Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

Улсын яллагч С.Болорчулуун,

Хохирогч Х.Батцэцэг,

Шүүгдэгч Г.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасанаар Галааравын Ганчимэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201726030429 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 13 дугаар гудамжны 221 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:УК93103042 / Ерэн харуул овогт Галааравын Ганчимэг нь:

- 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 13 дугаар гудамжны 221 тоотод иргэн Х.Батцэцэгтэй “хаалга чанга хаалаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хохирогч Х.Батцэцэгийн нүүрэн тус газар маажиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Х.Батцэцэг хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: “... 2017 оны 04 дүгээр сарын 03-ны орой гэртээ найз Ариунаа, түүний нөхөр Мэндбаяр нарын хамт сууж байтал 21 цагийн үед үеэл дүү Баттулга согтуу орж ирээд “хөдөө орон нутгаар хамт явж ногоон цай заръя, би та хоёрын хоолыг булаачихсан юм шиг санагдаад байна” гээд олон юм яриад байхаар нь “чи согтуу байна, маргааш яръя. Одоо гар” гэж хэлсэн. Тэгтэл гаднаас Баттулгын эхнэр Ганчимэг орж ирээд Баттулгыг гаръя гээд дагуулж гарахдаа манай хаалгыг савж гараад чанга хаасан. Тэгэхээр нь “яагаад хаалга үүд саваад байгаа юм” гээд араас нь гартал Ганчимэг шууд миний өөдөөс хөлөөрөө өшиглөж, үснээс зулгааж аваад намайг барьж авсан. Ганчимэг над руу дайрч, үс толгойноос зулгаагаад намайг цохисон бөгөөд нэг мэдсэн чинь ухаан алдчихсан, цагдаа нар ирчихсэн Ганчимэг “Баагий эгчээ сэрээрэй” гээд энгэр задгайлчихсан сэвж байсан. Би тэр өдрөө эмнэлэгт  үзүүлчихээд маргааш нь цагдаагийн газар ирж өргөдөл бичиж өгсөн. Бид нарын хооронд мөнгөний маргаан байсан. Энэ маргаанаас болж тухайн өдөр маргалдаж хэрэлдсэн юм...” гэжээ. / хх  28-29/,

Гэрч Т.Анхтуяа хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: “...2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Т.Батхаан, О.Баттулга бид дөрөв нэг шил 0.75л архи, 2.5 л пиво хувааж уусан юм. Тэгээд орой 20 цагийн О.Баттулгын гэрт очсон бөгөөд О.Баттулга нь эгч Х.Батцэцэгийн гэрт орсон. Х.Баттулгын араас түүний эхнэр Г.Ганчимэг гарсан юм. Тэгтэл төд удалгүй Г.Ганчимэг нь “Х.Батцэцэг эгч намайг зодчихлоо” гэсээр гаднаас орж ирсэн. Гэтэл Т.Батхаан шууд гараад гүйчихсэн. Араас нь Ганчимэг, Баттулга хоёр гараад удалгүй хашаан дотор бөөн юм болоод хэрүүл шуугиан гараад байсан. Намайг гарахад хашаан дотор Г.Ганчимэгийн дээрээс Х.Батцэцэг дарчихсан байхаар нь “чи болиоч” гээд татаад зогсож байтал цагдаа нар ирээд салгасан. Х.Батцэцэгийн нүүр нь хавдчихсан, хацар нь зулгарсан байсан. Г.Ганчимэгийн биед ил харагдах шарх сорив харагдаагүй... гэжээ. / хх 32-33 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн №4683 дугаартай дүгнэлтэнд:

1. Батцэцэгийн биед уруулын зүүн талд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дотор салстад цус хуралт, шарх, зүүн нүд хөмсөгний гадна талд, хамрын нуруу, дух, баруун доод зовхи, 2 хөх, хүзүү, зүүн өвдөг, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэжээ. / хх 38 /,

Шүүгдэгч Г.Ганчимэгийг 2017.04.09-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 45 /,  2016.04.11-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 50 /,

Шүүгдэгч Г.Ганчимэгийн урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 53 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ганчимэг мэдүүлэхдээ: “...Хохирогч Х.Батцэцэгт эмчилгээний зардалд 450.000 төгрөг өгсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Батцэцэг мэдүүлэхдээ: “... Миний бие Г.Ганчимэгээс эмчилгээний зардалд 450.000 төгрөг авсан. Одоо гомдол санал байхгүй. Бид хоёр эвлэрсэн. Г.Ганчимэг надаас уучлалт гуйсан тул Г.Ганчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.Ганчимэг нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 13 дугаар гудамжны 221 тоотод иргэн Х.Батцэцэгийн “хаалга чанга хаалаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хохирогч Х.Батцэцэгийн нүүрэн тус газар маажиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Батцэцэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4683 тоот дүгнэлт, шүүгдэгч Г.Ганчимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан  болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ганчимэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Батцэцэгт хөнгөн гэмтэл учирсан /хх-ийн 38/ хохирогч Х.Батцэцэгт учруулсан 400.000 төгрөгний хохиролыг нөхөн төлсөн тул энэ шүүх хуралдаанд хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг  анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэж заажээ.

Шүүгдэгч Г.Ганчимэгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хохирогч Х.Батцэцэг шүүх хуралдаанд "...Г.Ганчимэгээс нэхэмжлэх зүйлгүй, одоо гомдол саналгүй, түүнийг уучилсан..." гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Ганчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Ерэн харуул овогт Галааравын Ганчимэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.  Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй Г.Ганчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Г.Ганчимэгт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгоусгай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Ганчимэгт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЛЗОД