Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 154/ШШ2021/00087

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 154/ШШ2021/00087

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын Б   багт оршин суух, РД:      , У   овогт Д  гийн О  ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.О   шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д   овогтой О   нь 1970 онд төрсөн. Би 1984 онд 6 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Байтаг багт эцэг эхийн хамт мал маллаж байсан. 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан юм.

Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчин, саалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.О  ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Д.О   нь 1985 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчин, саалчнаар ажиллаж байсан болох нь:

- түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Хүсэлт гаргагчийн 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1985 оны 07 дугаар сараас 1990 оныг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,

- 1988 оны 70 дугаар данс, Ховд аймгийн Булган сумын ерөнхий боловсролын Минжит Булган цогцолбор сургуулийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20 тоот албан бичиг,

- Д.Батцэцэгийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Д.О   бид хоёр 7 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад саалчнаар ажиллаж байсан. Бид нар туслах саальчин байсан тул 10 саалийн үнээтэй байсан. Тухайн үед нэгдлийн даргаар М.Баавдай, бригадын даргаар Т.Дорж нар ажиллаж байсан. Малчид 200 төгрөгний цалин авдаг байсан. Жаргалын зам нэгдэл нь 1992 онд бага хувьчлал болж малчдад мал хувиарлан өгч тарсан юм. Д.О   нь 1985 оноос 1990 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан. Бид нар хамт нэг бригадад ажиллаж байсан тул сайн мэднэ... гэх мэдүүлэг,

- Б.Бадамхандын шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1985 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад саалчнаар ажиллаж байсан. Д.О   нь ээжтэйгээ хамт 15-20 тооны үнээ саадаг байсан. Саальчид сүүгээ машиндаж цөцгий, ээдэм хийдэг байсан. Нэг үхрээс өдөрт 2-3 лирт сүү саах нормтой байсан. Д.О   нь 1985 оноос 1990 оныг дуустал саалчнаар ажиллаж байсан. Би Д.О  тэй хамт ажиллаж байсны хувьд сайн мэдэж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт 1985 оны 07 дугаар сараас эхлэн цалин хөлс бичигдсэн байх боловч 1973 оны Хөдөлмөрийн тухай хуульд онцгой тохиолдолд хөдөлмөрийн насыг 15 /хамгийн багадаа/ нас байхаар тогтоосон.

Иймд Д.О   нь 1985 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15 насанд хүрсэн байх тул нэхэмжлэгчийн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд малчин, саалчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Д.О   нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар У   овогт Д  гийн О  ийн 1985 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчин, саалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд малчин, саалчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ