Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/196

 

2024    05           03                                          2024/ШЦТ/196

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,  

Улсын яллагч Т.Т,

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,

Шүүгдэгч Г.А,

Шүүгдэгч Д.Г түүний өмгөөлөгч А.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А, Д.Г нарт холбогдох эрүүгийн 242500000**** дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Нэг. Монгол Улсын иргэн, Д.Г

Хоёр. Монгол Улсын иргэн, Г.А

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 цаг 30 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хотхоны **Б байрны * тоотхохирогч Г.Аын гэрт түүнтэй гэрт чанга ярилаа гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Г.А руу мах зүсэх зориулалтаар ширээн дээр тавьсан модон иштэй хутгыг авч далайх үед нь хохирогч Г.А нь тус хутгыг авах зорилгоор булаацалдах явцад  хохирогчийн баруун алгыг зүсэж, эрүүл мэндэд нь “баруун алганд шарх, зүүн гарын 2-р хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 цаг 30 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хотхоны **Б байрны * тоотөөрийн гэртээ хохирогч Д.Гтой гэрт чанга ярилаа гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Д.Г нь мах зүсэх зориулалтаар ширээн дээр тавьсан модон иштэй хутгыг авч далайх  үед нь тус хутгыг булаан авч, хаяулмагцаа хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж, газарт унаган цээжэн тус газарт нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “зүүн завьжинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний алим, зүүн чих, баруун, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн гуя, зүүн өвдөг, хүзүүнд цус харалт, хүзүү, баруун чамархайд зулгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.А, Д.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Т.Т: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Г.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй, нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэсэн,

Шүүгдэгч Д.Г “хүний биед хөнгөн хохирол учруулаагүй, өөрт учирсан хохирлоо нэхэмжилнэ” гэсэн,

Шүүгдэгч Д.Ггийн өмгөөлөгч А.Т “Шүүгдэгч Д.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдохгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах, түүнд учирсан хохирлыг баримтаар нэхэмжилнэ” гэсэн,

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Хавтаст хэргээс улсын яллагч:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хавтаст хэргийн 1-2 дугаар тал/,

- Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургын үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 4, 13 дугаар тал/,

 - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургын үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 5-12 дугаар тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 14-17 дугаар тал/,

- Хутганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 28-32 дугаар тал/,

- Хохирогч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 12-ны 18 цагаас би ажлынхаа хүний Алтан гадас одонгийн цайллаганд очсон. Тэндээс гарч ажлынхаа Эрдэнэхүүгийнд очсон. Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 13-ны үүрийн 03 цагийн үед би, Г.З, О, Т нарын хамт Г.Згийнд очсон бөгөөд тэгэхэд Г.А ирж авсан юм. Г.Згийнд ногоон Экс, Болор, бас нэг архи ингээд 3 шил архи хувааж уусан. Тэгээд Г.З бид 2 ажлаас болж маргасан юм. Г.А бас эгч Г.Згаа өмөөрч надтай бас маргасан. Тэгээд намайг “яв яв” гээд байхаар нь би үүд рүү явж гутлаа өмсөх гээд тонгойход намайг хэн цохисныг нь мэдэхгүй, яаж цохисныг ч мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь 2 нүд харахаа больчихсон юм. Тэгээд би ухаан алдчихсан бөгөөд нэг сэрээд Г.Ад эхнэрийнхээ дугаарыг өгч яриулсан юм. Тухайн үйл явдал болоход Т байхгүй байсан юм. Би нилээн согтуу байсан юм... Би Орхон аймгийн ШШХ-ийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 140 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан зүүн завьжинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний алим, зүүн чих, баруун, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн гуя, зүүн өвдөг, хүзүүнд цус хуралт, хүзүү, баруун чамархайд зулгаралт зэрэг гэмтлүүдийг намайг Г.Згийнд байхад түүний дүү Г.А нь намайг зодож учруулсан байх. Миний санаж байгаагаар би гарах гээд гутлаа өмсөх гээд доошоо тонгойсон бөгөөд тэгтэл нүүр лүү өшиглөсөн үү, араас цохичихсон уу тэгээд би ухаан алдчихсан юм. Тухайн үед миний өмнө Т гараад явчихсан гэж санаж байна, тэгээд би, Г.А, Г.З, О бид 4 үлдсэн юм. Тухайн үед би зүв зүгээр Г.Згийн гэрт орсон юм. ...Би Г.А руу хутга барьж дайраагүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 66-67, 69 дугаар тал/,

- Д.Г-ын Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх баримт, өвчний түүх /хавтаст хэргийн 36-58 дугаар тал/,

- Орхон аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23/11 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын баримт” /хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/,

- Хохирогч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад Согоот баг 6-12 дугаар байрны гадаа найз Хулан, Сайхнаа нарын хамт 2,5 литрийн 3 ширхэг пивог хувааж уусан бөгөөд 23 цаг өнгөрч байхад гэртээ очсон. Тэгэхэд гэрт эгч Г.З маань байхгүй, дүү нар маань байсан. Тэгээд би 2024 оны 01 дүгээр сарын 13-ны үүрийн 04 цаг 05 минутанд эгч Г.З руу залгахад тосгонд байна гэхээр нь би такситай очиж авах уу гэтэл тэг гэж хэлсэн. Ингээд би UB cab дуудаж эгчийн байгаа газарт очсон. Тэгээд эгч Г.З, О, Д.Г, Т нарыг авч такситайгаа явсан. Намайг очиход тэд нар хоорондоо маргаантай байсан юм. Ингээд бид нар манайд очихоор болж тухайн таксины жолоочоос 2 шил архи худалдаж авсан. Тэгээд манайд тэр 4 ногоон экс архиа хувааж уусан бөгөөд би уугаагүй, хундагалж өгсөн юм. Мөн би мах чанаж өгсөн. Т нь үүрийн 05 цаг 52 минутанд манайхаас гарч явсан бөгөөд би такси дуудаж өгсөн юм. Тэгээд байж байтал Д.Г нь халамцаад над руу агсарч эхэлсэн. Чанга чанга орилоод байхаар нь би аядуу бай гэтэл хэсэг чимээгүй болсон юм. Тэгсэнээ ахин над руу үг хэлээрээ дайрч эхэлсэн. Тэгэхээр нь би дүү нар унтаж байна, та орилоод давраад байгаа юм биш үү гэж хэлсэн. Энэ үед О болон эгч Г.З нар маань үүд рүү явсан бөгөөд нойл орсон эсэхийг нь мэдээгүй юм. Д.Г ах тэгээд ширээ рүү шүлсээ хаясан бөгөөд та давраад байгаа юм биш үү гэхэд ширээ цохиод босоод ирсэн юм. Тэгээд тэрээр ширээн дээр махны хажууд байсан модон иштэй хутгыг авч над руу 2 удаа далайсан. Тэгэхээр нь би түүнтэй ноцолдож хутгыг нь булааж авсан бөгөөд ингэхдээ би баруун гарныхаа алганы эрхий хурууныхаа төгсгөл хэсгийг зүсчихсэн юм. Тэгээд би хутгыг нь хаюулчихаад түүний шилэн хүзүүнээс татаж толгой руу нь баруун гараараа 1 удаа алгадаж, зүүн гараараа түүний нүүр лүү нь савж 1 удаа цохисон. Тэгтэл тэрээр газарт унасан юм. Унасных нь дараа би түүний бөөр лүү нь 2 удаа өшиглөсөн бөгөөд энэ үед би хөл нүцгэн байсан. Тэгтэл эгч Г.З ирсэн бөгөөд Д.Ггийн хамраас цус гарч байсан. Д.Г тэгээд босож ирээд намайг заамдсан бөгөөд Г.З эгч салгасан. Д.Г тэгээд орон дээр суугаад “чи яагаад цохиж байгаа юм бэ” гэхээр нь би түүнд хандан “та яагаад хутга далайж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд О эгч намайг нойл руу оруулсан бөгөөд түүний дараа эгч маань Д.Гтой хэрэлдээд байсан. Эгч тэгтэл “чи архины шил бариад яах гэж байгаа юм бэ, цохичих л доо” гэхийг нь сонсоод би гартал Г.З эгч О эгч нар намайг хориглосон. Тэгээд би буцаж нойл руу ороод Д.Ггоос авсан эхнэрийнх нь дугаар луу 08 цаг 13 минутанд залгаж ярьсан. Эхнэр нь тэгээд  удалгүй ирсэн бөгөөд эхнэрийг нь ирсэний дараа би өөрөө 08 цаг 34 минутанд цагдаа дуудсан юм. Цагдаа нар ирж Д.Г бид хоёрыг авч явсан юм. Д.Г бид хоёр түүний эхнэр лүү ярихаас барагцаараар 30-40 минутын өмнө маргалдсан юм. Анх манайд Д.Г ирэхэд түүний биед ил харагдах гэмтэл шарх учраагүй зүгээр байсан бөгөөд надаас өөр түүнийг зодсон хүн байхгүй ээ. Тэрээр намайг заамдсан бөгөөд цохиж чадаагүй, харин хутга далайсан юм. Д.Ггийн гартаа барьсан хутга нь модон иштэй хутга байсан бөгөөд ширээн дээр 2 модон иштэй хутга, нөгөөх нь ногоон өнгийн иштэй хутга нийт 3 хутга байсан бөгөөд яг аль модон иштэй хутгыг тэрээр барьсныг мэдэхгүй байна. Д.Г бид 2 урд өмнө маргалдаж муудалцаж байгаагүй бөгөөд хуурай ах дүүс байгаа юм. Д.Ггийн нүүрэнд учирсан гэмтлүүдийг би гараараа 2 удаа цохиж учруулсан. Бусад гэмтлүүдийг нь би учруулаагүй юм. Тухайн үед Д.Г нь ухаан алдаж унаагүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 72-73 дугаар тал/,

- Гэрч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагт манай нөхөр Д.Г нь ажлынхаа хүний алтан гадасын найранд орох гээд явсан юм. Би 22 цаг 45 минутанд нөхрийнхөө 99004289 дугаар луу залгахад эрүүл байсан бөгөөд найран дээрээ байна гэж хэлсэн. Ахин шөнийн 00 цаг 09 минутанд залгахад ажлынхантайгаа гадуур явж байна гэж хэлсэн бөгөөд тэгэхэд бас эрүүл байсан юм. Түүнээс хойш би нөхөр лүү удаа дараалан залгахад утас нь дуудаад аваагүй юм. 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 07 цаг 47 минутанд над руу 90800020 дугаараас залгаж “нэг танихгүй залуу яриад нөхрийгөө ирж ав, би нөхрийг чинь цагдаад өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа тэр залуугийн хэлсэн хаяг руу буюу Залуус хотхонд очсон юм. Тэгэхэд нөхөр маань цус нөж болоод зодуулчихсан байдалтай том өрөөнийх нь орон дээр сууж байсан бөгөөд хивс, шалан дээгүүр нь цус болчихсон байсан. Тус айлын нойлын өрөөнд О гэдэг мастер хүүхэн, тэр айлын хүүхэн Г.З, Г.Згийн дүү гэх над руу ярьсан Г.А нар байсан юм. Тэгээд юу болсон талаар асуухад тухайн айлд нөхөр маань мах идэж сууж байгаад Г.А гэх залуу руу дайраад тэгээд Г.А гэх залуу нь зодсон гэж хэлсэн юм. Тэгээд Г.А гэх залуу цагдаа руу залгасан бөгөөд би ч гэсэн дараа нь цагдаа дуудсан. Цагдаа ирсэний дараа цагдаагийн машинтай бид нар эмнэлэг явсан юм. Нөхөр маань 2023 оны 11 дүгээр сарын эхээр хотод 3-р эмнэлэгт мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хамрын хагалгаанд орсон бөгөөд  гамрит нь тархи руу орчихсон байна гээд гамритын хүнд хэлбэрийн хагалгаанд орсон юм. 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Медипас эмнэлэг дээр очиж хамар нь эдгэчихсэн байна гээд боолтоо авхуулсан юм...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 78 дугаар тал/,

- Гэрч Ж.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг сэрэхэд Д.Г “би юм харахгүй байна, намайг зодчихсон байна” гээд орилоод байсан. Тэгээд би гараад хартал Т байхгүй байсан. Тэгээд би Д.Ггийн нүдийг аймар болчихсон байсан учраас Г.Згийн дүүд чи яагаад энэ хүнийг зодчихсон юм бэ гэж асуухад наад хүн чинь өөрөө хутга барьчихаад над руу дайраад байсан учраас би өөрийнхөө биеийг хамгаалсан гэж хэлсэн. Тэгтэл Д.Г миний эхнэрийг дуудаад залгаад өгөөч гэж хэлэхэд Г.Згийн дүү Д.Ггийн эхнэр лүү залгаад танай нөхөр над руу хутга заазуур бариад дайраад байсан учраас би бие хамгаалаад цохисон та ирээд нөхрөө авах юм уу, эсхүл би цагдаа дуудах уу гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 81-83 дугаар тал/,

- Гэрч Г.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найрнаас гараад Эрдэнэхүүгийнд таксидаж очсон. Тэднийд очиход Эрдэнэхүү, О, болон Эрдэнэхүүгийн найз гэх залуу нар байсан. Тэгээд байж байтал араас ажлынхан нэмэгдэж ирсэн. Тэднийд 2 шил архи хувааж уусан бөгөөд Д.Г ч мөн уусан, бас пиво уусан. Д.Г нь Б, М нартай маргалдсан бөгөөд зодолдох гээд байсан. Гэхдээ ямар ч зодоон цохион болоогүй, би лав хараагүй юм. Тэгээд би үүрийн 04 цаг өнгөрч байхад дүү Г.А руу залгаж дуудсан юм. Удалгүй Г.А нь такситай ирсэн бөгөөд надтай хамт О, Д.Г, Т нар нь цуг сууж явсан. Тэгээд манайд очихоор болж шагаас 2 шил архи авч манайд очсон. Манайд авсан архиныхаа Экс нэртэй архийг хувааж уусан бөгөөд Т нь манайд ороод удалгүй ганцаараа явчихсан юм. Барагцаагаар 06 цагийн үед явсан байх. Дүү Г.А маань бид нарт архи хундагалж байсан, мөн мах чанаж өгсөн юм. Тэгээд байж байтал Д.Г нь Г.Аад хандан “чи ийм байж ажилд орж чадахгүй” гэж хэлээд тэр 2 жаахан маргалдсан юм. Тэгээд Г.А маань та нарт такси дуудаж өгье гэж утсаар дуудсан. Энэ хугацаанд О эгч бид 2 нойл орсон бөгөөд тэгтэл түр тар хийх чимээ гарсан юм. Тэгэхээр нь би нэг их юм бодолгүй нойлоос түрүүлээд гартал Д.Г нь том өрөөний хивсэн дээр хэвтчихсэн, өөдөөс Г.А ирж байсан юм. Тэгээд яасан бэ гэтэл Г.А нь “над руу хутга бариад дайрахаар нь би өөрийгөө хамгаалаад цохичихсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г.Аыг нойл руу оруулчихаад буцаад том өрөө рүү явтал Д.Г нь баруун гартаа манай гэрийн мах идэж байсан модон иштэй хутгыг барьчихсан сууж байсан бөгөөд би түүнтэй ноцолдож байж тухайн хутгыг булааж авсан юм. Тэгэхэд Д.Ггийн 2 нүд нь хавдчихсан, нүүр нь цус болчихсон байсан. Тухайн үед би хутгыг шүүгээ рүү хийсэн бөгөөд мах идэж байна гээд ширээн дээр 3 ширхэг модон иштэй адилхан хутга байсан. Би тэгээд хооронд нь холиод хийчихсэн учраас яг аль хутгыг булааж авснаа мэдэхгүй байна, ямар ч байсан цэвэрлээгүй тэр чигээр нь хийсэн юм. Д.Гг анх газар хэвтэж байхад түүнийг хутга барьсан эсэхийг нь анзаараагүй юм.Тэгээд хэсэг хугацааны дараа би Г.Аыг нойлоос гаргасан бөгөөд Г.А нь Д.Ггоос эхнэрийнх нь дугаарыг авч ярьж дуудсан юм. Эхнэр нь ирсэний дараа цагдаа руу Г.А залгаж дуудсан юм. Цагдаа ирээд Д.Г, Г.А нарыг авч явсан. Тэдгээрийг явсаны дараа хивс, шал, толь маань цус болчихсон байсныг анзаарсан бөгөөд хэнийх нь цус гэдгийг мэдээгүй. Г.Аын гар нь хутганд зүсэгдсэн гээд цус гарч байсан юм. Тухайн үйл явдал болоход том өрөөнд Д.Г, Г.А нар л байсан бөгөөд өөр хүн байгаагүй, манай 4 хүүхэд жижиг өрөөндөө хаалгаа хаагаад унтаж байсан. О бид 2 нойлд байсан, Т явчихсан байсан. Анх манайд Д.Г орж ирэхэд түүний биед ил харагдах гэмтэл шарх учраагүй зүгээр байсан юм...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 85-86 дугаар тал/,

- Гэрч П.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 цагт Петушка зоогийн газарт манай нэг хэсгийн даргын Алтан гадас одонгийн цайллага болж би оролцсон юм. Тэгээд би тухайн газарт согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн бөгөөд ухаан санаа маань орж гараад согтсон юм. Нэг мэдсэн чинь би, О мастер, Г.З эгч, Д.Г ах нарын хамт Г.З эгчийн гэр лүү орж байсан юм. Тэгээд би удалгүй дуудлагын такси дуудаж Г.З эгчийн гэрээс ганцаараа гарч явсан юм. Харин Г.З эгчийн дүү Г.А нь намайг гэрээсээ гаргаж өгсөн юм. Ийм л үйл явдал болсон бөгөөд миний мэдэхийн Д.Г ах хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй, зодолдож цохилцоогүй зүгээр байсан. Ер нь бүгдээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд тэд нар надаас гайгүй байсан юм. Би тухайн өдрөө өмссөн хувцастай маргааш нь цагдаа дуудахаар ирсэн бөгөөд тэгэхэд би үргэлжлүүлээд архи уучихсан байсан тул согтуу байсан юм. Миний хувьд Г.З эгчийнд архи уугаагүй, дөнгөж цай амсчихаад л гарсан шиг санагдаж байна. Намайг Г.З эгчийнхээс явахад Д.Г ахын биед ил харагдах гэмтэл шарх учраагүй зүгээр байсан юм. Намайг явахад тэднийд Д.Г ах, О эгч, Г.З эгч, Г.А нар үлдсэн бөгөөд өөр хүн байгаагүй юм.  Мөн Г.З эгчийн хүүхдүүдэд нь байсан шиг санагдаж байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 88 дугаар тал/,

- Иргэний нэхэмжлэгч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дүгээр зүйлд "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Иймд Д.Ггийн эмчилгээний зардалд 1,289,400 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 76 дугаар тал/,

- Г.А-ын яллагдагчаар өгсөн: “...Анх манайд Д.Г ирэхэд түүний биед ил харагдах гэмтэл шарх учраагүй зүгээр байсан бөгөөд надаас өөр түүнийг зодсон хүн байхгүй ээ. Тэрээр намайг заамдсан бөгөөд цохиж чадаагүй, харин хутга барьж дайрсан юм. Д.Г-гийн гартаа барьсан хутга нь модон иштэй хутга байсан бөгөөд ширээн дээр 2 модон иштэй хутга, нөгөөх нь ногоон өнгийн иштэй хутга нийт 3 хутга байсан бөгөөд яг аль модон иштэй хутгыг тэрээр барьсныг мэдэхгүй байна... Би дүгнэлттэй танилцсан бөгөөд миний гарын алганд учирсан шарх гэмтлийг би түүнээс хутгыг нь булааж авахдаа зүсчихсэн юм. Тэрнээс над руу хутга барьж дайрахдаа зүсээгүй юм. 2-р хуруунд зулгаралт гэмтэл нь намайг түүнийг цохиход учирсан байх...Тухайн үед ширээний наана, цаана бид 2 сууж байсан бөгөөд Д.Г ах над руу хутга аваад хутгалах гээд дайрахаар нь би холдсон юм. Гэхдээ хөөгөөгүй бөгөөд учир нь тэрээр ширээний ард байсан учир ширээ тулсан юм. Хэрвээ би холдоогүй байсан бол түүний хутга надад хүрэх байсан байх. Яг араас хөөж гүйгээгүй болохоор нь би далайсан гэж хэлсэн юм, тэрнээс биш над руу дайрсан юм. Яг хутга барьчихаад далайж айлгаагүй, хутгалах гээд 2 удаа гараа дээрээс доошоо, доороос баруун тийш хутгатай гараараа хөдөлгөөн хийсэн юм...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 154-155 дугаар тал/,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 140 дугаартай “1.Д.Г-гийн биед зүүн завьжинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний алим, зүүн чих, баруун, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн гуя, зүүн өвдөг, хүзүүнд цус хуралт, хүзүү, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 93-95 дугаар тал/,

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай “1. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Д.Ггийн биед баруун ухархайн доод ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөг, зүүн завжинд шарх, хүзүү, баруун чамархайд зулгаралт, баруун, зүүн зовхи, баруун нүдний алимны салст, зүүн чих, хүзүү, цээж, баруун, зүүн шуу, зүүн бугалга, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, зүүн завжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 217-221 дүгээр тал/,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 139 дугаартай “1.Г.А-ын биед баруун алганд шарх, зүүн гарын 2-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл ир ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх баруун алганд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гарын 2-р хуруунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 100-101 дүгээр тал/,

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн "Г.А" гэж хаягласан цуснаас 1,2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 1,2 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 129-131 дүгээр тал/,

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн "Д.Г" гэж хаягласан цуснаас 3,6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 3,6 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 136-138 дугаар тал/ зэрэг баримтуудыг,

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Д.Г-гийн өмгөөлөгч:  

Д.Г-гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дүгээр тал/,

- Шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 93 дугаар тал/,

- Г.Аын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дугаар тал/,

- Гэрч Г.З, Д.О нарын мэдүүлгүүд /хавтаст хэргийн 81-86 дугаар тал/,

- Д.Ггийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 170-171 дүгээр тал/,

Д.Ггийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн *** дугаар тал/, шинээр гаргаж өгсөн баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Г.А, Д.Г нар “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтуудаас хохирогч Д.Г, түүний өмгөөлөгч нар хохирогч Д.Г-гийн эхнэрийн гар утасны бичлэг гэх нэг ширхэг хуурцагийг шинээр нотлох баримтаар гаргаж өгч, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах хүсэлтийг гаргасныг шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан боловч хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж, нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Г, Г.А нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд   

шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 цаг 30 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хотхоны **Б байрны * тоотхохирогч Г.Аын гэрт түүнтэй гэрт чанга ярилаа, ширээн дээр шүлсээ хаялаа гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Г.А руу хутга авч далайж, хутгыг тавиулахаар булаацалдах явцад  хохирогчийн баруун алгыг зүсэж, эрүүл мэндэд нь “баруун алганд шарх, зүүн гарын 2-р хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 цаг 30 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хотхоны **Б байрны * тоотөөрийн гэртээ хохирогч Д.Гтой гэрт чанга ярилаа гэсэн шалтгаанаар маргалдаж, хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж, газарт унаган цээжэн тус газарт нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “зүүн завьжинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний алим, зүүн чих, баруун, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн гуя, зүүн өвдөг, хүзүүнд цус харалт, хүзүү, баруун чамархайд зулгарал” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна.

 

Шүүгдэгч Г.А нь хохирогч Д.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан үйл баримт нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургын үзүүлэлтүүд,    Хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл,

Хохирогч Д.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд намайг “яв яв” гээд байхаар нь би үүд рүү явж гутлаа өмсөх гээд тонгойход намайг хэн цохисныг нь мэдэхгүй, яаж цохисныг ч мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь 2 нүд харахаа больчихсон юм. ...энэ гэмтлүүдийг намайг Г.Згийнд байхад түүний дүү Г.А нь намайг зодож учруулсан байх...” гэх мэдүүлэг,

Д.Г-гийн Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх баримт, өвчний түүх,

Гэрч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхэд нөхөр маань цус нөж болоод зодуулчихсан байдалтай байсан. ...юу болсон талаар асуухад тухайн айлд нөхөр маань мах идэж сууж байгаад Г.А гэх залуу руу дайраад тэгээд Г.А гэх залуу нь зодсон гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би Д.Ггийн нүдийг аймар болчихсон байсан учраас Г.Згийн дүүд чи яагаад энэ хүнийг зодчихсон юм бэ гэж асуухад наад хүн чинь өөрөө хутга барьчихаад над руу дайраад байсан учраас би өөрийнхөө биеийг хамгаалсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Г.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд яасан бэ гэтэл Г.А нь “над руу хутга бариад дайрахаар нь би өөрийгөө хамгаалаад цохичихсон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 140 дугаартай дүгнэлт,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 300 дугаартай дүгнэлт,

Шүүгдэгч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Г нь хохирогч Г.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан үйл баримт нь:

Хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл,

Хутганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл,

Хохирогч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Г ах тэгээд ширээ рүү шүлсээ хаясан бөгөөд та давраад байгаа юм биш үү гэхэд ширээ цохиод босоод ирсэн юм. Тэгээд тэрээр ширээн дээр махны хажууд байсан модон иштэй хутгыг авч над руу 2 удаа далайсан. Тэгэхээр нь би түүнтэй ноцолдож хутгыг нь булааж авсан бөгөөд ингэхдээ баруун гарныхаа алганы эрхий хурууныхаа төгсгөл хэсгийг зүсчихсэн юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд юу болсон талаар асуухад тухайн айлд нөхөр маань мах идэж сууж байгаад Г.А гэх залуу руу дайраад тэгээд Г.А гэх залуу нь зодсон гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Д.Г-гийн нүдийг аймар болчихсон байсан учраас Г.З-гийн дүүд чи яагаад энэ хүнийг зодчихсон юм бэ гэж асуухад наад хүн чинь өөрөө хутга барьчихаад над руу дайраад байсан учраас би өөрийнхөө биеийг хамгаалсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд яасан бэ гэтэл Г.А нь над руу хутга бариад дайрахаар нь би өөрийгөө хамгаалаад цохичихсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г.А-ыг нойл руу оруулчихаад буцаад том өрөө рүү явтал Д.Г нь баруун гартаа манай гэрийн мах идэж байсан модон иштэй хутгыг барьчихсан сууж байсан бөгөөд би түүнтэй ноцолдож байж тухайн хутгыг булааж авсан юм. Тэгэхэд Д.Г-гийн 2 нүд нь хавдчихсан, нүүр нь цус болчихсон байсан. ...Г.А-ын гар нь хутганд зүсэгдсэн гээд цус гарч байсан юм. Тухайн үйл явдал болоход том өрөөнд Д.Г, Г.А нар л байсан бөгөөд өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 139 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

 

Хохирогч Д.Г-гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Г.А-ын хохирогчийг нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж, газарт унаган цээжэн тус газарт нь өшиглөх үйлдэлтэй, хохирогч Г.Аын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Д.Ггийн хохирогч руу хутга барьж дайрсан, хутгыг түүний гараас салгахаар булаацалдсан, ноцолдсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой,

шүүгдэгч нар нь өөрдсийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Д.Г би хутганд огт хүрээгүй, мэс барьж Г.А руу дайраагүй, би харилцан зодоон хийгээгүй нь миний хувцасны нэг ч товч тасраагүй байдлаас харагдана, мөн миний нүд юм харахгүй болсныг намайг хутга барьсан байсныг хараагүй гэж гэрч О хэлсэн байдаг, гэрч Г.З мэдүүлэхдээ миний барьж байсан хутгыг тавиулсан гэж мэдүүлсэн нь Г.А-ын үйлдэл мэдүүлэгтэй зөрүүтэй, мөн Г.А хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хутгыг булааж авах үед зүсүүлсэн гэж мэдүүлсэн байдаг, тэгэхээр би зүсээгүй, Г.Аын гаран дээр үүссэн шарх нь 2 удаагийн үйлчлэлээр үүссэн шарх байгаа, урьд орой нь Г.А хүмүүстэй муудалцаад зодоон хийхдээ гараа гэмтээсэн байж магадгүй, түүний биед учирсан хохирлыг би учруулаагүй гэж,

            шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т гэмт хэргийн сэдэлт зорилго тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, гэрч Г.З, О нарын мэдүүлэг зөрүүтэй, хүн хутгалах санаа зорилго байгаагүй тогтоогдоогүй, үгүйсгэгдэж байна,  хутга барьж дайрсан гэдэг нь эргэлзээтэй тул хэрэгсэхгүй болгуулна гэж тус тус мэтгэлцдэг.

 

Шүүгдэгч Д.Ггийн дээрх мэдүүлэг нь түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн би мах идэх үед нэг удаа хутга барьсан гэх мэдүүлэг, гэрч Г.Ариунжаргалын “...нөхөр маань мах идэж сууж байгаад Г.А гэх залуу руу дайрсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Оын “...чи яагаад энэ хүнийг зодчихсон юм бэ гэж асуухад наад хүн чинь өөрөө хутга барьчихаад над руу дайраад байсан учраас би өөрийнхөө биеийг хамгаалсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Згийн “...Тэгэхээр нь би нэг их юм бодолгүй нойлоос түрүүлээд гартал Д.Г нь том өрөөний хивсэн дээр хэвтчихсэн, өөдөөс Г.А ирж байсан юм. Тэгээд яасан бэ гэтэл Г.А нь “над руу хутга бариад дайрахаар нь би өөрийгөө хамгаалаад цохичихсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г.Аыг нойл руу оруулчихаад буцаад том өрөө рүү явтал Д.Г нь баруун гартаа манай гэрийн мах идэж байсан модон иштэй хутгыг барьчихсан сууж байсан бөгөөд би түүнтэй ноцолдож байж тухайн хутгыг булааж авсан юм...” гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Аын “...тэгээд тэрээр ширээн дээр махны хажууд байсан модон иштэй хутгыг авч над руу 2 удаа далайсан. Тэгэхээр нь би түүнтэй ноцолдож хутгыг нь булааж авсан...” гэсэн мэдүүлэг,  Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  139 дугаартай дүгнэлт зэргээр няцаагдаж байна.

Шинжээчийн дүгнэлтэд “Г.Аын биед баруун алганд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл ир ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэж дүгнэсэн ба хохирогч Г.А алганд үүссэн 2 шархныхаа нэгийг нь өмнө нь цонх янзалж байхдаа үүсгэсэн тухайгаа тайлбарладаг ба хэрэг болсон гэх тухайн үед хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл нь шинжээчийн дүгнэлтээр батлагдаж түүний биед хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна. Шүүгдэгч өмгөөлөгч нар гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй гэж мэтгэлцдэг ба гэрч Оын мэдүүлэгт зөрүү гараагүй, гэрч Г.Згийн мэдүүлгээс Г.А Д.Г нарын хооронд болсон үйл явдлын дараа дахин Д.Гг гартаа хутга барьчихсан сууж байсан талаар мэдүүлсэнийг мэдүүлгийн зөрүүтэй байдал гэж үзэхээргүй байна.

Шүүгдэгч Д.Ггийн хутга барьж далайсан, түүнээс хутгыг тавиулахаар булаацалдах үйлдлийн улмаас хохирогч Г.Аын биед хохирол учирсан, Д.Г хутга барьж үйлдэл хийгээгүй байсан бол Г.Аад хохирол учрахгүй байсан гэж үзэв.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч Г.А, Д.Г нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.А нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Гэмт хэрэг гарахад хохирогч нарын согтууруулах ундааны зохимжгүй хэрэглээ, шүүгдэгчийн нарын биеэ хянах, барих чадваргүй зан байдал нь шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

 Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

 

Шүүгдэгч Г.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Д.Г нь хохиролд эмчилгээ, бусад зардалд 2,718.950 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинд 4,852,056 төгрөг нийт 7,571,006 төгрөгний хохирол гаргуулахаар мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан.

Хохирогч Д.Ггийн аваагүй цалин 4,852,056 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд нийгмийн даатгалын сангаас холбогдох журмаар листээ бодуулж авч дуусаагүй, хүлээгдэж байгаа гэсэн тул түүнд хэдэн төгрөгний цалин хөлсний хохирол учирсан нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр дээрх нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй байна гэж үзэж хэлэлцэхгүй орхиж,

мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргадаг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар энэ шаадлагыг хэлэлцэх боломжгүй байна гэж үзэж,

хохирогч Д.Г эмчилгээ, бусад зардалд 2,718,950 төгрөгний хохирол баримтаар нэхэмжилсэн ба эмнэлэгт хэвтэж байх үед тархины зураг авахуулсан гэх 120.000 төгрөгний баримтыг 2 баримтаар давхардуулан нэхэмжилсэн, эрүүл мэндийн даатгалын байцаагчаас энэ талаар тодруулахад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үйлчилгээнд хамрагддаг, нэмэлтээр мөнгө авдаггүй гэж тайлбарласан байдлаас уг зураг авахуулсан гэх нэхэмжилсэн нэхэмжлэлийг, хүргэлтээр хоол, кофе авсан гэх зардалд 418,900 төгрөг, хүүхдэд давтлага авсаны зардалд 140.000 төгрөг, Эрхэст оргил эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн зардал 380.000 төгрөг зэрэг 1.178.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас хохирогчид шууд учирсан хохиролд тооцогдохгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

Бусад эмчилгээ хийлгэсэн гэх эмнэлгийн зардлууд, хэрэг болон үед өмсөж явсан хувцас зэрэг бусад зардлуудыг хохирогчид учирсан хохиролд тооцоу нийт 1,359,450 төгрөгийг шүүгдэгч Г.Ааас гаргуулан хохирогчид олгуулахаар тус тус шийдвэрлэж хохирогч Д.Г нь авч чадаагүй цалин хөлс болон сэтгэл санааны хохирол гаргуулах нэхэмжлэлээ иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1.289.400 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан ба Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1-д “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж тус тус заасан тул шүүгдэгч Г.Ааар төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн.

 

Шүүгдэгч Г.А нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөр төлөхөөр шүүх хуралдаанаас 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан ба шүүгдэгч Г.А нь шүүх хуралдааныг завсарласан хугацаанд эрүүл мэндийн даатгалын санд 1.289.400, хохирогч Д.Гд 1,359,450 төгрөг тус тус төлсөн нь баримтаар тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Г.Аыг энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй байна гэж, хохирогч Г.А “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч Д.Гг бусдад төлөх төлбөргүй байна гэж, хохирогч Д.Г өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аад 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Д.Гд 600 нэгжээр торгох саналтай...” гэсэн,

Шүүгдэгч Г.А нь “хувиараа хөдөлмөр хийж байгаа учраас торгох ял оногдуулж өгнө үү” гэх,

Шүүгдэгч Д.Г нь “тусгайлан гаргах саналгүй” гэх,

Шүүгдэгч Д.Ггийн өмгөөлөгч А.Т оногдуулах эрүүгийн хариуцлага дээр гаргах саналгүй гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Г.А, Д.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, гэм буруугаа хүлээн үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Г.Аад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр  торгох ял, шүүгдэгч Д.Гд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Аад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирол төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд, шүүгдэгч Д.Гд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.А, Д.Г нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,75 литрийн ногоон экс нэртэй архины шил нэг ширхэг, бор шаргал өнгийн модон иштэй хутга 3 ширхэг, 3 хэсэг  нойлын цаас зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц утсгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А, Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Д.Г нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Хохирогч Д.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.178.900 /нэг сая нэг зуун далан найман мянга есөн зуу/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирол, дутуу авсан цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Г бусдад төлөр төлбөргүй, шүүгдэгч Г.А энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.А, Д.Г нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0,75 литрийн ногоон экс нэртэй архины шил нэг ширхэг, бор шаргал өнгийн модон иштэй хутга 3 ширхэг, 3 хэсэг  нойлын цаас зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц утсгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай, хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг хуурцгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А, Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОРХОНТАМИР