Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/164

 

2024     04          15                                          2024/ШЦТ/164

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,  

Улсын яллагч Н.Д,

Хохирогч Т.Б,

Шүүгдэгч О.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э-д холбогдох эрүүгийн 232500340**** дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.Э

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Бриллянт баараар үйлчлүүлж байсан З.А-ыг бааранд бөөлжсөн, гар гэсэн шаардлагыг эсэргүүцсэн гэж маргалдаж улмаар хамт явсан хохирогч Т.Бийн нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн завжинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын таславчийн муруйлт, зүүн, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Н.Д: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч О.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, ямар эрүүгийн хариуцлага хүлээх гэж байгаагаа ойлгож ухамсарласан, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн,

Хохирогч Т.Б “эдний ажиллуулдаг газар 01 цагт хаадаг гэж ойлгоод очсон. Нэг, нэг пиво авч ууж байтал хаах гэж байна гэж хэлсэн. Би авсан юмаа уучихаад гарья гэж хэлсэн. Тэгээд хамт явж байсан найз маань бөөлжчихөөр нь би цэвэрлэе гэж хэлтэл загнаад намайг зодсон, надад учруулсан хохирол 800,000 төгрөгөө гаргуулж авмаар байна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

Хяналтын прокуророос шүүгдэгч О.Э-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн боловч шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа гэсэн боловч уг хохирлыг хэзээ хэрхэн төлөх талаар баримт хэрэгт авагдаагүй тул шүүхээс шүүгдэгч О.Э-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж, ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Хавтаст хэргээс:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 24-27 дугаар тал/,

- Хохирогч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.Э гэдэг залуу манайх хаах гэж байна шүү гэж хэлэхээр нь би авсан юм аа ууж дуусгаад гарлаа гэсэн чинь чи муу ямар олон үгтэй юм гээд намайг зодох гээд дайрсан чинь 2 эмэгтэй хүн ирээд уг залууг сугадаад өрөө рүү аваад орохоор нь би тооцоогоо хийх гэж байхдаа ажилтан эмэгтэйгээс энэ юун хүн бэ гэсэн чинь манай эзэн байгаа юм гэсэн. Тэгтэл З.А- хажууд сууж байснаа бөөлжсөн. Баарны эзэн О.Э гарч ирээд муу архичид бөөлжлөө гэж хэлэхээр нь уусан хүн согтуу бөөлжчихлөө гэж тайлбар хэлсэн чинь О.Э миний толгой хэсэг рүү 1 удаа цохиод сууж байсан сандал дээрээс биеийн хажуу хэсгээрээ унахад З.А- намайг өмөөрөөд уг залуу руу дайрсан... О.Э миний нүүр хэсэг рүү 2 удаа өшиглөж, гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар тал/,

- Гэрч З.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Нөгөө залуу арын өрөөнөөс гарч ирэх үед би шалан дээр бага зэргийн бөөлжихөд нөгөө залуу бид хоёр руу хандан архичид ууж, идэж чадахгүй, гарцгаа гэсэн чинь Т.Б сүртэй юм бэ цэвэрлээд өгье гэсэн чинь нөгөө залуу чи муу ер нь юу гээд байгаа юм гээд Т.Бийн толгой хэсэг рүү 1 удаа цохиход Т.Б сандал дээрээсээ шалан дээр биеэрээ унаж, маш хурдан босож ирсэн. Тэгэхээр нь би уг залуу руу хүн цохилоо гэж дайрсан чинь хэнийг нь мэдэхгүй байна гуян дээрээ шивээстэй эмэгтэй миний үснээс татаж, газар унагаасан. Тэгтэл Т.Б намайг хамгаалж, дээр даран хэвтэхэд нөгөө залуу Т.Бийн нүүр рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодоод байсан. Тэгээд бид хоёрыг босгож чирээд хөөгөөд гаргахаар нь цагдаад хандах болсон... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,

Гэрч Э.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...О.Э захиралтай заамдалцсан ах, эгч нарын дундуур орж салгах гэж байгаад эхнэрийнхээ хамт газар унасан бөгөөд унасан байхад нь Эрдэнбат захирал өшиглөөд байсан. Яг хаашаа гэдэг нь харагдаагүй, бужигнаад байсан... Анх захирал нөгөө ахтай харилцан заамдалцаж зогсож байхдаа нөгөө ахын нүүр хэсэг рүү 1 удаа гараараа цохиход нөгөө ах эргүүлэн мөн цохисон... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/,

Гэрч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...текний урд танихгүй ах, эгч хоёр гарахгүй, үйлчилгээ үзүүлээд байсан. Тэгээд би харих гээд арын өрөө рүү орж хувцасаа солиод гараад ирсэн чинь эмэгтэй нь текний урд бөөлжсөн байсан. Зөөгч Шинэжаргал уурлаж шаардлага тавьсан чинь бөөлжсөн эмэгтэй Шинэжаргалыг алгадаад үсдэхээр нь би дундуур нь орж салгасан. О.Э захирал ирээд нөгөө хамт явж байсан залууд шаардлага тавьж гар гэж хэлэхэд гарахгүй би үйлчлүүлэгч гэж хэрэлдээд байсан. О.Э захирал уурлаад дахин эхнэрээ аваад гар гэсэн чинь мөн гарахгүй гээд уг залуу О.Э захирал хоёр харилцан заамдалцаж нэг нэгнийхээ нүүр хэсэг рүү харилцан цохилцсон чинь нөгөө үйлчлүүлэгч ах газар унахад захирал татаж босгоод яв гээд хөөгөөд байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаартай “...1. Т.Бийн биед зүүн завжинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын таславчийн муруйлт, зүүн, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх зүүн завжинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын таславчийн муруйлт, гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад  гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснар гэмтлийн зэрэгт  хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

- Мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 54-60 дугаар тал/,

- О.Эын Худалдаа хөгжлийн банкны 407276858 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 116-141 дүгээр тал/,

- Мобиком корпораци ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 4/641 дугаартай албан тоот, хавсралт /хавтаст хэргийн 153-173 дугаар тал/,

- Хаан банкны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24/18 дугаартай албан тоот, хавсралт /хавтаст хэргийн 172-213 дугаар тал/,

- Худалдаа хөгжлийн банкны 2024  оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 6/600 дугаартай албан тоот, хавсралт /хавтаст хэргийн 215-217 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

О.Э нь хохирогч Т.Бийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн завжинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын таславчийн муруйлт, зүүн, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

 

Шүүгдэгч О.Э нь хохирогч Т.Бийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Т.Бийн “...О.Э гэдэг залуу манайх хаах гэж байна шүү гэж хэлэхээр нь би авсан юм аа ууж дуусгаад гарлаа гэсэн чинь чи муу ямар олон үгтэй юм гээд намайг зодох гээд дайрсан чинь 2 эмэгтэй хүн ирээд уг залууг сугадаад өрөө рүү аваад орохоор нь би тооцоогоо хийх гэж байхдаа ажилтан эмэгтэйгээс энэ юун хүн бэ гэсэн чинь манай эзэн байгаа юм гэсэн. Тэгтэл З.А- хажууд сууж байснаа бөөлжсөн. Баарны эзэн О.Э гарч ирээд муу архичид бөөлжлөө гэж хэлэхээр нь уусан хүн согтуу бөөлжчихлөө гэж тайлбар хэлсэн чинь О.Э миний толгой хэсэг рүү 1 удаа цохиод сууж байсан сандал дээрээс биеийн хажуу хэсгээрээ унахад З.А- намайг өмөөрөөд уг залуу руу дайрсан... О.Э миний нүүр хэсэг рүү 2 удаа өшиглөж, гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч З.А-ын ...Нөгөө залуу арын өрөөнөөс гарч ирэх үед би шалан дээр бага зэргийн бөөлжихөд нөгөө залуу бид хоёр руу хандан архичид ууж, идэж чадахгүй, гарцгаа гэсэн чинь Т.Б сүртэй юм бэ цэвэрлээд өгье гэсэн чинь нөгөө залуу чи муу ер нь юу гээд байгаа юм гээд Т.Бийн толгой хэсэг рүү 1 удаа цохиход Т.Б сандал дээрээсээ шалан дээр биеэрээ унаж, маш хурдан босож ирсэн. Тэгэхээр нь би уг залуу руу хүн цохилоо гэж дайрсан чинь хэнийг нь мэдэхгүй байна гуян дээрээ шивээстэй эмэгтэй миний үснээс татаж, газар унагаасан. Тэгтэл Т.Б намайг хамгаалж, дээр даран хэвтэхэд нөгөө залуу Т.Бийн нүүр рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодоод байсан. Тэгээд бид хоёрыг босгож чирээд хөөгөөд гаргахаар нь цагдаад хандах болсон... гэх мэдүүлэг,

Гэрч Э.Ш-ын ...О.Э захиралтай заамдалцсан ах, эгч нарын дундуур орж салгах гэж байгаад эхнэрийнхээ хамт газар унасан бөгөөд унасан байхад Эрдэнбат захирал өшиглөөд байсан. Яг хаашаа гэдэг нь харагдаагүй, бужигнаад байсан... Анх захирал нөгөө ахтай харилцан заамдалцаж зогсож байхдаа нөгөө ахын нүүр хэсэг рүү 1 удаа гараараа цохиход нөгөө ах эргүүлэн мөн цохисон... гэх мэдүүлэг, 

Гэрч Б.Х-ийн ...текний урд танихгүй ах, эгч хоёр гарахгүй, үйлчилгээ үзүүлээд байсан. Тэгээд би харих гээд арын өрөө рүү орж хувцасаа солиод гараад ирсэн чинь эмэгтэй нь текний урд бөөлжсөн байсан. Зөөгч Шинэжаргал уурлаж шаардлага тавьсан чинь бөөлжсөн эмэгтэй Шинэжаргалыг алгадаад үсдэхээр нь би дундуур нь орж салгасан. О.Э захирал ирээд нөгөө хамт явж байсан залууд шаардлага тавьж гар гэж хэлэхэд гарахгүй би үйлчлүүлэгч гэж хэрэлдээд байсан. О.Э захирал уурлаад дахин эхнэрээ аваад гар гэсэн чинь мөн гарахгүй гээд уг залуу О.Э захирал хоёр харилцан заамдалцаж нэг нэгнийхээ нүүр хэсэг рүү харилцан цохилцсон чинь нөгөө үйлчлүүлэгч ах газар унахад захирал татаж босгоод яв гээд хөөгөөд байсан... гэх мэдүүлэг,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаартай дүгнэлт болон шүүгдэгч О.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

 

 Хохирогч Т.Бийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч О.Эын хохирогчийг нүүрэн тус газарт цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой,

шүүгдэгч О.Э нь хохирогч Т.Бийн нүүрэн тус газарт нь  цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч О.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна  гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл, шүүгдэгчийн биеэ хянах, барих чадваргүй зан байдал нь шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

 Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Шүүгдэгч О.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Бийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Т.Б нь хохиролд 800,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгч О.Эаас 800,000 төгрөг гаргуулан хохирогч Т.Бт олгохоор шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн,

Шүүгдэгч О.Э нь “тусгайлан гаргах саналгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч О.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч О.Эыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч О.Э-аас 800,000 төгрөг гаргуулан хохирогч Т.Б-т олгосугай.

 

5. Шүүгдэгч О.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Э-ын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОРХОНТАМИР