| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2021/00217/И |
| Дугаар | 152/ШШ2021/00389 |
| Огноо | 2021-09-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 152/ШШ2021/00389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, ,
Нэхэмжлэгч: УА дахь ГГ-ын,
Хариуцагч: М овогт Ц-ний Б-д холбогдох,
Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Баянмөнхийн хороолол, Гаалийн 5-04 тоот хаягт байрлах албаны орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УА дахь ГГ-ын эзэмшилд байгаа Улаангом сумын 3 дугаар багийн Баянмөнхийн хороолол Гаалийн 5 айлын орон сууцны 04 тоот байрыг тус Гаалийн газрын даргаар ажиллаж байсан Ц.Б эзэмшиж байсан. Улмаар Ц.Б нь Гаалийн ерөнхий газрын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/44 тушаалаар Дорнод аймаг дахь Гаалийн газар гаалийн улсын байцаагчаар томилогдсон бөгөөд энэ хугацаанаас хойш Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 732 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Гаалийн ажилтанд байгууллагын эзэмшлийн орон сууцыг түр эзэмшүүлэх, орон сууц худалдан авах, амины орон сууц барихад дэмжлэг үзүүлэх тухай журмын 4.4.5 дахь заалтыг үндэслэн хариуцагч Ц.Б-д албаны орон сууцыг чөлөөлж өгөх талаар удаа дараа мэдэгдэл өгсөн боловч чөлөөлж өгөөгүй. Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/120 тоот тушаалаар Ц.Б-ийн гаалийн улсын эрхийг түдгэлзүүлсэн байна. Иймд Гаалийн өмч болох уг байрыг Ц.Б-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
Нэхэмжлэгч Гаалийн ерөнхий газрын харьяа УА дахь ГГ нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Баянмөнхийн хороолол, Гаалийн 5-04 тоот хаягт байрлах албаны орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ц.Б Миний бие Баянмөнхийн хороолол Гаалийн 5 айлын 04 тоотод 2014 оноос хойш амьдран сууж байгаа нь үнэн болно. Уг байранд амьдрах хугацаандаа хувиасаа 15.000.000 гаруй төгрөгийн бүрэн засвар, шинэчлэл хийсэн гэж маргасан байна.
Хариуцагч Ц.Б 2013 оноос эхлэн Гаалийн ерөнхий газрын харьяа УА дахь ГГ-т даргаар, дараа нь гаалийн улсын байцаагчаар ажилласан бөгөөд 2014 оноос тус газрын өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Баянмөнхийн хороолол, Гаалийн 5-04 тоот хаягт байрлах албаны орон сууцыг эзэмшихээр болжээ.
Улмаар Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/44 дүгээр Ц.Б-ийг албан тушаалаас нь чөлөөлж, албан тушаалд томилох тухай тушаалаар Ц.Б-ийг 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон Гаалийн ерөнхий газрын харьяа УА дахь ГГ-ын гаалийн улсын байцаагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Гаалийн ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилсон байна.
Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/120 дугаар Гаалийн улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх тухай тушаалаар Ц.Б-ийг төрийн жинхэнэ албан хаагчийн үүрэг болон хориглох зүйлийг зөрчсөн, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед бусдын хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдсан гэх үндэслэлээр хариуцагчийн гаалийн улсын байцаагчийн эрхийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс түдгэлзүүлжээ.
Гаалийн ерөнхий газрын харьяа УА дахь ГГ нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Ц.Б-д тус газрын албаны орон сууцыг чөлөөлж өгөхийг хүссэн мэдэгдэл өгсөн боловч чөлөөлж өгөөгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар зөрчигдсөн эрх хэвээр байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Гаалийн ерөнхий газрын харьяа УА дахь ГГ нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Баянмөнхийн хороолол, Гаалийн 5-04 тоот хаягт байрлах албаны орон сууцны хууль ёсны өмчлөгч байх бөгөөд хариуцагч Ц.Б Гаалийн ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилогдсон атлаа уг албаны орон сууцыг хууль бусаар эзэмшсээр байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзлээ.
Хариуцагч нь Уг байранд амьдрах хугацаандаа хувиасаа 15.000.000 гаруй төгрөгийн бүрэн засвар, шинэчлэл хийсэн гэж тайлбарласан боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдав.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Гаалийн ерөнхий газрын харьяа УА дахь ГГ-ын Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Баянмөнхийн хороолол, Гаалийн 5-04 тоот хаягт байрлах албаны орон сууцыг хариуцагч М овогт Ц-ний Б-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Гаалийн ерөнхий газрын харьяа УА дахь ГГ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 хэсгүүдэд зааснаар хариуцагч Ц.Б-ээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Хариуцагч Ц.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Гаалийн ерөнхий газрын харьяа УА дахь ГГ-ын өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Баянмөнхийн хороолол, Гаалийн 5-04 тоот хаягт байрлах албаны орон сууцыг хариуцагч М овогт Ц-ий Б-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Гаалийн ерөнхий газрын харьяа УА дахь ГГ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч Ц.Б-ээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ