныг дуустал ажиллаж байсан. Би 1987 оноос Ховд эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт цахилгаан тоноглолын засварчинаар ажиллаж байгаад Булган сум дахь салбарлуу шилжиж самбарчинаар ажиллаж байсан. Би хамт ажиллаж байсны хувьд сайн мэдэж байна... гэх мэдүүлэг,
- Ч.Чулуунбаатарын шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1982 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Эрчим хүчний салбарт дизельчин, засварчин, механикч зэрэг ажил эрхэлж байсан. Намайг ажиллаж байхад Х.Э нь Ховд аймгийн Дулааны станцаас шилжиж ирж тус салбарт инженерээр орж ажиллаж байгаад 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс манай байгууллагын даргаар томилогдон ажиллаж байсан. Эрчим хүчний салбар 13 ажилчинтай, Булган сумын айл өрх, албан газарт цахилгаан түгээх үйл ажиллагаа явуулж байсан. Станцын нягтлангаар Ш.Гансүх, самбарчинаар А.Тунгалаг ажиллаж байсан ба анхны эрхлэгчээр Х.Содномдорж ажиллаж байсан. Тухайн үед ажилчид 400-600 төгрөгний цалин хөлс авдаг байсан. Цалин хөлс нь Ховд аймгаас олгодог, аймгийн эрчим хүчний харъяа салбар байсан юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлэг нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Х.Э нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И ш овогт Х ын Э ын 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Булган сум дахь салбар станцын даргаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ