| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0230/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/226 |
| Огноо | 2024-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/226
2024 05 20 2024/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨ
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
улсын яллагч Т.Т,
шүүгдэгч Б.Ш, Ш.Ж нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Ш, Ш.Ж нарт холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Нэг. Монгол Улсын иргэн, Б.Ш
Хоёр. Монгол Улсын иргэн, Ш.Ж
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ш нь Ш.Жтай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран баг **-** тоотод хохирогч Г.Бийг гэртээ ирэхгүй, айлд амьдарлаа гэсэн шалтгаанаар хувцсыг тайлан нүцгэлж, толгойн болон бэлэг эрхтнийх нь үсийг нь хусч, нарийн олс болон гар утасны цэнэглэгчээр ороолгон, чулуугаар толгойн тус газарт удаа дараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн бугалга, хүзүү, нуруу, баруун гуя, баруун, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт, нуруунд цус хуралт, зулгаралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан;
Шүүгдэгч Ш.Ж нь Б.Штай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран баг **-** тоотод хохирогч Г.Бийг гэртээ ирэхгүй, айлд амьдарлаа гэсэн шалтгаанаар хувцсыг тайлан нүцгэлж, толгойн болон бэлэг эрхтнийх нь үсийг нь хусч, нарийн олс болон гар утасны цэнэглэгчээр ороолгон, чулуугаар толгойн тус газарт удаа дараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн бугалга, хүзүү, нуруу, баруун гуя, баруун, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт, нуруунд цус хуралт, зулгаралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Ж, Б.Ш нарыг бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд:
улсын яллагч “шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан” гэж,
шүүгдэгч Ш.Ж, Б.Ш нар өөрсдийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын агуулгыг ойлгож хүлээн зөвшөөрсөн” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.
Хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэж хүсэлтээ илэрхийлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Ж, Б.Ш нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран баг **-** тоотод хохирогч Г.Бийг олс болон гар утасны цэнэглэгчээр ороолгон, чулуугаар толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь;
- Хохирогч Г.Бийн Орхон аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, /хэргийн 13 дахь тал/,
- Хохирогч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 03 дугаар сарын 20-ны өглөө 11 цаг өнгөрч байхад найз охин Хонгорзулын гэрийх нь үүдэнд ус аваад зогсож байсан чинь Ш.Ж, Б.Ш, өвөө Чулуунхүү нар ирээд миний цамны арын захан дээр барьж байгаад хүчээр машинд суулгаад гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн **-** тоотод авч ирсэн. Намайг аваад явж байхдаа машин дотор "Чи энд юу хийж яваа юм" гэж хэлээд ундааны саваар Б.Ш 3 удаа уруул руу цохисон. Тэгээд гэрт ирээд хашаан дотор оруулаад явган суулгаад машин тойруулаад галуун цуваагаар алхуулж байхдаа Ш.Ж, Б.Ш хоёр миний хөлрүү өшиглөөд байсан. Ингэж өшиглөөд намайг хоёр машин тойруулаад цаг гаран явуулсан. Үүний дараа миний бүх хувцсыг тайлуулаад нэг нэгээр нь хогийн саван дотор шатаалгасан. Тэгээд гадаа хашаанд нүцгэн зогсож байхад усаар толгой тархи угаалгаад гэрт оруулаад миний үсийг хусаад, бэлэг эрхтэний үсийг Ш.Ж хусчихсан. Тэгээд нимгэн хувцас өмсгөөд нарийн олс болон гар утасны цэнэглэгчээр Б.Ш, Ш.Ж нар ороолгож эхлээд 30-40 минут орчим олсоор, цэнэглэгчээр ороолгож зодож байгаад гэрээ цэвэрлэ гээд гэрээ цэвэрлэж дууссан чинь одоо усанд яв гээд Ш.Жы хамтаар усанд явган явсан. Худаг дээр очоод Ш.Ж газарт гарын алганы хэмжээтэй чулуу аваад толгой дээр 10 гаран удаа үзүүрээр нь тоншиж байхдаа "Чи яаж амьдраад байгаа юм бэ, хаана амьдраад байгаа юм", "Чи надшиг 200, 570 унаж үзсэн үү над шиг ийм үнэтэй утас барьж үзсэн үү, Чи одоо миний дансанд хэдэн төгрөг байгааг харах yy чиний амьдралдаа харж, сонсож байгаагүй мөнгө байна" гэж хэлээд гар утсаараа толгойруу цохиод байсан. Тэгээд усаа аваад гэртээ буцаад ирсэн чинь Б.Ш миний араас гэрт орж ирээд манай найзууд цагдаагийн газарт тэтгэвэртээ гарсан дэд хурандаа нар байдаг тэд нараар яриулаад эзэн нь олдохгүй байгаа хэргийг чам дээр тохуулаад чамайг 3-5 жил ял өгөөд суулгаж байгаад гаргаад ирж чадна ш дээ гээд ах нарынхаа үгэнд ороод одоо гэртээ байвал бай байж чадахгүй гэвэл одоо шууд гараад яв би ардаас чинь цагдаа найзруугаа дуудлага өгөөд баривчлуулна шүү гэсэн. 1-2 цагийн зайтай Б.Ш гэрээс орж гарах үедээ надад хэлсэн зүйлээ давтах маягтай зүйлийг байнга хэлээд байсан. Тэгээд Б.Шыг гэрээс гарах үед нь хувцсаа аваад хажуу айлруу ороод утсаар нь найз Бат-Эрдэнэ рүү залгаад намайг ирээд хажуу айлаас аваач гэж яриад удалгүй Бат-Эрдэнэ машинтайгаа ирээд аваад явсан. Би Б-ийн гэрт ирээд түүнд миний бие ямар болчихсон байгаагаа харуулсан..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 17-19-р тал/,
- Гэрч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 03 дугаар сарын 20-ны өглөө Б-ийн ээж нь залгаад аав нь гэртээ ирж хоноогүй хорооллын эцэст буудалд хоносон юм шиг байна очоод үзээдхээч гээд Г.Б-ийг дагуулаад аваад гарсан. Тэгээд тэр хоёр удаад байхаар нь залгасан чинь дэлгүүрийн ойролцоо явж байна усаа авчаад очлоо гэсэн. Үүнээс хойш Г.Б, Б хоёр удаад байхаар нь залгалгүй хүлээгээд байж байсан чинь Бат-Эрдэнэ ганцаараа орж ирээд Г.Бийг сая Ланд 200 тай хүн ирээд энд юу хийж байгаа юм, ална шүү гэж хэлээд хүчээр машиндаа суулгаад аваад явчихлаа гээд орж ирсэн. Тэгээд Г.Бтэй холбогдож чадахгүй эхлээд би эмээрүү нь залгасан чинь утсаа авахгүй байхаар нь найз Анхааг яриад үздээ гэхэд хүүхэд ирээгүй байна ямар машинтай аваад явсан юм гэж ярьсан байсан. Үүнээс хойш Бат-Эрдэнэ орой 18 цагийн үед Г.Бийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 65-5 тоотод очиж үзсэн чинь Г.Бийг аваад явсан Ланд 200 маркийн машин нь гэрийх нь хашаан дотор зогсож байсанг нь харчаад гэртээ харьсан байсан. Г.Б надруу 20 цаг өнгөрч байхад залгаад хаана байгаа юм. Бат-Эрдэнэ хаана байгаа юм гэхээр нь би гэртээ байгаа байх гэхэд Г.Б намайг хажуу айлаас гялс ирээд авчих гээд хэлчих гэхээр нь чи өөрөө залгаад хаана байгаагаа тодорхой хэлчих гэхэд Г.Б за гэж хэлээд тасалсан. Г.Б надруу залгаад хувцас хунараа аваад гэрээсээ гараад Бат-Эрдэнийн гэрт очоод байж байгаарай нөгөөдүүл чинь хүрээд ирж магадгүй шүү гэхээр нь би гэрээсээ гараад Бат-Эрдэнийн гэрт ирэхэд Г.Б машинаас бууж ирэх үедээ үс нь хусагдчихсан байхаар нь яагаад үсээ хусчихсан юм гэхэд үснээс илүү аймар зүйл болсон гээд Бат-Эрдэнийн гэрт ороод хувцсаа тайлаад харуулсан чинь бие нь тэр чигтээ эрээн алаг болчихсон байсан. Бат-Эрдэнэ, Г.Б хоёр цагдаагийн газарт очиж өргөдөл гаргахаар явсан... Ээжийх нь талын хоёр нагац ах нар нь зодсон гэж байсан... Би авч явсан ах нар чинь зодсон юм уу гэсэн чинь ээжийн ах нар нь зодчихсон л гээд байсан. Надад нэрийг нь хэлээгүй..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 22-23-р тал/,
- Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн өдөр надруу Хонгорзул яриад Билгээг хоёр ах нь машинтай ирээд аваад явчихлаа. Чи эмээрүү нь яриад үздээ гэхээр нь би эмээрүү нь ярьсан чинь та нар хүүхэд барьцаалж хулгайлж наанаа байлгаад байгаа юм уу гэхээр нь үгүй эмээ хоёр ах нь ирээд аваад явсан юм шиг байна гэж хэлсэн чинь утсаа салгачихсан. Тэгээд хэсэг хугацааны дараа залгаад хүүхэд гэртээ ирээгүй байна гэж уурлаж байснаа утсаа салгаад дахин эргэж залгаад хүүхэд ийм хувцастай явуулаад байхдаа яадаг юм. Заваан хулгайч нар гээд орилоод байсан. Тэгээд дахиж би залгаагүй. Үүнээс хойш орой 22 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад машинтай найзыгаа дуудаад Хонгорзулыг тосгонд байна гэхээр нь ирээд Хонгорзулыг аваад гэрийх нь гадаа машин байгаа эсэхийг шалгаж үзчихээд Г.Б цагдаагийн газарт ирсэн... Х болохоор надад хоёр ах нь зодсон гэж байсан... Өмнө нь болохоор Г.Бийн аав нь Хонгорзулын гэрт ирээд Г.Бийг бас хүчээр авч явж байсан. Үүнээс хойш хоёр хоногийн дараа Хонгорзул дээр ирэх үед хөмсөг нь сэтэрчихсэн ирж байсан... Надад болохоор агаад алгадуулаад аав цохиулаад гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 26-27-р тал/,
- Гэрч Б.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Өглөө ээж залгаад аав чинь хорооллын эцэст байгаа юм шиг байна үзээд ир гэхээр нь Г.Бийн хамтаар хорооллын эцэс яваад буцаад ирэх замаараа усаа аваад Хонгорзулын гадаа ирээд зогсож байсан чинь хар өнгийн Ланд 200 ирж зогсоод хоёр эрэгтэй хүн бууж ирээд нэг эрэгтэй нь Г.Бт хандаад сайн байна уу, та энд юугаа хийж байгаа юм гэснээ малгайтай цамцнаас нь бариад ална шүү пизда минь суу гээд машиндаа чирч суулгаад яваад өгсөн. Тэгээд би Хонгорзулруу ороод Билэгээг хар машинтай ах нь бололтой хүмүүс аваад явчихлаа гэж хэлсэн. Тухайн үедээ бол би ямар нэгэн зүйл бодоогүй. Тэгээл орой 20 цаг өнгөрөөд 21 цаг болж байхад Г.Б залгаад намайг хажуу айлаас ирээд аваач гэхээр нь очсон чинь хажуу талын айлынхаа хашааг даваад машинд суугаад Г.Б хоёулаа эндээс явъя ах нар гараад ирж магадгүй гээд манай гэрт ирэхэд Хонгорзул ирчихсэн байсан. Гэрт ороод Г.Бийн хувцсыг тайлаад харсан чинь бүхэлдээ эрээн алаг болчихсон байсан. Тэгээд өмнө нь чамайг зодож байсан юмуу гэсэн чинь тийм зодож байсан гэж байсан. Тэгээд бид нар цагдаагийн газарт ирсэн... Нагац ах нар нь зодсон талаар машинд явж байхдаа. Яаж зодуулсан юм гэсэн чинь нарийн олсоор, гар утас цэнэглэгчээр, чулуугаар зодсон гэж байсан…” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 30-31-р тал/,
- Яллагдагч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн ээж Н-ыг аваад Орхон аймагт гэрт нь хүргэж өгөхөөр нь ирчихсэн байсан. Тэгсэн хүргэн дүү Г дүү Б хоёр залгаад Г.Б-ийг олоод өгөөч гэртээ хариагүй 2 сар болж байна би таньд найз охиных нь гэрийн хаягийг фэйсбүүкээр залгаад заагаад өгье гэхээр нь залгаад заалгуулаад гэрийх нь гадаа ирээд зогсож байхад Г.Б цагаан өнгийн Приус 30 машинаас буугаад ирээд намайг хараад зугтах гэж оролдохоор нь чи энд юу хийж байгаа юм гээд барьж аваад машинд суулгах гэтэл суухгүй хойшоо чангаагаад байхаар нь Ш.Ж бууж ирээд бид хоёр сугадаад машинд суулгасан тэгээд өөрийх нь гэр болох Наран багийн **-** тоотод гэрийх нь гадаа ирээд хашааруу оруулж ирсэн чинь хувцаснаас нь шээс баас үнэртээд гар нь сайртчихсан байхаар нь дүүгээ хараад өрөвдөөд, гомдоод ингэж арчайгүй явж байгаад нь уур хүрээд чи цэргийн алба хаагаад ирсэн чинь гээд зодоод яахав гэж бодоод хашаанд машиныг тойруулаад галуун цуваагаар алхуулж байгаад гуяруу нь би болон Ш.Ж бид хоёр 1,2 удаа өшиглөсөн тэгээд бүх хувцсыг нь тайлаад шатаагаад ус халаагаад усанд оруулсан. Усанд оруулсан шалтгаан болохоор бие нь бүхэлдээ хэртчихсэн, сайртчихсан өөрөө хэлэхдээ шинэ жилээс хойш усанд ороогүй гэж хэлэхээр нь биеийг нь угааж өгсөн. Тэгээд гэрт оруулаад үс толгойг нь үзсэн чинь бөөстчихсөн байхаар нь толгой нь бөөстчихсөн юм чинь умдагных нь үс бас бөөстчихсөн байгаа гээд Ш.Ж үснүүдийг нь хусчихсан юм. Ер нь бол Ш.Ж бид хоёрын Г.Бт гар хүрээд байгаа шалтгаан болохоор жаахнаас нь хайрдаж өсгөсөн арай ч ингэж явах ёсгүй хүүхэд учраас бодохоор гомдоод гар хүрсэн. Миний хийсэн үйлдэл арай жаахан хэтрүүлчихсэн байна. Өөр
надад яриад байх зүйл байхгүй... Би 3, 4 удаа олсоор ороолгосон. Г.Б хэдэрлээд байхаар нь Ш.Ж нэг юмаар ороолгосон. Яг юугаар ороолгосонг мэдэхгүй байна. Тэгээд л гэрээ цэвэрлээд ахиж гадуур дотуур явахгүй ах нарынхаа үгэнд орно, ажил төрөл хийнэ гээд яриад аятайхан байж байсан. Тэгээл гэрт нь үлдээгээд хоол идэх гээд ээжийн гэр рүү ороод гараад ирсэн чинь зугтчихсан байсан. Тэгээд ойр хавьд хайгаад олоогүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 50-51-р тал/,
- Яллагдагч Ш.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос эмээ Норолхоожавыг аваад Орхон аймагт гэрт нь хүргэж өгөхөөр Б.Ш, Шагдар ах бид гурав ирчихсэн байсан. Гансүх, Болор эгч надруу залгаад Г.Бийг олоод өгөөч гэртээ хариагүй 2 сар болж байна би чамд найз охиных нь гэрийн хаягийг фэйсбүүкээр залгаад заагаад өгье гэхээр нь залгаад заалгуулаад Б.Ш ах, өвөөгийн хамтаар гэрийх нь гадаа ирээд зогсож байхад Г.Б цагаан өнгийн Приус 30 машинаас бууж ирээд Б.Ш ахыг хараад зугтах гэж оролдохоор нь Б.Ш ах чи энд юу хийж байгаа юм гээд барьж аваад машинд суулгах гэтэл суухгүй хойшоо чангаагаад байхаар нь би бууж очоод Б.Ш ах бид хоёр сугадаад машинд суулгасан. Тэгээд өөрийх нь гадаа ирээд хашаанд нь оруулаад шээс, баас хувцаснаас нь үнэртээд гар нь сайртчихсан байхаар нь хувцсыг нь шатаагаад, өөрийх нь биеийг нь угааж өгөөд машин тойруулж галуун цуваагаар алхуулж байхдаа 2, 3 удаа хөлрүү нь өшиглөсөн. Тэгээд гэрт оруулаад үсийг нь үзсэн чинь бөөстчихсөн байхаар нь үсийг нь хусаад цэвэрлэсэн. Тэгээд өөдөөс хэдэрлээд байхаар нь би гар утасны цэнэглэгчээр 2 удаа ороолгосон. Ер нь бол би хамгийн том ач нь учраас ач, зээ нараа харж хандаж зөв замд нь оруулах гэж чиглүүлж байдаг. Тэгээд миний ганц хайртай дүү ийм арчаагүй хүн ингэж шээс, баастайгаа хутгалдаад бөөсөндөө баригдчихсан явж байхаар нь уур хүрээд л гар хүрсэн. Өөр хэлээд байх зүйл алга...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 58-59-р тал/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай: “1. Г.Бийн зүүн бугалга, хүзүү, нуруу, баруун гуя, баруун, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт, нуруунд цус хуралт, зулгаралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 34-35-р тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Ш, Ш.Ж нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Г.Б нь “ямар нэгэн гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж шүүхэд мэдэгдсэн ба хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн тус бүр найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Ш, Ш.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурьдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш, Ш.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ж-ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш, Ш.Ж нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Б.Ш, Ш.Ж нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт тэдгээрийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш, Ш.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР