Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/240

 

2024     05          28                                           2024/ШЦТ/240

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,  

Улсын яллагч Н.Д,

Хохирогч Д.Д,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 232500******* дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.Б

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 20  цагийн орчимд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Баян-Овоо багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Дгийн эзэмшлийн **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж байхдаа шалтгаангүйгээр зүүн чих орчимд нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь зүүн талын эрүүний углуурганы хэсэгт зүүн чихний цэцэгний урд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай урчуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Н.Д: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Т.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн,

Хохирогч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт “04 сарын 20-нд таксинд явж байхад Хабитат хавиар эцсийн буудлаас жаахан уруудаад явж байсан энэ хүн цаашаа харсан гараа өргөөд явж байхаар нь авсан. ...Надад санаанд ороогүй, би машинаа бариад донсолгоот зам дээр явж байсан. Халуу дүүгээд явсан, яав гээд гараараа хүрээд харахад цус нь гоожиж байсан. Та яаж байна аа гэсэн, юу ч яриагүй, санаатайгаар гэрээсээ орж хутга авсан байгаа юм, би тэгж бодож байна. Бид хоёр юу ч яриагүй, хэрүүл маргаан хийгээгүй, өөр янз бүрийн зан ч гаргаагүй, тэгсэн мөртлөө хутгалсан. Би цаашаа явахгүй эргэж байгаа юм, зогсоход урдаас нэг машин ирж байсан. Энэ машин нь л намайг аварч магадгүй гэж бодоод гэрлээр дохьё гээд гэрлээрээ дохих гэхэд эмэгтэй жолооч байхаар нь энэ хүнд гай болоод яах вэ, эмэгтэй хүн юм чинь дийлэхгүй шүү дээ гэж бодоод харахад энэ хүний гарт нь хутга байсан. Би хутгыг булаацалдаад дийлээд аваад машины кармаанд нь хийсэн. ...Би өчнөөн олон ач, зээтэй, олон хүүхэдтэй, арай ч үхэх цаг хугацаа нь болоогүй байна шүү дээ гэхэд энэ залуу дуугүй сууж байсан, цус гоожоод тогтохгүй байхаар нь урд талын хайрцаг дотор нойлын цаас байгаа аваад өгөөч гэхэд дуугүй доошоо харж сууж байснаа шууд нойлын цаас аваад нугалж байснаа чихэн дээр тавьчихаад пивоо аваад буугаад явсан. ...Хойд эмнэлэг дээр буухад нэг цагдаа зогсож байсан, тэр цагдаа яасан юм бэ эгчээ гэхэд нь би сая таксинд явж байгаад хүнд хутгалуулчихлаа гэж хэлсэн, цагдаа та шууд ороод оёо тавиулаад анхныхаа арга хэмжээг авахуул гэсэн. Ороод оёо тавиулахад цус нь огт тогтохгүй байсан. ...Энэ хүн намайг санаатайгаар хутгалъя гэсэн зорилготой, би дотроо тэгж бодсон. Гэхдээ энэ хүнийг дотроо юу гэж бодсоныг мэдэхгүй. Би хутгыг нь булааж аваагүй бол намайг дээрэмдэх зорилготой л явсан байх гэж бодсон. Эмчилгээнд болон ажилдаа явж чадаагүй хугацаагаа тооцоолж 5,000,000 төгрөг нэхэмжилснээс 3.000.000 төгрөгийг өгсөн, үлдсэн мөнгийг гаргуулмаар байна ” гэсэн тайлбар, мэдүүлгийг тус тус гаргасан.

Хавтаст хэргээс:

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-17 дугаар тал/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-20 дугаар тал/,

- Хохирогч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хувиараа  такси үйлчилгээнд явж байтал Хабитатын шинэ эцсийн зам дээр нэг эрэгтэй хүн гар өргөж суусан. Хаашаа явах уу гэж асуухад дэнжийн пинк орно гэсэн. Пинк дээр явж очтол та цаашаа таксинд явах уу гэж асуухаар нь би хаашаа явах юм гэж асуухад морь барианы зүчээ явна гэхээр нь би яваад өгье гэж хэлсэн. Тэгтэл гэрээрээ орж юм авах ёстой гээд Эрдэнэ багт байх гэрт нь очсон. Тухайн хүн гэр рүүгээ ороод удалгүй гарч ирээд замаараа дэлгүүр орж аавдаа юм авна гээд дэлгүүрээс 2,5 литрийн пиво авч гарч ирсэн. Тэгээд би миний бензин бага байна гэж хэлээд Газ ойл колонкоос бензин хийх гэтэл аргалаад хийчих одоо надад мөнгө алга, би ямааны ноолуураа тушаагаад таньд бэлэн мөнгө өгье гэж хэлсэн. Тэгээд би өөрөөсөө бензин хийж аваад хөдлөөд явж байтал эгчээ түр зогсъё, би бие засаад, тамхи татаадхая гэхээр нь явж байгаад Бугатын модны зах өнгөрөөд сайжруулсан зам дээр зогсоод тухайн газар нэлээд удаж байгаад машинд сууд урд суудал дээр суугаад хөдлөөд удаагүй явж байтал шууд миний зүүн чих рүү халуу дүйгээд явчихаар нь гараараа бариад автал цус гарч байсан. Тэгээд гар руу нь харсан чинь гарт нь хутга байсан. Тэгээд би ноцолдож байгаад гарт байсан хутгыг булаагаад авсан. Ийм асуулдал болсон... Тухайн хэргийн улмаас зүүн чихэндээ хутгалуулж, оёдол тавиулж, эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

“…Чих рүүгээ хутгалуулаад нэг жил өнгөрсөн, одоо миний биеийн байдал хэвийн байгаа ба тэр хүмүүсээс  ойролцоогоор эмчилгээнд болон ажилдаа явж чадаагүй хугацаагаа тооцоолж 5,000,000 төгрөг нэхэмжилж байна…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,

- Гэрч Ч.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…надад хэлэхдээ 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ганц пиюо уугаад, таксинд сууж гэртээ харьсан. Гэртээ ороод гадуур хувцасаа сольж өмсөөд буцаж таксиндаа суусан. Дараа нь нэг мэдсэн чинь таксины жолооч эгч над руу уйлаад яаж байгаа юм бэ, яаж байгаа юм бэ эгчийгээ гэж орилсон  гэсэн. Тэгэхээр нь ухаан ороод такчины жолооч эгчийг хартал шанаа руу нь хутгалчихсан байсан гэсэн. Үүний дараа өөрөө айгаад машинаас нь буугаад явчихсан гэж надад  хэлсэн. Мөн Т.Б-оос чи яах гэж таксинд суусан юм бэ, хаана очих гэж байсан гэж асуухад морь барианы тийшээ очих гэж такси барьсан гэж хариулсан…гэртээ ороод хоол хийх санаатай гал тогооны тавилганы шургуулганд байдаг жижиг хутгыг авах гэхэд алга болчихсон байсан ба би хайгаад огт олж чадаагүй. Уг хутгаар ногоо арилгадаг байсан ба жижиг, богинохон, шаргал өнгийн ясан иштэй хутга байсан юм…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай “…Д.Дгийн биед зүүн талын эрүүгийн углуурганы хэсэгт зүүн чихний цэцэгний урд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Уг гэмтлүүд нь үзүүр иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна.

4. Зүүн талын эрүүгий углуурганы хэсэгт зүүн чихний цэцэгний урд шарх, цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дугаар тал/,

- Т.Б-ийн сэжигтнээр мэдүүлсэн “…Би тухайн явдлаа сайтар санахгүй байна. Нилээн согтуу байсан. Гэхдээ хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хутгыг гэрээсээ авч гарсан байсан. Гэрийн хутга байхгүй болсон байсан. Тухайн  хутга шар иштэй жижиг хутга байгаа… Би тухайн өдөр ганцаараа ойролцоогоор 5 литр пиво уусан. Тэгээд согтсон байх…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Т.Б нь хохирогч Д.Д-ийн эзэмшлийн **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж байхдаа шалтгаангүйгээр зүүн чих орчимд нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь зүүн талын эрүүний углуурганы хэсэгт зүүн чихний цэцэгний урд шарх, цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

 

Шүүгдэгч Т.Б нь хохирогч Д.Д-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Хохирогч Д.Д-ийн “…Бугатын модны зах өнгөрөөд сайжруулсан зам дээр зогсоод тухайн газар нэлээд удаж байгаад машинд сууд урд суудал дээр суугаад хөдлөөд удаагүй явж байтал шууд миний зүүн чих рүү халуу дүйгээд явчихаар нь гараараа бариад автал цус гарч байсан. Тэгээд гар руу нь харсан чинь гарт нь хутга байсан. Тэгээд би ноцолдож байгаад гарт байсан хутгыг булаагаад авсан. Ийм асуулдал болсон...” гэх мэдүүлэг,

- Гэрч Ч.О-ын “…надад хэлэхдээ 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ганц пиюо уугаад, таксинд сууж гэртээ харьсан. Гэртээ ороод гадуур хувцасаа сольж өмсөөд буцаж таксиндаа суусан. Дараа нь нэг мэдсэн чинь таксины жолооч эгч над руу уйлаад яаж байгаа юм бэ, яаж байгаа юм бэ эгчийгээ гэж орилсон  гэсэн. Тэгэхээр нь ухаан ороод такчины жолооч эгчийг хартал шанаа руу нь хутгалчихсан байсан гэсэн. Үүний дараа өөрөө айгаад машинаас нь буугаад явчихсан гэж надад  хэлсэн. Мөн Т.Боос чи яах гэж таксинд суусан юм бэ, хаана очих гэж байсан гэж асуухад морь барианы тийшээ очих гэж такси барьсан гэж хариулсан…гэртээ ороод хоол хийх санаатай гал тогооны тавилганы шургуулганд байдаг жижиг хутгыг авах гэхэд алга болчихсон байсан ба би хайгаад огт олж чадаагүй. Уг хутгаар ногоо арилгадаг байсан ба жижиг, богинохон, шаргал өнгийн ясан иштэй хутга байсан юм…” гэх мэдүүлэг,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Т.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

 

 Хохирогч Д.Д-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Т.Бийн хохирогчийн чихэнд хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч Т.Б нь хохирогч Д.Д-г хутгалахад түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Т.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна  гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, биеэ хянах, чадвар дутмаг байдал нь шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

 Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

 

Шүүгдэгч Т.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Д-ийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Д.Д нь “ хохиролд 5 сая төгрөг нэхэмжилснээс 3 сая төгрөг авсан, одоо үлдэх 2 сая төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн хүсэлт тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан ба шүүгдэгч Т.Б нь хохирогчид дээрх 2,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгч Т.Б-оос 2,000,000 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Т.Б нь хохирогчид хохирол төлбөр төлөх хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулсан боловч шүүгдэгч нь хохирлоо төлж барагдуулаагүй байх тул түүнээс 2,000,000 төгрөг гаргуулан хохирогч Д.Д-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 3 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” гэсэн,

Шүүгдэгч Т.Б нь “тусгайлан гаргах саналгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Т.Бид 3 сарын  хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солигдохыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн иштэй нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комист даалгаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 8 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б-ийн цагдан хоригдсон 8 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялыг нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасч, эдлээгүй үлдэх ялыг 2 сар 22 хоногоор тогтоосугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б-оос 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулан хохирогч Д.Д-д олгосугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Б-ийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОРХОНТАМИР