Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/202

 

2024     05           07                                          2024/ШЦТ/202

                                                                   

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,  

Улсын яллагч Ц.Л,

Хохирогч Т.Б,

Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Дт холбогдох эрүүгийн 2425000000***  дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж.Д.

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Д нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн *-**-***тоотод, гэртээ эхнэр Т.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, сандлаар цохих, толгой, нүүр рүү нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь 2 шүдний эмтрэл, баруун бугалга, цээж, баруун, зүүн гуя, баруун тахиманд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ж.Д мэдүүлэхдээ: “...Хохирогчийн мэдүүлэг үнэн бодит биш мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Би хоёр эвлэрэх гээд сэтгэл зүйчээс цаг авч 5 дах удаагаа уулзаж байна. Би ийм газар ингэж зогсож байгаадаа маш их харамсаж байна, гутарч байна. Би буруу зүйл хийсэн байж болно. ...Яг бодит байдал дээр би цохиж зодоогүй, би зоддоггүй. Би өөрөө 5, 6 удаа толгой руугаа цохиулж зодуулдаг. Намайг захын хүнээс асуухад Ж.Д сайн аав, сайн эр хүн, сайн нөхөр гэж хэлнэ. Би архи уудаггүй, хохирогч намайг сард 1 удаа архи уудаг гэж бичсэн байсан. Би үүнд гомдолтой байна. Би хэзээ ч архи уучихаад агсам согтуу тавьж бусад шиг арчаа алддаггүй, би амьдралын төлөө тэмцдэг, хүн бүхэн мэддэг. Гэтэл ийм газар орж ирж байгаад үнэхээр муухай байна. Би гэм буруугаа ойлгож байна. Сүүлд Т.Б надаас уучлалт гуйсан, хүн цохисон нь миний буруу. Гэр бүлийн хүчирхийллийг эрэгтэй хүн биш эмэгтэй хүн үйлддэг гэдгийг хэлмээр байна...” гэв.

Хохирогч Т.Б “Шүүх шинжилгээний дүгнэлтийг учир дутагдалтай гэж үзэж байх шиг байна. Би эмчид үзүүлээд эмчийн гаргасан бүх үзлэгийн явцыг авч ирээд шүүх эмнэлэгт үзүүлээд гарсан дүгнэлт байгаа. Тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгийг одоо хэлж байгаа биш, өмнө нь хэлж байсан. Хоёрдугаарт тухайн өдөр болсон процессийг нэг нэгэнгүй тоочсон. Түүнд хэтрүүлсэн, дэвэргэсэн, нэмсэн, хачирласан зүйл огт байхгүй. Яг болсон үйл явдлыг бичсэн. Энэ хүн сард 1 удаа архи уудаг тухайд мэдүүлгээс тусдаа нэг анкет бөглүүлсэн. Түүнд жилийн өмнө ерөнхийдөө сар бүр шинэ төгсөлт гээд ангийнхантайгаа архи уугаад орж ирдэг байсан, тэрийг бодож байгаад хариулсан байна лээ. Сүүлийн 1 жил огтхон ч архи уугаагүй, бараг амсаагүй. Бусдаар надад худлаа ярьсан болон гажуудуулсан, хачирласан тийм зүйл огт байхгүй. Үүссэн гэмтлийн уншихаар энэ хүнд аймаар хүнд гэмтэл учруулсан юм шиг санагдаад байгаа байх, яг тухайн үед Ж.Д айхтар хүч огт гаргаагүй. Сандал аваад над руу саваад, толгой руу цохиход хүртэл хуруугаараа чичиж байгаа юм, тэгэхэд надад хөнгөн зэргийн гэмтэл учрахуйцаар гэмтэж байна. Эрэгтэй хүний хүч гэдэг тийм аймаар байдаг. Зүгээр хуруугаараа няслахад тэгэж гэмтэж байна. Тэрийг өөрөөсөө огтхон ч хүч гаргаагүй, хүч гаргъя гэж хичээгээгүй хэрнээ ийм гэмтэл үүссэн байна гэдгийг энэ хүн ойлгохгүй байх шиг байна. Энэ хүн хүч гаргаад ганц цохиход би амь насаа алдаж болох юм. Бид хоёр ихэр хүүхэдтэй, одоо 3 ой хараахан хүрээгүй байгаа. Хүүхэд өсгөх явцад маш их стресстэй, надад тусламж хэрэгтэй байсан. Хүчирхийллийг намайг үйлддэг гэж байна. Хоёр охин төрөөд 6 сартайгаас ажлаа эхлүүлээд, компанийг 8, 9 сартайгаас нь шилжүүлж авсан. Ажлын төлөө махарч зүтгэдэг нь үнэн. Эгчээсээ компаниа авсан, эгчдээ өр төлж байна гээд жил шахам явсан. Тэр хугацаанд эгчдээ өчнөөн сая төгрөгийн өр төлсөн, ээж нь хагалгаанд орсон, компаниа сайжруулна гээд энэ хүн зүтгээд л байгаа юм. Тэгээд би зүтгэж байгаа хүнд дэм болчих юмсан гээд хичээдэг. Хичээхэд миний хичээл зүтгэлийг үгүйсгэнэ. Би ингээд хичээж байгаа шүү, гэхдээ надад ийм тусламж хэрэгтэй байна, би ядарч байна, өвдөж байна, өөртөө цаг гаргая дуртай ажлаа хийхэд маань зориулаад өдөрт 2-4 цаг гаргаж туслаач ээ, би тэрийгээ хийх юм бол нэгдүгээрт би өөрийн гэсэн орлоготой, хоёрдугаарт өдөрт 2-4 цаг хүүхдээс хөндийрөх нь надад хэрэгтэй байна гэдэг шаардлага тавьсан. Хоёрдугаарт компаниа өөр дээрээ авсан юм чинь компанийн менежментээр ийм юм хийгээч ээ энэ чинь болж байна, болохгүй байна ингээч, тэгээч ээ гээд ярилцах гэхээр огт хүлээж авахгүй намайг маш муухай үгээр харааж доромжилдог. Бид хоёр насны зөрүүтэй, насны зөрүү дээр маань намайг доромжилдог, янхан, хөгшин гичий, чи хөгшин өвгөчүүлээр тэтгүүлээд сурсан болохоор надаас мөнгө нэхэж байна гэж намайг доромжилохоор нь би тэсэхгүй энэ хүнийг цохиод авдаг байсан. Яаж цохисон байсан би энэ хүнийг урж гэмтээж байгаагүй. Миний амсаж байгаа доромжлолыг ингэвэл хүнд муухай мэдрэмж төрдөг юм байна гэдгийг ойлгоосой гэж бодож би толгойнд нь хүрч байсан. Тэр нь тоотой, 3 удаа болсон, хамгийн сүүлийнх нь өнгөрсөн 4 сард толгой руу нь хэд хэдэн удаа цохичихоод ингэж болохгүй юм байна, энэ одоо зуршил боллоо гээд би энэ хүнтэй ажлынх нь талаар ч ярилцахаа болиод, гэр орондоо үр хүүхдүүддээ гаргах ёстой наад захын анхан шатны санхүүгийн хариуцлагаа хүлээ, өөр бусад зүйл нэхэхгүй, хүсэхгүй, үүнээс хойш би ийм юм шаардахгүй гээд жил орчим явсан. Өөрийг нь хайхрахгүй болоод ирэхээр намайг хуучин шигээ байсангүй, би өөрлөгдөх гээд хичээж байхад чи намайг тоохгүй байна, үл хэрэгсэж байна, дугарч ядлаа, яндагналаа гээд тэр өдөр халуун сав хурдан угаагаад өг гэхэд нь би хурдан угааж өгөөгүйгээс болж надад уурласан. Намайг хүчирхийлэл үйлддэг гэж байна, өөрийг нь дандаа дарамталдаг сэтгэл зүйн дарамтанд байлгадаг гэж байна, зайл гэдэг үгийг би зүгээр байж байгаад хэлэхгүй, маш муухайгаар эцэг эх, өөрийгөө доромжлуулаад тэгвэл чи яагаад ийм хүмүүсийн хажууд ийм хүнтэй амьдраад байгаа юм, чи явж болно ш дээ зайлаач гэж хэлдэг. Энэ хүний төрөлх хүмүүжил нь тэр байх, ярилцаж сураагүй, ярилцаж чадахгүй. Бид хоёр ярилцдаг байхын тулд би маш олон оролдлого хийсэн. Тэр маань амжилт олоогүй, гэхдээ би хоёр охиныгоо 3 нас хүртэл нь тэсье, тэвчье бүх юмыг чимээгүй өнгөрөөе гээд дотроо шийдвэл шийдэж чадах байсан. Тэгэхгүйгээр энэ хүнийг шахаад ярилцдаггүй хүнийг ярилцуулах гээд хүсэхгүй байгаа хариуцлагыг нь хүлээлгэх гээд байсан нь миний алдаа болсон байх. Би энэ хүний толгой руу 3 удаагийн тохиолдлоор хэд хэдэн удаа цохиж байснаа хүлээнэ. Тэндээ маш их харамсаж байгаагаа хэлсэн, тэгэх ёсгүй байсан. Энэ явдлаас хойш бид хоёр 2 удаа муудалцаад Ж.Д 2 удаа гэрээсээ явсан, сүүлд явахдаа 10 гаруй хоног явсан. Хүүхдүүд төрсөнөөс хойш 2 жил гаруй хугацаанд муудалцах болгонд Ж.Д зайл гэж хэллээ гээд гэрээсээ явдаг. Хамгийн багадаа 4-5 хононо. Энэ хугацаанд хүүхдүүдтэйгээ уулзахгүй гэдэг. Энэ нь миний хувьд хүчирхийлэл шиг санагддаг. Бас энэ явдлын дараа сошиал медиа дээр намайг бичсэн постоо устга гээд, өөрт нь зориулж бичээгүй, өөрийнх нь нэр дурдаагүй Казакстанд болсон хэргийн тухай явдал, энэ явдлын дараа ээжид нь очоод хэлэхэд ээж нь зүгээр байгаа хүнийг хүн зодохгүй шүү дээ гэж хэлсэнийг бодоод надад тэр нь маш муухай хүнд санагдаад, тэр санаанд ороод хэний ч нэрийг дурдаагүй пост бичсэн чинь тэрийгээ устга гээд тэрний доор маш муухайгаар бичсэн. Намайг ингэж янз бүрийн хэлбэрээр хүчирхийлээд байгаагаа энэ хүн огт ойлгохгүй байгаа. Гэхдээ энэ хүний муу талыг нь өнөөдөр ярьж байгаа болохоос биш асар олон сайн талтай. Тэрийг нь бодоод дундаасаа үр хүүхэдтэй, 5 жилийнхээ амьдралыг хамт өнгөрөөсөн гэдэг утгаар би уучлалт гуйх зүйл дээрээ уучлаад өөрчлөгдөж болох зүйл дээрээ өөрчлөгдөөд, чи ч гэсэн хичээгээд хамтдаа амьдръя гээд энэ хүний хэлсэнээр сэтгэл зүйчтэй уулзаад зөвлөгөө аваад явж байгаа” гэв.

 

Улсын яллагч Ц.Л: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Ж.Д нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, ямар эрүүгийн хариуцлага хүлээх гэж байгаагаа ойлгож ухамсарласан, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр сууриа тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хавтаст хэргээс:

- Хохирогч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...би гэр бүлийн уур амьсгалаа халуун дулаан байлгах гэж хичээж байна гэж над руу уурлахаар нь би одоо чи хичээгээд яах юм хичээх ёстой үедээ хичээгээгүй байж гээд маргалдсан чинь ширээний хажууд байсан түшлэгтэй сандлын түшлэгээс нь барьж байгаад миний зүүн талын ташаа хэсэг рүү сандлаараа цохихоор нь ханатай хавсрагдаад цохигдсон. Тэгэхээр нь уурлаад зайлаач чи гээд орилоход миний толгой руу хүчтэй цохиход би толгойгоороо хана мөргөсөн. Тэр үед би бас Ж.Дын толгой, нүүр рүү хэд хэд алгадаж цохисон Бидний хэн хэн нь биеэ барих аргагүй уурлаж байгаа, дээр нь Ж.Д хүч хэрэглэж байгааг би анзаарч яаралтай цагдаа дуудахгүй бол энэ нөхцөл байдал дордоно гэж бодоод 102 руу залгаж цагдаа дуудсан. Энэ үед Ж.Д чи ингэж байгаа бол би нэг мөсөн явлаа гэж хэлээд хувцсаа өмсөөд гарсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,

 

- Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бид хоёр гэртээ амарч байсан. Тэр үед би гэртээ хоолоо хийгээд цай чанаад байсан. Тэгээд цайгаа халуун савандаа хийх гэтэл эхнэр би өөрөө хийнэ гэхээр нь орхисон. Цай хөрөх гээд байхаар нь өөрөө цайгаа аваад халуун саванд хийх гэтэл эхнэр би ямар чиний ажилтан юм уу гээд уурлаад бид хоёрын дунд гэр бүлийн маргаан эхэлсэн. Би сүүлийн 5,6 сар жижиг зүйл дээр хэрүүл маргаан хийхгүй байгаад байсан чинь эхнэр үгээр идээд байхаар нь ямар ядаргаатай юм гэж хэлээд хажууд байсан сандлаа түлхсэн чинь сандал унаад эхнэрийн зүүн хөл дээр унасан. Тэгээд ёооё гэж орилоод толгой руу цохиод авахаар нь би чамайг зөндөө тэсэж байгаа шүү, чи дандаа цохиж зоддог, эр хүний толгой, тархинд хүрч байдаг гэхэд эхнэр чамайг ямар эр хүн гэдэг юм гэхээр нь би уурандаа толгой руу нь 2-3 удаа алгадчихсан. Зүүн гараараа толгой руу нь алгадсан нь ханатай хавсарчихсан. ...би гэм буруугаа зөвшөөрч байгаа. Одоо эхнэр бид хоёрын харилцаа хэвийн байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/,  

 

- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай:

1.Т.Б-ийн биед 2 шүдний эмтрэл, баруун бугалга, цээж, баруун, зүүн гуя, баруун тахиманд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Ж.Д нь хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Б-ийн эрүүл мэндэд нь 2 шүдний эмтрэл, баруун бугалга, цээж, баруун, зүүн гуя, баруун тахиманд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

 

Шүүгдэгч Ж.Д нь хохирогч Т.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ...маргалдсан чинь ширээний хажууд байсан түшлэгтэй сандлын түшлэгээс нь барьж байгаад миний зүүн талын ташаа хэсэг рүү сандлаараа цохихоор нь ханатай хавсрагдаад цохигдсон. Тэгэхээр нь уурлаад зайлаач чи гээд орилоход миний толгой руу хүчтэй цохиход би толгойгоороо хана мөргөсөн. Тэр үед би бас Ж.Д-ын толгой, нүүр рүү хэд хэд алгадаж цохисон...” гэсэн мэдүүлэг

- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Ж.Д-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодид буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

 

 Хохирогч Т.Бийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Ж.Д-ын хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой,

шүүгдэгч Ж.Д нь хохирогч Т.Б-ийг цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Ж.Д, хохирогч Т.Б нар нь гэр бүлийн харилцаатай хүмүүс болох нь тогтоогдож байх боловч шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий хүний эрхэд халдсан үйлдэл нь байнгын шинжгүй байх тул прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ж.Д-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн биеэ хянах, барих чадваргүй, түргэн зан байдал нь шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Шүүгдэгч Ж.Д-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Б-ийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Т.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ж.Д нь энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн,

Хохирогч Т.Б “тусгайлан гаргах саналгүй” гэсэн,

Шүүгдэгч Ж.Д нь “тусгайлан гаргах саналгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Ж.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ж.Дыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч Ж.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Д-ын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОРХОНТАМИР