Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/221

 

2024     05          16                                        2024/ШЦТ/221

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,  

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “104” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Ганзоригийн Г.Нд холбогдох эрүүгийн 2425000030*** дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Н

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Н нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Баян худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулах С Э С В Э” ХК-ийн CU-*** хүнсний дэлгүүрт туслах менежерээр ажиллаж байх хугацаандаа тус дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан бэлэн мөнгөний орлогоос 18,397,410 төгрөгийг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Нийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд:

улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхийг санал болгоход зөвшөөрсөн” гэж,  

шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын агуулгыг ойлгож хүлээн зөвшөөрсөн, ахин ийм буруу зүйл хийхгүй, өөр саналгүй” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.

Хохирогч “эд зүйлээ хүлээн авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Н нь Баян худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулах С Э С В Э” ХК-ийн CU-*** хүнсний дэлгүүрт туслах менежерээр ажиллаж байх хугацаандаа тус дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан бэлэн мөнгөний орлогоос 18,397,410 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл чөлөөтэй байсан. Энэ хугацанад манай салбарын туслах менежер Г.Н салбар хариуцаж үлдсэн. Намайг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа орсны дараа 11 дүгээр сарын 08-ны өдөр санхүүгийн албаны нягтлан надтай холбогдож 10 дугаар сарын бэлэн мөнгөний орлого дутуу байна гэж хэлсэн. Үүний дагуу шалгахад Г.Н байгууллагын бэлэн мөнгөний орлогоос 18,397,410 төгрөгийг дутуу тушаасан байсан. Ингээд манай байгууллагын зүгээс мөнгөө авъя гэсэн шаардлага тавьж, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орлогын мөнгийг бүрэн гаргуулж авсан. Одоо байгууллагын зүгээс Г.Нтэй холбоотой гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хадам аавынхаа зээлийн батлан даагчаар орсон чинь аав нь зээлээ төлөхгүй байснаас болоод намайг орлож ажиллаж байх үед нь өөрийнх нь дансанд байсан мөнгийг банк шууд татчихсан гэж хэлсэн. Энэ асуудлаас болж Г.Н ажилдаа огт ирээгүй…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Гэрч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Г.Н нь энэ оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөгийн онлайн зээл авсан байна. Г.Н нь манай банкинд данс эзэмшдэг гэхдээ хамтран зээл авсан, батлан даагчаар ороод зээлээ хаасан зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…А менежер чөлөөтэй байсан учир туслах менежер Г.Н өөр дээрээ орлогын мөнгийн хуримтлуулж байсан. Орлогын мөнгийг тушаасан эсэхийг би мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

Гэрч Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…А менежер хэд хоног чөлөөтэй байсан ба Г.Н орлож ажиллаж байсан. Орлож ажиллаж байх үедээ хааяа нэг орлогын мөнгө тушаалаа гээд өдрийн цагаар гарч явдаг байсан. Ер нь бол менежер орлогын мөнгийг хариуцаж байгууллагын дансанд тушаадаг юм...бэлнээр орж ирсэн тооцоог нэгтгэж байгаад аль нэг менежер байгууллагын дансанд тушаадаг...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,

Гэрч Т.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2023 оны 10 дугаар сарын дундуур А мененжер 2 долоо хоногийн чөлөө авч явсан. Энэ үед Г.Н туслах менежер салбараа хариуцаж ажилласан. Тухайн үед орлогын мөнгийг Г.Н эгч байгууллагын дансанд тушаадаг байсан. Тушааж байгаа мөнгө нь хүмүүсийн худалдан авалт хийсэн бэлэн мөнгө байгаа юм. Харин Qpay болон карт уншуулах юм бол шууд байгууллагын данс руу орлого ордог. А менежерийг байхгүй үед Г.Н туслах менежер хааяа нэг бэлэн мөнгө авч тушаалаа гээд явдаг байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/,

Гэрч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Г.Н туслах менежерийг 2023 оны 10 дугаар сарын дундуур А менежерын оронд ажиллаж байх үедээ салбарын бэлэн мөнгөний орлогыг байгууллагын дансанд тушаахгүй, хувьдаа авчихсан гэж сонссон. Г.Н менежер урьд өмнө нь мөнгөтэй холбоотой асуудал гаргаж байгаагүй…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар тал/,

Гэрч М.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2023 оны 03 дугаар сард санагдаж байна Г.Н надаас зээлэх мөнгө байна уу, надад мөнгө хэрэгтэй байна, ганцаараа ажил хийж байгаа болохоор мөнгө хүрэлцэхгүй байна гэж гуйхаар нь би зөвшөөрч дараа боломжтой болохоороо өгөөрэй гээд 1,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Г.Н надаас мөнгө зээлээд өгөхгүй удаад байхаар нь 89092954 дугаарын утас руу удаа дараа залгаж мөнгөө авъя гэхэд боломжтой болохоороо удахгүй өгье гэж  хариулдаг байсан. Ингэж явсаар 2023 оны 10 дугаар сарын дундуур надад бэлнээр зээлүүлсэн байсан 1,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо Г.Н надад өргүй…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/,

Г.Н-ийн сэжигтнээр өгсөн “…2023 оны 01 дүгээр сараас эхлэн ойр дотны найз нөхөд болон танилын хүрээний хүмүүсээс их багаар мөнгө зээлсээр байгаад сүүлдээ надад мөнгө зээлүүлсэн хүмүүс мөнгөө нэхэх болсон. Ингээд надад мөнгөний хэрэгцээ маш их гарсан. Салбарын кассын орлогын мөнгөнөөс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1,892,110, 10 дугаар сарын 05-ны өдөр 2,363,584, 10 дугаар сарын 09-ний өдөр 3,621,779, 10 дугаар сарын 16-ны өдөр 3,397,195, 10 дугаар сарын 19-ний өдөр 2,090,635, 10 дугаар сарын 23-ны өдөр 3,058,815, 10 дугаар сарын 26-ны өдөр 1,973,292 төгрөгийг бэлнээр авч яваад байгууллагын дансанд тушаагаагүй. Ингээд би байгууллагаас нийт 18,397,410 төгрөгийг хувьдаа хэрэглэчихсэн. Үүнээс болоод би ажлаасаа гарсан. 2023 оны 12 дугаар сард байгууллагад учирсан хохирлоо бүрэн барагдуулж дуусгасан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,

Капитрон банкны 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2033 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 64 дүгээр тал/,

Богд банкны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05/3144 дугаартай албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 65-66 дугаар тал/,

Голомт банкны 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/1172 дугаартай албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 66-71 дүгээр  тал/,

Г.Нийн Голомт банкны 1209309580 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 72 дугаар тал/,

Хаан банкны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23/379 дугаартай албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 73-75 дугаар тал/,

Г.Нийн Хаан банкны 5217384575 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 75 дугаар тал/,

Төрийн банкны 2023 оны 12 дугаар сарын 14-ний 29/1303 дугаартай албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 76-81 дүгээр тал/,

Г.Нийн Төрийн банкны 17250000***** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 82-83 дугаар тал/,

С Э С В Э ХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 151242-15/24-91 дугаартай  тодорхойлолт, хавсралт /хавтаст хэргийн 85-96 дугаар тал/,

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хавтаст хэргийн 97-98 дугаар тал/,

2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 23/Г-3957 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хавтаст  хэргийн 99-109 дүгээр тал/,

2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 23/Г-3957 дугаартай нууц хадгалах тухай гэрээ /хавтаст хэргийн 110-111 дүгээр тал/,

Зөвшөөрлийн хуудас /хавтаст хэргийн 112 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

Нотлох баримтаар тогтоогдсон “Г.Н нь С Э С В Э” ХК-ийн CU-*** хүнсний дэлгүүрт туслах менежерээр ажиллаж байх хугацаандаа тус дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан бэлэн мөнгөний орлогоос 18,397,410 төгрөгийг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа авсан үйлдлийг хууль бусаар эзэмшил тогтоож хохирогчийн эд хөрөнгийг завшсан байна гэж тус тус үзнэ.

 

Шүүгдэгч Г.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар: 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А нь “...шүүх хуралдаанд оролцохгүй, миний хохирлыг бүрэн барагдуулсан, гомдолгүй гэж шүүхэд мэдэгдсэн ба шүүгдэгч Г.Н нь хохирчид учирсан  18,397,410 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад  төлөх төлбөргүй байна гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Нийг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.Нийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрснөөр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурьдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Н-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОРХОНТАМИР