Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2024/00199

 

Ш.Ш-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/00838 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2024/00886 дугаар магадлалтай,

Ш.Ш-ийн нэхэмжлэлтэй,

“МД” ХК-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт зээлийн үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ш, түүний өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Ш.Ш нь “МД” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт зээлийн үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/00838 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар хариуцагч “МД” ХК-аас 40,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ш-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 357,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ш-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2024/00886 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/00838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МД” ХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... “МД” ХК нь Сзх-с батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд нийцүүлэн ипотекийн зээлдэгчийн амь насанд гэнэтийн ослоос үүдэн учрах эрсдэлийг даатгаж ажилласан. Өөрөөр хэлбэл ипотекийн даатгалын үйл ажиллагаа явуулах журмын дагуу ямар ч тохиолдолд “МД” ХК нь гэнэтийн ослын эрсдэлээс өөр төрлийн (өвчний улмаас нас барах) үндсэн эрсдэлийг даатгах боломжгүй, мөн “МД” ХК нь өөрийн явуулах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагааг явуулаагүйн төлөө даатгуулагчийн нөхөн төлбөрийг хариуцах үндэслэлгүй бөгөөд даатгуулагчийн өвчний улмаас нас барах эрсдэлийг даатгуулагчид санал болгож (сонголт олгох боломж бий болгох) даатгах боломжгүй байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсгийн 5-д “МД” ХК нь гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлагаа даатгуулагчид ойлгуулж танилцуулах, загвар бүхий мэдүүлгийн маягт хуудас баримтыг баталгаажуулан үйлдэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн” гэжээ. Даатгалын тухай хуулийн дагуу даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий этгээд СЗХ даатгагчийг хууль болон дүрэмд заасныг зөрчсөн гэх дүгнэлт гаргаагүй төдийгүй даатгагчийн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

Мөн магадлалын хянавал хэсгийн 5.2-т “Нөгөөтэйгүүр даатгалын гэрээний төрөл амь нас, эрүүл мэндийн даатгал гэж тодорхойлогдсон, талийгаач Б.А нь зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан учир түүний гэнэт нас барсантай холбоотой эрсдэлийг хариуцагч хүлээх учиртай. Иймд хариуцагчийн даатгалын гэрээний 7.3.1-д аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан гэдгийг үндэслэл болгож нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд даатгуулагчийг өвчний улмаас нас барсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд заагдаагүй эрсдэлд даатгагчийг хариуцлага хүлээх ёстой гэх байдлаар тайлбарлаж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-ын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.07.02-ны өдрийн 001/ШХТ2024/00885 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэл тогтоогдов.

7.Нэхэмжлэгч Ш.Ш нь хариуцагч “МД” ХК-аас даатгалын нөхөн төлбөр 40,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэхдээ “Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ”-ний 7.3.1-д заасан “Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан” даатгалын тохиолдол бий болж зээлдэгч Б.А зүрхний шигдээс өвчний улмаас гэнэт нас барсан, гэрээний 6.2.2-т зааснаар “даатгалын нөхөн төлбөрийг ... зээлдэгчийн зээлийн төлбөр хариуцах хувиар олгоно” гэж заасныг үндэслэлээ болгосноос гадна хариуцагч нь гэрээг тайлбарлаж өгөөгүй, даатгалын эрсдэлийг сонгох боломж олгоогүй, зээлээ авахын тулд л даатгалын гэрээг хийсэн, гэрээний нөхцөлийг ойлгох боломж байгаагүй” гэжээ.

Хариуцагч “МД” ХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...2022.05.28-ны өдөр даатгуулагч Б.А-ын нас барсан онош нь зүрхний шигдээс өвчин байсан, *** эмнэлгийн Зүрхний төвийн эмнэлгээс гарах үеийн дүгнэлтэд даатгуулагч нь 2022.05.03-2022.05.09-ний хооронд зүрхний эмчилгээ хийлгэж байсан, түргэн тусламжийн дуудлагын хуудсанд гэнэт ухаан алдсан гэсэн баримтаас үзэхэд даатгуулагчийн зүрхний өвчин гэнэт сэдэрч нас барах шалтгаан болсон, харин даатгалын гэрээний амь насны даатгал хэсэгт даатгуулагч нь үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослын улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана гэж тодорхой заасан, даатгуулагчийг нас барахад хүргэсэн шалтгаан, нөхцөл нь эдгээр эрсдэлд хамаараагүй, даатгалын гэрээний 7.3, 7.3.1-д “Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан” бол нөхөн төлбөр олгохгүй гэж заасан, даатгалын тохиолдол бий болоогүй...” гэж маргажээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д “Даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох”, 9.1.6-д “Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах” даатгагчийн үүргийг тогтоосон, “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын 4.5-д “Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загварын дагуу мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна” гэж заасан байхад “МД” ХК нь гэрээний нөхцөл шаардлагаа даатгуулагчид ойлгуулж танилцуулах, загвар бүхий мэдүүлгийн маягт хуудас баримтыг баталгаажуулан үйлдэх үүргээ биелүүлээгүй, амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлийн сонголт хийх зээлдэгчийн хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлээгүй, даатгуулагчийн гарын үсэг бүхий мэдүүлгийн маягт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг бөгөөд даатгуулагч, даатгалын зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг агуулдаг, даатгуулагч агуулагдсан мэдээлэл нь үнэн зөв гэдгийг зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулдаг энэ журмыг хариуцагч зөрчсөн буруутай тул нөхөн төлбөр төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх “...даатгагч “МД” ХК нь даатгуулагч Б.А, Ш.Ш нарт даатгалын гэрээний нөхцөлийг танилцуулж, мэдүүлгийн маягтын загварын дагуу мэдээллийг өгч нэхэмжлэгчээр баталгаажуулаагүй, даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ тул даатгуулагчид гэрээг тайлбарлах, даатгалын эрсдэлийн талаарх үндсэн болон нэмэлт нөхцөлийн ялгааг ойлгомжтой байдлаар тусгах нь даатгагчийн үүрэг байсан, СЗХ даатгалын тохиолдолд хамаарахгүй гэх хариу өгсөн нь хариуцагчийг даатгалын нөхөн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй, ... анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн...” гэж дүгнээд шийдвэрийг хэвээр үлдээжээ.

9.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан агуулгын хүрээнд гомдлыг хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

10.Б.А, Ш.Ш нар 2018.01.04-ний өдөр Г банктай орон сууцны зээлийн болон ипотекийн гэрээг 23 жилийн хугацаагаар байгуулж, 2020.05.15-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээл эргэн төлөлтийн хуваарь гаргасан, мөн 2020.05.15-ны өдрөө Б.А, Ш.Ш нар “МД” ХК-тай ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан, даатгуулагч Б.А 2022.05.28-ны өдөр эмнэлгийн тусламж авч чадалгүй Б аймгийн *** сумын *** багт зүрхний цочмог шигдээс, тодорхойгүй I21.9 өвчнөөр нас барсан үйл баримтыг талууд маргаагүй, харин даатгалын тохиолдол бий болсон эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болжээ.

11.Талуудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 430 дугаар зүйлийн 430.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Талууд гэрээний 1.1-д амь насны даатгалын, 1.2-т эд хөрөнгийн даатгалын гэрээг хамтад нь байгуулсан, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг зээлийн төлбөрийн Б.А 50 хувь, Ш.Ш 50 хувиар тооцохоор заасан байх ба гэрээний 1.3-т заасан амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамж 82,021 төгрөг, барьцаа хөрөнгийн хураамж 149,592 төгрөгийг даатгуулагч нар төлсөн, гэрээний дагуу талуудад үүрэг үүсжээ.

Б.А, Ш.Ш нар 2006.12.05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, даатгуулагч Б.А нас барснаар нэхэмжлэгч Ш.Ш хууль ёсны өвлөгчийн хувьд шаардах эрхтэй талаар шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсгийн дагуу дүгнэсэн байна.

12.СЗХ даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан “МД” ХК-ийн шийдвэрийг хянаад СЗХ-ны 2018 оны 210 дугаар тогтоолоор батлагдсан “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.1-д заасан үндсэн эрсдэлийн дагуу даатгагчтай харилцан тохиролцож гэрээг байгуулсан байх ба даатгуулагчийн нас барсан шалтгаан нь даатгалын гэрээнд заасан гэнэтийн ослын эрсдэлд хамаарахгүй байх тул даатгалын байгууллагын татгалзлыг үндэслэлтэй гэж 2022.08.09-ний өдрийн 9/3072 тоот албан бичгээр мэдэгджээ.

13.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтыг харьцуулан дүгнэж чадаагүйгээс Даатгалын тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэхдээ даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг тодорхой, хоёрдмол утга санаагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгасан байгаа үйл баримтыг анхаараагүй байна.

13.1.Ипотекийн даатгал нь сайн дурын даатгалын тусгайлсан бүтээгдэхүүн бөгөөд ипотекийн барьцаа хөрөнгийн болон ипотекийн зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээж зээлийг хүлээж авсан этгээдийн амь нас, эрүүл мэндийн даатгал гэсэн 2 тусдаа даатгалын бүтээгдэхүүнээс бүрдэхийг СЗХ-ны 2018.06.06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд заажээ.

Үүнээс амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ нь маргааны үндэслэл болсон ба уг журмын 2.2, 2.1.1-д ердийн даатгагчийн хувьд 1.үйлдвэрлэлийн осол, 2.ахуйн осол, 3.зам тээврийн осол, 4.байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, 5.гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол буюу эдгээр эрсдэлүүдийн улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 хувь түүнээс дээш хувиар алдсан тохиолдол нь даатгалын зүйл болохыг заасан байна.

Мөн даатгалын гэрээний 7.3, 7.3.1-д аливаа ердийн өвчин болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол нь даатгалын зүйл болохгүй, улмаар даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэж заажээ.

Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.5-д даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулна гэж заасан ба 3 дугаар хавсралтад зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийг даатгах тохиолдолд даатгуулагчийн мэдээлэл, зээлийн мэдээлэл, даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах эсвэл аливаа шалтгааны улмаас нас барах эрсдэлээс сонгох, даатгалын компаниа сонгох, даатгалын гэрээний хугацаа, даатгалын хураамж төлөхийг сонгох /нэг удаа төлөх, улирлаар, жилээр/ талаар даатгуулагч мэдүүлэг гаргахаар байна. Өөрөөр хэлбэл даатгуулагч өөрөө ийнхүү мэдүүлэг гаргаснаар гэрээний нөхцөл, гэрээний зорилгыг ойлгох бүрэн боломж бүрдэх учир хоёр шатны шүүх энэ талаар дүгнэж буй нь зөв боловч даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, олгохгүй нөхцөлийг тодорхой тусгасан байгааг харьцуулан дүгнээгүй нь учир дутагдалтай болжээ.

Гэрээний 1.2-т даатгалын хамгаалалт гэх хэсэгт дараах эрсдэлийг буюу 1.үйлдвэрлэлийн осол, 2.ахуйн осол, 3.зам тээврийн осол, 4.байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, 5.гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол хамаарна гэдгийг тодорхой заасан, үүнд өвчин, эрүүл мэндийн эрсдэлийн талаар дурдаагүй байна.

Журмын 5.4.2-т “Даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлнэ” гэж заасан боловч журам зөрчсөн тохиолдол бүр хамаарна гэж тайлбарлах боломжгүй юм. Тодруулбал, журам зөрчсөн нь даатгуулагчид илт хохиролтой байдлыг бий болгосон, даатгагчийн санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл үүнд шууд нөлөөлсөн нөхцөл байдлыг ойлгоно.

13.2.Түүнчлэн хяналтын шатны шүүх хуулийн нэгдмэл байдлыг хангах үүргийн хүрээнд ижил маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг энэ тохиолдолд харьцуулан, дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв.

Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.04.05-ны өдрийн 550, 2019.01.15-ны өдрийн 56, 2019.03.12-ны өдрийн 330, 2020.10.27-ны өдрийн 724, 729, 2020.12.16-ны өдрийн 813, 2021.10.05-ны өдрийн 1158, 2023.02.14-ний өдрийн 29 дугаартай тогтоолоор ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын маргааныг шийдвэрлэсэн ба “гэнэтийн өвчин”, “гэнэтийн осол, өвчин”-г даатгалын зүйл, эрсдэл гэж гэрээгээр тохирсон байхаас гадна гэрээнд амь нас, эрүүл мэндийн даатгалын эрсдэлийг тохирохдоо ойлгомжгүй тусгасан, гэрээний нөхцөлийн утга санаа тодорхой бус, мөн мэдүүлгийн маягтыг даатгуулагчаар баталгаажуулаагүй учраас эрсдэл сонгох даатгуулагчийн эрхийг эдлүүлээгүй зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан байв.

Харин энэ маргаанд даатгалын гэрээнд эрсдэлийн төрөл, нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлийг зааж, тодорхой тусгасан нь өмнөх маргааны үйл баримтаас ялгаатай, өөр байна.

Даатгалын гэрээгээр тохирсон эрсдэлийн төрөл ойлгомжгүй, хоёрдмол утгатай байх үед гэрээ байгуулагч талууд гэрээний нөхцөлийн талаар харилцан ойлголцоогүй үйл баримт хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байгааг шүүх анхаараагүй байна.

СЗХ 2018 оны 210 дугаар тогтоолоор “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ыг баталж, даатгалын байгууллага энэ журмын дагуу гэрээг байгуулсан байх боловч даатгагч нь журамд зааснаас өөр эрсдэлийг даатгуулагчтай тохиролцох эрх нь нээлттэй юм.

СЗХ ипотекийн даатгалын үйл ажиллагаанд эрсдэлийн төрлийг тогтоохдоо “гэнэтийн өвчин, өвчин”-г хамааруулаагүй боловч энэ нь эрсдэлийн зүйл байж болно.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл даатгалын гэрээнд эрсдэлийг тодорхой зааж, нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлийг тусгасан, үүнд “гэнэтийн өвчлөл, архаг өвчнийг эрсдэл”-д оруулаагүй байх тул даатгуулагчийг хохироосон гэж үзэх боломжгүй байна.

14.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4-т зааснаар даатгалын зүйл, даатгалын эрсдэлийн төрөл, даатгалын үнэлгээний хэмжээ, даатгалын хугацаа, түүнийг сунгах нөхцөл, даатгалын хураамжийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа, даатгагч, даатгуулагчийн эрх, үүрэг, хариуцлага, гэрээг дүгнэх, цуцлах, түүнд өөрчлөлт оруулах нөхцөлийг гэрээнд тусгасан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Даатгуулагч Б.А 2022.05.28-ны өдөр зүрхний цочмог шигдээс өвчнөөр нас барсан болох нь тогтоогдсон, энэ нь даатгалын гэрээнд заасан эрсдэл биш учир нэхэмжлэгч Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар шаардах эрхгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2024/00886 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/00838 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “МД” ХК-аас 40,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ш.Ш-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “МД” ХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.06.04-ний өдөр төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАТЧИМЭГ

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                   ШҮҮГЧИД                                                    Н.БАТЗОРИГ

                                                                                            Н.БАЯРМАА

                                                                                            П.ЗОЛЗАЯА